Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00802

 

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00802

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00014 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-тай амаар тохиролцож, Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюуш 14-*** тоотод байрлах хашаа, байшинг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг цалингаасаа бага, багаар өгч байхаар тохиролцож, тухайн үед бэлнээр 9,000,000 төгрөг төлсөн.

Б-гийн тус хашаа, байшинг барьцаалж авсан зээл төлөгдөөгүйн улмаас хураах тухай банкнаас мэдэгдсэн тул түүнтэй ярилцаж 2019 оны 03 дугаар сараас эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл зээлийг нь өмнөөс нь төлж дуусгасан.

Нийтдээ хариуцагчид бэлнээр болон зээл төлөх хэлбэрээр 33,000,000 төгрөг төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг хугацаандаа төлөөгүйн улмаас Б- банкинд 102,490,998.10 төгрөг төлж хохирсон. Худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюуш 14 дүгээр гудамж *** тоотод байршилтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч А-г тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч А-гээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 187,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: А- нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж тус үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, хашаанд нүүж ирсэн. Энэ худалдах худалдан авах гэрээний үүрэг 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор хангагдаагүй учир 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр миний бие өөрийн үл хөдлөх хөрөнгийг банкинд барьцаалж 15,000,000 төгрөг авах, уг банкны үндсэн зээл, зээлийн хүүг А- төлсөн тохиолдолд хашаа, байшинг өмчлөлдөө авахаар тохиролцсон.

Миний тооцоогоор А- банкинд үндсэн зээл 3,613,189 төгрөг хүү 4,035,887, нийт 7,649,075 төгрөг төлсөн. Харин Б- зээлийн төлбөрт 17,163,421 төгрөгийг төлсөн ба нийт 24,812,497 төгрөг өгч зээлийг хаасан. Анх гэрээ байгуулахад бэлнээр 9,000,000 төгрөг өгөөгүй, 5,510,000 төгрөг өгсөн.

А- нь тухайн үеийн тохиролцоогоор гэрээний үүргээ биелүүлэхэд 13,000,000 төгрөг дутуу байсан тул уг эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрх үүсээгүй байсан. Харин нэхэмжлэгч хашаа, байшинд төлбөргүйгээр 7 жил амьдарсан. Өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй, төлбөрийн тооцоог үндэслэлгүй хийсэн тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 33,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

А- нь Б-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюуш 14 дүгээр гудамж, *** тоотод байршилтай 700 м.кв талбай бүхий газар, 30 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2017 онд 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон,

мөн Б- болон Төрийн банк ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд А- нь Б-гийн хариуцах зээлийн төлбөрийг төлж байсан,

дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 онд А- эзэмшилдээ шилжүүлэн авсан байна.

 

3.1. Зохигчид нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцохдоо Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах нөхцөл байдал үүсчээ.

Гэхдээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар талууд харилцан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлснээр Б- нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид 2017 онд шилжүүлж өгсөн, А- нь хариуцагчийн банкинд төлөх төлбөрийг 2019 оноос 2022 он хүртэлх хугацаанд төлснөөс гадна өөрт нь мөнгөн хөрөнгийг төлсөн бодит үйлдэл хийснээр гэрээ хүчин төгөлдөр болохыг зохигчид зөвшөөрсөн байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж үзэв.

 

4. Худалдах, худалдан авах гэрээний үнэ 20,000,000 төгрөгийг төлөх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн эсэхэд талууд маргасан.

 

4.1. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед буюу 2017 онд хариуцагчид бэлнээр 9,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Харин Б- нь 5,510,000 төгрөг хүлээн авсан болохоо тайлбарласан тул энэ хэмжээд нэхэмжлэгчээс хариуцагчид бэлнээр төлсөн төлбөрийг тооцох нь зүйтэй.

 

4.2. Б- болон Төрийн банк ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд А- нь Б-гийн хариуцах зээлийн төлбөрт 18,284,741 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, мемориалын баримт зэргээр тогтоогдсон байна /1хх 42-57/.

 

4.3. Дээрхээс үзэхэд А- нь худалдах, худалдан авах гэрээний үнэд 23,794,741 төгрөгийг Б-д өөрт нь болон банкинд төлөх замаар барагдуулжээ. Иймд гэрээгээр тохиролцсон төлбөр дутуу төлөгдсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь гэрээний үнийг хариуцагчид төлж барагдуулсан тул анхан шатны шүүх Баянгол дүүрэг 23 дугаар хороо Зүүн ард Аюуш 14 дүгээр гудамж *** тоотод байршилтай 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч А-г тогтоосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5.1. Харин анхан шатны шүүх А-г маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгчөөр тогтоохдоо үр дагаврыг шийдвэрлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид даалгаагүй, мөн нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулж өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...тогтоосугай гэснийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч Б-д даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийг бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ