Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00828

 

  Б.Халиуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01272 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1284 дугаар магадлалтай,

Б.Халиуны нэхэмжлэлтэй,

Д.Баярсайханд холбогдох

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 7 тоотод байрлах орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Халиуны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Д.Баярсайханы голомт залгах ганц хүү бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болсон дээрх орон сууцыг аав надад өгнө гэж ярьж ойлгуулдаг байсан. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгөд манай гэр бүлийнхэн 2008 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө юм. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг болон ээжийг дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлээгүй байгаа нь хожим хойно ямар нэг байдлаар эрсдэл үүсч болохоор байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 07 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2204004734 дугаарт бүртгэлтэй 40 м.кв орон сууц нь гэр бүлийн дундын өмч болохыг тогтоож, иргэн намайг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энх-Амгалангийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Б.Халиун бол миний голомт залгах ганц хүү мөн бөгөөд түүний хэлснээр би хүүдээ өөрийн орон сууцаа өмчлүүлж өгөх бодолтой байдаг. Үүнийгээ ч өөрт нь илэрхийлж байсан. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52-07 тоот байрлах орон сууцанд хүүг 16 настай байхад нь урьд амьдарч байсан байраа худалдсан мөнгөөрөө томруулан авч бид бүгд хамт амьдарч байсан бөгөөд хуулийн дагуу тус орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн байх. Өнөөдрийн байдлаар хүү Б.Халиун нь гэр бүл зохион өөрийн эхнэр хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт амьдарч байгаа нас биед хүрсэн гэр бүлээ тэжээх боломжтой юм. Хэдийгээр би хүүдээ энэ байрыг өгөх бодолтой байсан ч ингэж шүүхэд хандаж байгаад гомдолтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд Б.Халиуны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01272 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Халиуны хариуцагч Д.Баярсайханд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 7 тоотод байрлах орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1284 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2019/01272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Магадлалын үндэслэх хэсэгт 9.4.1-т заасан аргаар эрхээ хамгаалуулахаар хандсан гэж үзнэ гэснийг Монгол улсын иргэний хуулийн тайлбар Эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай шаардлагыг маргаантай байгаа субъектив эрхийн нэхэмжлэгч этгээд уг эрхийг албан ёсоор эдлэх эрхтэйг баталгаажуулах эсхүл үгүйсгэх эрх бүхий байгууллага болох шүүх арбитрт хандан гаргана" гэж заасан байна. Хэдийгээр эрхээ хамгаалуулахаар хандсан гэж үзсэн боловч тухайн эдлэх эрхийг үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй. Мөн ирээдүйд эрх нь зөрчигдөж болзошгүй гэх үндэслэлээр зөрчигдөөгүй эрхийг сэргээх боломжгүй гэснийг шүүгч хуулийн ямар зүйл заалтаар үндэслэлгүй гэж үзэж байгаа буюу тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцлүүдийн нэг нь маргааны зүйлийг тодорхойлох тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглэх явдал юм. Иймд дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Халиун хариуцагч Д.Баярсайханд холбогдуулан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 07 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, бүртгэл хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдэж үнэн зөвд тооцогдох бөгөөд маргааны зүйл болох орон сууц нь хариуцагч Д.Баярсайханы өмчлөлд 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө хамаарч болохыг зохицуулжээ. 

Тухайн гэр бүлийн гишүүн мөн тохиолдолд л гэр бүлийн нэг гишүүн нь хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгохоор нөгөөдөө шаардлага гаргаж болох ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т заасан эрхийг сэргээх нөхцөл үүсээгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төрсөн хүү болохыг зохигч маргаагүй боловч түүнийг Д.Баярсайханы гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар  гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд... ойлгодог бөгөөд ...Б.Халиун насанд хүрч өрх тусгаарлан, эхнэр хүүхдийн хамт өөр газар амьдардаг гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул түүнийг Д.Баярсайханы гэр бүлийн гишүүнээс гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгч гэр бүлийн гишүүн гэх үндэслэлээр Д.Баярсайханы өмчлөлд байгаа орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болгон тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01272 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1284 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Б.Халиун нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ