Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00992

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00992

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00161 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БШ ХХК, Г ХХК-д тус тус холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 33,546,605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч БШ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч БШ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Т ХХК нь улс хоорондын тээвэр зуучлал, гаалийн зуучлал гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Г ХХК-ийн гадаад харилцааны менежер А.С- Г ХХК-аас ...манай охин компани Бумбын Шовх Турк улсаас төмөр радиаторууд тээвэрлэн авах хүсэлт байгаа ба цаад талаас ачааг хоёр салгаад эхний хэсэг нь бүтэн TIR болохоор байна гэсэн. Энэ хоёр хэсэг ачаан дээр үнийн санал явуулж өгнө үү, ачаа нь ачихад бэлэн байгаа гэсэн саналыг Т ХХК-д албан мэйлээр ирүүлсэн. Т ХХК-ийн тээвэр төлөвлөлтийн газрын ажилтан Х.Ө- ...илгээгчийн агуулахаас Улаанбаатар хүртэлх замын тээврийн хөлсийг төлснөөр машин захиалгад орно. Автомашин бүрд 1 хоног гааль хийх хугацаа олгоно, үүнээс хэтэрвэл хадгалалтад сул зогсолтын хөлс тооцогдоно, үйлчлүүлэгч нь шаардагдах баримт бичгийг Зуучид дутуу гаргаж өгснөөс үүдэх зардал дээрх үнэд ороогүй гэсэн хариуг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн.

Т ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БШ ХХК-д Тяньжин боомт дээр үүссэн асуудлаас шалтгаалан Замын-Үүд руу ачих ачааны хөдөлгөөн удааширсан тул Тяньжин-Улаанбаатар-Тяньжин хооронд чингэлэг түрээсийн хугацаа 45 хоногоос хэтэрсэн тохиолдолд чингэлэг түрээслэгч компаниуд хугацаа хэтэрсэн өдөр тутамд 40-100 ам.доллар бодож, хүлээн авагчаас авах нөхцөл байдал үүссэн, бидний үнийн саналд 45 хоногийн чингэлгийн түрээс үнэгүй бөгөөд хугацаа хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх шаардлагатай, далайн тээврийн үнэд чингэлэг түрээсийн үнэ багтаагүй, тэмдэглэл хэсэгт: чингэлэг тус бүрд 3 хоног гааль хийх хугацаа олгоно. Үүнээс хэтэрвэл хадгалалт болон контейнер сул зогсолтын хөлс тооцогдоно гэж мэйлээр мэдэгдэхэд тус компаниас 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр баталгаажуулж байна, яаралтай ачилтыг эхлүүлнэ үү гэснээр талуудын хооронд тохиролцоо хийгдэж, ачаа тээврийн хэлцэл хийгдэн бараа ачилт эхэлсэн. Гадаад улсын нутаг дэвсгэрээр хийгдэх тээвэр, тээвэр зуучийн үйл ажиллагааг бид БНХАУ-ын Дөчен Жиэ Юнь Бээжин олон улсын тээвэр зууч ХХК-аар дамжуулан хийсэн ба энэ компанийн ачааны чингэлгийг тээвэрлэлтэд түрээсээр ашигласан. Т ХХК нь тус компанитай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд манай компаниар хийгдэх тээвэр зуучийн үйл ажиллагаа нь цаашид ч энэ компаниар хийгдэх юм. БШ ХХК-ийн ачааг ачихдаа дээрх компанийн чингэлгийг ашигласан ба чингэлгийн түрээсийн хөлс, сул зогсолтын төлбөрийн мэдээллийг өөрийн харилцагч БШ ХХК /[email protected]/-д маш тодорхой өгсөн бөгөөд тэдний зүгээс нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэлцэл хийгдсэн юм. БШ ХХК-ийн ачаа Турк улсаас ачигдан БНХАУ-ын Тяньжин боомтод 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр, 09 дүгээр сарын 26-ны өдөр Эрээн хотын боомтод ирснээс хойш улс хоорондын хил хаагдсанаар 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 143 хоног тус боомт дээр гацсан юм. Үүний 45 хоног нь Т ХХК болон БНХАУ-ын чингэлэг түрээсийн компанийн хооронд байгуулсан гэрээгээр төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа ба үлдсэн 98 хоног сул зогссон чингэлэг түрээсийн төлбөр 10,780 доллар /1 өдөр=110 доллар х 98 өдөр=10,780/ доллар болсон. 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Монгол банкны хаалтын ханш 1 доллар=3111.93 төгрөгөөр тооцоход 33,546,605.4 төгрөг болох юм.

Бид [email protected] хаяг руу ачаа Тяньжин, Эрээн боомтуудад ирэх замын мэдээ, мөн хугацаа хэтэрсэн хоногийн хөлс 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өдөрт 110 ам.доллараар тооцогдох тухай мэдээллийг тогтмол өгч байсан ба эдгээр мэдээллийг харилцагч компани хүлээн авч байсан. Тэр ч утгаараа БШ ХХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 02/095 тоот албан бичгээр Т ХХК-д хандаж ...хугацаа хожимдуулсны торгуулиас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлж байсан. Хугацаа хэтэрсний торгууль биш, энэ нь ачаа боомт дээр хугацаа хэтэрч саатсаны улмаас төлбөл зохих чингэлгийн түрээсийн төлбөр юм. Ачаа тээврийн зуучлалын салбарын онцлог нь зуучлагч, захиалагч талуудын хооронд гэрээ бичгээр заавал хийгддэггүй бөгөөд захиалагч тал тээвэр зуучид ачаа тээврийн захиалга өгснөөр тээвэрлэлт эхэлж, Монгол улсад ачааг авчирснаар тээврийн, гаалийн болон бусад татвар хөлсийг захиалагч тал бүрэн төлж барагдуулсны дараа ачааг хүлээлгэн өгдөг юм. Энэ утгаараа Т ХХК тээврийн хөлсийг аваагүй тээвэрлэлтийг эхлүүлсэн. БНХАУ-ын Дөчен Жиэ Юнь Бээжин олон улсын тээвэр зууч ХХК нь чингэлэг түрээсийн төлбөрийг Т ХХК-аас нэхэмжилж байгаа ба Т ХХК нь зөвхөн тээвэр зуучийн үүрэгтэй тул харилцагч БШ ХХК нь өөрийн ачааны контейнерын түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд 143 хоногоос 45 хоногийн чөлөөтэй өдрийг хасаж үлдсэн 98 хоног сул зогссон чингэлэг түрээсийн төлбөр 10,780 доллар /1 өдөр=110 доллар х 98 өдөр-10,780 доллар/ буюу 33,546,605.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч БШ ХХК-ийн тайлбарын агуулга:

Бид хэлцэлд заасан хугацаанд чингэлгийг цаг хугацаандаа буцаахаар төлөвлөж тооцож байсан боловч тухайн цаг үед биднээс шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хилийн боомт хэзээ нээгдэх нь мэдэгдэхгүй, чингэлгийг тохирсон хугацаанд буцаах боломжгүй байдалд ороод байгааг цаг тухайд нь нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Эрээний онцгой комиссоос хилийг нээхээр болж хилийн 0 цэг дээрээс ачаа бараагаа солилцох үе шаттайгаар Монгол тал ачаа тээврүүдээ авч эхэлсэн. Хил нээгдэнгүүт бидний хувьд аль болох чингэлэг ачаагаа авч суллах яаралтай чингэлгийг буцаах нь чухал байсан. Хөл хорионы нөхцөл байдлаас гарсан даруй 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэхэд чингэлгийг буцаан явуулсан. Дээрх нөхцөл байдлыг гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл гэж хүндэтгэн үзэж үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй нь өөрийн гэм буруугаас болоогүй тул харгалзан үзэж нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Г ХХК-ийн тайлбарын агуулга:

Тус хэрэгт хариуцагчаар татагдсан БШ ХХК, Г ХХК хоорондоо ямар ч холбоогүй, хувьцааг эзэмшдэггүй бие даасан тайлан баланс гаргадаг тус тусдаа бие даасан хуулийн этгээд ба БШ ХХК-ийн 51% хувийн хувьцааг М-Ойл ХХК, 49% хувийг ГБК ХХК эзэмшдэг Д.Баянзул захиралтай компани юм. Хамтран хариуцагчаар татагдсан Г ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн захирал нь Ц.О бөгөөд 2020 оны 03 сараас эхлэн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй мөн аж ахуйн нэгжийн албан татварт х тайлан гаргаж өгдөг үйл ажиллагаа нь зогсоод удаж байгаа байгууллага юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Г ХХК-ийн гадаад харилцааны менежер А.С- гэжээ. А.С- нь БШ ХХК-ийн гадаад харилцааны менежер бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажлаас гарсан. А.С-ын ашиглаж байсан мэйл @globalbridge.mn гэдэг хаягаар БШ ХХК өөрөө мэйл хаяггүй ба энэ мэйл хаягаар удаан хугацаанд харилцагч нартай харилцаж ирсэн тул байгууллагын мэдээлэл алдуулахгүйн тулд энэхүү хаягийг ашигласаар ирсэн. Иймд нэхэмжлэгч Г ХХК-ийг хариуцагчаар татсан нь буруу юм. Гэтэл нэхэмжлэгчийн өмнө Г ХХК ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй, ямар нэг хохирол учруулаагүй, бидний хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй атал хамтран хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БШ ХХК-аас 33,546,605.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БШ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 325,684 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч БШ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Манай компани нь Т ХХК-тай хийсэн хэлцлийн дагуу чингэлэг ашигласны болон төлбөл зохих чингэлгийн түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн. Харин сул зогсолтын түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй юм. Учир нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эрээн боомтод чингэлэг тээвэр ирснээс хойш Коронавируст халдвараас шалтгаалан гэнэт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Эрээний онцгой комиссын шийдвэрээр Замын-Үүд, Эрээний боомт тодорхойгүй хугацаагаар хаагдсан. Энэхүү гэнэтийн болон бидний хүсэл зориг хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс үүдэн чингэлэг тээврийг хөдөлгөж чадалгүй байсаар 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хилийг нээхээр болж 0 цэг дээрээс ачаа бараагаа солилцон үе шаттайгаар Монголын тал ачаа тээврүүдээ авч эхэлсэн тул 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэхэд чингэлгийг бид буцаан явуулсан. Энэхүү Эрээний боомт хаагдсан нь нийтэд илэрхий үйл баримт байх ба нотлох баримт шаардлагагүй онцгой нөхцөл байдал бий болсон байхад шүүх үүргийн нийтлэг үндэслэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 222.4 дэх хэсэгт заасныг хэрэглэхгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 45 хоногийн чингэлгийн түрээс үнэгүй бөгөөд уг хугацаа хэтэрвэл нэмэлт төлбөр төлөх шаардлагатай, сул зогсолтын хөлс тооцогдоно гэсэн. Бидний хооронд хийсэн хэлцэлд Чингэлэг бүрт 3 хоног гааль хийх хугацаа олгоно. Үүнээс хэтэрвэл хадгалалт болон контейнер сул зогсолтын хөлс тооцогдоно. Үнэд доорх зүйл багтсан болно гэх хэсэгт Ачаа илгээх хотод гарах зардал, РОВ нэрлэсэн боомтоос Тяньжин хүртэлх далайн тээврийн үнэ, Тяньжинаас Улаанбаатар өртөө хүртэлх төмөр замын тээврийн үнэ, Чингэлгийн түрээс гэж тусгагдсан. Энэ нь нэхэмжлэгч тал сул зогсолтын төлбөрийг шаардсан байгаа нь харагдаж байгаа. Шүүхээс хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон шүүхэд нэхэмжлэл гаргахад торгуулиас чөлөөлүүлэх тухай албан бичгийг хариуцагч талаас Т ХХК-д ирүүлсэн. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд тайлбартаа хугацаа хожимдуулсныг торгууль гэж тайлбарладаг. Давж заалдах гомдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсний хохирлыг төлөхгүй гэх агуулгаар шийдвэр гарах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Энэ үндэслэл нь тодорхойгүй байна. Мөн гомдолд чингэлэг түрээсийн төлбөр гэдэг тээврийн зардал дээр багтсан нэмэгдэл зардал юм.

Өөрөөр хэлбэл, түрээсийн төлбөр гарсан. Энэ нь тээврийн зардалдаа багтсан. Ачаа Турк улсаас Улаанбаатар хот руу ирэх замын мэдээллийг тогтмол өгч байсан. Тухайн мэдэгдэлдээ чингэлгийн түрээсийн хоног хугацаа хэтрээд байгаа тул 110 ам.долларыг төлөхийг мэдэгдсэн. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талаас ачаа хаана явж байгаа, хэдэн төгрөгийн зардал гарч байгаа талаар лавлаж байсан. Нэхэмжлэгч талаас гэм буруутай холбоотой хохирол нэхэмжлээгүй учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсгийг хэрэглэх шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч БШ ХХК, Г ХХК-д тус тус холбогдуулан худалдааны зуучлагчийн гэрээний үүрэгт 33,546,605 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь БШ ХХК-ийн хүсэлтээр ачаа нь Турк улсаас БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин 2021 оны 09 дүгээр сарын 22, 26-ны өдрүүдэд, Эрээн хотын боомтод ирснээс хойш улс хоорондын хил хаагдаж 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 143 хоног тус боомт дээр гацсан, үүний 45 хоног нь Т ХХК болон БНХАУ-ын чингэлэг түрээсийн компанийн хооронд байгуулсан гэрээгээр төлбөрөөс чөлөөлөгдсөн ба үлдэх 98 хоног сул зогссон чингэлэг түрээсийн төлбөр 10,780 ам.доллар буюу 33,546,605 төгрөгийг БШ ХХК-аас гаргуулна гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

Хариуцагч БШ ХХК-аас чингэлэгийн түрээсийн хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд буруугүй гэж маргажээ.

 

3. Хариуцагч БШ ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр /[email protected] хаягаас/ Т ХХК-д /[email protected] хаягт/ ...Туркээс төмөр радиоратууд тээвэрлэн авах хүсэлтэй байгаа, 2 хэсэг ачаан дээр үнийн санал явуулж өгнө үү. Ачаа ачихад бэлэн байгаа гэж, нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид ...Тяньжин боомт дээр үүссэн асуудлаас болоод чингэлэг маш удаан Тяньжин Замын-Үүд руу хөдөлж байна. Иймд Тяньжин-Улаанбаатар-Тяньжин хооронд чингэлэг түрээсийн хугацаа 45 хоногоос хэтрэх, хэтэрсэн тохиолдолд чингэлэг түрээсийн компаниуд 1 өдрийн 100 USD тооцож хүлээн авагч нараас авах нөхцөл байдал үүсээд байгаа. Бидний үнийн саналд чингэлэг түрээслэх хугацаа 45 FREE багтсан байгаа, энэ хугацаанаас хэтэрвэл бид нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болоод байна. Танай чингэлэг Тяньжин боомт дээр ирэх үед ямархуу ачаалалтай байх таамаг одоогоор алга... гэж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй үнийн саналыг илгээжээ. Хариуцагчаас ...ачилтыг яаралтай эхлүүлнэ үү... гэснээр талуудын хооронд хэлцэл хийгдсэн болох нь зохигчдын цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогджээ.

/хх 104-106/

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар хариуцагч талын гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл болох цахим захидлыг нөгөө тал буюу нэхэмжлэгч хүлээн авснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн байна.

 

4. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг тээвэрлэлтийн гэрээ гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хариуцагч БШ ХХК-ийн Турк улсаас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу тээвэрлэх үйл ажиллагаанд нэхэмжлэгч Т ХХК тээврийн зуучлагч хийж, худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлд заасан худалдааны зуучлагчийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

5. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ts.mn хаягаас a.mn U гэсэн хаяг руу ...Ачаа Тяньжинд 9/22 нд ирсэн. 45 хоногийн чөлөөтэй өдөр нь 11/5-нд дуусна. Чингэлэгийн түрээс нь 11/6-аас өдрийн 110 ам.доллараар бодогдоно... гэсэн мэйлийг явуулсан, үүний хариуд хариуцагч талаас ...2 зүйл тодруулмаар байна. 49 хоногийн хэтрэлт 49*110 usd гэж тооцохгүй юу. Манайх Эрээнд яаралтай авахаар ... гааль хийсэн боловч чингэлэг маань гацсан болно. Энийг давагдашгүй хүчин зүйл тул тухайн хугацаан дахь demurrage charge/зогсолтын төлбөр/ хөнгөлөх эсвэл хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Энийг цаад талын агентдаа уламжилж өгнө үү... гэсэн мэйлийг тус тус хүргүүлсэн болох нь уг мэйлүүд болон шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх 20, 23, 104-106/

 

6. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас чингэлгийн түрээсийн төлбөрийг төлөх болсон нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч талаас Тяньжин боомт дээр ачилт удааширч байгаа, мөн 45 хоногоос дээш хугацаа хэтэрвэл чингэлэгийн түрээс төлөх талаар хариуцагч талд мэдэгдсэн байх боловч, нэхэмжлэгч талаас ачилтыг яаралтай эхлүүлнэ үү гэсэн байх ба талууд гэрээндээ гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын талаар тохиролцоогүй, мөн чингэлэгийн түрээсийн төлбөрийг 45 хоногийн хугацаанд төлбөргүй, үүнээс хэтэрсэн хоногийн түрээсийн төлбөрийг төлөхөөр мэдэгдлийг хариуцагч талд хүргүүлсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Иймд ачаа боомт дээр гацсан гэх 143 хоногоос гэрээний дагуу 45 хоногийг хасч, 98 хоногийн чингэлгийн түрээсийн төлбөрийг 1 хоногийн 110 ам.доллараар тооцож 10,780 ам.доллар буюу 33,546,605 төгрөгийг хариуцагч БШ ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Тяньжин боомт дээр ачаа саатсан нөхцөл байдал нь харилцан тохиролцсон төлбөрийн үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

7. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч БШ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/00161 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БШ ХХК-аас 33,546,605 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335,466 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ