Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/01490

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 23 101/ШШ2023/01490

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Д даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- ***** тоотод байрлах, Э Б Э К ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- ****** байрлах, Т К ХХК-нд холбогдох,

197,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 110,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, түүний өмгөөлөгч Ш.Б /ӨҮ-****/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э Б Э К ХХК нь Т К ХХК-нд холбогдуулан 2016 оны 8-р сарын 8-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын зардалд 158,000,000 төгрөг, нэмэлт ажлын зардалд 71,000,000 төгрөг, нийт 229,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар 15-ны өдөр гаргасан /1-р хх-1/.

 

1а. Нэхэмжлэгч Э Б Э К ХХК нь энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний дагуу талбай зүлэгжүүлсэн ажлын зардалд 130,000,000 төгрөг, труба нийлүүлсэн төлбөрт 28,700,000 төгрөг, суулгасан хайлаас модны үнэнд 21,000,000 төгрөг, сагс, хөлбөмбөгийн талбайд хийсэн материалын зардалд 15,000,000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний зардалд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 197,700,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон /2-р хх-121/.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 07 сард Т К ХХК-ний орон сууцны гадна зүлэгжүүлэлт, мод тарих, тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбайг шинээр хийх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн газарт очиход 12 байшингийн 4 байшин нь ашиглалтад орсон, 8 байшинд нь засварын ажил хийгдэж байсан. Манай компаний зүгээс 1-12 дугаар байрны гадна зүлэгжүүлэлт, 13-16 байрыг зүлэгжүүлэх, иж бүрэн тоглоомын талбай тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчид 27.800.000 төгрөгийн үнэ бүхий холбогч трубаг нийлүүлсэн боловч үнийг төлөөгүй. Манай компаний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд мөнгө авахгүйгээр зөвхөн бартераар тооцоо хийхээр болж бид 2016 оны 08 сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу байрнуудын гадна талд 7000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарих ажлыг хийхээр болсон. Дараа нь тоглоомын талбай байгуулах гэтэл газар нь налуу байсан тул газрыг тэгшлэх шаардлагатай, энэ тохиолдолд төлбөр нэмэгдэх болохыг хариуцагч компанид мэдэгдэхэд нэмэгдэл төлбөрийг олгоно та ажлаа хийчих гэснээр хүүхдийн тоглоомын талбайн газрыг тэшлэх, ингэж тэгшилснээр нэмж 10.000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьсан, хөл бөмбөгийн талбайг зүлэгжүүлж, хаалганы шонг хийсэн, сагсны талбайг мөн хийсэн. Тоглоомын талбайн зарим хэсэг ажил бүрэн дуусгаагүй учир материалуудыг нь үлдээсэн. Тоглоомын талбайн тохижилтын ажлыг би 30 хувьтай гүйцэтгэсэн гэж үзэж байгаа.

Хийсэн ажлын төлбөрөө хариуцагч талаас гаргуулж авч чадахгүй байснаар маш их хохирч, энэ асуудлаас болж өөрийн орон сууцыг алдсан. Орон сууцаа барьцаалж зээл аваад авсан зээлээ гэрээний дагуу ажлаа хийхэд зарцуулсан боловч зээлийн төлбөр төлөгдөөгүй улмаас шүүхийн шийдвэр гарч, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, манай байрыг зарсан. Энэ талаарх баримтаа хэрэгт гаргаж өгсөн байгаа. Мөн би ажилчдынхаа цалингийн талыг өгсөн. Би ажил хийгээгүй байхдаа хариуцагч талд 28.700.000 төгрөгийн бараа нийлүүлсэн байгаа гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч нь гадна зүлэгжүүлэлт, тоглоомын талбай, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, мод тарих ажлыг хийхээр болсон. Би хариуцагч байгууллагад ажилладаг, тухайн газарт амьдардаг байсан учир энэ асуудлыг мэднэ. Нэхэмжлэгч байгууллага нь тухайн хэсэгт зүлэг, мод тарьсан. Өөр зүйл харагддаггүй. Энэ хүн 2 жил тэнд ажиллаж байгаад гэнэт байхгүй болсон байсан. Би 2018 онд амралтаа аваад 4 сард эргэж ирэхэд өөр байгууллага тухайн ажлыг хийж байсан. 28.700.000 төгрөгийн турба нийлүүлсэн гэж байна. Тэр 4 ширхэг хоолойг суулгаагүй. Хариуцагч байгууллагын талбайд хэвээрээ байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 8-р сарын 8-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар ажил хүлээлгэж өгөөгүй, гүйцэтгээгүй үүргийн алдангид 110,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан /2-р хх-65-66/.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний нийт үнэ 220.000.000 төгрөгөөс 2016 оны 09 сараас 2022 оны 09 хүртэлх хугацаанд 0.5 хувиар алданги тооцсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүүлэн бодож 110.000.000 төгрөгийн алдангийг шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд бид ажлаа хүлээлгэж өгөх гэтэл нэхэмжлэгч тал хүлээж авдаггүй. Т К компаний хариуцсан хүн дээр нь яваад очиход өөр хүнийг заадаг. Тэр хүн дээр нь очихоор өөр хүнтэй уулз гэдэг. Энэ мэтээр ажлаа огт хүлээж авдаггүй. Би шүүхэд хандах талаар хэлэхэд чамайг шүүхээр яваад юм олохыг чинь харнаа гэдэг байсан. Эхний жил ажлаа хүлээлцэж акт үйлддэг байсан. Гэтэл нягтлан нь ажлаас гарсан гээд тэр актыг гаргаж өгдөггүй. Тийм баримт байхгүй нягтлан ажлаасаа гарсан, мэдэхгүй гээд байдаг. Манай компаниас авсан цагаан хоолой бүхий трубаг газарт булсан байгаад буцааж гаргасан байсан. Одоо тэр хоолойнууд чанарын шаардлага хангахгүй болсон. Хариуцагч тал ажлаа хүлээж авахгүй байсан учир алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-2/, 2016 оны 8-р сарын 8-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /2-р хх-3-7/, Т К ХХК-ийн Э Б ЭХХК-д 2018-03-19-ний өдөр хаягласан 79/18 дугаартай албан бичиг /2-р хх-8/, гараар бичсэн тооцоо /1-р хх-9-10/, төлөөлөгч томилсон 2021-03-19-ний өдрийн итгэмжлэл /1-р хх-54/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-55/, Х.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-56/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018-8-16-ны өдрийн ******* дугаартай тогтоол /1-р хх-160/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2019-09-17-ны өдрийн 10/15 дугаартай тогтоол /1-р хх-161/, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /1-р хх-162-177/, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Улсын мэргэжлийн хяналтын газрын амьтан ургамал бүтээгдэхүүний импортын ******* дугаартай мэдэгдэл 2014-04-08-ны огноотой /1-р хх-194/, ******** дугаартай мэдэгдэл 2017-4-21-ний огноотой /1-р хх-195/, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадаас оруулах ГО-****** дугаартай зөвшөөрөл /1-р хх-196/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эаас татгалзсан тухай 2023-03-21-ний өдрийн **** дугаартай албан бичиг /2-р хх-119/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

6а. Хариуцагчаас төлөөлөгч томилсон 2021-03-9-ний өдрийн итгэмжлэл /1-р хх-38/, Т К ХХК, М ХХК нарын шинэ Налайх хорооллын доторх авто зам, хөлбөмбөгийн талбай, сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэл /1-р хх-70-71/, Т К ХХК, М ХХК нарын Налайх дүүрэг, шинэ налайх хорооллын доторх далд ус зайлуулагчтай 2100 мкв бетонон хучилттай авто зам, 2824 м2 бетонон талбай, хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай, иж бүрэн гэрэлтүүлгийн ажил бүхий барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2019-12-10-ны өдрийн 12/19-01 дугаартай дүгнэлт /1-р хх-72-73/, М ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн зураг /1-р хх-74-78/, Т К ХХК, М ХХК нарын 2019 оны 4-р сарын 12-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх 12/19 дугаартай гэрээ /1-р хх-88-90/, төлөөлөгч томилсон 3/21 огноотой итгэмжлэл /1-р хх-214/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа нь өмгөөлөгчөөр Ш.Базаррагчааг оролцуулах хүсэлт гаргасан /1-р хх-228/, 2019-12-18-ны огноотой барилгын гүйцэтгэлээр хүлээлцэх акт /1-р хх-230/, М ХХК-ийн 13,685,000 төгрөгийн нэхэмжлэх /1-р хх-231/, М ХХК-ний Т К ХХК-нд 2020-02-07-ны өдөр хаягласан 02/02 дугаартай албан бичиг /1-р хх-232/, Т К ХХК-ний алданги гэсэн хүснэгт /1-р хх-233/, М ХХК-ийн 2019-4-10-ны өдрийн 04/06 дугаартай албан бичиг /2-р хх-1/, 2019-4-8-ны өдрийн 04/03 дугаартай албан бичиг /2-р хх-2/, 2019-4-8-ны өдрийн 04/04 дугаартай албан бичиг, төсөвт өртгийн нэгдсэн товчоо /2-р хх-3-4/, сөрөг нэхэмжлэлийг 2022-9-26-нд гаргасан /2-р хх-65-66/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2-р хх-67/, төлөөлөгч томилсон 2023-03-20-ны өдрийн итгэмжлэл /2-р хх-118/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

6б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 10-р сарын 01-ний өдөр Э Б Э К ХХК-ийн зүгээс хэрэгт хар дэвтэрээс гэж канондож өгсөн баримтуудын эх хувь болох дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-111-143/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлт /2-р хх-34-55/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

6в. Хэргийн 1-р хавтасны 11-29, 58-69, 79-87, 152-159, 197-198, 2-р хавтасны 5-23, талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э Б ЭХХК-ийн нэхэмжлэлээс 135,572,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 62,128,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2. Нэхэмжлэгч Э Б Э К ХХК нь Т К ХХК-нд холбогдуулан гэрээний дагуу талбай зүлэгжүүлсэн ажлын зардалд 130,000,000 төгрөг, труба нийлүүлсэн төлбөрт 28,700,000 төгрөг, суулгасан хайлаас модны үнэнд 21,000,000 төгрөг, сагс, хөлбөмбөгийн талбайд хийсэн материалын зардалд 15,000,000 төгрөг, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний зардалд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 197,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодорхойлсон /2-р хх-121/.

 

Нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ 2016 оны 8-р сарын 8-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, манай компаний хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж аваагүй,

хариуцагч нь газар өгнө, хөрөнгө өгнө гэж хэлж ажил хийлгэж байсан. Би тэнд 2 жил гаруй хугацаанд ажилласан. Гэтэл хийсэн ажлыг маань хүлээж авахгүй байсан. Би Шинэ налайх хорооллын барилгад дэлгүүр нээнэ гэж зураг төслөө хүртэл гаргасан байсан. Намайг чи дэлгүүртэй болох юм байна шүүдээ гэж хэлээд л ажлаа хийлгээд байсан. Янз бүрийн хөрөнгө өгнө гэж амлаад л ажлаа хийлгээд байсан.

Би тэр талбайд 2 жилийн хугацаанд 1.2 тонн зүлэгний үр цацсан. Бид зүлэгжүүлэх ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэсэн.

М ХХК бол дандаа хатуу эдлэлтэй холбоотой ажлуудыг хийсэн байсан. Ус зайлуулах хоолойг, хороолол дотор зам хийхээр бид гэрээ байгуулаагүй. Хөл бөмбөгийн талбайн шонгуудыг зоосон, сагсан бөмбөгийн талбай, хашаа, гэрэлтүүлгийг хийгээгүй, хөл бөмбөгийн талбайн хаалганы гадас зоосон ажлыг хийсэн. Хүүхдийн тоглоомын талбайн суурь газрыг манай компани тэгшилсэн гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулсан шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, танилцуулсан бөгөөд тайлбар гаргах хугацаа авах шаардлаггүй гэснээр шүүх хуралдаан үргэлжилсэн болно /2-р хх-126/.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийг гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийгээгүй учраас 2019 оны 10 сард өөр байгууллагаар ажлаа гүйцэтгүүлж 2019 оны 12 сард ажлыг бүрэн гүйцэт хүлээж авсан. Нэхэмжлэгч компани ажлаа гүйцэтгээд дууссан байсан бол ажлыг хүлээж авах байсан. Талуудын байгуулсан гэрээний 12.1-т ажлыг хүлээлцэх талаар дэлгэрэнгүй тусгасан байгаа. Хэрэв нэхэмжлэгч ажлаа хийсэн бол захиалагч тал хүлээж авах ёстой байсан. Гэрээгээр тохирсон ажлаа нэхэмжлэгч бүрэн гүйцэт хийгээгүй гэдэг үндэслэлээр үгүйсгэж, нийлүүлсэн труба үнэ 28,700,000 төгрөгийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

5. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2016 оны 08 сарын 08-ны өдөр байгуулсан гэрээ 30 хоногийн хугацаатай байсан. Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй 1025 хоног хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хийсэн ажлаа хүлээлгэж өгөх гэтэл хүлээж авдаггүй байсан. Эхний жил ажлаа хүлээлцэж байсан боловч нягтлан бодогч нь ажлаас гарсан гээд ажил хүлээлцсэн актыг байхгүй, мэдэхгүй гээд гаргаж өгдөггүй. Манай хийсэн ажлыг хариуцагч тал өөрөө хүлээж авахгүй байсан манай компани зүлэгжүүлэлт, мод тарих, газар шороо тэгшлэх ажил хийсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Э Б Э К ХХК нь гүйцэтгэгчийн хувиар Шинэ Налайх цогцолбор барилгын 1-16-р байрны гадна зүлэгжүүлэлт, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг ажлыг гэрээнд заасан нөхцөл болон энэхүү гэрээнд хавсаргасан техникийн шаардлага, гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн, захиалагчаар батлуулсан ажлын зургийн дагуу /тоо хэмжээ хасагдаж, нэмэгдсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлээр тооцоо нийлнэ/ гүйцэтгэнэ. Гүйцэтгэх ажлын техник болон ажлын зургийг гэрээнд хавсаргасан ба гэрээний адил хүчин төгөлдөр болно гэж захиалагч Т К ХХК-тай харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тоогтоогдож байна /1-р хх-3/.

 

Мөн гэрээний талууд гүйцэтгэх ажлыг гэрээний 2.1-д зардлуудын нэрс 1-12 байрны гадна зүлэгжүүлэлт хэмжих нэгж-м2, тоо хэмжээг 8700, нэгж үнэ 10,000 гэж, хайлаас хэмжих нэгж-ш, тоо хэмжээг 6960, нэгж үнэ 700 гэж, 13-16-р байрны гадна зүлэгжүүлэлт хэмжих нэгж-м2, тоо хэмжээг-1942, нэгж үнэ-10,000 гэж, Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг тоглоомжийн иж бүрдэл, гэрэлтүүлэг, хогийн сав, сандал, сагс, хөл бөмбөгийн талбайн зүлэгжүүлэлт хавсралтанд заасны дагуу тоо хэмжээтэй байна гэж, ус зайлуулах хоолой тоо хэмжээ-540, нэгж үнэ 45,000 гэж, холбох хэрэгсэл тоо хэмжээ-40, нэгж үнэ-110,000, нийт 220,000,000 гэж тохирсон байна.

 

Захиалагч нь гэрээний үнийн дүнгийн 100 хувь болох 220,000,000 төгрөгийн оронд Шинэ Налайх хороололд баригдаж буй 11-р байрны 1-12 /1-10 гэж гараар зассан/ тоот авто зогсоол /12-р байрны 11-12 зогсоол гэж гараар бичсэн/ тус бүрийн үнэ 15,000,000 төгрөгөөр, 4 ширхэг агуулахын зориулалттай байр тус бүрийг 10,000,000 төгрөгөөр тооцож бартер хийхээр талууд харилцан үүрэг хүлээсэн байна /1-р хх-4/.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан тул гэрээний талууд гэрээний үүргийн биелэлтийг харилцан шаардах эрхтэй.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан талуудын байгуулсан гэрээний агуулга зэргээр нэхэмжлэгч нь Шинэ Налайх цогцолбор хорооллын барилгын 1-12 байрны гадна 8700 м2 талбайн зүлэгжүүлэлтийн ажил, 6960 ширхэг хайлаас мод суулгах ажил, 13-16-р байрны гадна 1942 м2 талбайн зүлэгжүүлэлтийн ажил, тоглоомжийн иж бүрдэл, гэрэлтүүлэг, хогийн сав, сандал, сагс, хөл бөмбөгийн талбайн зүлэгжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсийг бартераар төлөхөөр тохирсон байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлаас зүлэгжүүлэлт, хайлаас мод тарих ажил болон хөл бөмбөгийн талбайг зүлэгжүүлэлт хаалганы шонг хийсэн, сагсны талбайн газрыг тэгшилсэн, тоглоомын талбайн тохижилтын ажлыг 30 хувьтай гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлыг хариуцагч хүлээж аваагүй тул энэ ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал болон хийсэн ажлын зардлаа хөндлөнгийн байгууллагаар тогтоолгохоор дүгнэлт гаргасан шинжээчид төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

 

Хариуцагч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй орхиод явсан тул М ХХК-иар ажлаа хийлгэсэн гэж тайлбарлаж, тайлбараа М ХХК-тай байгуулсан гэрээ, ажил хүлээн авсан актаар тогтоогдоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж, 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр ажил гүйцэтгэгч шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

 

Гэрээний талууд болох нэхэмжлэгч талаас хийсэн ажлыг хүлээж аваагүй гэж, хариуцагч талаас гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй, орхиод явсан, түүний гэрээгээр гүйцэтгэх ажлыг өөр бусад компаниар гүйцэтгүүлсэн эсэх талаар маргаж байна.

 

Гэтэл хариуцагч Т К ХХК нь Э Б ЭХХК-нд Шинэ Налайх хорооллын гадна тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэлийн 2016 оны 8-р сарын 08-ны өдөр байгуулсан гэрээнд Э Б ЭХХК-д бартерийн журмаар олгогдох 11-р барилгын 10 гараж, 12-р барилгын 2 гаражийг тус компанийн хүсэлтийн дагуу тохиролцон доорх өөрчлөлтүүдийг оруулах боломжтой. Үүнд бартерийн обьектийг шилжүүлэн 16-р барилгын 12 гараж болгон өөрчлөх, бетон замын 6м өргөн талбайгаас гадна нэмэлтээр 6м зорчих хэсгийн талбай олгох /хучилт, хашлага хийц түүний ажлын хөлсийг Э Б ЭХХК бүрэн хариуцах/ авто зогсоолын 50х40м талбай гаргаж өгөх /1-р хх-8/ гэсэн 79/18 дугаартай тодорхойлолтыг 2018 оны 03-р сарын 19-ний өдөр гаргасан байна.

 

Мөн хариуцагч талын хүсэлтээр гэрчээр оролцсон Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд ...тухайн үед би Шинэ налайх хороололд барилгын няраваар ажиллаж байсан, 2016 оны 8-р сарын 8-ны гэрээний талаар мэдэхгүй, 2016 онд хийгдсэн байсан гэрээний дагуу л юмнуудыг нь шаардаж байсан, нэмэлт гэрээ хийгдээгүй. Хугацаа нь дууссан байсан гэрээг хурдан дуусгах чиглэлийг захирал өгч байсан. Тэрийг л хийлгэж байсан ...хайлаас мод авчирж суулгасан, ...цагаан ус зайлуулах хоолой тавьсан, энэ нь одоо ч хэрэглэгдээгүй байгаа, хөл бөмбөгийн талбайна хашаануудыг 20 хувьтай зоож байсан. Түүнийг будаагүй байсан учраас төмрүүд нь зэврээд сүүлд цутгасан хэсгүүдийг нь аваад шинээр өөр компаниар хийлгэсэн, 2016 онд хийгдсэн гэрээнээс хойш 2017 оноос эхлээд н.Д захиралтай мэргэжлийн журмаар холбогдохгүй байж байгаад 2017 оноос хойш холбогдоод явдаг байсан. Шинэ налайх хороолол гэдэг нь 2016 оны 10 дугаар сард сүүлийн ээлж ашиглалтад ороод дууссан. Тухайн үед 12 барилга ашиглалтад орж дуусчихаад байхад ард талын тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн нь юуч байхгүй гэдэг гомдол оршин суугчдаас их ирж байсан. Өмнө гэрээ хийгдсэн байгаа, тухайн үед мөнгөгүй байна гээд уулзаад л явдаг байсан. Түүнээс биш Э Б Э К ХХК бүр алга болоогүй. н.Д гээд захиралтай байнга уулзаад явсан... гэж мэдүүлсэн байна /1-р хх-185-186/.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон х ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Шинэ Налайх цогцолбор хороололд нэхэмжлэгч Э Б Эконстракш ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын өртөг нь 1-12 дугаар байрны гадна зүлэгжүүлэлт хийх ажил 12,858 м.квх10,000=128,580,000, хайлаас мод суулгах ажил 29,723 шх700=20,806,100, цэцэрлэгт хүрээлэн тохижилтын ажил талбай тэгшлэх 3244 м.квх4049=13,134,956, хашааны шон суулгах ажил 1,5тнх1,200,000=1,800,000, хөл бөмбөгийн хаалга 2шх400,000=800,000, сагсны шит 2шх300,000=600,000, ус зайлуулах хоолой 540мх45,000=24,300,000, холбох хэрэгсэл 40мх110,000=4,400,000, ажлын өртөгийг 194,421,056 төгрөг болохыг тодорхойлсон байна /2-р хх-50/.

 

Харин Т К ХХК нь Мэжик рөуд констракшн ХХК-тай 2019 оны 4-р сарын 12-ны өдөр 12/19 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр гүйцэтгэгч нь Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шинэ Налайх хорооллын гадна гэрэлтүүлэг, тохижилт тоглоомын талбай, хорооллын зам талбайн ажлыг хавсралт1 тоо хэмжээ, хавсралт2 ажлын зураг, хавсралт3 ажил гүйцэтгэх графикийн дагуу иж бүрэн гүйцэтгэхээр, хавсралт1-н гэрээт ажлын тоо хэмжээнд авто замын ажил, тоглоомын талбай тохижилт ажил, зам талбайн гэрэлтүүлэг ажлуудыг талууд тохиролцжээ /1-р хх-88/.

 

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12/19-01 дугаартай актад ...зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн авто зам, хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн зориулалтаар ашиглахад бэлэн гэж үзсэн... талаар дурдсан байна /1-р хх-72-73/.

 

Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч Э Б ЭХХК-ийн 2016 оны 8-р сарын 8-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэх ажил нь 1-12, 13-16-р байрны гадна талбайн зүлэгжүүлэлт, хайлаас мод суулгах, тоглоомын иж бүрдэл, гэрэлтүүлэг, хогийн сав, сандал, сагс хөл бөмбөгийн талбайн зүлэгжүүлэлтийн ажил байхад Мэжик рөуд констракшн ХХК-тай 2019 оны 4-р сарын 12-ны өдрийн гэрээгээр гүйцэтгэх ажил нь Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шинэ Налайх хорооллын авто замын ажил, тоглоомын талбай тохижилт ажил, зам талбайн гэрэлтүүлэгийн ажил хийгдэхээр байх тул хариуцагчийн татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь талбайн зүлэгжүүлэлт, хайлаас мод суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд тоглоомын талбайн тохижилтын ажлыг 30 хувьтай гүйцэтгэсэн болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж, шинжээчийн дүгнэлтэд тэгшилсэн талбайн зардал, суулгасан шон, хөл бөмбөгийн хаалга, сагсны шитны нэгж үнийг тодорхойлсон байна.

 

Харин хариуцагч нь гэрээний үүргээ гүйцэтгээгүй орхиод явсан, нэхэмжлэгчид хугацаа тогтоосон гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зохицуулсан.

 

Хэдийгээр гэрээнд оролцогч талууд ажлын хөлсийг тохиролцсон байх боловч хариуцагч тал гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй гэж маргаснаар 2016-8-8-ны өдрийн гэрээний дагуу Э Б Э К ХХК-ийн хийсэн ажлын өртөгийг тогтоолгохоор шинжээч томилоход шинжээчийн 194,421,056 төгрөгөөр тогтоосон дүгнэлт шүүхэд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирснээр хэргийн оролцогч нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй /2-р хх-33-55/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж зохицуулсан.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 8-р сарын 8-ны өдрийн ажил гүйцтгэх гэрээнд тусгасан ажлаас 194,421,056 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч Э Б Э К ХХК хийж гүйцэтгэсэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул талуудын гэрээгээр тохирсон тоо хэмжээг шинжээчийн тогтоосон нэгж үнээр тооцож

1-12-р байрын гадна 8700 м.кв талайн зүлэгжүүлэлтийн ажлын хөлсийг нэгж үнэ 10,000 төгрөгөөр тооцож 87,000,000 төгрөгийг,

6960 ширхэг хайлаас модыг нэгж үнэ 700 төгрөгөөр тооцож 4,872,000 төгрөгийг,

Сагс, хөлбөмбөгийн талбайд хийгдсэн материалын зардлыг нэхэмжлэгчийн тодорхойлсон 15,000,000 төгрөгөөр тус тус тооцож, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн нийлүүлсэн труба үнэ 28,700,000 төгрөгийг хангаж, нийт 135,572,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,128,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч Т К ХХК нь нэхэмжлэгч Э Б ЭХХК-ийг ажил гүйцэтгэх үүргээ гэрээнд заасан хугацаанд хийж гүйцтгээгүй гэж үзэн алдангид 110,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан /2-р хх-65-66/.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зохицуулсан.

 

Талуудын 2016 оны 8-р сарын 8-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний Долоо хариуцлага гээд 7.1-д гүйцэтгэгч өөрийн буруутай үйл ажиллагаа /хангалттай ажиллах хүчин байхгүй, ажлаа хийхгүй назгайрах, архидах, ажлын хариуцлага алдах болон бусад/-ны улмаас ажлыг гэрээний 2.2.1-2.2.3-д заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй эсхүл доголдолдтой гүйцэтгэгдсэн ажлыг захиалагчийн заасан хугацаанд засварлаж гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг захиалагчид төлнө гэж тохиролцсон байна /1-р хх-5/.

 

Нэхэмжлэгч тал хийсэн ажлыг хүлээж аваагүй гэж, хариуцагч тал хүлээлгэн өгөөгүй гэж татгалзсан тайлбар гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь 2019-4-12-ны өдөр М ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, зүлэгжүүлэлт хийгдсэн, мод суулгасан болохыг гэрч Б.Б мэдүүлж, шинжээч нь нэхэмжлэгчийг 194,421,000 төгрөгийн төсөвт өртгийн ажил хийсэн болохыг тогтоосон үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй, тухайн ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж, шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар захиалагчийн зүгээс гэрээний үүрэг шаардсан, доголдолтой холбоотой ажил гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс алдангид 110,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т К ХХК-иас 135,572,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Б Э К ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62,128,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,302,950 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 708,00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох хураамжид 835,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 352 дугаар зүйлийн 352.5-д зааснаар хариуцагч Т К ХХК /5300762/-иас 135,572,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э Б Э К ХХК /5778441/-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 62,128,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Э Б Э К ХХК-иас 110,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Т К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,302,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 708,00 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т К ХХК-аас 835,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э Б Э К ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Я.Д