Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/00398

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2023/00398 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Р.Т-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: И ХХК /РД:6665209/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзлын үр дагавар болох 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Г.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Иргэн Р.Т нь И ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 67/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулан чанарын шаардлага хангасан керамзитийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд керамзитийн нэгж үнийг 1 м3 нь 90 000 төгрөгөөр 480 м3 керамзитийг 43 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Урьдчилгаа 18 000 000 төгрөгийг И ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу гүйцэтгэх захирал Т.Мн Хаан банкин дахь 5064096644 тоот дансанд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Хариуцагч тал гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барааг нийлүүлэх байсан боловч 10 дугаар сарын 02-ны өдөр барааг нийлүүлсэн. Тухайн ирүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй керанзит ирүүлсэн тул түүнийг хүлээн авах талбайд буулгалгүй 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буцаасан. Манай талаас барилгын ажлыг хурдан шуурхай явуулах шаардлагатай байсан учраас дараа дараагийн ажлыг үргэлжлүүлэн өөр газраас бараа бүтээгдэхүүн авсан. И ХХК нь урьдчилгаа мөнгө аваад хугацаанд нь гэрээний үүргээ биелүүлээгүй асуудлууд байгаа. Иймд манай талаас гэрээний дагуу урьдчилгаа болгон өгсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Тухайн гэрээг анх н.В гэдэг хүн И ХХК-тай харилцан тохиролцон хийсэн байдаг. Гэтэл нийлүүлсэн керамзит чанарын шаардлага хангаагүй учраас буцааж асуудлыг шийдвэрлэсэн. И ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй бөгөөд сургалт зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй байгууллага атлаа Н.Вн дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дансны үйл ажиллагааг хаасан байсан учраас эхнэрийн компани дансыг ашиглан мөнгөний гүйлгээ хийсэн байгаа. Иймд үндсэн хариуцагч нь бодит байдлыг тогтоох хүн Н.В бөгөөд бараа нийлүүлэх, асуудлыг дангаар хариуцах учраас И ХХК нь холбогдуулан гаргаж байгаа нэхэмлжлэлийн шаардлагыг манай тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гэрч оролцуулсантай холбогдуулан хариуцагчийг солих нөхцөл байдал үүсэж байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, 2021.09.29-ний өдрийн №449 дугаар Кассын зарлагын баримт, нэхэмжлэх, 2021.09.29-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2022.05.16-ны өдрийн 183/ШЗ2022/08503 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021.09.28-ны өдрийн 67/21 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2021.10.01-ний өдрийн 71/21 дугаар Худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт, 2021.10.05-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2022.10.10-ны өдрийн 12 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичигийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч худалдах, худалдан авах гэрээний дагуу чанарын шаардлага хангасан бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч И ХХК гэрээг Г.Вн хүсэлтээр компанийн нэрээр байгуулсан, хариуцвал зохих этгээд нь компани биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 67/21 дугаартай худалдах, худалдан авах гэрээг худалдагч И ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Т.М, худалдан авагч Р.Т нар гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан ба уг гэрээгээр худалдагч И ХХК нь 480 м3 керамзит гэх барааг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч Н.Т нь гэрээ байгуулснаар 18 000 000 төгрөг, бараа хүлээн авснаар үлдэгдэл 25 200 000 төгрөгийг төлөх тус тус үүргийг хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.

Хариуцагч И ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Т.М нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний урьдчилгаа 18 000 000 төгрөгийн нэхэмжлэхийг үйлдэн, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, уг нэхэмжлэхийн дагуу нэхэмжлэгч Р.Т 18 000 000 төгрөгийг гэрээнд заасан Хаан банкны 0 тоот дансанд шилжүүлсэн үйл баримтаас дүгнэхэд хариуцагчийн ...гэрээг Г.Вн хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, компани хариуцвал зохих этгээд биш... гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулгагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн барааг чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан болох нь хэргийн 17 дугаар талд авагдсан бараа хүлээлцэх баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.

 

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасантай нийцнэ.

 

Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх тул нэхэмжлэгч Р.Т нь гэрээний урьдчилгаанд төлсөн 18 000 000 төгрөгийг хариуцагч И ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч И ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т олгох нь зүйтэй. Хариуцагчаас гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн зүйлгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч И ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Тт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ