Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 1052

 

 

 

 

 

 

   2019 оны 05 сарын 06 өдөр

      Дугаар 181/ШШ2019/01052

          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Ш Ш  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:, А Ц  ХХК -д холбогдох,

Гэрээний үүрэг 96 966 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нийслэлийн давж заалдах шатны иргэний хэргийн шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаан ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батням, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Тус компани нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А Ц  ХХК-тай харилцан тохиролцож бетон зуурмагийн БН2015-06 тоот худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр 1300 м2  бетон зуурамгийг манай компани нийлүүлэх, нийт үнийн дүн 93 644 000 төгрөгийг төлөхөөс 29 000 000 төгрөгийг гэрээг байгуулсан өдөр төлсөн. Үлдэгдэл 64 644 000 төгрөгийг А Ц  ХХК одоог болтол төлөхгүй байна. Тухайн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар худалдан авагч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон заалт байгаа. Энэ заалтыг үндэслээд 2015 оны 10 сарын 07-ны өдрөөс 30 хоногийн дотор гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 64 644 0000 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцож, тухайн алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтаар нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоод 32 322 000  төгрөгийг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 64 644 000 төгрөг, нийт 96 966 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Үл хөдлөх эд хөрөнгөөр манайх төлбөрийг тохирсон асуудал байхгүй. Үл хөдлөх хөрөнгөөр сольж төлбөр барагдуулахад алдангиас татгалзах үндэслэл болохгүй. Гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийг шаардаж байгаа. Хариуцагч тал үл хөдлөх хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хуулийн 243.1-ээр шаардах үндэсгүй гэж хэрэгсэхгүй болгуулахаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний эрх зүйн зохицуулалтаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн шаардлага гаргах бол 3 жил, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрхийн хугацаа дуусаагүй. 2018 оны 05 сарын 29-нд манайх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Хариуцагч тал Үл хөдлөх хөрөнгөөр хүсэл зоригоо илэрхийлж байгаа боловч хаана байршилтай, ямар эд хөрөнгө байгаа болохыг тодорхойлж чадахгүй байгаа бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, байхгүй тул хариуцагчийн маргаж буй үндэслэлийг зөвшөөрөхгүй байх тул шүүх хуулийн дагуу манай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Ш Ш  ХХК-тай худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээндээ гүйцтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Хэдийгээр үлдсэн төлбөрийг тухайн үед өгч чадаагүй ч одоо бол алдангийг өгөхгүй гэсэн зүйл байхгүй, үлдэгдэл төлбөр болон алдангийг зөвшөөрөх боловч энэхүү төлбөрийг мөнгөөр төлөхгүй гэрээнд зааснаар байраар төлнө. Нэхэмжлэлийн шаардлагын 96 966 000 төгрөгийн хувьд маргах зүйл байхгүй. Мөн гэрээний дагуу авсан бетон зуурмагны талаар маргах зүйл байхгүй.

Иймд гэрээнд зааснаар төлөөгөөгүй үлдэгдэл гэрээний дүнгийн 70 хувийг байр гэж тохирсон учир мөнгөөр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш Ш  ХХК нь хариуцагч А Ц  ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн үндсэн төлбөр 64 644 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 32 322 000 төгрөг, нийт 96 966 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэргийг хянан хэлэлцэхэд дараах үйл баримт тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Зохигч талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр БН2015-06 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч Ш Ш  ХХК нь стандартын шаардлага хангасан 1300 м3 бетон  зуурмагийг барилгын цутгалтад нийлүүлэн худалдах, хариуцагч А Ц  ХХК нь борлуулсан бүтээгдэхүүний нийт үнийн дүн болох 93 644 000 төгрөгийн 70 хувийг байр, 30 хувийг бэлэн мөнгөөр цутгалтын өмнөх өдөр төлөх, худалдан авагч А Ц  ХХК төлбөр хийх хугацааг 3-аас илүү хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги нэмж төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үл маргах журмаар нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулах үүрэг хүлээж тохиролцсон байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр тохирсон бетон зуурамгийг хариуцагч бүрэн хүлээн авсан, тохиролцсоны дагуу 30 хувийн төлбөрт 29 000 000 төгрөгийг А Ц  ХХК гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлсөн байгаа нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний агуулга шинжийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.

Талууд гэрээний зүйлийн чанар тоо хэмжээ, биелэгдсэн болон биелэгдээгүй  үлдсэн үүргийн хэмжээ, гэрээний хариуцлагын талаар маргаагүй, харин хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөр 64 644 000 төгрөгийг тохирсоны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, гэрээнд заасан алдангид шаардсан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон 32 322 000 төгрөгийг төлөхөд хугацаа шаардлагатай гэснийг нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй, хангалттай хугацаа өнгөрсөн, төлбөрийг төлөх талаар санаачлага гаргаагүй, 70 хувийг байраар төлнө гэж гэрээнд заасан боловч хаана байршилтай ямар байр болох нь тодорхойгүй энэ талаар баримт байхгүй гэж талууд маргасан.

 БН2015-06 тоот бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан ба хариуцагч А Ц  ХХК нь цутгалтын өмнөх өдөр төлбөрийг төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний зүйлийн тохирсон үнийн үлдэгдэл төлбөр 64 644 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн буруутай гэж үзнэ.

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн зохицуулалттай нийцсэн ба нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн дүнгээс алданги тооцон шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал гэрээ дуусах 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл шүүхэд гаргах хүртэл хугацаанд гэрээнд заасан зөрчсөн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнд заасан алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 32 322 000 төгрөг шаардсаныг хариуцагч төлөх үүрэгтэй.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д төлбөрийн нөхцөлд зуурмагийн 70 хувь байр гэж тохиролцсон хэдий ч хариуцагч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөх талаар санал гаргаагүй, одоо ч төлбөрт тооцон шилжүүлэх байр буюу үл хөдлөх хөрөнгө нь тодорхойгүй байгаа нь шилжүүлэн өгөх байр байхгүй, энэхүү болзол биелэгдэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг мөнгөн дүнгээр шаардсан нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу буруутгах үндэслэлгүй ба мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно” гэснээр нэхэмжлэгч гэрээний төлбөрийн нөхцөлд зуурамгийн 70 хувь байр гэж тохиролцсоноосоо татгалзах эрхтэй байна.

Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу гэрээгээр тохирсон үнийн дүнгээр тооцон гүйцэтгэгдээгүй үлдсэн дүн болох 64 644 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш Ш  ХХК шаардаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан нийт 96 966 000 төгрөгийг хариуцагч А Ц  ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ш Ш  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 227 дугаар зүйлийн 227.1, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “А Ц ” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 64 644 000 төгрөг, алданги 32 322 000 төгрөг, нийт 96 966 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Ш Ш ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 642 780 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “А Ц ” ХХК-иас  642 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Ш ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ