Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/00341

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр               Дугаар 183/ШШ2023/00341                          Улаанбаатар хот

     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: С дүүрэг, тоотод оршин суух, Ө овогт Ж.Д  /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Ц овогт Б.Э /РД:********/,

  Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Х овогт Б.Б /РД:********/ нарт холбогдох

   Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Хариуцагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Б.Э , Б.Б нарт  холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь иргэн Х.М 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн худалдах удалдан авах гэрээ байгуулж Х дүүргийн тоот 61.6м.кв 2 өрөө орон сууцыг 110 000 000 төгрөгөөр худалдан авсан. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009***** дугаартай гэрчилгээгээр Ж.Д үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-22******95дугаарт бүртгэсэн. Х.М тус байрандаа 20 000 000 төгрөг барьцаалаад айл суулгасан байгаа, Х банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлээ бүтэхээр нь 12 дугаар сард энэ айлыг гаргана гэсэн тул хүлээхээр болсон. Дараа нь Х.М тус айлын сарын түрээс 800 000 төгрөгөөр бодож, 2021 оны 12 дугаар сараас тооцож цааш нь түрээслүүлэх санал тавьсан. Би тухайн үед саналыг нь хүлээж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл Х.М нь байрны түрээсийн мөнгөө өгөөгүй. Манай байрыг түрээслэж байсан айл нь түрээсийн мөнгөө өгөхгүй, СӨХ-ийн төлбөр тооцоогоо хийгээгүй үйлдлээс надад хохирол учруулж, дээрх нөхцөл байдлаас болоод өөрийн өмчлөлийн байрандаа амьдрах нөхцөл боломжгүй болгож, эрх хууль ёсны ашиг сонирхолд минь ноцтойгоор халдаж байна. Миний бие хуулийн дагуу дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон, одоо өөрийн өмчлөлийн орон сууцандаа орох, захиран зарцуулах эрхээ эдлэхэд иргэн н.Э саад болж байгаа тул орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Х.М 2497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээ байгуулж Х дүүргийн  тоот 61.6м.кв 2 өрөө орон сууцыг 110 000 000 төгрөгөөр худалдан авсан.  Орон сууцны үнийг төлсөн бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009***** дугаартай гэрчилгээгээр Ж.Д намайг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэсэн, улсын бүртгэл дээр ямар нэгэн асуудал үүсээгүй. Байрыг худалдан авахдаа очиж үзэж байсан бөгөөд хүн байгаагүй. Х.М надад тус байрандаа 20 000 000 төгрөг барьцаалаад айл суулгасан байгаа, Хаан банкнаас зээл хөөцөлдөж байгаа, зээлээ бүтэхээр 12 дугаар сард энэ айлыг гаргана гэсэн тул түүнд итгээд хүлээхээр болсон. Дараа нь Х.М тус айлын сарын түрээс 800 000 төгрөгөөр бодож, 2021 оны 12 дугаар сараас тооцож цааш нь түрээслүүлэх санал тавьсан. Би тухайн үед саналыг нь хүлээж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл Х.М нь байрны түрээсийн мөнгөө өгөөгүй, тэгээд 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр очиж уулзахад байранд өөр хүн байсан. Тиймээс орон сууцыг өмчлөгч болох Х.М-с худалдан авсан, үнийг нь төлсөн өмчлөгч тул өөрийн орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. Энэ асуудлыг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х дүүргийн тоот, 61.6 мкв 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдаж авсан бөгөөд үүний дагуу гэрчилгээ нь Д нэр дээр гарч ирсэн байгаа. Гэвч тэрээр өмчлөгч болсон хэдий ч 2021 оны 11 дүгээр сараас хойш өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэсэн.

 

2.Хариуцагч Б.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Э  нь Х.М 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байдаг. Энэ гэрээг байгуулахдаа нэг мкв-ийн үнэ нь 1 700 000 төгрөг буюу нийт 103 700 000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 30 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 73 700 000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 2 000 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуульд зааснаар зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учир бид зээлээ төлөөд явж байсан. Гэтэл тухайн байр нь Ж.Д гэх хүн дээр шилжүүлсэн байсан. Тухайн үед яагаад манай тал гэрчилгээгээр нэрээ шилжүүлээгүй вэ гэвэл Х.М нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан байсан, бөгөөд 2021000064 тоот зээлийн гэрээ байгуулагдсан байсан. Тиймээс гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй. Ингэж гэрээ байгуулснаас хойш өнөөдрийн хүртэл 40 000 000 төгрөг өгсөн байгаа. Энэ хэрэг гарснаас хойш бид зээлийн гэрээний төлөлтөө зогсоосон байгаа. Ингээд үзвэл Х.М бол энэ байрыг давхар зарсан. Нэмж хэлэхэд Х.М нь Ж.Д гэх хүнтэй хамаарал бүхий этгээд юм байна лээ. Учир нь тухайн байр худалдаж авсан мөнгө нь Ж.Д-ийн мөнгө эсэхийг тодруулаагүй байгаа, бид энэ тал дээр эргэлзэж байгаа. Манай тал байрыг давхар зарсан талаар Ж.Д ирэхэд л мэдсэн. Гэтэл тухайн байр нь аль хэдийн 2021 оны 8 дугаар сард манайд зарагдсан. Гол зүйл нь зээлийн гэрээгээр бид бүрэн төлж байж улсын бүртгэлийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх боломжтой бусад тохиолдолд боломжгүй юм. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Х.М-д гомдол гаргаад явж байгаа. 2021 оны 12 сард гомдлоо өгсөн. Яллах дүгнэлт үйлдэгдээд шүүхэд шилжээд явж байгаа, гэхдээ энэ асуудал хэрэгт хамааралгүй учраас баримтыг ирүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

2.1.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Э тай түрээсийн гэрээ байгуулаад Х дүүргийн 204 тоот 61.6м.кв 2 өрөө орон сууцанд амьдарч байгаа. 4 сарын өмнө жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Төлбөрийг нь Б.Э т өгдөг. Намайг байрнаас гар гэж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага надад хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна, хуулиараа хэрхэн шийдвэрлэгдэнэ, түүгээр нь болох байх даа гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн баримт, Ү-22******95дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ж.Д-ийн 50******88 тоот дансны хуулга, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн баримт, Ү-22******95 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Ү-22******95 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-11, 25-29-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Э аас Т.М-д олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд /хэргийн 22, 54-55-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Ж.Д нь Х дүүргийн тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч тул орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа хариуцагч Б.Э , Б.Б нарыг орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхээ тодорхойлсон. 

3.Хариуцагч Б.Э  нь орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, Х.М 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, орон сууцны үнийг төлж байсан тул уг орон сууцыг өмчлөх эрхтэй, нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй гэж үгүйсгэсэн.  

4.Хариуцагч Б.Б нь хариуцагч Б.Э-тай түрээсийн гэрээ байгуулж, уг орон сууцанд амьдарч байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг Б.Э-т төлж байсан хууль бусаар орон сууцанд оршин суугаагүй гэж тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь Х дүүргийн тоот 61,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж тайлбарлаад Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0009***** дугаартай гэрчилгээ, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, мөнгө хүлээлцсэн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “Нийслэлийн Х дүүрэг, тоот хаягт байршилтай 61,6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ө овогт Ж.Д Ү-22******95дугаарт бүртгэж 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрчилгээ олгосон” бүртгэлтэй байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр Х.М-с дээрх орон сууцыг 110 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийг төлсөн болох нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

6.Талуудын маргааны зүйл өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх талаар байна, хариуцагч нар нь орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй байна.

 

7.Нэхэмжлэгч Ж.Д нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-д “энэ хуулийн 106.1, 106.2-д зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, орон сууцнаас албадан гаргуулахаар хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, хариуцагч Б.Э нь зээлээр орон сууцыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрийг төлж байсан, хариуцагч Б.Б нь уг орон сууцыг түрээслэн эзэмшиж, түрээсийн зардлыг бүрэн төлж байгаа гэж маргаад нэхэмжлэгч Ж.Д нь орон сууцны үнийг төлсөн эсэх, орон сууцны үнийг төлсөн мөнгө нь түүнийх эсэх, өмчлөх эрхийг шударгаар олж авсан нь эргэлзээтэй, хариуцагч Б.Э нь орон сууцны өмчлөгч Х.М зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд “эргэж буцахгүйгээр худалдах”-аар тохиролцсон гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдгийг баримтаар нотлох ёстой. 

Хариуцагч Б.Э  нь уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан Х.М байгуулсан Хамтын гэрээ Орон сууц худалдан худалдах гэрээгээр нотлогдоно гэж тайлбарласан бөгөөд уг гэрээнд “...Х.М би 2021.08.13-ны өдөр иргэн Б.Э-тай Х дүүргийн тоот 61 м.кв 2 өрөө орон сууцыг хувь лизингээр худалдан борлуулав. Урьдчилгаа 30 000 000 төгрөгийг бэлнээр төлж сар бүрийн 20-нд 2 сая төгрөг төлж барагдуулна. 1м.кв үнийг 1 700 000 төгрөгөөр тооцож нийт үнийн дүн 103 700 000 төгрөг болно. Үлдэгдэл 73 700 000 төгрөгийг сар бүр 2 жилд төлж барагдуулахаар тохиролцов. Мөнгийг бүрэн барагдуулсан тохиолдолд Б.Э т ордерийн нэрийг шилжүүлж өгнө. Эргэж буцалтгүйгээр худалдаа хийгдсэн болно” гэжээ.

Мөн хариуцагч Б.Э нь орон сууцны үнийг төлж байсан гэдгийг нотлоно гэж мөнгө шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлсэн ба уг баримтаар 2021 оны 8 дугаар сарын 31-нд 2 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 20-нд 3 000 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-нд 2 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-нд 3 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг Х.М-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Гэвч хариуцагч Б.Э нь орон сууцыг Х.М-с зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан гэх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж зааснаар холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаагүй, мөн 109.2-д “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй байна.

Хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 109 дүгээр зүйл хамаарахгүй, энэ нь зөвхөн бүртгэлд хамааралтай, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр буюу орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон байсан гэж маргасан боловч гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц тул хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэснийг зөрчсөн байна.

Мөн хариуцагч нь өөрийн өмчлөх эрхийг хамгаалахаар Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болох байжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч хэрэгт авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаанд “...Улаанбаатар хот Х дүүрэг, 204 тоот 61,6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Х.М бүртгэгдсэн, 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр барьцаалбартай барьцааны гэрээ бүртгэгдсэн, мөн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болсон, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Д өмчлөгчөөр” бүртгэгджээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Д нь үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахад уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.М бүртгэгдсэн байжээ.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зааснаар нэхэмжлэгчийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцохоор байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Х банкны Ж.Д-ийн депозит дансны хуулгаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 3 500 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 20 000 000 төгрөг, 40 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-нд 46 500 000 төгрөгийг тус тус шилжүүлж орон сууцыг үнийг төлсөн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул хариуцагчийг уг орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. 

 

8.Хариуцагч Б.Б нь хариуцагч Б.Э тай 2022 оны 4 сарын 01-нд түрээсийн гэрээ байгуулж Х дүүрэг, тоот орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслэсэн, түрээсийн төлбөрийг Б.Э-т төлдөг гэсэн боловч хариуцагч Б.Э  нь уг орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй этгээд байгаа тул хариуцагч Б.Б-ийн хууль ёсоор орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Б.Э, Б.Б нарыг Х дүүрэг, тоот орон сууцнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв. 

 

9.Хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...гуравдагч этгээдээр Х.Мөнхзулыг оролцуулах байсан юм байна” гэсэн хүсэлтийг гаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг шинээр нотлох баримт шаардагдвал хойшлуулах боломжтой гэсэн боловч Х.М-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах талаарх хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө нь гаргах боломжтой байсан боловч гаргаагүй, мөн хариуцагч өөрт нь хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.М-д холбогдуулан цагдаад гомдол гаргасан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагагүй гэж тайлбарласан тул түүний хүсэлтийг хангахгүй орхив.

Хариуцагч Б.Э-т 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэгтэй танилцуулсан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.М нь 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, эрх үүрэгтэй танилцсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд  ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Д-д олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э, Б.Б нарыг Х дүүрэг, 204 тоот орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлсүгэй. 

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөг, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 35 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Доржсүрэнд олгосугай.

                                                                                                      

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН