Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00823

 

Р.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00398 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Т-ын хариуцагч И- ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Р.Т- нь И- ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, чанарын шаардлага хангасан керамзитийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд керамзитийн нэгж үнийг 1 мнь 90,000 төгрөгөөр 480 мкерамзитийг 43,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Урьдчилгаа 18,000,000 төгрөгийг И- ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу гүйцэтгэх захирал Т.М-гийн Хаан банк ХХК дахь 5064096644 тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Хариуцагч тал гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барааг нийлүүлэх байсан боловч 10 дугаар сарын 02-ны өдөр барааг нийлүүлсэн. Тухайн ирүүлсэн бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй керамзит ирүүлсэн тул түүнийг хүлээн авах талбайд буулгалгүй 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буцаасан. Манай талаас барилгын ажлыг хурдан шуурхай явуулах шаардлагатай байсан учраас дараа дараагийн ажлыг үргэлжлүүлэн өөр газраас бараа бүтээгдэхүүн авсан. И- ХХК нь урьдчилгаа мөнгө аваад хугацаанд нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний дагуу төлсөн урьдчилгаа 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Тухайн гэрээг анх Г.Ванданцэрэн гэдэг хүн И- ХХК-тай харилцан тохиролцон хийсэн байдаг. Гэтэл нийлүүлсэн керамзит чанарын шаардлага хангаагүй учраас буцаасан. И- ХХК нь барилгын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй бөгөөд сургалт зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй байгууллага атлаа Г.Ванданцэрэнгийн дансыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, дансны үйл ажиллагааг хаасан учраас эхнэрийнхээ компанийн дансыг ашиглан мөнгөний гүйлгээ хийсэн. Иймд үндсэн хариуцагч нь Г.Ванданцэрэн бөгөөд бараа нийлүүлэх асуудлыг дангаар хариуцах учраас И- ХХК-д холбогдуулан гаргаж байгаа нэхэмлжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И- ХХК-аас 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах хэсэгт заасан журмыг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй. Г.Ванданцэрэн нь иргэн Р.Т-тай харилцан тохиролцож, керамзит нийлүүлэхдээ өөрийн эхнэр Т.М-гийн И- ХХК-аар гэрээ байгуулж, тухайн керамзитыг нийлүүлсэн гэдгийг гэрч Г.Ванданцэрэн нь шүүх хуралд мэдүүлсээр байхад шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр буруу дүгнэлт хийсэн. Мөн анхан шатны шүүх манай зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримт, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулж үзээгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг зөв дүгнээгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч И- ХХК нь хэрхэн өмчлөгч буюу худалдагч болж байгаа, бас Г.Ванданцэрэн яагаад энэхүү хэрэгт хамааралгүй болж байгаа талаар огт тайлбарлаагүй. Бодит байдал дээр Р.Т- болон И- ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, энэ талаарх харилцаа огт үүсээгүй, хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй, харин Г.Ванданцэрэн би Р.Т-тай тохиролцсон гэж мэдүүлсээр байхад анхан шатны шүүх эргэлзээтэй дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Г.Ванданцэрэн гэрчээр оролцсоноор нэхэмжлэлд дурдагдаад байгаа керамзит нийлүүлэх тохиролцоо нь хэний хооронд явагдсан болох, мөн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тодорхой болж байгаа юм. Гэтэл шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлэх, бодит нөхцөл байдлыг зөв тогтоох, шударга шүүхээр шүүлгэх боломжийг олгож анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч тал гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримт гаргаж өгөөгүй. Тухайн гэрчийн мэдүүлгээр Р.Т-тай тохиролцон гэрээ байгуулсан гэж хэлсэн. Гэтэл хариуцагч И- ХХК-тай гэрээг байгуулсан байдаг. Р.Т-, Г.Ванданцэрэн нарын хооронд гэрээ байгуулагдсан гэдгийг нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Р.Т- нь хариуцагч И- ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч И- ХХК нь 1 м.куб нь 90,000 төгрөгийн үнэтэй, нийт 480 м.куб керамзит нийлүүлэх, нэхэмжлэгч Р.Т- нь үнийг төлж, барааг хүлээн авахаар тохиролцжээ. /хх-ийн 8-16-р тал/. Улмаар нэхэмжлэгч Р.Т- нь 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилгаа төлбөрт нийт 18,000,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, Тээвэр хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 6-р тал/

4.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэжээ.

4.б.Хариуцагч И- ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 200 м.куб керамзит нийлүүлсэн боловч нэхэмжлэгч Р.Т- нь тухайн керамзитыг чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй, тохиролцсон загвараас өөр гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, барааг буцаасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч И- ХХК нь дээрх 200 м.куб керамзитыг буцаан авч, өөрийн үйл ажиллагаанд ашигласан болох нь бараа хүлээлцэх баримт, гэрч Г.Ванданцэрэн нарын мэдүүлгээр тогтоогджээ. /хх-ийн 17, 58-р тал/

4.в.Нэхэмжлэгч Р.Т- нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан, нэгэнт дээрх гэрээ хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг хариуцагч И- ХХК-аас буцаан шаардах эрхтэй.

4.г.Иймд хариуцагч И- ХХК-аас 18,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Т-т олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

5.Хариуцагч татгалзал болон давж заалдах гомдолдоо ... И- ХХК-ийн захирал Т.М-гийн нөхөр Г.Ванданцэрэн нь нэхэмжлэгч Р.Т-т керамзит нийлүүлэхээр тохиролцож урьдчилгаа төлбөрийг авсан, тухайн үед Г.Ванданцэрэнгийн компанийн болон хувийн данс нь шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан тул өөрийн эхнэр болох Т.М-гийн компанийн нэрээр гэрээ байгуулсан, И- ХХК хариуцагч биш гэжээ.

5.а.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг ба нэхэмжлэгч Р.Т-т 480 м.куб керамзит нийлүүлэх үүргийг хариуцагч И- ХХК нь гэрээний дагуу хүлээсэн, мөн 18,000,000 төгрөгийг тус компанийн захирал хүлээн авсан боловч гэрээ хэрэгжээгүй үйл баримт тогтоогдсон. Иймд зөвхөн гэрч Г.Ванданцэрэнгийн мэдүүлэгт үндэслэн Р.Т-, Г.Ванданцэрэн нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

Тодруулбал, гэрч Г.Ванданцэрэнгийн мэдүүлэг нь И- ХХК, Р.Т- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Тээвэр хөгжлийн банк-ны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр няцаагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Г.ДАВААДОРЖ