Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00608

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         22                                         210/МА2023/00608

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00103 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Т” ХХК

Хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болон алданги 69,636,229 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т” ХХК нь “Б” ХХК-тай 2021 оны 07 сарын 09-ний өдөр “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулж, гэрээний дагуу худалдагч нь Япон улсаас бүтээгдэхүүнийг захиалж 2021 оны 11 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр талууд тохирсон. Гэтэл "Б" ХХК бүтээгдэхүүн нийлүүлэх хугацааг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж, бид "Б" ХХК-д бүтээгдэхүүнийг 2021 оны 12 сарын 17-ны өдөр бүрэн хүлээлгэж өгсөн.

"Б" ХХК нь гэрээгээр тохиролцсон чанарын шаардлага хангасан, доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд гэрээ байгуулахад гэрээний үндсэн төлбөрийн үнийн дүнгийн 60 хувь буюу 85,968,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг гэрээний 3.3-т зааснаар бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоног буюу 2021 оны 12 сарын 22-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч нь энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй, 2022 оны 02 сарын 14-ний өдөр 12,178,800 төгрөгийн төлбөр төлсөн. Тус төлбөрөөс гэрээний хугацаа хэтрүүлсэн 53 хоногийн алданги /57.312.000 төгрөгийн 15.9 хувьтай тэнцэх/ 9,112,608 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөрийг үндсэн төлбөрөөс хасаж тооцох боломжтой байсан ч талууд эвлэрч, асуудлыг шийдвэрлэхээр 12,178,800 төгрөгийг бүхэлд нь үндсэн төлбөрөөс хасаж, үндсэн төлбөрийн үлдэгдэл 45,33,200 төгрөг болно.

Хариуцагч "Б" ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 179 хоногийн хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үндсэн төлбөр 45,133,200 төгрөг, алданги 24,503,029 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид нэхэмжлэгчтэй 2021 оны 07 сарын 09-ний өдөр "Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ" байгуулж, гэрээний 3.2-т зааснаар урьдчилгаа төлбөр 85,988,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь 4-6 долоо хоногийн дотор барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн ч уг үүргээ зөрчиж байсаар бараа нийлүүлэх хугацаа дууссан. Иймд манай компанийн зүгээс удаа дараа нэхэмжлэгчтэй холбогдох оролдлого хийсэн ч албан ёсоор тайлбар ирүүлээгүй.

Тус компани 2021 оны 12 сарын 04-ний өдөр бараа ирсэн талаар манайд мэдэгдэж обойны хажуу талын зүсвэр хийж дууссаны дараа барилга дээр хүлээлгэж өгөхөөр тохирч 12 сарын 15-ны өдөр обойгоо захалж дуусаад, мөн сарын 17-ны өдөр хүргэлт хийнэ гэсэн хариу ирүүлж, 2021 оны 12 сарын 17-ны болон 23-ны өдрүүдэд барааг хүлээлгэж өгсөн.

"Т" ХХК-аас 2021 оны 12 сарын 15-ны өдөр 57,312,000 төгрөгийн нэхэмжлэх ирүүлснийг бидний зүгээс гэрээний хариуцлагын 7.3-д зааснаар нийлүүлэгчийн хугацаа хэтрүүлсэн 117 хоногийн алданги 50,291,280 төгрөгийг хасаж үлдэгдэл 7,312,000 төгрөг төлөх тооцоо гаргасан. Манай компани барааг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт буюу 2021 оны 12 сарын 26-ны өдөр 7,312,000 төгрөг төлөх байсан ч гэрээний хариуцлагын 7.2-д зааснаар захиалагчийн хугацаа хэтрүүлсэн 30 хоногийн алданги 5,158,080 төгрөгийг нэмж, 2022 оны 01 сарын 26-ны өдөр тус компанид 12,178,800 төгрөгийг шилжүүлсэн.

Уг тооцоог гэрээ дүгнэх актаар баталгаажуулж, 2022 оны 01 сарын 24-ний өдөр тус компанийн захирал болон менежерт танилцуулж, цаасаар гардуулсан ба 2022 оны 01 сарын 26-ний өдөр   цахим шуудангаар хүргүүлсэн.

Гэрээний 9.3-т гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол нөгөө талдаа 5 хоногийн дотор мэдэгдэнэ гэсэн боловч “Т” ХХК нь манай компанид барааг хүлээж авах хүртэл ямар нэг байдлаар мэдэгдээгүй атлаа гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа, барааг хүлээлгэж өгснөөс хойш 2 сарын дараа буюу 2022 оны 02 сарын 01-ний өдөр давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ ирүүлсэн нь гэрээгээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 222 дугаар зүйлийн 222.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 45,133,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,503,029 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 519,281 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 383,616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч гэрээний хугацааг хэтрүүлж 2021 оны 12 сарын 15-ны өдөр бараа нийлүүлэх талаар мэдэгдэж, 17-23-ны өдрийн хооронд нийлүүлж дууссан. 117 хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 143,280,000 төгрөгөөс хариуцагч алдангийг тооцож үлдэгдэл төлбөрийг олгосон. Урьдчилгаа 85,000,000 төгрөгийг 2021 оны 07 сарын 14-ний өдөр төлсөн. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 5.1.3-т нийлүүлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөр төлснөөс хойш буюу 2021 оны 08 сарын 25-ны өдөр барааг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүнийгээ нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй. Гэрээний 9,3, 9,4-т давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн бол нэхэмжлэгч тал нотлох үүргээ ямар арга, хэлбэрээ гүйцэтгэхийг тодорхой заасан. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмын 2.8-д зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойш сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авах боломж байсан ч гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа авсныг шүүх үнэлээгүй.

Нэхэмжлэгч тал тухайн үед гэрээний үүргээ биелүүлж, гэрчилгээг албан бичгээр ирүүлсэн бол үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах боломжтой байсан. Нэхэмжлэгч эс үйлдэхүй гаргаснаа шүүх хуралд тайлбарлаж, маргаагүй ч энэ үйл баримтыг шүүх мөн үнэлээгүй. Иймд нэхэмжлэгч нь өөрийн эс үйлдэхүйн улмаас шаардах эрхээ алдсан, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь аж ахуйн нэгж хоорондын үйл ажиллагаанд заавал шаардлагатай баримт биш юм. Талууд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн талаар тохиролцсон бол заавал Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд өргөдөл гаргаж, төлбөр төлж, цаг хугацаа зарцуулах шаардлагагүй. Харин маргаантай үйл баримт гарсан учраас давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл нь энэхүү гэрээний үүргийг гүйцэтгэхэд сөргөөр нөлөөлсөн эсэх үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөхийн тулд тухайн үед давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авсныг шүүх нотлох баримтаар шинжлэн судалсан.

Гэрчилгээнд тусгагдсан үйл баримтад урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан, гадаад улс руу бараа захиалсан, захиалсан бараа тээвэрлэгдэж ирсэн боловч хилийн боомтод саатуулагдсан зэргээс шалтгаалж давагдашгүй хүчин зүйл үүссэн байна. Энэ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгох журам болон талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээнд заасан нөхцөлтэй 100 хувь тохирсон. Хүлээн авсан бараа бүтээгдэхүүний чанарын талаар шүүх хуралдаанд тайлбарласан. Тухайн үед бараа хүлээн авахад доголдолгүй гэж хүлээн авсан атлаа дараа нь өмнө мэдэгдсэн бол гэрээ цуцлах, бусад эрхээ хэрэгжүүлэх байсан гэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг хугацаа хэтрүүлсэн асуудлын талаар маргаагүй. Хугацаа хэтрүүлсэн нь гагцхүү нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс бус давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж тайлбараа гаргасан. Үүнийг анхан шатны шүүхээс бодитой дүгнэсэн учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 45,133,200 төгрөг, алданги 24,503,029 төгрөг, нийт 69,636,229 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Т” ХХК болон “Б” ХХК-ийн  хооронд 31/21 тоот “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “Т” ХХК нь чанарын өндөр үзүүлэлт бүхий, дэлхийн болон Монголын зах зээл, хэрэглэгчдэд танил болсон бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, “Б” ХХК нь бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг харилцан хүлээжээ. /хх8-11/ Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4. Гэрээний 3.1, 3.2, 3.3-т зааснаар “Б” ХХК нь бараа материалын үнэ болох 143,280,000 төгрөгийн 60 хувь 85,968,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 40 хувь 57,312,000 төгрөгийг барааг хүлээн авснаас хойш ажлын 3 хоног багтаан төлөх, гэрээний 5.1.3-т зааснаар “Т” ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөрийг төлснөөс хойш 4-6 долоо хоногийн дотор барааг нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

4.1. Талууд 31/21 тоот гэрээг 2021 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан талаар, гэрээний үүргийн дагуу “Б” ХХК нь нийт (85,968,000+12,178,800) 98,146,800 төгрөгийг нэхэмжлэгчид брэндтөлсөн, “Т” ХХК нь 143,280,000 төгрөгийн үнэ бүхий Япон улсад үйлдвэрлэсэн обойг 2021 оны 12 сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд хариуцагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

4.2. Нэхэмжлэгч гэрээний 5.1.3-т заасны дагуу бүтээгдэхүүнийг 2021 оны 08 сарын 20-ны өдрийн дотор нийлүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч нь гэрээний 7.3-т зааснаар 117 хоногийн алданги 50,291,280 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх дүнгээс хасч тооцсон гэх татгалзал үндэслэлгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн, шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримтыг зөв тогтоожээ. Тодруулбал,

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын 2022 оны 02 сарын 01-ний өдрийн 02/71 дугаар “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээ”-нд “Т” ХХК-д давагдашгүй хүчин зүйл бий болсон хугацааг 2021 оны 07 сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж тодорхойлжээ.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зааснаар танхим нь “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” бүрэн эрхтэй байна. Эрх бүхий этгээдээс нэхэмжлэгч “Т” ХХК-д дээрх цаг хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг гэрчилсэн учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тухай шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээний 9.4-т зааснаар гэрээний хугацааг хэтрүүлээгүй гэх байдлаа дээрх баримтаар нотолсон гэж үзнэ. Иймд энэ агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.3. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  барааны үнийн үлдэгдэл 45,133,200 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас 24,503,029 төгрөгийн алдангийг гаргуулахаар шаардсаныг шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй бөгөөд харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алданги шаардах эрхийн хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг, түүнчлэн хуулийн заалтыг алдаатай бичсэнийг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1, 222 дугаар зүйлийн 222.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасныг...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 383,616 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЗОЛЗАЯА

 

                                                ШҮҮГЧИД                               М.БАЯСГАЛАН

 

                                                                                                Э.ЭНЭБИШ