Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 12

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Са.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 284 дугаар шийдвэртэй,

М.А.гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тушаал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б.н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                     Б.Н     

   Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн

   төлөөлөгч                                                                          Д.Б                                

   Нарийн бичгийн дарга                                                      Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А миний бие 2012 онд ЭМШУИС-ийг их эмч мэргэжлээр төгсөж, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт одоог хүртэл ажиллаж байна. 2014-2016 онд Мэдээгүйжүүлэлтийн их эмчийн мэргэшүүлэх сургалтанд Булган аймгийн Эрүүл мэндийн газартай төгсөж ирээд 3 жил ажиллахаар гэрээ хийж, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл суралцах хугацааны 2 жил болон төгссөний дараа 5 жил үндсэн байгууллагадаа тухайн мэргэжлээрээ ажиллахаар давхар гэрээ байгуулан суралцсан бөгөөд одоо төгсөж ирээд 3 дахь жилдээ ажиллаж байна. Миний ар гэр, эхнэр хүүхдүүд, байр орон сууц Улаанбаатар хотод байдаг ба 2019 оны 3 сараас Улаанбаатар хотод Монгол Японы хамтарсан эмнэлэгт уг мэргэжлээрээ ажиллах санал ирсэн тул би 3 дугаар сарын 22, 28-ны өдөр Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн захиргаанд ажлаас чөлөөлүүлэх өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлүүлэх гэтэл Нэгдсэн эмнэлэгийн дарга нь гэрээний хугацаагаа дуусгатал 2021 он хүртэл чөлөөлөхгүй гэсэн хариуг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр надад өгч, ажлаас чөлөөлөх тушаал гаргахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно гэж заасан бөгөөд миний ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш 39 хоног өнгөрсөн. Ажпын байраа орхих хуульд заасан боломж үүссэн ба ажлын байраа орхиод явах гэсэн боловч дарга чөлөөлсөн тушаал гаргаж, ээлжийн амралтын тооцоог хийж өгөхгүй байгаа, дараагийн ажиллах газар нь нийгмийн даатгалын дэвтрээ чөлөөлсөн тушаалаа бичүүлж ирэхийг шаардаж байгаа юм. 04 дүгээр сарын 01-ний өдөр тойрох хуудас зуруулахад нэгдсэн эмнэлэгийн дарга, чанарын албаны даргаас бусад бүх хүн тооцоогүй гэж гарын үсгээ зурж өгсөн, мөн 4 дүгээр сарын 17-ны өдөр удирдлагын багийн хурлаар ороход /5 хүнтэй/ даргаас бусад бүх хүмүүс чөлөөлөхийг зөвшөөрсөн. Би суралцсаны төлбөрөө ажилласан хугацааны хэсгийг хасуулаад төлье гэхэд дарга төлүүлэхгүй гээд төлөх хэмжээг гаргаж өгөхгүй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн нь дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд уг зүйлийн 4-т "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрипн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах: амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй" гэж заасны дагуу Хөдөлмөрийн аятай нөхцөлтэй өөр эмнэлэгт ажиллахаар болж явах гэхэд Нэгдсэн эмнэлэгийн дарга нь саад учруулж эрхийг маань зөрчиж байгаа үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалаас ээлжийн амралтын тооцоог бодуулан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч М.А нь Нэгдсэн эмнэлгийн захиалгаар аймгийн төрийн сангийн санхүүжилтээр төрөлжсөн мэргэжил олгох сургалтанд Эрүүл мэндийн газартай болон Нэгдсэн эмнэлэгтэй 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн суралцагчтай гэрээ байгуулан нарийн мэргэжлийн олгох сургалтанд хамрагдсан. Гэрээний 2.1 дэх заалтын дагуу тохиролцсон хугацаандаа 2021 оны 10 дугаар сар хүртэл үндсэн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан. Их эмч М.Амартүвшин нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл резидент эмчээр суралцах хугацаанд 23 сарын 10.389.193 төгрөгний цалинг олгосон байна. Төгсөж ирээд 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд М.Амартүвшин нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3.026.188 төгрөгийг төлсөн байна. Иймд их эмч М.А нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан гэрээгээ зөрчиж, тогтвор суурьшилтай ажиллах нь маргаантай байгаа тул 2019 оны 04 дүгээр сарын 01- ний өдрөөс ээлжийн амралтыг олгосон байгаа. Цаашид хамтын гэрээний үүргээ биелүүлэн орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах талаар манай байгууллага хариу тайлбарыг хүргүүлж гаргаж байна. Жич: Их эмч М.А тус байгууллагад хандан гаргасан өргөдлийн хариуг албан тоотоор хүргүүлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү М.А 1-5 насны 3 хүүхэдтэй. Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 жил ажилласан. Одоо Япон Монголын хамтарсан эмнэлэгт боломж гарч ажлаас чөлөөлөгдөх гэтэл эмнэлгийн зүгээс чөлөөлж өгөхгүй байна. Гэрээгээ зөрчсөн учир зөрүү төлбөрөө төлөөд явъя гээд ч эмнэлгийн удирдлага зөвшөөрөхгүй байгаа юм. Байгууллагын дарга шүүхээр шийдүүлж ир гэж хэлсэн. Сургалтанд хамрагдсан сургалтын зөрүү төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3 261 088 төгрөгийг Нэгдсэн эмнэлгийн дансанд хийсэн. Ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өгсөн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3 дахь өргөдлөө өгсөн. Одоо М.А.гийн оронд нөөцөд байсан эмэгтэй ажиллаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжпэгдсэн төлөөлөгч шуүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүулгийн тасгийн их эмч М.А нь Нэгдсэн эмнэлгийн захиалгаар аймгийн төрийн сангийн санхүүжилтээр төрөлжсөн мэргэжил олгох сургалтанд Эрүүл мэндийн газартай болон Нэгдсэн эмнэлэгтэй 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн суралцагчтай гэрээ байгуулан нарийн мэргэжлийн олгох сургалтанд хамрагдсан. Гэрээний 2.1 дэх заалтын дагуу тохиролцсон хугацаандаа 2021 оны 10 дугаар сар хүртэл үндсэн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан. Их эмч М А нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл резидент эмчээр суралцах хугацаанд 23 сарын 10.389.193 төгрөгний цалинг олгосон байна. Төгсөж ирээд 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд М.А нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3.026.188 төгрөгийг төлсөн хэдий ч хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

  Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 284 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А хариуцагч Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцож, М.А.г Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчийн албан тушаалаас чөлөөлөхийг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийг баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг ханган хөдөлмөрийн гэрээг цуцласанд тооцож албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэр гаргаж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд 6.2-д “ажилтан нь ... хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу тус эмнэлгийн их эмч М.А нь захиалгаар Аймгийн төрийн сангийн санхүүжилтээр төрөлжсөн мэргэжил олгох сургалтанд 2014 онд “Суралцагчтай байгуулах гэрээ” байгуулан нарийн мэргэжил олгох суралтанд хамрагдсан, нэмэлт гэрээний 2.2-д...сургалттай холбооттой байгууллагаас гарсан зардлыг бүрэн хэмжээгээр эргүүлэн төлнө” гэж заасан, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, түүнд шинэ мэргэжил эзэмшүүлэх болон ажлын байрны баталгааг хангах” гэж заасны дагуу их эмч М.А нь 2014 оны 10 сараас 2016 оны 9 сар хүртэл резидент эмчээр суралцах хугацаанд 23 сарын 10389193 төгрөгний цалин олгосон байна. Төгсөж ирээд тус эмнэлэгт 2016 оны 10 сараас 2019 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэл 2 жил 6 сар ажилласан бөгөөд М.А нь 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 3026188 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 2168408 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрхи нөхцөл байдлыг хянан үзэж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.,.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.А нь Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахыг нэгдсэн эмнэлэгт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төлөөлөгч их эмч М.А.тэй 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2021 оны 10 дугаар сар хүртэл тухайн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллах  гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.А нь Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт 2012 оноос 2019 оны 4 дүгээр сарын 1 хүртэл эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд сургалтанд хамрагдаж төгссөний дараа байгууллагадаа 5 жил хүртэл тогтвор суурьшилтай ажиллах тухай гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна. 

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай өргөдлөө  ажил олгогчид 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн бөгөөд сургалтанд суралцсан хугацааны цалингийн зөрүү 3.026.188 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй  байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 284 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.        

 

      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                       ШҮҮГЧИД                            Са.УРАНЧИМЭГ   

                                                                                   М.ХҮРЭЛБААТАР