Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00192

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр            Дугаар 183/ШШ2023/00192           Улаанбаатар хот

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, өөрийн байранд байрлах, Т ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, тоотод оршин суух, Ш овогт Н.М /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 307 959 845 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны  9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Г.Д , Хариуцагч Н.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар болон хариуцагч нь түүнийг оролцуулалгүй хийхэд татгалзахгүй гэсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.М ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 307 959 845 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Зээлдэгч Н.М , Б.Б нар нь Ү-22******39, 0003*****  тоот орон сууцыг худалдан авахаар 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 81/01 тоот гэрээ байгуулан 331 660 000 төгрөгийн орон сууц худалдан авах зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь тус зээлээ 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөөгүй, зээлийн зөрчил өнөөдрийн байдлаар 23 769 938.65 төгрөг байна. Зээл нь өнөөдрийн байдлаар 923 хоногийн зөрчилтэй, зээлийн ангилал эргэлзээтэй байна. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. Иймд Ш овогт Н.М , А овогт Б.Б нараас зээлийн үлдэгдэл 307 942 846.50 төгрөг, зээлийн хүү 16 769 771.83 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 697 664.23 төгрөг, нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 307 959 845 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харицагч Н.М  нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Т ХХК-тай 8101 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж 331 660 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлийг авсан. Н.М  нь зээл авсанаас хойш зээлийн төлбөрт 2014-2019 оны хооронд 40 489 925 төгрөг төлсөн. 2019 оноос хойш төлбөр төлөлт хийгээгүй. 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх үндсэн зээл нь 291 273 074.67 төгрөг, зээлийн хүү 16 769 770.83 төгрөг нийт 307 942 846.50 үлдэгдэлтэй байна. Н.М  нь сайн дураар төлж  барагдуулахгүй байгаа учир Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасны дагуу энэ зээл маань зээл олгогдсоноос хойш зээлийн зөрчил үүсэж 923 хоногийн хугацаа өнгөрсөн байгаа. Иймээс манай тал зээлийн гэрээгээ цуцалж нэхэмжилсэн дүнгээр нэхэмжилж, зээлийн барьцаанд байгаа орон сууцаар үүргийн гүйцэтгэлд хангуулах нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.

 

 2.Хариуцагч Н.М  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК-с орон сууцны зээл авсан талаар маргахгүй. Миний хувьд эхлээд зээлээ төлж явж байсан ч ковидын улмаас сүүлийн хэдэн жил санхүүгийн боломж хүндрэлтэй байгаа тул төлөх боломжгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүн дээр маргахгүй учир нь банк үнийн дүнг бодсон учир зөв бодсон байх гэж үзэж байна. Гэвч одоогийн нөхцөл байдал ажил хүнд байгаа учир зээлээ төлж чадахгүй болсон. Цаашид ажил маань сайжирч орлоготой болох юм бол зээлээ үргэлжлүүлж төлөх хүсэлтэй байгаа. Зээлийн гэрээний үүргийг 2019 оны 02 сараас хойш төлөөгүй, гэвч удалгүй ковидын нөхцөл байдлаас зээлийн хугацаа сунгагдсан. Т ХХК-с зээлээ төлөх чадваргүй болсноос хойш сануулж байсан. Тийм болохоор салбарын захиралтай уулзаж, төлөлт хийх хичээх талаараа хүсэлт гаргаж байсан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-иас Г.Д олгосон итгэмжлэл, Т ХХК-иас Ж.Ц олгосон итгэмжлэл, Н.М ын зээлийн дансны харилцагчийн хуулга, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Ү-22******39 дугаартай Н.М ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.М ын иргэний үнэмлэхний хуулбар, Б.Б-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 9 сарын 27-ны өдрийн нотариатын нэхэмжлэх, Н.М ын гараар бичсэн хүсэлт, Т ХХК-иас Ж.Ц олгосон итгэмжлэл, Т ХХК-иас Д.Ж-д олгосон итгэмжлэл /хэргийн 2-26, 35-36-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч Н.М  нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж,

-зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 291 173 074,67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 16 769 771,83 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гарсан зардал буюу нотариатын зардал 17 000 төгрөг, нийт 307 959 845 төгрөгийг гаргуулах,

-үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Т ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авахаар 331 660 000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, зээлээ төлж гэрээний үүргээ биелүүлж ирсэн боловч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж төлөх боломжгүй болсон, цаашид гэрээний дагуу төлөөд явмаар байна гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.М , хамтран зээлдэгч Б.Б нартай 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр №81/01 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 331 660 000 төгрөгийг жилийн 8 хувь, 240 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №81/01 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр Н.М ын өмчлөлийн Нийслэлийн Х дүүргийн тоот хаягт байрлах, 79.9 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууц, Ц.Т-ын өмчлөлийн Нийслэлийн С дүүргийн тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан №81/01 тоот Зээлийн гэрээ, №81/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, зээл эргэн төлөлтийн хуваарь,  Т ХХК-д гаргасан зээлийн өргөдөл, хүсэлт, анкет зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар байх бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

6.Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Н.М  нь хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Н.М ын дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Т ХХК болон Н.М  нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа нь 20 жил буюу 240 сар байх бөгөөд 2034 оны 9 дүгээр сарын 09ий өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.      

 

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагчид удаа дараа зээлийн гэрээний үүргээ төлөхийг мэдэгдсэн гэх боловч тайлбараа нотолсон баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлээгүй болно.

Хариуцагч нь санхүүгийн хүндрэлтэй байдал, цар тахалтай холбоотойгоор зээлийг төлөлтөд хүндрэл учирсан, энэ талаараа хүсэлт гаргасан, зээлийн гэрээний төлөлтийг сунгасан цаашид гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой, зээлийг төлөх болвол зөвхөн барьцааны зүйл болох орон сууцаар хангуулах нөхцөл байдал үүснэ гэсэн.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд 2019 оны 2 сараас зөрчил үүссэн, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хойш зээл төлөгдөөгүй гэсэн боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн зээлийн дансны харилцагчийн хуулгаар хариуцагч нь 2019 оны 12 сарыг хүртэл зээлийн төлбөрөөс төлж байсан байх бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 31-нд хүсэлтийн дагуу төлбөр 2021-07-01 хүртэл хойшлуулав, 2021 оны 8 дугаар сарын 13-нд 2022-01-01 хүртэл хойшлуулав гэсэн тэмдэглэгээ хийгдсэн болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь улс орон даяар үүссэн цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.

 

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилэхээр энэ хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 40 486 926 төгрөг, хүүнд 16 725 000 төгрөг, нийт 57 211 926 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд гэрээний үүрэг зөрчигдөхөд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал нөлөөлсөн цаашид зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг төлнө гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзах буюу цуцлах боломжгүй бөгөөд хариуцагч нь орон сууц худалдан авах зорилгоор зээл авч, зориулалтын дагуу ашигласан байх бөгөөд гэрээний хугацаанд нийт 57 211 926 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүрэгт төлсөн, зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг хойшлуулсан байхад үүргээ гүйцэтгээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд улс орон даяар үүссэн цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны болон хэрэглээний зээлийн хугацаа хэтрэлттэй холбогдох асуудлыг улс орон даяар нэгдсэн арга хэмжээ авч зээлдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн байх бөгөөд иргэдийн зээлийн төлөлтийн хугацааг сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгохоор шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааг сунгаж, хойшлуулсан атлаа хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцлахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Н.М тай байгуулсан 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа дуусаагүй, хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 307 959 845 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 767 864 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Н.М , Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 307 959 845 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 767 864.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН