Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00826

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00826

 

Ж.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00341 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Д-гийн

Хариуцагч Б.Э-, Б.Б- нарт холбогдуулан гаргасан

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Д-, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Х.М-аас 2021 оны 11 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,0001 тоот, 61.6 м.кв 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Улмаар 2021 оны 12 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон. Миний бие хуулийн дагуу дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон, одоо өөрийн өмчлөлийн орон сууцандаа орох, захиран зарцуулах эрхээ эдлэхэд Б.Э- саад болж байгаа тул орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Э-ын хариу тайлбар, татгалзлын агуулга: Би Х.М-тай 2021 оны 08 сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцны нэг м.кв-ийн үнийг 1,700,000 төгрөг, нийт 103,700,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 30,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 73,700,000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учир зээлээ төлөөд явж байсан. Гэтэл тухайн байрыг Ж.Д- гэх хүнд шилжүүлсэн байсан. Тухайн үед Х.М- нь банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй, 2021000064 тоот зээлийн гэрээ байгуулсан учраас гэрчилгээг шилжүүлэн авч чадаагүй бөгөөд төлбөрөө бүрэн төлсний дараа гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авах боломжтой юм.

Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 40,000,000 төгрөг төлсөн. Энэ хэргээс хойш бид зээлийн төлөлтөө зогсоосон. Х.М- энэ байрыг давхар худалдсан. Тухайн байр худалдаж авсан мөнгө нь Ж.Д-гийн мөнгө эсэхийг тодруулаагүй, би энэ талаар эргэлзэж байна. Түүнчлэн би байрыг давхар худалдсаныг Ж.Д-г ирэхэд л мэдсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Х.М-д холбогдуулан гомдол гаргасан. Иймд нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх нь эргэлзээтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Б-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э-тай 4 сарын өмнө жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, уг орон сууцанд амьдарч байна. Төлбөрийг Б.Э-т төлдөг. Намайг байрнаас гар гэж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага надад хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч Б.Э-, Б.Б- нарыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,0001 тоот орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э-аас 35,100 төгрөг, Б.Б-гээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Д-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгчээс гаргасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Б.Э-, Х.М- нарын хооронд хийгдсэн эд хөрөнгийн үнийг төлснөөр буюу орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон байсан гэдэг нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байхад энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус маргаан бүхий байр нь 2013 оноос хойш Монголын Ипотекийн Корпорацид барьцаанд байгаа, нэхэмжлэгчийг шилжүүлэн авах үед л бусдад шилжсэн байна. Хариуцагч Б.Э- нь тухайн гэрээг ч нотариатаар батлуулах боломжгүй буюу барьцаанд байсан учир нотариат гэрээг гэрчилж өгөхгүй тул эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон байсныг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд тайлбарыг шүүх авч үзээгүй. Энэ хэргийн гол буруутан Х.М-ыг гуравдагч этгээд, эсвэл гэрчээр оролцуулж мэдүүлэг аваагүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй нь хэргийг алдаатай шийдвэр гаргахад нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тухайн орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. Хариуцагч гэрээ байгуулсан гэх боловч албан ёсоор хэрэгжээгүй, хуулийн шаардлага хангаагүй учраас өмчлөгч Ж.Д- хариуцагч нараас орон сууцыг чөлөөлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй. Иргэний хэрэг 2022 оны 07 сард үүсч 2023 оны 01 сард хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд Х.М-ыг оролцуулах хүсэлт гаргаагүй. Мөн нэхэмжлэл гаргасан зүйл ч байхгүй. Шүүх нэг талд үйлчилж процессын алдаа гарсан зүйлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Д- нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 0001 тоот 2 өрөө орон сууцнаас хариуцагч Б.Э-, Б.Б- нарыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хуульд нийцүүлэн үнэлсэн, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд Ж.Д- болон Х.М- нарын хооронд 2021 оны 11 сарын 09-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ээр уг орон сууцыг Ж.Д- нь 110,000,000 төгрөгөөр А.Мөнхзулаас худалдан авахаар тохиролцож, орон сууцны үнийг худалдагчид төлсөн нь 2021 оны 10 сарын 15-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт, Х бХХК дахь Ж.Д-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх9-11, 25, 26/

3.2. Улмаар маргаж буй орон сууцыг өмчлөх эрхийг гэрчилсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000913758 дугаартай гэрчилгээ нэхэмжлэгч Ж.Д-гийн нэр дээр 2021 оны 12 сарын 02-ны өдөр гарч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ. /хх 29/

4. Хариуцагч Б.Э- татгалзлын үндэслэлээ Х.М-аас уг орон сууцыг зээлээр худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрийг төлж байсан гэж тайлбарлаж, уг тайлбараа нотлохоор хэрэгт Хамтын гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй гар бичмэл бүхий хэлцэл, Х.М-д мөнгө шилжүүлж байсныг нотлох баримтыг гарган өгчээ. Энэ нь хариуцагч Б.Э-ыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг Х.М-аас хуульд заасан агуулга, хэлбэрээр шилжүүлэн авах шаардлагыг хангаагүй байна. /хх54-55/

5. Түүнчлэн, хариуцагч Б.Э- нь хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүссэнийг бүртгүүлэх, эрхээ хангуулах зорилгоор Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй нь мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, зохих нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Б.Э- нь хуульд заасан шаардлагад нийцүүлэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг олж авсан, өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

7. Мөн хариуцагч Б.Б- нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.Э-тай тохиролцсоны дагуу хөлсөлж, түүнд хөлсийг төлдөг тухай тайлбарласан хэдий ч Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар өмчлөгч бус этгээдтэй хийсэн түүний хэлцэл нь уг орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа гэх үндэслэлийг үгүйсгэж, хариуцагч Б.Э-ын нэгэн адил уг орон сууцан дахь эзэмшил нь дуусгавар болно.

8. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын эзэмшил хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгч Ж.Д- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

9. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар зохигчийн маргаж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж,0001 тоот 61,6 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр 2013 оны 08 сарын 21-ний өдөр Х.М- бүртгэгдэж, улмаар 2013 оны 09 сарын 17-ны өдөр барьцаалбартай барьцааны гэрээ бүртгэгдсэн ба 2021 оны 12 сарын 02-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болж, 2021 оны 12 сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Ж.Д- өмчлөгчөөр бүртгэгдсэнийг хууль бус буюу өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үнийг бүрэн төлснөөр эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх тухай зохицуулалт нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах учир хариуцагч Б.Э-ын зүгээс Х.М-тай байгуулсан гэрээгээр үнийг төлснөөр орон сууцны өмчлөх эрх шилжихээр тохиролцсон байсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх хариуцагч талын ...гуравдагч этгээдээр Х.М-ыг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн ажиллагааг буруутгахгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

11. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ