Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 284

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын... оршин суух, Э  овогт М.А  -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э т холбогдох,

Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргуулахыг Э ийн даргад даалгах тухай 132/2019/00261/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн ... оршин суух, А овогт Б.Н.  

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймаг, ... оршин суух, Ж овогт Д.Б  , нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А  миний бие 2012 онд ЭМШУИС-ийг их эмч мэргэжлээр төгсөж, Э т одоог хүртэл ажиллаж байна. 2014-2016 онд Мэдээгүйжүүлэлтийн их эмчийн мэргэшүүлэх сургалтанд Э рүүл мэндийн газартай төгсөж ирээд 3 жил ажиллахаар гэрээ хийж, Э тэй 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл суралцах хугацааны 2 жил болон төгссөний дараа 5 жил үндсэн байгууллагадаа тухайн мэргэжлээрээ ажиллахаар давхар гэрээ байгуулан суралцсан бөгөөд одоо төгсөж ирээд 3 дахь жилдээ ажиллаж байна. Миний ар гэр; эхнэр хүүхдүүд, байр орон сууц Улаанбаатар хотод байдаг ба 2019 оны 3 сараас Улаанбаатар хотод Монгол Японы хамтарсан эмнэлэгт уг мэргэжлээрээ ажиллах санал ирсэн тул би 3 дугаар сарын 22, 28-ны өдөр Э ийн захиргаанд ажлаас чөлөөлүүлэх өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлүүлэх гэтэл Э нь гэрээний хугацаагаа дуусгатал 2021 он хүртэл чөлөөлөхгүй гэсэн хариуг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр надад өгч, ажлаас чөлөөлөх тушаал гаргахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасан бөгөөд миний ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш 39 хоног өнгөрсөн, ажлын байраа орхих хуульд заасан боломж үүссэн ба ажлын байраа орхиод явах гэсэн боловч дарга чөлөөлсөн тушаал гаргаж, ээлжийн амралтын тооцоог хийж өгөхгүй байгаа, дараагийн ажиллах газар нь нийгмийн даатгалын дэвтрээ чөлөөлсөн тушаалаа бичүүлж ирэхийг шаардаж байгаа юм. 04 дүгээр сарын 01-ний өдөр тойрох хуудас зуруулахад Э, чанарын албаны даргаас бусад бүх хүн тооцоогүй гэж гарын үсгээ зурж өгсөн, мөн 4 дүгээр сарын 17-ны өдөр удирдлагын багийн хурлаар ороход /5 хүнтэй/ даргаас бусад бүх хүмүүс чөлөелөхийг зөвшөөрсөн, би суралцсаны төлбөрөө ажилласан хугацааны хэсгийг хасуулаад төлье гэхэд дарга төлүүлэхгүй гээд төлөх хэмжээг гаргаж өгөхгйй байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэн нь дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд уг зүйлийн 4-т "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрипн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах: амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй" гэж заасны дагуу Хөдөлмөрийн аятай нөхцөлтэй өөр эмнэлэгт ажиллахаар болж явах гэхэд Э нь саад учруулж эрхийг маань зөрчиж байгаа үйл ажиллагааг хууль бус болохыг топгоож, Э ийн мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалаас ээлжийн амралтын тооцоог бодуулан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э  шүүхэд гаргасан тайлбартаа: Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч М.А  нь Э ийн захиалгаар аймгийн төрийн сангийн санхүүжилтээр төрөлжсөн мэргэжил олгох сургалтанд Эрүүл мэндийн газартай болон Э тэй 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн суралцагчтай гэрээ байгуулан нарийн мэргэжлийн олгох сургалтанд хамрагдсан. Гэрээний 2.1 дэх заалтын дагуу тохиролцсон хугацаандаа 2021 оны 10 дугаар сар хүртэл үндсэн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан. Их эмч М.А  нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл резидент эмчээр суралцах хугацаанд 23 сарын 10.389.193 төгрөгний цалинг олгосон байна. Төгсөж ирээд 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд М.А  нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3.026.188 төгрөгийг төлсөн байна. Иймд их эмч М.А  нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан гэрээгээ зөрчиж, тогтвор суурьшилтай ажиллах нь маргаантай байгаа тул 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтыг олгосон байгаа. Цаашид хамтын гэрээний үүргээ биелүүлэн орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах талаар манай байгууллага хариу тайлбарыг хүргүүлж гаргаж байна. Жич: Их эмч М.А  тус байгууллагад хандан гаргасан өргөдлийн хариуг албан тоотоор хүргүүлсэн болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү М.А  1-5 насны 3 хүүхэдтэй. Э т 5 жил ажилласан. Одоо Япон Монголын хамтарсан эмнэлэгт боломж гарч ажлаас чөлөөлөгдөх гэтэл эмнэлгийн зүгээс чөлөөлж өгөхгүй байна.  Гэрээгээ зөрчсөн учир зөрүү төлбөрөө төлөөд явъя гээд ч эмнэлгийн удирдлага зөвшөөрөхгүй байгаа юм. Байгууллагын дарга шүүхээр шийдүүлж ир гэсэн. Сургалтанд хамрагдсан сургалтын зөрүү төлбөрт 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 3 261 088 төгрөгийг Э ийн дансанд хийсэн. Ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдлөө 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өгсөн, мөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3 дахь өргөдлөө өгсөн. Одоо М.А гийн оронд нөөцөд байсан эмэгтэй ажиллаж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э  ийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч М.А  нь Э ийн захиалгаар аймгийн төрийн сангийн санхүүжилтээр төрөлжсөн мэргэжил олгох сургалтанд Эрүүл мэндийн газартай болон Э тэй 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн суралцагчтай гэрээ байгуулан нарийн мэргэжлийн олгох сургалтанд хамрагдсан. Гэрээний 2.1 дэх заалтын дагуу тохиролцсон хугацаандаа 2021 оны 10 дугаар сар хүртэл үндсэн байгууллагадаа тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан. Их эмч М.А  нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл резидент эмчээр суралцах хугацаанд 23 сарын 10.389.193 төгрөгний цалинг олгосон байна. Төгсөж ирээд 2016 оны 10 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд М.А  нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 3.026.188 төгрөгийг төлсөн хэдий ч хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А  нь Э т холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахыг Э т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.А  нь Э  ийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчээр 2012 оноос 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Э  нь нэхэмжлэгч М.А тэй 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Суралцагчтай байгуулах гэрээ” байгуулж нэхэмжлэгч М.А г мэдээгүйжүүлгийн эмчийн мэргэжил олгох сургалтанд 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хамруулж, суралцаж төгссөний дараа байгууллагадаа 5 жил тухайн мэргэжлээрээ ажиллахаар тохирч, суралцах хуацгаанд Засгийн газраас тогтоосон цалингийн жишгийг үндэслэн ТҮЭМ-4-1 шатлалаар 512013 төгрөгийн цалин олгож байхаар тохирчээ.

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр суралцагчтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулж суралцах хугацаанд ТҮЭМ-4-1 шатлалаар 558559 төгрөгийн цалингийн 60 хувиар цалинг олгохоор болжээ.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу эзэмшсэн мэргэжлээрээ тухайн байгууллагдаа гэрээнд заасан хугацаанд ажиллаагүй тул байгууллагаас гарсан зардал болох цалингийн зөрүү 3026188 төгрөгийг хариуцагч байгууллагад буцаан төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. Мөн хариуцагч тал цалингийн зөрүүг хүлээн авсан талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдаж байна.

 “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч М.А  нь 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөх тухай хусэлтдээ Э  ийн захиргаанд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч М.А  хариуцагч Э  ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцох нь хуульд харшлахааргүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Захирамжинд бичигдсэн ажлаас чөлөөлсөн үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцэх болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч М.А  хариуцагч Э  ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцож, М.А г ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахыг Э т даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар ззүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А  хариуцагч Э  ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцож, М.А г Э  ийн Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчийн албан тушаалаас чөлөөлөхийг Э т даалгасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ