Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1284

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Б.Х-ы нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2019/01272 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Б.Х-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-д холбогдох

 

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 7 тоотод байрлах орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Б-ы голомт залгах ганц хүү бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болсон дээрх орон сууцыг аав надад өгнө гэж ярьж ойлгуулдаг байсан. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгөд манай гэр бүлийнхэн 2008 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг болон ээжийг дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байгаа нь хожим хойно ямар нэг байдлаар эрсдэл үүсч болохоор байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 07 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204004734 дугаарт бүртгэлтэй 40 м.кв орон сууц нь гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож, иргэн намайг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч Д.Б- гуайн ганц хүү нь юм. 2008 онд энэ орон сууцыг авах үед Б.Х- 17 настай байсан. Одоо тусдаа гараад гэр бүлтэй болсон. Энэ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ аавынх нь нэр дээр байдаг бөгөөд мөн Хас банктай байгуулсан зээлийн барьцаанд байгаа. Одоо Б.Х-ы хувьд түүний өмчлөх эрх зөрчигдөх байдалд хүрээд байна. Магадгүй эцэг нь бусдад худалдах, барьцаалахыг мэдэхгүй юм. Иймд өмчлөх эрхийг нь баталгаажуулж, дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Х- бол миний голомт залгах ганц хүү мөн бөгөөд түүний хэлснээр би хүүдээ өөрийн орон сууцаа өмчлүүлж өгөх бодолтой байдаг. Үүнийгээ ч өөрт нь илэрхийлж байсан. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52-07 тоот байрлах орон сууцанд хүүг 16 настай байхад нь урьд амьдарч байсан байраа худалдсан мөнгөөрөө томруулан авч бид бүгд хамт амьдарч байсан бөгөөд хуулийн дагуу тус орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн байх. Өнөөдрийн байдлаар хүү Б.Х- нь гэр бүл зохион өөрийн эхнэр хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа нас биед хүрсэн гэр бүлээ тэжээх боломжтой юм. Хэдийгээр би хүүдээ энэ байрыг өгөх бодолтой байсан ч ингэж шүүхэд хандаж байгаад гомдолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Б.Х-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-ы хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 7 тоотод байрлах орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 7 тоотод байрлах 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Д.Б-ы өмчлөлд бүртгэгдсэн боловч зохигчдын хэн алиных нь тайлбараар тухайн үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас ул шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө багтаж байна гэж тус хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоожээ.

Нэгэнт тус орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосон боловч гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг шаардах эрхгүй байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүгч хуулийн ямар зүйл заалтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байна.

Д.Б- нь гэр бүлийн гишүүддээ мэдэгдэлгүйгээр ганцаараа дур мэдэн тус орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан бөгөөд уг үйлдэл нь улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байхад өмчлөх эрх зөрчигдөж байгаа гэх тайлбар нотлогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2019/01272 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангахгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Х- хариуцагч Д.Б-д холбогдуулан Баянзүрх дүүргийн  3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 7 тоотод байрлах орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Б.Х- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид 2008 оноос хойш хамтдаа амьдарч байгаа бөгөөд энэ орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн. Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцны хамтран өмчлөгчөөр намайг болон ээжийг бүртгүүлээгүй нь хожим эрсдэл үүсгэж болохоор байна...” гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан аргаар эрхээ хамгаалуулахаар хандсан гэж үзнэ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс үзэхэд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байр 7 тоот хаягт байршилтай 40 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч өөр нь хариуцагч Д.Б- бүртгэгдсэн байна. /хх 35 дугаар тал/

              

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.3-т “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, мөн хуулийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг заажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Х- насанд хүрсэн, өрх тусгаарлан тусдаа амьдрах болсон нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул түүнийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үндэслэлээр гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх үндэслэлээ ирээдүйд эрх нь зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл гаргаж, анхан шатны шүүх зөрчигдөөгүй эрхийг нь сэргээх боломжгүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2019/01272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                                           Ц.ИЧИНХОРЛОО