Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2023/00161

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2023/00161 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б ХХК,

 

Хариуцагч: Г ХХК  нарт холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 33 546 605,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэнийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Т ХХК нь улс хоорондын тээвэр зуучлал, гаалийн зуучлал гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулдаг. Г ХХК-ийн Гадаад харилцааны менежер А.С 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г ХХК-иас "...манай охин компани Бумбын Шовх Турк улсаас төмөр радиаторууд тээвэрлэн авах хүсэлт байгаа ба цаад талаас ачааг хоёр салгаад эхний хэсэг нь бүтэн TIR болохоор байна гэсэн. Энэ хоёр хэсэг ачаан дээр үнийн санал явуулж өгнө үү, ачаа нь ачихад бэлэн байгаа" гэсэн саналыг Т ХХК-д албан мэйлээр ирүүлсэн. Т ХХК-ийн Тээвэр төлөвлөлтийн газрын ажилтан Х.Ө "...илгээгчийн агуулахаас Улаанбаатар хүртэлх замын тээврийн хөлсийг төлснөөр машин захиалганд орно. Автомашин бүрд 1 хоног гааль хийх хугацаа олгоно, үүнээс хэтэрвэл хадгалалтад сул зогсолтын хөлс тооцогдоно, үйлчлүүлэгч нь шаардагдах баримт бичгийг Зуучид дутуу гаргаж өгснөөс үүдэх зардал дээрх үнэд ороогүй" гэсэн хариуг 2021 оны 6 сарын 18-ны өдөр хүргүүлсэн.

Т ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Б ХХК-д ..., Тяньжин боомт дээр үүссэн асуудлаас шалтгаалан Замын-Үүд руу ачих ачааны хөдөлгөөн удааширсан тул Тяньжин-Улаанбаатар-Тяньжин хооронд чингэлэг түрээсийн хугацаа 45 хоногоос хэтэрсэн тохиолдолд чингэлэг түрээслэгч компаниуд хугацаа хэтэрсэн өдөр тутамд 40-100 доллар бодож, хүлээн авагчаас авах нөхцөл байдал үүссэн, бидний үнийн саналд 45 хоногийн чингэлэгийн түрээс үнэгүй бөгөөд ут хугацаа хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх шаардлагатай, далайн тээврийн үнэд чингэлэг түрээсийн үнэ багтаагүй, тэмдэглэл хэсэгт: чингэлэг тус бүрд 3 хоног гааль хийх хугацаа олгоно. Үүнээс хэтэрвэл хадгалалт болон контейнер сул зогсолтын хөлс тооцогдоно." гэж мэйлээр мэдэгдэхэд тус компаниас 2021 оны 7 сарын 27-ны өдөр ".., баталгаажуулж байна, яаралтай ачилтыг эхлүүлнэ үү" гэснээр талуудын хооронд тохиролцоо хийгдэж, ачаа тээврийн хэлцэл хийгдэн бараа ачилт эхэлсэн. Туушин ХХК нь тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэхдээ гадаад улсын усан тээвэр, хуурай замын тээвэр, чингэлэг тээвэр, тээврийн зуучлагч, чингэлэг түрээсийн гэх мэт олон компаниудаар гүйцэтгүүлж хамтран ажилладаг. Гадаад улсын нутаг дэвсгэрээр хийгдэх тээвэр, тээвэр зуучийн үйл ажиллагааг бид БНХАУ-ын Дөчен Жиэ Юнь Бээжин олон улсын тээвэр зууч ХХК-иар дамжуулан хийсэн ба энэ компанийн ачааны чингэлгийг тээвэрлэлтэд түрээсээр ашигласан. Т ХХК нь тус компанитай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд манай компаниар хийгдэх тээвэр зуучийн үйл ажиллагаа нь цаашид ч энэ компаниар хийгдэх юм. Б ХХК-ийн ачааг ачихдаа дээрх компанийн чинглэгийг ашигласан ба чингэлэгийн түрээсийн хөлс, сул зогсолтын төлбөрийн мэдээллийг өөрийн харилцагч Б ХХК /[email protected]/-д маш тодорхой өгсөн бөгөөд тэдний зүгээс нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэлцэл хийгдсэн юм. Б ХХК-ийн ачаа Турк улсаас ачигдан БНХАУ-ын Тяньжин боомтод 2021 оны 9 сарын 22-ны өдөр, 9 сарын 26-ны өдөр Эрээн хотын боомтод ирсэнээс хойш улс хоорондын хил хаагдсанаар 2022 оны 1 сарын 22-ны өдөр хүртэл нийт 143 хоног тус боомт дээр гацсан юм. Үүний 45 хоног нь Т ХХК болон БНХАУ-ын чингэлэг түрээсийн компанийн хооронд байгуулсан гэрээгээр төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа ба үлдсэн 98 хоног сул зогссон чингэлэг түрээсийн төлбөр 10,780 доллар/1 өдөр=110 доллар х 98 өдөр=10,780 доллар/ болсон. 2022 оны 5 сарын 16-ны өдрийн Монголбанкны хаалтын ханш 1 доллар=3111.93 төгрөгөөр тооцоход 33 546 605.4 төгрөг.

Бид [email protected] хаяг руу ачаа Тяньжин, Эрээн боомтуудад ирэх замын мэдээ, мөн хугацаа хэтэрсэн хоногийн хөлс 2022 оны 11 сарын 6-ны өдрөөс эхлэн өдөрт 110 ам.доллараар тооцогдох тухай мэдээллийг тогтмол өгч байсан ба эдгээр мэдээллийг харилцагч компани хүлээн авч байсан. Тэр ч утгаараа БХХК-иас 2022 оны 1 сарын 24-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02/095 тоот албан бичгээр Т ХХК-д хандаж ...хугацаа хожимдуулсны торгуулиас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлж байсан. Угтаа бол хугацаа хэтэрсний торгууль биш ачаа боомт дээр хугацаа хэтэрч саатсаны улмаас төлвөл зохих чингэлэгийн түрээсийн төлбөр юм. Холбогдох үйл баримтыг хэрэгт хавсаргасан ба хариуцагч эс зөвшөөрсөн тохиолдолд бид и-мэйл хаягт шүүхийн журмаар үзлэг хийлгэх болно. Ачаа тээврийн зуучлалын салбарын онцлог нь зуучлагч, захиалагч талуудын хооронд гэрээг бичгээр заавал хийгддэггүй бөгөөд захиалагч тал тээвэр зуучид ачаа тээврийн захиалга өгснөөр тээвэрлэлт эхэлж, Монгол улсад ачааг авчирснаар тээврийн, гаалийн болон бусад татвар хөлсийг захиалагч тал бүрэн төлж барагдуулсны дараа ачааг хүлээлгэн өгдөг юм. Энэ утгаараа Т ХХК тээврийн хѳлсийг аваагүй тээвэрлэлтийг эхлүүлсэн. БНХАУ-ын Дөчен Жиэ Юнь Бээжин олон улсын тээвэр зууч ХХК нь чингэлэг түрээсийн төлбөрийг  ХХК-иас нэхэмжилж байгаа ба Т ХХК нь зөвхөн тээвэр зуучийн үүрэгтэй тул харилцагч Б ХХК нь өөрийн ачааны контейнерын түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Иймд 143 хоногоос 45 хоногийн чөлөөтэй өдрийг хасаж үлдсэн 98 хоног сул зогссон чингэлэг түрээсийн төлбөр 10,780 доллар /1 өдөр=110 доллар х 98 өдөр-10,780 доллар/ буюу 33 546 605.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нэхэмжлэгч Т ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хэлцэл хийж, 2 ширхэг чингэлэг тээврийн захиалга хийсэн. Бид хэлцэлд заасан хугацаанд чингэлгийг цаг хугацаандаа буцаахаар төлөвлөж тооцож байсан боловч тухайн цаг үед биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хилийн боомт хэзээ нээгдэх нь мэдэгдэхгүй, чингэлгийг тохирсон хугацаанд буцаах боломжгүй байдалд ороод байгааг цаг тухайд нь нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Эрээний онцгой комиссоос хилийг нээхээр болж хилийн 0 цэг дээрээс ачаа бараагаа солилцох үе шаттайгаар Монгол тал ачаа тээврүүдээ авч эхэлсэн. Хил нээгдэнгүүт бидний хувьд аль болох чингэлэг ачаагаа авч суллах яаралтай чингэлгийг буцаах нь чухал байсан. Ингээд хөл хорионы нөхцөл байдлаас гарсан даруй 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэхэд чингэлгийг буцаан явуулсан. Дээрх нөхцөл байдлыг гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл гэж хүндэтгэн үзэж үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй нь өөрийн гэм буруугаас болоогүй болоогүй тул харгалзан үзэж нэхэмжлэгчийн шаардаж буй торгуулийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Т ХХК-ны нэхэмжлэлтэй "Б ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2022 оны 09 сарын 22-ны өдрийн тус шүүхийн №183/Ш32022/15684 дугаар захирамжинд "Г" ХХК-ийг хамтран хариуцагчаар татжээ. Тус хэрэгт хариуцагчаар татагдсан "Б" ХХК, "Г" ХХК хоорондоо ямар ч холбоогүй бие биенийхээ хувьцааг эзэмшдэггүй бие даасан тайлан баланс гаргадаг тус тусдаа бие даасан хуулийн этгээд ба "Б ХХК-ийн 51% хувийн хувьцааг М-Ойл ХХК, 49% хувийг "Г" ХХК эзэмшдэг Д.Баянзул захиралтай компани юм. Хамтран хариуцагчаар татагдсан "Г" ХХК-ний хувьд үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч, компаний захирал нь Ц. О бөгөөд 2020 оны 3 сараас эхлэн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй мөн аж ахуйн нэгжийн албан татварт "х" тайлан гаргаж өгдөг үйл ажиллагаа нь зогсоод удаж байгаа байгууллага юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд "Глобал бридж групп" ХХК-ийн гадаад харилцааны менежер А.Сүхболд гэжээ. А.Сүхболд нь "Бумбын шовх" ХХК-ийн гадаад харилцааны менежер бөгөөд 2022 оны 5 сарын 16-ны өдөр ажиллаас гарсан. А.Сүхболдын ашиглаж байсан мэйл @globalbridge.mn гэдэг хаягаар "Бумбын шовх ХХК өөрөө мэйл хаяггүй ба энэ мэйл хаягаар удаан хугацаанд харилцагч нартай харилцаж ирсэн тул байгууллагын мэдээлэл алдуулахгүйн тулд энэхүү хаягийг ашигласаар ирсэн юм. Иймээс нэхэмжлэгч "Г" ХХК-ийг хариуцагчаар татсан нь буруу ба ИХШХШТХ-ийн 26.3-т "хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй бол хариуцагч гэнэ" гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн өмнө "Г" ХХК ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй, ямар нэг хохирол учруулаагүй, бидний хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй байхад хамтран хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, 2022.03.31-ний өдрийн 3/178 дугаар Т ХХК-аас Б ХХК-ийн захирал Д.Бд хаягласан Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2022.03.21-ний өдрийн 3/154 дугаар Т ХХК-аас Б ХХК-ийн захирал Д.Бд хаягласан Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2022.01.24-ний өдрийн №02/095 дугаар Бух ХХК-аас Т ХХК-д хаягласан Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот, түүний орчуулга, Дөчөн жиэ юнь олон улсын тээвэр зууч ХХК-ийн албан ёсны хариу тайлбар, түүний орчуулга, 2022.02.08-ны өдрийн Зардлын тооцооны баримт, түүний орчуулга, 2022.09.14-ний өдрийн 1/706 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Б ХХК-ийн 2022.06.17-ны өдрийн 02/144 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Г ХХК-ийн 2022.11.03-ны өдрийн 02/11 дугаар Итгэмжлэл гаргах тухай албан бичиг, 2022.05.16-ны өдрийн Б/152 дугаар Б ХХК-ийн захирлын Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Депозит дансны хуулга, 2023.01.13-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

2022.09.12-ны өдрийн 183/ШЗ2022/14960 дугаар захирамжаар Б ХХК-аас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, шүүх түүнийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б ХХК, Г ХХК нарт холбогдуулан ачааны чингэлгийн сул зогсолтын түрээсийн төлбөр 10 780 ам.доллар буюу 33 546 605 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Глобал бридж гурпп ХХК-иас татгалзсан болно.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Б ХХК-ийн ачаа Турк улсаас ачигдан БНХАУ-ын Тяньжин боомтод 2021 оны 9 сарын 22-ны өдөр, 9 сарын 26-ны өдөр Эрээн хотын боомтод ирснээс хойш улс хоорондын хил хаагдаж 2022 оны 1 сарын 22-ны өдөр хүртэл нийт 143 хоног тус боомт дээр гацсан, үүний 45 хоног нь Т ХХК болон БНХАУ-ын чингэлэг түрээсийн компанийн хооронд байгуулсан гэрээгээр төлбөрөөс чөлөөлөгдсөн ба үлдсэн 98 хоног сул зогссон чингэлэг түрээсийн төлбөр 10,780 доллар буюу 33 546 605.4 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна... гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин хугацаа хожимдсон нөхцөл байдалд буруугүй тул торгуулиас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцсан мэйлд үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч Б ХХК-ийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр /[email protected] хаягаас/ нэхэмжлэгч Т ХХК-д /[email protected] хаягт/ ...Туркээс төмөр радиоратууд тээвэрлэн авах хүсэлтэй байгаа 2 хэсэг ачаан дээр үнийн санал явуулж өгнө үү. Ачаа ачихад бэлэн байгаа гэж, нэхэмжлэгчээ 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид ...Тяньжин боомт дээр үүссэн асуудлаас болоод чингэлэг маш удаан Тяньжин Замын-Үүд руу хөдөлж байна. Иймд Тяньжин-Улаанбаатар-Тяньжин хооронд чингэлэг түрээсийн хугацаа 45 хоногоос хэтрэх, хэтэрсэн тохиолдолд чингэлэг түрээсийн компаниуд 1 өдрийн 100 USD тооцож хүлээн авагч нараас авах нөхцөл байдал үүсээд байгаа. Бидний үнийн саналд чингэлэг түрээслэх хугацаа 45 FREE багтсан байгаа, энэ хугацаанаас хэтэрвэл бид нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болоод байна. Танай чингэлэг Тяньжин боомт дээр ирэх үед ямархуу ачаалалтай байх таамаг одоогоор алга... гэх агуулгаар 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй үнийн саналыг илгээсэн байх ба хариуцагчаа ...баталгаажуулж байна. Ачилтыг яаралтай эхлүүлнэ үү... гэх хариу өгчээ.

 

5.2. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж заасан.

 

5.3. Талуудын хооронд харилцсан дээрх харилцаанаас дүгнэхэд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газарт хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.4. Хариуцагч ачааг хүлээн авсан, чингэлгийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буцаасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

5.5. Талуудын хооронд хийгдсэн чингэлэг түрээсийн төлбөр төлөх нөхцөл нь торгууль буюу үүргийн гүйцэтгэлийг хангах арга бус хэлэлцэн тохирсон хөлс гэж үзэх үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талууд тээвэрлэлтийн хугацаа 45 хоногоос хэтэрсэн тохиолдол чингэлэг түрээсийн төлбөрийг тээвэрлүүлэгч буюу нэхэмжлэгч төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй.

 

5.6. Түүнчлэн нэхэмжлэгчээс тээвэрлэлтийн явцыг хариуцагчид мэдээлж байсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Тодруулбал, ...ачаа Тяньжинд 9/22нд ирсэн. 45 хоногийн чөлөөлөлтэй өдөр нь 11/5нд дуусна. Чингэлгийн түрээс нь 11/6-с өдрийн 110 ам.доллароор бодогдох... талаар мэдээлж байжээ.

 

5.7. Иймд нэхэмжлэгч нь ачаа боомт дээр гацсан гэх 143 хоногоос 45 хоногийг хасч 98 хоногийн чингэлгийн түрээсийн төлбөрийг нэг хоногийн 110 ам.доллароор тооцон 10 780 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

5.8. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 3111,93 төгрөгөөр тооцож 33 546 605,4 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т ...гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно. гэж заасантай нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 33 546 605,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 325 684 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ