Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1286

 

 

 

 

 

 

 

 

 

                               “ШШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШШ2019/01025 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “ШШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ажнай цэгц” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 96 966 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Ажнай цэгц” ХХК-тай харилцан тохиролцож бетон зуурмагийн БН2015-06 тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр 1300 м.кв бетон зуурмагийг манай компани нийлүүлэх, нийт үнийн дүн 93 644 000 төгрөгийг төлөхөөс гэрээг байгуулсан өдөр 29 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 64 644 000 төгрөгийг “Ажнай цэгц” ХХК одоог болтол төлөхгүй байна. Тухайн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар худалдан авагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Энэ заалтыг үндэслээд 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 30 хоногийн дотор гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 64 644 0000 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцож, тухайн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтаар нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоод 32 322 000 төгрөгийг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 64 644 000 төгрөг, нийт 96 966 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгөөр манайх төлбөрийг тохирсон асуудал байхгүй. Үл хөдлөх хөрөнгөөр сольж төлбөр барагдуулахад алдангиас татгалзах үндэслэл болохгүй. Гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийг шаардаж байгаа. Гэрээний эрх зүйн зохицуулалтаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн шаардлага гаргах бол 3 жил, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрхийн хугацаа дуусаагүй.

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр манайх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хариуцагч тал Үл хөдлөх хөрөнгөөр хүсэл зоригоо илэрхийлж байгаа боловч хаана байршилтай, ямар эд хөрөнгө байгаа болохыг тодорхойлж чадахгүй байгаа бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, байхгүй тул хариуцагчийн маргаж буй үндэслэлийг зөвшөөрөхгүй байх тул шүүх хуулийн дагуу манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.О шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Э.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “ШШ” ХХК-тай худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээндээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Хэдийгээр үлдсэн төлбөрийг тухайн үед өгч чадаагүй ч одоо бол алдангийг өгөхгүй гэсэн зүйл байхгүй, үлдэгдэл төлбөр болон алдангийг зөвшөөрөх боловч энэхүү төлбөрийг мөнгөөр төлөхгүй гэрээнд зааснаар байраар төлнө. Нэхэмжлэлийн шаардлагын 96 966 000 төгрөгийн хувьд маргах зүйл байхгүй. Мөн гэрээний дагуу авсан бетон зуурмагны талаар маргах зүйл байхгүй.

Иймд гэрээнд зааснаар төлөөгүй үлдэгдэл гэрээний дүнгийн 70 хувийг байр гэж тохирсон учир мөнгөөр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Ажнай цэгц” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 64 644 000 төгрөг, алданги 32 322 000 төгрөг, нийт 96 966 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ШШ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642 780 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “АЦ” ХХК-аас 642 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШШ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр давж заалдах гомдолдоо:

... Талуудын байгуулсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.1 дэх хэсэгт төлбөрийн нөхцөлийг тодорхой заасан. Уг гэрээний дагуу гэрээний нийт дүнгийн 30 хувьд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийг “Ажнай цэгц” ХХК бүрэн төлсөн бөгөөд гэрээний заалтын дагуу үлдэгдэл 70 хувийн төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225.3 дахь хэсэгт заасан "Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй бол үүрэг гүйцэтгэгч гэрээнээс татгалзаж болно" гэж заасны баримталсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээний 6.1 дэх хэсэгт заасан үлдэгдэл 70 хувийн төлбөрийг байраар төлөх талаар заалтаас татгалзаагүй энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй байхад уг заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хуульд нийцэхгүй. Мөн хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч “ШШ” ХХК-д төлбөртөө тооцож байр өгөхөөр санал болгосон боловч үнийг хүлээн зөвшөөрөлгүй уг байрыг авахаас татгалзсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 181/2019/01052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч “ШШ” ХХК нь хариуцагч “Ажнай цэгц” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 64 644 000 төгрөг, алданги 32 322 000 төгрөг, нийт 96 966 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч 96 966 000 төгрөгийн хувьд маргахгүй, харин бэлэн мөнгөөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Талууд 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, нийлүүлэгч буюу “ШШ” ХХК 1 300 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч буюу “АЦ” ХХК нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг хүлээсэн байх ба зохигчид төлбөрийн 30 хувийг бэлэн мөнгөөр цутгалтын өмнөх өдөр, үлдэгдэл 70 хувийг орон сууцаар төлөхөөр тохиролцсон байна. /хх 6-7 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч урьдчилгаа төлбөрт 29 000 000 төгрөг бэлнээр өгсөн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигчид маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөрийг үл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулна гэж тохиролцсон гэсэн тайлбар гаргаж маргаж байгаа боловч хэдэн м.кв, хаана байршилтай, ямар орон сууц болох нь тодорхой бус, хэрхэн төлбөрийг төлөх талаар нэхэмжлэгчид санал гаргасан талаарх баримтаа шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь  хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэсэн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийн нөхцөлд зуурмагийн 70 хувь байр гэж тохиролцсоноосоо татгалзах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

           

            Иймд хариуцагчаас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 64 644 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Гэрээний 6.3-т захиалагч тал нь төлбөр хийх хугацааг 3-аас илүү хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги нэмж тооцон төлбөрийг төлнө гэж тохиролцсон байх тул хариуцагч үлдэгдэл төлбөр 64 644 000 төгрөгийн 50 хувь болох 32 322 000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 181/ШШ2019/01025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “АЦ” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 780 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

      Ц.ИЧИНХОРЛОО