Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/00568

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 14 өдөр Дугаар 183/ШШ2023/00568 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: И.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.В, хариуцагчийн өмгөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С таун нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 9 давхарын 908 тоот 36,97 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 1м.кв талбайг 990,000 төгрөгөөр нийт 36,600,300 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Улмаар нийт 34 200 000 төгрөгийг тус тус төлж хамгийн сүүлд гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 300 000 төгрөгийг 2022 оны 9 сарын 20-ны өдөр А ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Үүнд хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа хариуцагч байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдалтай шууд холбоотой. Яагаад гэхээр нэхэмжлэгч талаас төлбөрүүдээ төлөөд яваад байдаг. Харин хариуцагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй орон сууцыг маш хангалтгүй байдлаар барьж байсан. Өөрөөр хэлбэл орон сууцыг 2022 оны 02 сарын 6-ны өдөр улсын комиссд ажлуулахаар бүртгэлд авагдсан. Ингээд А ХХК нь орон сууцыг бүрэн ашиглалтанд оруулан захиалагч миний өмчлөлд шилжүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн хэрнээ хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж байгаа үйл явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С таун нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 9 давхрын 908 тоот 36,97 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг И.Н-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани иргэн И.Н-тай 2019 оны 06 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээнд юу гэж тохирсон бэ гэхээр гэрээний нийт төлбөрт 36 600 300 төгрөгийг 2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж тохирсон. Нэхэмжлэгч И.Н нь гэрээ байгуулсан өдөр 17 000 000 төгрөг өгөөд 2019 оны 07 сарын 24-ний өдөр 14 000 000 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдөр 3 200 000 төгрөгийг хийчихээд дахиж мөнгө хийгээгүй төлбөр орхигдсон. Ковидын цар тахал 2020 оны 1 сард гараад үйл ажиллагаа зогссон. Гэрээнд зааснаар төлбөр мөнгө хугацаандаа ороогүй бол ингэнэ тэгнэ гэсэн зүйл заалтаа хатуу тохирсон. Эхний мөнгөө бараг бүгдийг нь хийчихсэн юм чинь хэзээ ч хамаагүй хийнэ гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч өөрөө гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчсөн байна. Бид нарт 4,5 сая төгрөг байсан ч нэг айлын хаалга, цонхонд маш их мөнгө хэрэгтэй. Тэгээд хугацаа маш их хэтэрсэн нэхэмжлэгч өөрөө 2020 оны 09 сард төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гээд өргөдөл гаргасныг нь бид хүлээж авсан. Үүнээс хойш огт төлөөгүй, хойноос нь маш их нэхэл дагуул болсон. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан тухай мэдэгдлийг манайхаас өгсөн. Ингээд шаардлага биелүүлээгүй болохоор гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Бид нар барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгөх гэж нилээн зүтгэсэн энэ хугацаанд барилгын материалын үнэ хүртэл өссөн. Мөнгө маш их хэрэгтэй байсан. Нэхэмжлэгчээс олон ч удаа шаардсан. Тийм учраас бид И.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1900623/01 дугаар орон сууц захиалгын гэрээ, Голомт банкны орлогын мэдүүлэг, А ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/41 тоот гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А ХХК-д гаргасан өргөдөл, К ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц захиалгын гэрээ, И.Н-с 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр А ХХК-д гаргасан хүсэлт, 2020 он 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/18 тоот И.Н-д албан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/71 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/41 тоот гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22/52 тоот гэрээ цуцлах тухай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 02/542, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/99, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/716 тоот гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч гэрээний зүйл болох орон сууцыг 2020 оны 2 дугаар удиралд ашиглалтад оруулахаар тохирсон боловч үүргээ биелүүлээгүй атлаа намайг сүүлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлсэн тул гэрээнд заасан орон сууцыг надад шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү. Би гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тул гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1900623/01 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй С таун нэртэй 128 айлын үйлчилгээ орон сууцны цогцолбор хотхоны 9 давхарт 908 тоот, 36,97 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 990 00 төгрөг, нийт 36 600 300 төгрөг байхаар, захиалагч буюу нэхэмжлэгч И.Н нь гэрээ байгуулахдаа 17 000 000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор 17 000 000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны дотор 2 600 300 төгрөгийг тус тус төлөх, гүйцэтгэгч А ХХК нь орон сууцыг 2020 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулж, орон сууцыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

5. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болон ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь тодорхой эд хөрөнгө байдгаараа адил мэт боловч ажил гүйцэтгэх гэрээнд тухайн эд хөрөнгө бий болгох үйл явц нь гэрээний харилцааны нэг хэсэг болдог ба талууд гэрээ байгуулах үед барилгын ажил эхэлж байсан гэж зохигчид тайлбарласан тул шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Хариуцагчийн гүйцэтгэж буй орон сууцны зориулалттай барилгад Улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн аваагүй байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

7. Захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 000 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 14 400 000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3 200 000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2 300 00 төгрөг, нийт 36 900 000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдов. Өөрөөр хэлбэл төлбөрийн 14 хувь буюу 5 500 000 төгрөгийг төлөх үүргээ нэхэмжлэгч хугацаа хожимдуулан биелүүлжээ.

 

8. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гэрээний талуудын хэн аль нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх ба ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаардаггүй, харин тодорхой хугацааны дараа биеллээ олдог тул гэрээний оролцогч талын аль нэг нь үүргээ зохих журмаар биелүүлээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзаж, улмаар гэрээ цуцлах асуудал тавигдах боловч үүргийн зөрчил бүр гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм.

 

9. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчил нь ялимгүй шинжтэй биш, зөрчил арилаагүй байхыг ойлгох боловч захиалагч буюу нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэн зөрчлөө арилгасан байна.

 

10. Түүнчлэн хариуцагч гэрээ цуцлагдсан гэж тайлбарлан, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/71 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22/41 тоот гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 22/52 тоот гэрээ цуцлах тухай албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

11. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага гэрээгээ цуцалсан гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үр дагаврыг арилгах үүргийг хүлээдэг. Харин хариуцагч байгууллага гэрээнээс татгалзсантай холбоотойгоор үр дагаврыг арилгаж, нэхэмжлэгчид төлбөрийг буцаан шилжүүлсэн талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

12. Гэрээг тогтвортой, талуудын итгэлийг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг тул хариуцагчийн татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

13. Иймд нэхэмжлэгч И.Н нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн байх тул 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1900623/01 дугаар орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний зүйл болох С таун нэртэй 128 айлын үйлчилгээ орон сууцны цогцолбор хотхоны 9 давхарт 908 тоот, 36,97 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэхийг хариуцагч А ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар шаардах эрхтэй, хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүн болох орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

 

14. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т заасныг тус тус баримтлан 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1900623/01 дугаар орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний зүйл болох С таун нэртэй 128 айлын үйлчилгээ орон сууцны цогцолбор хотхоны 9 давхарт 908 тоот, 36,97 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч И.Нарантуяагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 340 960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ