Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/00019

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/00019

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо  тоотод оршин суух И овогт Ц Б /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо тоот “Г” ХХК /РД:  /

 

“Г” ХХК-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нэмэгдэл хөлс 48,489,182.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.О

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан “Г” ХХК-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нэмэгдэл хөлс 48,489,182.7 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “Г” ХХК-д 2018 оны 1 дүгээр сард захирлын жолоочоор ажилд орсон ба 2019  оны 3 дугаар сард тус компанийн захирлын шаардлагаар өөрийн  хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан боловч захирал П.Бнь жолоочоор ажиллаач гэж гуйсны дагуу 2020 оны 6 дугаар сард ажилд орж, хоёр дахь удаагаа жолоочоор нь ажилласан.  

 

1.2. Захирал П.Бнь дээрэнгүй зүй бус харилцаатай бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “түгжрэлтэй замаар явсан, үүнээс болж ядарсан, маргааш өглөө ажлаа хүлээлгэж өг” гэдэг шаардлага тавьсны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр машин хүлээлцэж, акт үйлдсэн.  

 

1.3. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүний нөөцийн дарга дуудаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэсэн бөгөөд ямар нэг ажлын алдаа гаргаагүй учраас өргөдөл өгөхгүй гэдгээ хэлсэн. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр компанид бүтэц орон тооны өөрчлөлт хийж байгаа талаар мэдэгдэж, утсаар дуудсаны дагуу очиж мэдэгдлийг хүлээн авсан. Энэ нь намайг ажлаас чөлөөлөх зорилготой зохиомлоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн гэж үзэж байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн ба энэ хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, ажлаас чөлөөлөх тушаал гарсан.  

 

1.4. Ажлын цаг өглөө бүрийн 6 цагт захирлын хүүхдийг сургуульд хүргэхээс эхэлж, орой захирлыг 22-23 цагт гэрт нь хүргэснээр дуусдаг ба долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүдэд ч амралтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд 2 удаа илүү цагийн хөлс олгож байсан. Иймд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд илүү цагаар ажилласан 3294 цагийн хөлс 49,489,182.7 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “Г” ХХК нь цар тахлын үед компанийн бүтцэд өөрчлөлт хийлгүй, цалин хөлсөө олгон ажиллаж байсан ба 2022 оны эхнээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр яригдаж байсан. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр захирлын шийдвэр гарч, орон тоо бүтцийн өөрчлөлт хийсэн ба 7 ажлын байр, орон тоог хасч, цөөрүүлсэн. Үүнд захирлын жолоочийн орон тоо хасагдсан. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.Бд мэдэгдэж, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн.

 

2.2. Манай компани сар бүрийн эцэст алба болгон дээр ажилтан бүрийн илүү цагийн хуудсыг гаргаж үүний дагуу тушаал гаргаж, илүү цагийн хөлсийг олгодог. Гэтэл нэхэмжлэгч энэ асуудлыг нэг жилээр нь тооцож, шаардаж байгааг ойлгохгүй байна. Мөн өдөр бүр илүү цагаар ажиллаж байсан гэж байгаа нь хүний бие физиологийн хувьд байх боломжгүй зүйлийг ярьж байна. Захирал П.Б-н хувьд ажлын байран дээрээ долоо хоногийн 1-2 өдөр ирдэг бөгөөд нэхэмжлэгчийг бүх өдөр ачаалалтай, илүү цагаар ажиллуулж байгаагүй. Мөн жилийн эхний 1 дүгээр сард ээлжийн амралтыг тооцдог бөгөөд нэхэмжлэгчид ээлжийн амралт ч олгоогүй амралтгүй ажиллаж байсан мэтээр ярьж байгааг гайхаж байна.  

 

2.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримт гэх бичлэг нь шаардлага хангахгүй, хаана, хэн, ямар машин авч байгаа, байршуулж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхний лавлагаа, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг 386 дугаартай албан бичиг, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай тушаал, “Г” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдэх хуудас, автомашин хүлээлцсэн акт, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаартай тушаал, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, Ц.Б-н нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “А Д” ХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1/22/384 дугаартай албан бичиг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвөөс гарах үеийн эпикриз, ажлын байрны тодорхойлолт,  “Г” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 117 дугаартай тодорхойлолт, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 117 тоот албан бичгийн хавсралт, ажлын үнэмлэх, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрэл зургууд, “М” ХХК-ийн хэрэглэгчийн 2022 оны 5 дугаар сарын хэрэглээний дэлгэрэнгүй, Хаан банкны тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /I-ХХ-ийн 3-13, 116-118, 125-126, 129-133, 170-172, 200-203, 208-215 дугаар тал/

 

4. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: нэмэгдэл хөлс, нэмэгдэл олгох стандарт үйл ажиллагааны журам, хөдөлмөрийн дотоод стандарт үйл ажиллагааны журам, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай тушаал, 2022 оны бүтэц зохион байгуулалт, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн зээлийн  гэрээ, төлбөрийн даалгавар, кассын зарлага, орлогын мэдүүлэг, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. / I-ХХ-ийн 29-59, 75-113, 188-192 дугаар тал/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлт болон шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Ц.Б-н 2022 оны цалингийн тооцоолол, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх ажлын байрны бүтэц зохион байгуулалттай холбоотой шийдвэр, холбогдох баримтууд, “Г” ХХК-ийн 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, үзлэгийн тэмдэглэл, Үүнд:  /I-ХХ-ийн 197, 228-232, 242-250 дугаар тал, II-XX-ийн 1 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Г” ХХК-ийн захирлын жолоочоор хоёр дахь удаагаа ажиллаж байгаа бөгөөд өмнө нь захирлын зүй бус шаардлагаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. 2020 оны 6 сард дахин жолоочоор ажиллаж байгаад 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Захирал П.Бнь дээрэнгүй зүй бус харилцаатай бөгөөд түгжрэлтэй замаар явсан гэдэг шалтгаанаар өргөдлөө өг, машинаа өг гэсэн шаардлагын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр машиныг хүлээлгэн өгсөн. Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөхгүй гэдгээ хэлсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр компанид бүтэц орон тооны өөрчлөлт хийж байгаа талаар мэдэгдэж, утсаар дуудсаны дагуу очиж мэдэгдлийг хүлээн авсан. Үүнийг зөвхөн намайг ажлаас чөлөөлөх зорилготой зохиомлоор хийсэн гэж үзэж байна. Сарын бүх өдөр амралтгүй, илүү цагаар ажиллаж байсан ба илүү цагийн ажлын хөлс 2 удаа олгож байсан. Үүнээс өөр олгож байгаагүй тул хуулийн дагуу тооцуулж авах хүсэлтэй гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “Г” ХХК нь цар тахлын үед компанийн бүтцэд өөрчлөлт хийлгүй, цалин хөлсөө олгон ажиллаж байсан, 2022 оны эхнээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр яригдаж байсан. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөр захирлын шийдвэр гарч, орон тоо бүтцийн өөрчлөлт хийсэн ба 7 ажлын байр, орон тоог хасч, цөөрүүлсэн. Үүнд захирлын жолоочийн орон тоо хасагдсан. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.Бд мэдэгдэж, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Сар бүрийн эцэст ажилтан бүрийн илүү цагийн хуудсыг гаргаж, тушаал гарган илүү цагийн хөлсийг олгодог бөгөөд нэхэмжлэгчид хамгийн сүүлд 50 цагийн илүү цагийн хөлс олгосон байна.  Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримт гэх бичлэг нь шаардлага хангахгүй байна гэжээ. 

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Г” ХХК-тай 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газарт жолоочоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох хүртэл хугацаанд ажилласан болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 8-13 дугаар тал/ 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог, 4.1.15 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ” гэж зааснаар талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Энэхүү харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ажлын байр орон тоо хасагдсан” үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр цуцлаж, дуусгавар болгожээ. /ХХ-ийн 5 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болно” гэж заасан. “Ажлын байр /орон тоо/ хасагдсан”
гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой
ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг
ойлгоно.

“Г” ХХК-ийн захирлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тушаалаар “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” шийдвэр гаргаж, компанийн ажлын байрны бүтэц зохион байгуулалтыг 2 орон тоогоор цөөрүүлж, 5 орон тоог хассан байх ба нэхэмжлэгчийн ажлын байр буюу Захиргаа, хүний нөөцийн газрын жолоочийн ажлын байрыг хассан байна. Энэ үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр цуцлах болохыг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.  

Аливаа хуулийн этгээд, байгууллага нь үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлага зэргээс хамаарч тодорхой мэргэжлийн ажлын байрыг өөрийн байгууллагын бүтцээс гаргах шаардлагатай гэж үзвэл тухайн ажлын байрыг хасах эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэхүү ажиллагаа нь хуульд нийцсэн байвал зохино. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 61 дүгээр зүйлийн 61.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ...үүрэгтэй” гэж заасан. Энэхүү үүргээ ажил олгогч биелүүлсэн байх ба энэ асуудлаар талууд маргаагүй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3 дахь хэсэгт “ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсноос хойш 30 хоногийн дотор ажилтан хүсэлт гаргасан бол түүнийг ажил олгогч нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажлын байрыг хассан гэх боловч түүнийг 3 сарын дотор дахин бий болгосон бол тухайн ажлын байр хассаныг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Г” ХХК-ийн 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаас цалингийн дэлгэрэнгүйг нотлох баримтаар гаргуулсан ба уг баримтаас харвал 6 хүнд 9 сараас, 4 хүнд 8 сараас, 3 хүнд 6 сараас, 1 хүнд 7 сараас тус тус цалин хөлс олгожээ. Энэ баримтаар нэхэмжлэгчийн ажлын байрыг дахин бий болгож, тухайн орон тоонд шинэ ажилтан авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Дээрх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийхээс өмнө буюу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Г” ХХК-ийн захирал П.Бнь “өглөө машин хүлээлгэж өг, надад жолооч хэрэггүй” гэсний дагуу нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ эзэмшиж, ашиглаж байсан автомашиныг хүлээлгэн өгсөн гэх ба тухайн өдөр автомашиныг хүлээн авч акт үйлдсэн болох нь тогтоогдов. Талууд дээрх үйл баримтад маргадаггүй ба хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн ажлын байрыг 3 сарын дотор дахин бий болгосон үйл баримт тогтоогдоогүй тул 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон үйл явдлаас шалтгаалан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, нэхэмжлэгчийн ажлын байрыг хассан үйл баримтыг хэлбэрийн төдий бий болгосон гэж ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш нэхэмжлэгчээр ажил үүрэг гүйцэтгүүлээгүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүртэл хугацааны цалин хөлсийг олгосон байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт нийцжээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийг дагаж мөрдсөн үеэс өмнөх хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах эсэх нь ажил олгогч, ажилтны тохиролцон шийдвэрлэх асуудал бөгөөд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүйг, нэмэлт өөрчлөлт оруулаагүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд ажлын болон амралтын өдрүүд, нийтээр амрах баярын өдрүүдэд байнга ажилласан, энэ хугацаанд өдөр бүр илүү цагаар ажиллаж байсан үндэслэлээр 3,294 илүү цагийн хөлс 49,489,182.7 төгрөг шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нийтэд нь илүү цагийн ажлын хөлс гэж тодорхойлсон байх боловч тухайн шаардлагад илүү цагийн, долоо хоногийн амралтын өдөр ажилласны, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласны нэмэгдэл хөлс шаардсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно” гэж заасан. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл илүү цагаар ажилласан гэдгийг ажилтан өөрийн сайн дураар ердийн ажлын цагийг хэтрүүлэн ажилласныг илүү цагаар ажилласан гэж ойлгохгүй ба харин ажил олгогчийн шийдвэрээр ажилтныг ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг ойлгоно. Энэ тохиолдолд ажилтан хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр тохирсон нэмэгдэл хөлс авах ба ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлсийг хуульд заасан хэмжээгээр эсвэл талуудын гэрээгээр тохиролцсон болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр /1.5-2 дахин буюу түүнээс дээш/ нэмэгдүүлэн олгохоор байна. Иймд нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажилласан, долоо хоногийн амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан боловч нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс шаардах эрхтэй. Тухайн шаардлагатайгаа холбогдуулан авто зогсоолоос автомашин авсан болон буцаан байршуулж буй, захирлынхаа хүүхдийг сургуульд нь хүргэж өгч буй гэх үеийн 27 ширхэг бичлэгийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан ба уг бичлэгийн цаг, хугацааг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж бичсэнээс гадна нэхэмжлэгчийг илүү цагаар ажилласан, нөхөн амруулаагүй гэдгийг нотлохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Дээрх шаардлагуудыг нэхэмжлэгч нь хариуцагчийн эсрэг гаргахад тодорхой хугацаатай болохыг Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн аливаа маргаантай асуудлаар гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаар заагаагүй. Иймд энэ төрлийн маргааны улмаас шаардах эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж ойлгоно.

 

Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гомдол гаргах эрхтэй гэж хөдөлмөрийн маргаантай холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байна. Энэ хугацаанд ажилтан гомдол гаргаагүй бол ажил олгогч үүргээ биелүүлэхээс татгалзах эрхтэй.    

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэжээ. Иймд нэхэмжлэгчийг сар бүр цалин хөлсөө тооцуулж авах үедээ эрх зөрчигдсөн болохоо мэдсэн гэж үзэх ба энэ үеэс шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдэл хөлс шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны үр дагаврыг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэмэгдэл хөлс 49,489,182.7 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 109.4, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-д холбогдох тус компанийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү цагийн ажлын хөлс 49,489,182.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Б-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА