Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/00397

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/00397

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Г.Ариунаа, Ч.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо тоотод оршин суух Я овогт Н Ж/РД: /

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг 5 дугаар хороо тоот “Х” ХХК /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо  тоотод оршин суух И овогт Г Т /РД: /

 

Гэм хорын хохиролд 7,237,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ж, хариуцагчийн төлөөлөгч Л.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК, Н.Ж нар нь хариуцагч Г.Тд холбогдуулан гэм хорын хохиролд 7,237,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган, Н.Жгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, “Х” ХХК-ийн автомашинд хохирол учруулсан.

 

1.2. Дээрх ослын улмаас автомашинд учирсан хохирлыг “А Б” ХХК-иар үнэлгээ тогтоолгож, тухайн үнэлгээгээр тогтоогдсон 2,458,000 төгрөгийг хариуцагч төлсөн. Гэвч автомашиныг засварлуулахад кузов засварын ажлын хөлс өндөр гарч, засварын зардалд 4,295,000 төгрөг гарсан. Иймд засварын зардлын зөрүү 1,837,000 төгрөг болсон. Мөн тухайн автомашинаар бараа түгээлт, татан авалтын үйл ажиллагааг эрхэлдэг байсан бөгөөд ослын улмаас автомашиныг ашиглах боломжгүйн болсноор бусад этгээдээр бараа түгээлт, татан авалтын ажлыг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хийлгэж, ажлын хөлс 2,200,000 төгрөгийг төлсөн. Иймд “Х” ХХК-ийн хохиролд 4,037,000 төгрөг шаардаж байна.

1.3. Ослын улмаас Н.Жд хүзүүний савагдалт гэмтэл учирсан бөгөөд тухайн үеийн эмнэлгийн төлбөрийг хариуцагч төлсөн. Үүнээс хойш хугацаанд толгойн болон бөөр доргилтын бариа заслын эмчилгээг 10 хоног хийлгэж, 500,000 төгрөгийн зардал гарсан. Мөн “Х” ХХК-ийн бараа түгээлтийн ажлыг хийж 7 хоногт 450,000 төгрөгийн цалин авдаг бөгөөд осол болсон өдрөөс ажлаа хийж чадаагүй. Иймд ажлаа хийж чадаагүйгээс 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 36 өдрийн цалин 2,700,000 төгрөг, эмчилгээний зардал 500,000 төгрөг нийт 3,200,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Г.Т дараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:

 

2.1. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасан нь үнэн бөгөөд тухайн үед эмнэлэгт үзүүлсэн зардал, автомашины хохиролд 3,085,000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан. Үүнээс хойш гарсан эмчилгээний зардалд бариа заслын 250,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, бусад зардал нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.    

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Н.Жгийн иргэний үнэмлэхний лавлагаа, “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тээврийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 701 дугаартай прокурорын тогтоол, Г.Тгийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, “Х” ХХК-ийн нэхэмжлэх, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 9578 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэлэн мөнгөнийн зарлагын баримт, ослын хэмжилтийн бүдүүвч зураг, 2022 оны 7 дугаар сарын 7, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримт, “Ино марк мастер” ХХК-ийн дүгнэлт, зураг, бэлэн мөнгөний зарлагын баримт, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, тээврийн хэрэгслийн  гэрчилгээ, “А Б” ХХК-ийн сурталчилгааны хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 4, 6-19, 21-31, 33-35 дугаар тал/

 

4. Хариуцагч дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: бэлэн мөнгөнийн орлогын баримтууд, Хаан банкны шилжүүлгийн мэдээллүүд, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 58-61, 63-66 дугаар тал/

 

5. Хариуцагч талын хүсэлтээр “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, *УНБ улсын дугаартай toyota prius-20 маркийн автомашины хохирлын үнэлгээний тайланг шүүх бүрдүүлсэн байна. /ХХ-ийн 75-77 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г.Тгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас биед гэмтэл учруулж, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан. Уг осолтой холбоотой гарсан зардал 7,237,000 төгрөгийг шаардаж байна.

 

3. Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас осол гаргасан, гэм буруугийн асуудлаар маргахгүй, тухайн үед гарсан хохирол, зардлыг бүрэн төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас бариа заслын 250,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, бусад зардал нь баримтаар тогтоогдохгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Хариуцагч Г.Т нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайваны гүүрний урд талын замд Nissan Juke маркийн * улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.14 дэх заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Н.Жгийн жолоодож явсан Toyota prius маркийн *УНБ улсын дугаартай автомашиныг мөргөж, Н.Жгийн биед хөнгөн зэргийн гэмтэл, “Х” ХХК-ийн автомашинд эвдрэл, гэмтэл учирсан болох нь талуудын тайлбар, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 701 дугаар тогтоолоор тогтоогдсон, хариуцагч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Дээрх осолтой холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байх хугацаандаа автомашины эвдрэл, гэмтэл, хохирлын үнэлгээг “А Б” ХХК-иар хийлгэсэн байх ба тухайн үнэлгээний тайлангаар автомашинд 2,458,000 төгрөгийн засвар, үйлчилгээ шаардлагатай болохыг тогтоосон байна. Энэхүү үнэлгээний дагуу хариуцагч нь автомашины хохиролд 2,458,000 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 156,000 төгрөг, журмын хашааны төлбөр 80,000 төгрөг, автомашины доод явах эд ангийн оношилгооны төлбөр 95,000 төгрөг, Н.Жгийн шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 8,000 төгрөг, томографи шинжилгээний төлбөр 243,500 төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр 15,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ асуудлаар талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь автомашиныг засварлуулахад 4,295,000 төгрөгийн зардал гарсан үндэслэлээр хариуцагчаас автомашины хохиролд хүлээн авсан 2,458,000 төгрөгийг хасч зөрүү 1,837,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, уг шаардлагатай холбогдуулан н.М-с 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр олгосон 4,295,000 төгрөгийн зарлагын баримт, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Л.М 2,150,000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгчээ. Дээрх зарлагын баримтаар хэний, ямар марк, улсын дугаартай автомашинд засвар, үйлчилгээ хийх гэж байгааг тодорхойлоогүйгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн *УНБ улсын дугаартай автомашинтай холбоотой баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн уг баримтад заасан засвар, үйлчилгээг тухайн санал болгосон үнээр хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид бодитоор 4,295,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.  

 

“Х” ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г М.Б-тай байгуулж, уг гэрээгээр Улсын их дэлгүүр, Номин их дэлгүүр, 19 дүгээр хорооллын Номин агуулах, Наадам центр салбаруудад бараа түгээлт, татан авалтын ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 2,200,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байх ба тухайн гэрээний дагуу 2,200,000 төгрөгийг төлсөн гэж бэлэн мөнгөний зарлагын баримтыг гаргаж өгсөн байна. Энэхүү баримт нь санхүүгийн анхан шатны баримт нөхөх зааврын дагуу бичигдсэн, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тодорхой хугацаанд нэхэмжлэгч өөрийн автомашиныг ашиглах боломжгүй байсан нөхцөл байдлыг үндэслэн дээрх зардлыг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох нь зүйтэй. Иймд хариуцагчаас 2,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Н.Ж нь ослын улмаас 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан буюу ажил эрхлэх боломжгүй байсан, энэ хугацаанд ажил олгогчоос цалин хөлс аваагүй болохоо баримтаар нотлоогүй болно. Дээрх шаардлагатай холбогдуулан гаргаж өгсөн “Х” ХХК-ийн нэхэмжлэх нь ажил олгогчоос цалин хөлс олгоогүй болохыг, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас ажил эрхлээгүй болохыг нотлохгүй бөгөөд нэхэмжлэхэд заасан төлбөрийг төлвөл зохих этгээдэд үзүүлсэн ажил, үйлчилгээний хөлсийг нэхэмжлэх санхүүгийн анхан шатны баримт юм. Ослын улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх учиртай.

 

Н.Жнь мэдрэл чөлөөлөх бариа заслын эмчилгээг 10 хоногийн хугацаанд хийлгэсэн үндэслэлээр 500,000 төгрөг шаардсан ба 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дээрх эмчилгээний төлбөрт 250,000 төгрөг төлсөн нь дансны хуулгаар тогтоогдсон, харин 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр 250,000 төгрөг төлсөн гэх тооцооны хуудас гэсэн баримт гаргаж өгсөн ба уг баримтад хэнээс мөнгө хүлээж авч байгааг тодорхойлоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэж, төлбөр төлсөн баримт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь 250,000 төгрөгийн бодит зардал гарсан болохыг өөр баримтаар нотлоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлох, үүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Дээрх зардлаас хариуцагч нь 250,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 2,200,000 төгрөг гаргуулж “Х” ХХК-д, 250,000 төгрөг гаргуулж Н.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх нийт 4,787,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г Тгээс 2,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д, 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н Жд олгож, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлээс 1,837,000 төгрөгийн, нэхэмжлэгч Н.Жгийн нэхэмжлэлээс 2,950,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,742 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Тгээс улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д, 8,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Жд тус тус олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА

 

                                        ШҮҮГЧИД                                            Г.АРИУНАА

 

                                                                                                                Ч.БАЯРСҮРЭН