Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00683

 

Х- ХХК, Ж- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/00397 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК, Ж- нарын хариуцагч Т-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 7,237,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж-, нэхэмжлэгч Х- ХХК-ийн төлөөлөгч Н.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Т- нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гарган Ж-гийн унаж явсан + УНБ улсын дугаартай, автомашиныг мөргөж, Ж-гийн эрүүл мэнд болон нэхэмжлэгч Х- ХХК-ийн өмчлөлийн автомашинд хохирол учруулсан. Иймд нэхэмжлэгч Ж-гийн эмчилгээний зардал 500,000 төгрөг, 36 хоногийн цалин 2,700,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг, автомашины засварын зардалд 1,837,000 төгрөг, автомашин түрээсэлсний төлбөр 2,200,000 төгрөг, нийт 7,237,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан нь үнэн, тухайн үед эмнэлэгт үзүүлж, нэхэмжлэгч нарын эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохиролд 3,085,000 төгрөг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ганбатын Түвшингээс 2,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д, 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж-д олгож, нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлээс 1,837,000 төгрөгийн, нэхэмжлэгч Ж-гийн нэхэмжлэлээс 2,950,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,742 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д, 8,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх ... Х- ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Б-тай байгуулж, уг гэрээгээр Улсын их дэлгүүр, Номин их дэлгүүр, 19 дүгээр хорооллын Номин агуулах, Наадам центер салбаруудад бараа түгээлт, татан авалтын ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 2,200,000 төгрөг өгөхөөр тохиролцсон байх ба тухайн гэрээний дагуу 2,200,000 төгрөгийг төлсөн гэж бэлэн мөнгөний зарлагын баримтыг гаргаж өгсөн байна. Энэхүү баримт нь санхүүгийн анхан шатны баримт нөхөх зааврын дагуу бичигдсэн, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тодорхой хугацаанд нэхэмжлэгч өөрийн автомашиныг ашиглах боломжгүй байсан нөхцөл байдлыг үндэслэн дээрх зардлыг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох нь зүйтэй гэж дүгнэж, хариуцагч Т-гээс 2,200,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Т-гийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн тоёота приус маркийн + УНБ улсын дугаартай автомашин засварлахад шаардагдах хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх нийт 44 хоногийн хугацаанд өдрийн 50,000 төгрөгөөр тооцож, нийт 2,200,000 төгрөгийг Б-т төлсөн гэх боловч + УНБ улсын дугаартай автомашин хэд хоног засварт байж ажил үйлчилгээнд гараагүй талаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт гаргах үүргээ биелүүлээгүй болно. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байхад Х- ХХК болон Б- нарын хооронд байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд 2,200,000 төгрөг өгөхөөр тохиролцсон, нийт 44 хоногийн хугацаанд тоёота приус маркийн + УНБ улсын дугаартай автомашин ажил үйлчилгээнд гараагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар үнэн зөв дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Х- ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай компани Улаанбаатар хотод 12 салбартай бөгөөд тус автомашин манай бараа бүтээгдэхүүнийг зөөдөг байсан. 07 дугаар сарын 05-ны өдөр осол гарсан ба энэ үед баяр наадмын үе буюу захиалга ихтэй байсан. Б-тай гэрээ байгуулж, 2,200,000 төгрөгийг олгосон боловч цаашид бид нарт автомашинаар үйлчилж чадахгүй гэж хэлсэн. Нотлох баримт нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөр төлөх 2,150,000 төгрөгийг компанийн бэлэн орлогоос гаргаж төлсөн. Нийт 4,154,545 төгрөгийн НӨАТ-ын баримтыг тус газраас шивүүлж авсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Х- ХХК, Ж- нар нь хариуцагч Т-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 7,237,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Хариуцагч Т- нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний урд замд 82-64 УНС улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.14 дэх заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Ж-гийн жолоодож явсан, нэхэмжлэгч Х- ХХК-ийн өмчлөлийн тоёота приус маркийн + УНБ улсын дугаартай автомашиныг мөргөж, Ж-гийн биед хөнгөн хохирол, автомашинд эвдрэл гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Тээврийн прокурорын газрын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 701 дугаар тогтоол, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогджээ. /хх-ийн 7-8, 14-17-р тал/.

4.а.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Т- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах учиртай.

4.б.Нэхэмжлэгч Х- ХХК нь зам тээврийн осол гарсантай холбоотойгоор иргэн Б-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өдрийн 50,000 төгрөгөөр 44 хоногийн хугацаанд түүний автомашиныг түрээслэн түгээлт хийсэн гэх үндэслэлээр нийт 2,200,000 төгрөг, автомашиныг засварлуулахад 4,295,000 төгрөг гарч, үүнээс хариуцагч Т-гийн төлсөн 2,458,000 төгрөгийг хасаж 1,837,000 төгрөг, нийт 4,037,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

4.в.Хариуцагч Т- нь нэхэмжлэгч нарт автомашины хохирлын төлбөр 2,458,000 төгрөг, үнэлгээний хөлс 156,000 төгрөг, журмын хашааны төлбөр 80,000 төгрөг, оношилгооны төлбөр 95,000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 23,000 /8,000 + 15,000/ төгрөг, томограф шинжилгээний төлбөр 243,500 төгрөг төлсөн болох нь төлбөрийн баримтууд, Хаан банк-ны дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 58-65-р тал/

4.г.Анхан шатны шүүх автомашины засварын зардлын зөрүү 1,837,000 төгрөг гаргуулах шаардлагыг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй болно.

4.д.Автомашины түрээсийн төлбөр 2,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч Х- ХХК нь Б-тай 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 44 хоногийн хугацаанд 1 өдрийн 50,000 төгрөгөөр тооцож, бараа түгээлт, татан авалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч Х- ХХК нь Б-т ажлын хөлсөнд 2,200,000 төгрөгийг төлсөн болох нь ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан эдгээр нотлох баримтыг үндэслэл бүхий баримтаар үгүйсгэж чадаагүй байна. . /хх-ийн 29-31-р тал/.

4.е.Иймд хариуцагч Т-гээс 2,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Учир нь хариуцагч Т-гийн хувьд дээрх баримтуудыг няцаасан баримыг шүүхэд гаргаагүй, улмаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.ё.Нэхэмжлэгч Ж- нь бариа заслын төлбөрт 500,000 төгрөг, 36 хоногийн цалин 2,700,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Т-гээс 250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж-д олгож, түүний нэхэмжлэлээс 2,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Ж- давж заалдах гомдол гаргаагүй болно.

Анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсгийг зөрчөөгүй болохыг дурьдах нь зүйтэй

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/00397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ