Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/00259

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/00259

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо   тоотод оршин суух Х овогт М Ж /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 15 дугаар хороо   тоотод оршин суух Б овогт У У /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 11 дүгээр хороо   тоотод оршин суух С овогт С Д/РД:  /

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 15 дугаар хороо   тоотод оршин суух Х овогт Н Ө/РД:  /

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо   тоотод оршин суух Д овогт М Б /РД:  /

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын төлөөлөгч Д.Т

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч У.У, С.Днарт холбогдуулан Баянгол дүүргийн *тоотод байршилтай газар, 2ш хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр У.У, С.Днартай амаар тохиролцож, Баянгол дүүргийн *тоотод байршилтай хашаа, байшинг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан ба 5,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлж, сар бүрийн 30-ны өдөр 500,000 төгрөг төлж байхаар тохирсон. 

 

1.2. Дээрх тохиролцооны дагуу 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 10,000,000 төлсөн байсан ба үүнийг С. тэй байгуулсан гэрээгээр баталгаажуулсан. Гэрээний дагуу сар бүр 500,000 төгрөг төлж байсан ба 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр У.У нь үлдсэн мөнгөө бөөнд нь авмаар байна гэж мессеж бичсэн байсан, үлдсэн төлбөрөө төлөхөөр маргааш нь холбогдоход хашаа, байшингаа өөр хүнд зарсан гэж хэлсэн.

 

1.3. Үлдэгдэл төлбөр болох 3,450,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сараас хойш хашаа, байшинд амьдарч байгаа, төлбөр төлж дуусах хугацаа болоогүй байхад хариуцагч нар нь үндэслэлгүйгээр гэрээгээ зөрчиж нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байна. Иймд хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоолгоно гэжээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгчээс 26,550,000 төгрөг хүлээн авсан асуудлаар маргахгүй, эхний нэг жил сар бүр 500,000 төгрөгөөр төлөөд үлдсэнийг бөөнд нь төлөхөөр тохирсон боловч янз бүрийн шалтгаан хэлж, эд хөрөнгийн үнийг тохирсон хугацаанд төлөлгүй удаашруулсан тул 2022 оны 5 дугаар сард хашаа, байшингаа худалдаж, М.Жд 25,000,000 төгрөгийг буцаан төлсөн.

 

2.2. Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь амаар хийгдсэн, хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл. Хариуцагч С.Дгийн хувьд 2019 онд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасагдаж У.Уийн дангаар өмчлөлд бүртгэгдсэн ба С.Днь М.Жтай анхнаасаа гэрээ хэлцэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ө, М.Бнар нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:  

 

3.1. Хариуцагч У.Утэй танилын харилцаатай бөгөөд Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд хашаа, байшин худалдаж авахаар сонирхож, судалж байсан. Ингээд У.Уийн санал болгосны дагуу хашаа, байшинг нь 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нотариат орсон.

 

3.2. У.Уийн хурууны хээгээр шалгахад хашаа, байшин өөрийнх нь нэр дээр байсан, тухайн үед айл түрээслэж байгаа, удахгүй гарна гэж байсан. У.Уийн ээжийнх нь болон өөрийнх нь бие тааруухан, яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан гэж байсан, ингээд дансаар 2 удаагийн гүйлгээр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

 

3.3. 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хашаа, байшингийн гэрчилгээг шилжүүлэх байсан боловч У.Уийн ээжийнх нь бие муудаад хөдөө явсан байсан тул бид өөрсдөө улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийг 2022 оны 6 дугаар сарын 01 гэхэд хашаа, байшинг суллаж өгөөрэй гэсэн боловч одоог хүртэл чөлөөлөөгүй байна.  

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: М.Жын иргэний үнэмлэхний хуулбар, мөнгө хүлээлцсэн акт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2022/16350 дугаар захирамж, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-4-44, 198, 199, 214, 215 дугаар тал/

 

5. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, /ХХ-52-55, 96-98  дугаар тал/

 

6. Гуравдагч этгээдээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /ХХ-ийн 206-209 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

7. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /ХХ-101-192 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: У.У, С.Днарын хашаа, байшинг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг төлсөн ба үлдсэн 20,000,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тохирсон. Энэ гэрээний төлбөрийн үлдэгдэл 3,450,000 төгрөг байгаа ба 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр У.У нь үлдсэн төлбөрөө бөөнд нь төлөхийг шаардсны дагуу төлбөрийг төлөхөөр маргааш нь ярьтал хашаа, байшингаа зарсан гэж хэлсэн. Энэ хашаа, байшинд 2018 оны 10 дугаар сараас хойш амьдарч байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхөд бэлэн байна. Иймд хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.       

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь хашаа, байшингийн үнийг нэг жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлөөд, үлдсэнийг төлбөрийг бөөнд нь төлөхөөр тохирсон ба үлдсэн төлбөрөө төлөхгүй байсан тул бусдад хашаа, байшингаа худалдсан. М.Жын төлсөн мөнгөнөөс 25,000,000 төгрөгийг буцаан төлж хохиролгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч С.Д, У.У нараас Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Зүүн ард Аюуш * тоотод байршилтай 514м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 34.5м2, 20м2 талбай бүхий 2ш хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр  худалдан авахаар амаар тохиролцжээ. Энэхүү гэрээний агуулга, талуудын хүлээсэн үүргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

 

Маргаан бүхий газар, хувийн сууцны өмчлөгчөөр С.Д, У.У нарыг 2010 оны 8 дугаар сарын 03, 2010 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, хамтран өмчлөгч хасагдах хэлцлээр С.Дг өмчлөгчөөс хасч, У.Уийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, худалдах, худалдан авах гэрээгээр Н.Ө, М.Бнарыг 2022 оны 5 дугаар сарын 18-19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн үйл баримт тогтоогдсон байна. /ХХ-ийн 126-141, 175-192 дугаар тал/

 

Мөн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримтаар хариуцагч С.Днь нэхэмжлэгч М.Жаас маргаан бүхий газар, хувийн сууцны урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 5 дугаар тал/

 

Иймд С.Дгийн “хашаа, байшин миний нэр дээр бүртгэлгүй, хашаа, байшинг түрээслэсэн болон худалдсан байдлаар мөнгө авч байгаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байх тул худалдах, худалдан авах гэрээг М.Ж, С.Д, У.У нарын хооронд байгуулагдсан гэж үзэв.  

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасан. Үүнээс үзвэл худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдаж буй эд хөрөнгө болон түүний үнэ байх бөгөөд энэ талаар зохигчид тохиролцсон байна. Иймд талуудын амаар хийсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасанд нийцсэн байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээсэн хэлцлийг заавал бичгээр байгуулах шаардлагыг хуульд заагаагүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар хийж болно. Иймд талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй.

 

Худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь худалдаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар хөдлөх эд хөрөнгийн хувьд худалдагч нь тухайн хөрөнгийг өөрийн эзэмшлээс гаргаж, худалдан авагчид бодит эзэмшлийг шилжүүлэн өгснөөр өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үздэг. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийг хүлээж байдаг. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэдэг тул зөвхөн эзэмшил шилжүүлэх нь хангалтгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээнэ. Дээрх үүргээс хариуцагч нар нь газар, байшингаа нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба 2018 оны 10 дугаар сараас нэхэмжлэгчийн бодит эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байна. Энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасанд нийцжээ. /ХХ-ийн 63 дугаар тал/

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ”, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу худалдан авагчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл дээрх шаардлагыг хангасан гэрээ, баримт бичгийг гаргаж өгөхөд оролцох байдлаар биелүүлнэ.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөхөөс өмнө өмчлөл шилжүүлэх, эсвэл эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөл шилжүүлэхээр тохирч болно. Талуудын тайлбараар худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна. Энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсоны дагуу гэрээний үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг эд хөрөнгийн үнийг гэрээгээр тохирсон хугацаанд, бүрэн төлөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр гуравдагч этгээд болох Н.ӨлзийЖ, М.Бнарт шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2022 оны 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд “байшин буцаалт” гэсэн утгаар 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд талуудын маргаанд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөл гуравдагч этгээдэд шилжихээс өмнө гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх, уг үүргийг гүйцэтгэх хугацаа тогтоосон эсэх, нэхэмжлэгчийг үүргээ гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр гэрэээнээс татгалзах эрх хариуцагчид үүссэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой. 

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн 26,550,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй бөгөөд дээрх хугацаанд нэхэмжлэгч нь сар бүр 500,000 төгрөг төлөх байдлаар гэрээний үүргээ гүйцэтгэж байжээ. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан журмаар гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч 3 жил 6 сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөг төлж байсан, түүнийг хариуцагч хүлээн авч байсан үйл баримтыг үндэслэн гэрээний үнийг сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохирсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг баримтлан үүргийг гүйцэтгэх бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг хуулиар тогтоосон байж болно, эсвэл талууд тохиролцон гэрээгээр тогтоож болохыг мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан. Хариуцагч нь гэрээний үнийг 2018 оны 10 дугаар сараас нэг жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлөөд үлдэгдлийг бөөнд нь төлөх байсан гэсэн тайлбараа нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул дээр тайлбарласанчлан гэрээний үнийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр хугацааг тодорхойлсон гэж үзэв. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сард 500,000 төгрөг төлсөн байх ба Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан журмаар хугацааг тоолвол эд хөрөнгийн өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх үед нэхэмжлэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрээгүй байна. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацааг хууль буюу гэрээгээр тогтоосон бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанаас өмнө үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй” гэж зааснаар хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө үүргээ бүрэн гүйцэтгэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаанд, гэрээний үнийг төлөх үүргээ зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагч нар гэрээнээс татгалзах эрхгүй байх тул тэднийг худалдах, худалдан авах гэрээнээс үндэслэлгүй татгалзсан гэж үзнэ. 

 

Хариуцагч нар нь гэрээнээс үндэслэлгүй татгалзсан хэдий боловч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүй байхад тухайн эд хөрөнгүүдийн өмчлөлийг гуравдагч этгээдэд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба уг хөрөнгүүдийн өмчлөх эрхийг гуравдагч этгээдийг шударгаар олж аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан. Иймд хариуцагчийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь гуравдагч этгээдийн хувьд үнэн зөв гэж тооцогдоно.

 

Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ гүйцэтгэж дуусахаас өмнө хариуцагч нь үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж /цуцлаж/, гэрээний зүйлийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн, энэхүү шилжүүлэг хууль бус болох нь тогтоогдоогүй байх тул хариуцагч үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байна. Иймд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш * тоотод байршилтай 514м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн ард аюуш тоотод байршилтай 34,5м2 болон 20м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Д, У.У нарт холбогдох Баянгол дүүргийн 11 дүгээр хороо дугаар гудамж тоотод байршилтай 514м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо тоотод байршилтай 34,5м2 болон 20м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай М.Жын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА