Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00630

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00630

 

  

Ц.Д- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00019 дугаар шийдвэртэй, Ц.Д-ын нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох, гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нэмэгдэл хөлс 48,489,182.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Г, Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ц.Б нь “Г” ХХК-д 2018 оны 01 дүгээр сард захирлын жолоочоор ажилд орсон ба 2019 оны 03 дугаар сард тус компанийн захирлын шаардлагаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан боловч захирал П.Б нь жолоочоор ажиллаач гэж гуйсны дагуу 2020 оны 06 дугаар сард ажилд орж, 2 дахь удаагаа жолоочоор нь ажилласан. Захирал П.Б нь дээрэнгүй зүй бус харилцаатай бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр түгжрэлтэй замаар явсан, үүнээс болж ядарсан, маргааш өглөө ажлаа хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьсны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр машин хүлээлцэж, акт үйлдсэн. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүний нөөцийн дарга дуудаж “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өг” гэсэн бөгөөд “ямар нэг ажлын алдаа гаргаагүй учраас өргөдөл өгөхгүй” гэдгээ хэлсэн. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр компанид бүтэц орон тооны өөрчлөлт хийж байгаа талаар мэдэгдэж, утсаар дуудсаны дагуу очиж мэдэгдлийг хүлээн авсан. Энэ нь намайг ажлаас чөлөөлөх зорилготой зохиомлоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн гэж үзэж байгаа тул ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна. Мөн 2022 оны шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн ба энэ хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Ажлын цаг өглөө бүр 6 цагт захирлын хүүхдийг сургуульд хүргэхээс эхэлж, орой захирлыг 22-23 цагт гэрт нь хүргэснээр дуусдаг ба долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүдэд ч амралтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд 2 удаа илүү цагийн хөлс олгож байсан.

Иймд захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд илүү цагаар ажилласан 3294 цагийн хөлс 49,489,182.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. “Г” ХХК нь цар тахлын үед компанийн бүтцэд өөрчлөлт хийлгүй, цалин хөлсөө олгон ажиллаж байсан. 2022 оны эхнээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр яригдаж, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн захирлын шийдвэрээр орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн ба 7 ажлын байр, орон тоог хасаж, цөөрүүлсэн. Үүнд захирлын жолоочийн орон тоо хасагдсан. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.Б-д мэдэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Манай компани сар бүрийн эцэст алба болгон дээр ажилтан бүрийн илүү цагийн хуудсыг гарган, тушаал гаргаж, илүү цагийн хөлсийг олгодог. Гэтэл нэхэмжлэгч энэ асуудлыг 1 жилээр тооцон шаардаж байгааг ойлгохгүй байна. Мөн өдөр бүр илүү цагаар ажиллаж байсан гэж байгаа нь хүний бие физиологийн хувьд байх боломжгүй зүйл юм. Захирал П.Б-ийн хувьд ажлын байран дээрээ 7 хоногийн 1-2 өдөр ирдэг бөгөөд нэхэмжлэгчийг бүх өдөр ачаалалтай, илүү цагаар ажиллуулж байгаагүй. Мөн жилийн эхний 01 дүгээр сард ээлжийн амралтыг тооцдог бөгөөд нэхэмжлэгчид ээлжийн амралт олгоогүй, амралтгүй ажиллаж байсан мэтээр ярьж байгааг гайхаж байна.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримт гэх бичлэг шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 109.4, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-д холбогдох тус компанийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү цагийн ажлын хөлс 49,489,182.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Д нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга, Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.а. Шүүх Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Г” XXK-аас “орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан 7 ажлын байр, орон тоо хасагдан талаар ажилтнуудад хэрхэн мэдэгдсэн, эдгээр ажилтнуудад тэтгэмж олгосон санхүүгийн баримт, нийгмийн даатгалын байгууллагаас дээрх ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “Ард даатгал” ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Оргил худалдааны төвийн зүүн талын зам дээр гарсан зам тээврийн осолтой холбоотой баримтыг гаргуулах” хүсэлтүүдийг тус тус хангахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хүсэлт гаргасан байхад шүүх дээрх хүсэлтүүдийг 2 удаа хангахаас татгалзаж, шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Захирлын тушаалд захирлын туслах гэсэн орон тоо байгаагүй ба бүтэц орон тоог хассан тухай захирлын тушаалын хавсралтаас уг орон тоо байгаа эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байсан. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар 2022 оны 1-8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс болж шүүгчийн захирамжийн биелэлт хангуулахаар 2 ч удаа шүүх хуралдааныг хойшлуулсан.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Г” ХХК-ийн 2022 оны 1-8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн атал тус баримтыг нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж өгөөгүй, “Г” ХХК-ийн нягтлан бодогчийн гарын үсэгтэй цалингийн дэлгэрэнгүй гэх баримтыг гаргаж өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй буюу хэрэгт “Г” ХХК-ийн 2022 оны 1-8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар  нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үзлэгийн тэмдэглэл хуульд заасан шаардлагыг хангаагүй. Тухайлбал, үзлэгийг хаана хийсэн, дууссан цаг, байлцсан хүн бүрийн овог, эцгийн нэр, хаягийг тодорхой бичээгүй, дүрс бичлэгийг бүгдийг нь тоглуулж, үзлэгийг бүрэн гүйцэт хийгээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

4.б. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлээгүй. “Г” XXK-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр компанийн бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталж, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдөж, эхлэх хугацааг тодорхой заасан байтал нэхэмжлэгч Ц.Д ажлыг энэхүү тушаал хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мессежээр ажлаас халаад тус өдрөөс ажлыг нь хүлээн авч акт үйлдсэн нь баримтуудаар нотлогдож байхад энэ баримтуудад шүүх дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, ажилтнаа үндэслэлгүйгээр мессежээр халж, ажлыг нь хүлээж авсны дараа ажлын байр, орон тоо хасагдсан гэсэн мэдэгдэл явуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажлын байрыг хассан үйл баримтыг хэлбэрийн төдий бий болгосон гэж ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг талыг барьж дүгнэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн шүүх үзлэг хийсэн тэмдэглэл, ажил хүлээлцсэн акт, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гүйцэтгэх захирлын 70 дугаар тушаал зэрэг баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

“Г” XXK-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуульд  орон тоо хасагдсан гэсэн зохицуулалт байхгүй. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаар мэдэгдэх хуудсанд “орон тоо хассан” гэсэн атал “Г” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалд “ажлын байр орон тоо хасагдсан” гэжээ. Хуульд ажлын байр хассан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлүүд байх бөгөөд ажилтанд өгсөн мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу өгөөгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд ажлын байр хасагдсан эсвэл орон тоо цөөрсөн гэсэн хуулийн үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй байх тул энэхүү тушаал бүхэлдээ үндэслэлгүй атал ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн нийгмийн даатгалд тайлагнасан цалингийн дэлгэрэнгүйгээс үзвэл нэхэмжлэгч Ц.Б-д орон тоо хасагдсан талаар мэдэгдлийг хүргүүлэх үед буюу 2022 оны 05 дугаар сард нийт 100 ажилтанд цалин олгосон. 2022 оны 06 дугаар сард 103 ажилтанд цалин олгосон. Нэхэмжлэгч Ц.Д цалинг зогсоосон үе болох 2022 оны 07 дугаар сард 102 ажилтанд цалин олгосон. 2022 оны 08 дугаар сард 103 ажилтанд цалин олгосноос үзэхэд Ц.Б-ыг халахын тулд хэлбэрийн төдий тушаал гаргасан гэж үзэхээр байна. Хариуцагчаас 101 ажилтныг 94 ажилтан болгож бууруулсан гэж тайлбарладаг ч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Илүү цагийн хөлс гаргуулах шаардлагын тухайд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш 71 хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр илүү цагийн хөлс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч илүү цагийн хөлс гаргуулахаар гомдол гаргах 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Учир нь ажил олгогч 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй буюу үргэлжилсэн үйлдлээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж илүү цагаар ажиллуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч тал илүү цагаар ажиллуулаагүй талаар нотлох үүрэгтэй. Харин нэхэмжлэгчээс өөрөө гаргаж өгөх боломжтой баримт буюу илүү цагаар ажиллаж байсантай холбоотой баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлтүүд гаргасан боловч шүүх хүсэлтүүдийг хангалгүй орхисон бөгөөд илүү цагаар ажиллаж байснаа нотлох баримт нь үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоно.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолтыг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, компаниас ч баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч дүүргийн нийгмийн даатгалаас нотлох баримтыг гаргуулсан ба өөр ямар баримт шаардлагатай байгаа нь тодорхойгүй.

Анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон, энэ өмгөөлөгч нар оролцоогүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад бичлэгийг 1 цаг орчим үзсэн, Үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурсан, энэ талаар гомдол гаргаагүй тул тайлбар үндэслэлгүй. Хуульд ажлын байр цөөрсөн, орон хасагдсан гэх ойлголт байдаг. Орон тоог цөөрүүлэхийн тулд хасаж байж, цөөрнө. Захирлын тушаал хуульд нийцсэн. Компани нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд тухайн компанийн бүтэц, орон тоог шинэчлэх нь түүний эрх хэмжээний асуудал Компанийн тухай хуулиар шийдвэрлэнэ. 2020 онд цар тахлын үед жолоочийг ажиллуулж байсан ба ажлаас халаагүй, цар тахлын журмын үйлчлэх хугацаа дуусангуут ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч 2020 оноос эхлэн илүү цагийн хөлсийг нэхэмжилж байгаа гэж дурддаг. 2020 оны 06 сараас хойшхи 90 хоногийн хугацаа дуусаагүй гэж тайлбарлаад буй нь ойлгомжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар захирлын тушаал хуульд нийцсэн, энэ үндэслэлийг няцаасан зүйлгүй. Тухайн цаг хугацаанд болсон захирал, жолооч хоёрын харилцааны асуудал тусдаа өөр журмаар шийдэгдэх хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч бүтэц, орон тоо шинэчилсэн нь надад зориулсан гэх тайлбар болон илүү цагаар ажилласан ажлын хөлсөө мөн нотлох үүрэгтэй. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэхгүй учраас давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нэмэгдэл хөлс 48,489,182 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “Г” ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газарт жолоочоор ажилласан ба “Г” ХХК-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар ажлын байр, орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, мэдэгдэх хуудас, машин хүлээлцсэн акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1 х.х-ийн 5-13/

5. Хэргийн баримтаас үзэхэд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар 2 орон тоог цөөрүүлж, 5 орон тоог хассан бөгөөд үүнд нэхэмжлэгч Ц.Д- жолоочийн ажлын байр хасагджээ. /1 х.х-ийн 75-76/ 

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж зохицуулсан бөгөөд ажлын байр хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон байхыг ойлгоно.

Дээрх тушаалаар “Г” ХХК-ийн нийт орон тооны хязгаарыг 94 байхаар тогтоож, захиргаа хүний нөөцийн газрын жолоочийн ажлын байрыг хассан байх тул ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасантай нийцсэн гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд ажлын байр, орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар тодорхой дурдсан байх тул “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд ажлын байр хасагдсан, эсвэл орон тоо цөөрсөн гэсэн хуулийн үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй.

5.2. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирлын тушаал гарахаас өмнө нэхэмжлэгчийн машиныг хүлээлцсэн акт гарсан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх зорилготой бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг зохиомлоор хийсэн гэж тайлбарлаж байх хэдий ч аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн салбар, нэгжийг татан буулгах, ажлын байрыг хасах, орон тоог цөөрүүлэх эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд гаргасан ажил олгогчийн тушаалыг буруутгах үндэслэлгүй болно. Иймд “орон тоог хасах хэрэгцээ шаардлага байсан эсэх, орон тоог цөөрүүлсэн нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн, тооцоо судалгаанд үндэслэсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй” гэх холбогдох гомдол үндэслэлгүй. 

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3-д зааснаар ажлын байр нь хасагдсан шалтгаанаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш гурван сарын дотор уг ажлын байр дахин бий болсон бол ажил олгогч нь ажилтны хүсэлтийг үндэслэн түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд ийм үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Хариуцагч нь бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбоотойгоор нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаар түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 61 дүгээр зүйлийн 61.1.3-т заасныг зөрчөөгүй.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацааг заагаагүй нь уг тушаалын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, улмаар хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тушаалд нэхэмжлэгчийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр заасан байх тул уг өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.

 7. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл хөлс 49,489,182 төгрөгийг нэхэмжилжээ.

7.1. “Г” ХХК-ийн нэмэгдэл хөлс, нэмэгдэл олгох стандарт үйл ажиллагааны журмын 5.4-т зааснаар холбогдох албаны даргаас илүү цагаар ажиллуулах ажилтнуудын нэрс, хугацааны жагсаалт, илүү цагаар ажиллах хугацааны хязгаар, тайлбарыг захиргаа, хүний нөөцийн албанд нэгээс доошгүй өдрийн өмнө гарган өгч холбогдох зохицуулалтыг хийхээр, 6.1-д зааснаар цагийн бүртгэлийн тайлан болон илүү цагийн хуудсыг үндэслэн нэмэгдэл хөлс олгохоор тус тус зохицуулжээ. Нэхэмжлэгч нь илүү цагаар ажилласан гэж тайлбарлаж байх боловч дээрх журамд заасан баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

7.2. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл хөлс шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, тухайн хэрэгт  хамааралтай байхыг шаардана. Ажил олгогчийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар ажлын байр нь хасагдсан 7 ажилтанд энэ талаар хэрхэн мэдэгдсэн, эдгээр ажилтнуудад тэтгэмж олгосон санхүүгийн баримт, нийгмийн даатгалын байгууллагаас дээрх ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “Ард даатгал” ХК-иас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Оргил худалдааны төвийн зүүн талын зам дээр гарсан зам тээврийн осолтой холбоотой баримтыг нотлох баримтаар гаргуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь хэрэгт хамааралгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Г” ХХК-ийн 2022 оны 1-8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нотлох баримтаар гаргуулах, нэхэмжлэгчийн илүү цагаар ажилласныг нотлох зорилгоор хэрэгт авагдсан CD-нд үзлэг хийлгэх хүсэлтүүд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. /1 х.х-ийн 234-236/

Хэрэгт Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн “Г” ХХК-ийн 2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан нотлох баримтаар авагдсан байна.  /1 х.х-ийн 243-245/

Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр СиДи /CD/-д үзлэг хийхдээ хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан тэмдэглэл үйлдсэн байх ба үзлэгийн тэмдэглэлд ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /1 х.х-ийн 247-250/

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлсэн, үзлэг хийсэн тэмдэглэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2023/00019 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА                  

                                           ШҮҮГЧИД                                   Д.НЯМБАЗАР               

                                                                                             Д.БЯМБАСҮРЭН