Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2023/00103

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2023/00103 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болон алданги нийт 69 636 229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ..."Т" ХХК нь "Б" ХХК-тай харилцан тохиролцож, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр №31/21 дугаартай "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ" байгуулан, гэрээний дагуу Япон улсад бүтээгдэхүүнийг захиалж захиалсан бүтээгдэхүүнийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авч, "Б" ХХК-аас тавьсан хүсэлтийн дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа удаа дараа хойшлуулан гэрээнд заасан бүтээгдэхүүнүүдийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр захиалагч "Б" ХХК-д 100 хувь хүлээлгэн өгсөн байдаг. Хариуцагч "Б" ХХК нь гэрээгээр тохиролцсон чанарын өндөр шаардлага хангасан доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар маргаангүй бөгөөд гэрээ байгуулахад гэрээний үндсэн төлбөрийн үнийн дүнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг буюу 85 968 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-ний 3.3 дахь хэсэгт заасны дагуу бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл төлбөр 57 312 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 12 178 800 төгрөгийн төлбөрийг төлсөн байдаг. "Т" ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлөгдсөн 12 178 800 төгрөгийн төлбөрөөс гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн нийт 53 хоногийн алданги /57.312.000 төгрөгийн 15.9 хувьтай тэнцэх/ болох 9.112.608 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг үндсэн төлбөрийн үүргээс хасаж тооцох боломжтой байсан боловч талууд аль болох эвлэрч, асуудлыг шийдвэрлэнэ хэмээн найдаж, 12 178 800 төгрөгийг бүхэлд нь үндсэн төлбөрийн үүргээс хасаж, үндсэн төлбөрийн үүргийг 45 133 200 төгрөгөөр тодорхойлж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Хариуцагч "Б" ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх биөлүүлэхгүй хугацаа хэтрүүлж, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нийт 179 хоногийн хугацаа хэтрүүлсэн нь алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс хэтрэх үндэслэл болж байх тул үндсэн төлбөрийн үүрэг 57 312 000 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн 53 хоногийн 15.9% алдангид 9.112 608 төгрөг, үндсэн төлбөрөөс тодорхой төлөлт хийж, үлдсэн 45 133 200 төгрөгийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн алдангид /34.1% 15.390 421 2 төгрөг буюу алданги 24 503 029,2 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа болно. Нэхэмжлэгч нь хариуцагч "Б" ХХК-аас гэрээнд заасан төлбөрийг төлөх зөвхөн үндсэн төлбөрийг төлөх, нэхэмжлэгч байгууллагаас үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломжтой зэрэг талууд аль болох хэлэлцээрийн аргаар шүүхийн бус эвлэрлийн аргаар шийдэхийг эрмэлзэж, удаа дараа саналуудыг хүргүүлж байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагын хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх хугацаа хожимдуулсан шалтгааныг үл харгалзан төлбөрийг төлөхөөс татгалзаж, одоог хүртэл төлсөн нийт 98 146 800 төгрөгийг л төлж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх, цар тахлын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлс зэргийг үл харгалзан нэхэмжлэгчийг хохироож байх тул маргаантай асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэхээс өөр боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Иймд хариуцагч "Б" ХХК-аас 2021.07.09-ний өдөр №31/21 дугаартай "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-ний үүрэгт, үндсэн төлбөр 45 133 200 төгрөг, алданги 24 503 029,2 төгрөг буюу нийт 69 636 229,2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай "Б" ХХК-ийн нэр дээр "Т" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж улмаар нэхэмжлэлийн шаардлага болох Бүтэндэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт заасан 69 636 229,2 төгрөгийн төлбөрийг барагдуулах үндэслэлгүй гэж байна. Бид нэхэмжлэгчтэй 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 31/21 тоот "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-ний 3.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 85 988 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 07 сарын 09-ний өдрөөс хойш улсын баяр наадмын өдрүүд таарч банк ажиллахгүй байсан хэдий ч манай интернэт банкны эрхээр тогтоогдсон өдрийн лимитэнд тохируулан нийт гурван өдөрт багтаан хариуцлагатайгаар шилжүүлсэн. Гэвч тус компани нь 4-6 долоо хоногийн дотор бараагаа нийлүүлэх үүрэг хүлээсэн боловч бараагаа хугацаанд нь нийлүүлэхгүй байсаар бараа нийлүүлэх хугацаа дуусгавар болсон тул манай компанийн зүгээс удаа дараа нэхэмжлэгчтэй холбогдох оролдлого хийж утсаар залгах, оффис дээр нь уулзахаар очих зэрэг арга хэмжээг авсан боловч бараа иртэл ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхгүй, бичгээр болон майлээр албан ёсны тайлбар ирүүлээгүй болно. Тус компани нь 2021 оны 12-р сарын 04-ний өдөр бараа ирсэн талаар манай менежер Г.Мд утсаар мэдэгдэж обойны хажуу талын зүсвэр хийж дууссаны дараа барилга дээр хүлээлгэж өгөхөөр тохирч 12-р сарын 15-ны өдөр бид маргааш гэхэд обойгоо захалж дуусаад 17-нд хүргэлт хийнэ гэсэн хариу ирүүлж 2021 оны 12-р сарын 17 болон 23-ны өдрүүдэд бараагаа тус тус хүлээлгэж өгсөн. "Т" ХХК-аас 2021 оны 12-р сарын 15-нд 57 312 000 төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн байсан бөгөөд бидний зүгээс гэрээний хариуцлагын 7.3-д заасны дагуу Нийлүүлэгчийн хугацаа хэтрүүлсэн 117 хоногийн алданги болох 50 291 280 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл дүн буюу 7 312 000 төгрөгийн төлбөрийг төлөх тооцоо гаргасан. Мөн манай компани бараа хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөрт багтаан 7 312 000 төгрөгийн төлбөрөө төлөх ёстой байсан хэдий ч гэрээний хариуцлагын 7.2-д заасны дагуу захиалагчийн зүгээс хугацаа хэтрүүлсэн 30 хоногийн алданги болох 5 158 080 төгрөгийг нэмж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус компанид нийт 12 178 800 төгрөгийг шилжүүлсэн. Энэхүү тооцоог гэрээ дүгнэх актаар баталгаажуулж 2022 оны 01 сарын 24-ний өдөр тус компанийн захирал Д.Бд өөрт нь танилцуулж, улмаар менежерт нь танилцуулж цаасаар гардуулан өгч, 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр [email protected] цахим шуудангаар хүргүүлсэн. Т ХХК нь гэрээний 1.2, 5.1.3-р зүйлд заасан үүргийг биелүүлээгүй хариуцлагагүй хандаж, бараагаа хугацаанд нь нийлүүлэхгүй олон сараар хугацаа хоцроосны улмаас манай барилгын обойны ажил хугацаандаа хийгдээгүй дотор заслын ажил хойшилж бид дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан компаниудын ажилчдыг удаан хугацаанд сул зогсоож, гүйцэтгэгчдийн өмнө биднийг хариуцлагагүй байдалд оруулж манай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. "Т ХХК-ийн манай компанид учруулсан нэр хүндийн, цаг хугацааны болон санхүүгийн хохирлын хэмжээ нь тус компанийн нэхэмжилж байгаа үнийн дүнтэй харьцуулшгүй их бөгөөд өөрсдөө гэрээний үүргээ биелүүлэхгүй хариуцлагагүй хандаж биднийг хохироосон атлаа элдвийн арга саам эрэлхийлж бизнесийн соёлгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаад маш ихээр харамсч байна Гэрээний 9.3-р зүйлд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа 5 хоногийн дотор мэдэгдэнэ гэсэн боловч Т компани нь манайд бараа хүлээж авах хүртэл ямар нэгэн мэдээлэл өгч, албан бичиг огт ирүүлээгүй атлаа гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа, бараа материал хүлээлгэж өгснөөс хойш 2 сарын дараа буюу 2022 оны 02-р сарын 01-нд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ ирүүлсэн нь гэрээгээ ноцтой зөрчсөн үйлдэл тул ямар нэгэн төлбөр, алданги төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2022.06.17-ны өдрийн 22/11 дугаар Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай албан тоот, №31/21 дугаар Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, түүний хавсралт, 2022.01.27-ны өдрийн 28 дугаар М ХК-аас Т ХХК-д хаягласан Чингэлэг Тяньжин боомтонд саатаж ирсэн тухай албан бичиг, 2022.02.01-ний өдрийн №02/71 дугаар Монголын Үндэсний худалдааны аж үйлдвэрийн тэнхимийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, 2022.02.08-ны өдрийн 22/03 дугаар То ХХК-аас Б ХХК-д хаягласан Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, 2022.02.10-ны өдрийн 22/04 дугаар Т ХХК-аас Б ХХК-д хаягласан Санал хүргүүлэх тухай албан бичиг, 2022.04.21-ний өдрийн 22/06 дугаар Т ХХК-аас Б ХХК-д хаягласан Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2022.05.04-ний өдрийн 29/22 дугаар Б ХХК-аас Т ХХК-д хаягласан 22/06 тоотын хариу албан бичиг, 2022.01.24-ний өдрийн Гэрээ дүгнэх акт, Б ХХК-аас нэхэмжлэх гэрээний алдангийн тооцоо, 2022.12.01-ний өдрийн 22/42 дугаар Итгэмжлэл олгох тухай албан тоот, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.07.07-ны өдрийн 45/22 дугаар Итгэмжлэл олгох тухай албан тоот, 2022.12.13-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022.12.13-ны өдрийн 95/22 дугаар Итгэмжлэл олгох тухай албан тоот, Обойны урьдчилгаа төлбөр төлсөн талаарх баримт, МҮХАҮТ-ын даргын 2020.01.24-ний өдрийн А/12а дугаар тушаалын хавсралт Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам, Депозит дансны хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 45 133 200 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 24 503 029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...хариуцагч Б ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 31/21 дугаартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөр 45 133 200 төгрөг, алданги 24 503 029 төгрөг, нийт 69 636 229 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...нэхэмжлэгч бараа нийлүүлэх хугацааг 117 хоногоор хэтрүүлсэн тул гэрээнд зааснаар алданги 50 291 280 төгрөгийг тооцон үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй тул үлдэгдэл дүн буюу 7 312 000 төгрөгийн төлбөрийг төлөх тооцоо гаргасан. Мөн манай компани бараа хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөрт багтаан 7 312 000 төгрөгийн төлбөрөө төлөх ёстой байсан хэдий ч гэрээний хариуцлагын 7.2-д заасны дагуу захиалагчийн зүгээс хугацаа хэтрүүлсэн 30 хоногийн алданги болох 5 158 080 төгрөгийг нэмж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус компанид нийт 12 178 800 төгрөгийг шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон... гэж нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэв.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талууд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 31/21 дугаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан, уг гэрээгээр нийлүүлэгч Т ХХК нь гэрээний хавсралт болох захиалгын хуудсанд заасан 143 280 000 төгрөгийн барааг /обой/ нэр төрөл, тоо хэмжээний дагуу гэрээний урьдчилгаа төлбөр төлснөөс хойш 4-6 долоон хоногийн дотор захиалагч Б ХХК-д нийлүүлэх, захиалагч нь гэрээнд гарын үсэг зурснаас дараа ажлын 3 өдөрт багтан урьдчилгаа төлбөрийн 60 хувь 85 968 000 төгрөгийг, барааг хүлээн авсны дараа үлдэгдэл 40 хувь 57 312 000 төгрөгийг ажлын 3 өдөрт багтаан тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.

 

4.3. Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох бараа материалыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч 98 146 800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргаагүй.

 

4.4. Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч гэрээний 5.1.3-т заасан бараа нийлүүлэх хугацааг 117 хоногоор хэтрүүлсэн тул гэрээний 7.3-т нийлүүлэгч гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж зааснаар алданги 50 291 280 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцсон гэх татгалзал үндэслэлгүй.

 

4.5. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

 

4.6. Хэрэгт авагдсан М ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 тоот Чингэлэг Тяньжин боомтод саатаж ирсэн тухай албан бичиг, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/71 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т ХХК нь барааг гэрээнд заасан хугацаанаас хожимдуулж хариуцагч Б ХХК-д нийлүүлсэн нөхцөл байдалд гэм буруугүй, нэхэмжлэгчийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Гэрээний 7.2-т ...захиалагч барааны төлбөрийг энэ гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө., 7.3-т нийлүүлэгч гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх хэдий ч нэхэмжлэгч алданги шаардах эрхээ алдсан байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүсэх тул хариуцагчаас төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

 

4.8. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 45 133 200 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй тул хариуцагч Б ХХК-иас 45 133 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 24 503 029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 222 дугаар зүйлийн 222.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 45 133 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 503 029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 519 281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 383 616 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ