Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00860

 

 

 

 

 

 

 

 

2023 04 24 210/МА2023/00860

 

 

 

И.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00568 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, орон сууцыг И.Н-гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Талууд Хан-Уул дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт таун нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 9 давхрын 908 тоот 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр, нийт 36,600,300 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Үүний дагуу нийт 34,200,000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,300,000 төгрөгийг 2022 оны 09 сарын 20-ны өдөр А ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа ч энэ нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаа явуулж буй нөхцөл байдалтай шууд холбоотой. Учир нь нэхэмжлэгч талаас төлбөрөө төлөөд яваад байхад хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, орон сууцыг маш хангалтгүй байдлаар барьсан. Өөрөөр хэлбэл, орон сууцад 2022 оны 02 сарын 06-ны өдөр улсын комисс ажиллуулахаар бүртгэлд авагдсан. А ХХК орон сууцыг бүрэн ашиглалтад оруулан захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн атлаа хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Хан-Уул дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт таун нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 9 давхрын 908 тоот 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг И.Н-гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Манай компани И.Н-тай 2019 оны 06 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 36,600,300 төгрөгийг 2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж тохиролцсон. Нэхэмжлэгч И.Н- нь гэрээ байгуулсан өдөр 17,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 24-ний өдөр 14,000 000 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдөр 3,200,000 төгрөгийг тус тус төлж, дахин төлөлт хийгээгүй. Ковид-19 цар тахал 2020 оны 01 сард гараад үйл ажиллагаа зогссон. Гэрээгээр төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хэрхэх талаар хатуу тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчсөн. Гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй тул бид гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн. Барилгаа хугацаанд нь оруулах гэж хичээсэн, бараа материалын үнэ өссөн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан И.Н-гаас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардахад төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 06 сарын 23-ны өдрийн 1900623/01 дугаар орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний зүйл болох Смарт таун нэртэй 128 айлын үйлчилгээ орон сууцны цогцолбор хотхоны 9 давхарт 908 тоот, 36,97 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч И.Н-гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 340,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

4.а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нотлох баримтаар өгсөөр байхад шүүх тухайн нотлох баримтыг үнэлэхгүйгээр заавал үр дагавар арилгасан баримтыг байхгүй буюу цуцлаагүй гэж үзжээ. Гэтэл гэрээ цуцалсны үр дагаврыг арилгах ажил гэрээ цуцлагдсаны дараа хийгддэг ажиллагаа байтал шүүх үр дагавар арилгаагүй гэх үндэслэлээр гэрээг цуцлагдаагүй гэж үзсэн. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүх талаас нь, бүрэн дүүрэн үнэлээгүй, зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хариуцагчийн эрх ашгийг хохироосон тул гомдолтой байна.

4.б. И.Н- нь гэрээний үүргээ биелүүлэлгүй 530 хоног хэтэрсэн байхад түүнийг ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь барилга баригдахгүй байснаас болж гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргасан. Гэтэл Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт мөнгөн төлбөрийн үүргийг саатуулах эрхгүй үйлдэл гаргаснаар хууль болон гэрээг санаатайгаар зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, төлбөрөө төлж байсан. Тухайн төлбөрийн 95 хувийг нь төлсөн бөгөөд бага хэмжээний төлбөрийг төлөөгүй байсан. Гэтэл гэрээнээс татгалзах буюу цуцлах мэдэгдлийг ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхээс тухайн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. И.Н- нь үүргийн зөрчлөө шүүхийн шатанд арилгаж, үлдэгдэл төлбөрөө 100 хувь төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасныг баримталж, Улсын комисст хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд талуудын хэн аль нь хугацаа хэтрүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч И.Н- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан Смарт таун хотхоны 9 давхар, 908 тоот хаягт байршилтай 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...захиалагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан мэдэгдлийг захиалагчид хүргүүлсэн... гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 31-32/

 

3.   Талууд 2019 оны 06 сарын 23-ны өдөр 1900623/01 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр А ХХК нь Хан-Уул дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт таун хотхоны 9 давхар, 908 тоот хаягт байршилтай 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулж И.Н-гийн өмчлөлд шилжүүлэн өгөх, И.Н- нь гэрээ байгуулагдсан өдөр 17,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 20-ны өдөр 17,000,000 төгрөг, 2019 оны 09 сарын 20-ны өдөр 2,600,300 төгрөг, нийт 36,600,300 төгрөгийг А ХХК-д төлж барагдуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 6-12/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн байна.

 

4.   Захиалагч нь 2019 оны 06 сарын 23-ны өдөр 17,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 24-ний өдөр 14,400,000 төгрөг, 2020 оны 05 сарын 12-ны өдөр 3,200,000 төгрөг, 2022 оны 09 сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, нийт 36,900,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны Орлогын мэдүүлэг-үүдээр тогтоогдсон. /хх 13, 49/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийн 85.79 хувь буюу 31,400,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд, үлдэх 14.2 хувь буюу 5,200,300 төгрөгийг хугацаа хожимдуулж төлсөн байна. Нэхэмжлэгч нь 299,700 төгрөгийн илүү төлөлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх дээрх зөрчлийг ялимгүй зөрчилд хамааруулсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5.   Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж зааснаар ажил гүйцэтгэгч А ХХК нь гэрээнээс татгалзах эрхгүй, улмаар түүний гаргасан ...шүүх гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан мэдэгдлийг үнэлээгүй... гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.   Ажил гүйцэтгэгч нь 2020 оны 2-р улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.

Иймд ...ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүйтэй холбоотой үлдэгдэл төлбөр хойшилсон... гэх нэхэмжлэгч талын тайлбарыг буруутгах боломжгүй.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлд хөлс төлөх хугацааг зохицуулсан учир Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсгийн зохицуулалт тус маргаанд хэрэглэгдэхгүй, улмаар ...нэхэмжлэгч нь мөнгөн төлбөрийн үүргийг саатуулах эрхгүй... гэх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Смарт таун хотхоны 9 давхар, 908 тоот хаягт байршилтай 36,97 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч И.Н-гийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч А ХХК-д даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

8.   Улсын комисс Смарт таун хотхонд 2023 оны 02-р сард ажилласан гэсэн тайлбарыг хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 340,952 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР