Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00566

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00566

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00192 дугаар шийдвэртэй,

*******-ийн нэхэмжлэлтэй, **********ад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 307,959,845 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч **********, Б.Батзолбоо нар нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 81/01 тоот гэрээ байгуулан 331,660,000 төгрөгийн орон сууц худалдан авахаар 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь тус зээлээ 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөөгүй, зээлийн зөрчил өнөөдрийн байдлаар 23,769,938.65 төгрөг байна. Зээл нь 923 хоногийн зөрчилтэй байна. Зээлдүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. Иймд **********, Б.Батзолбоо нараас зээлийн үлдэгдэл 307,942,846.50 төгрөг, хүү 16,769,771.83 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,697,664.23 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 307,959,845 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

********** нь зээл авснаас хойш зээлийн төлбөрт 2014-2019 оны хооронд 40,489,925 төгрөг төлсөн. ********** нь сайн дураар зээлээ төлж барагдуулахгүй зөрчил үүсэж, 923 хоногийн хугацаа өнгөрсөн гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төрийн банкнаас орон сууцны зээл авсан талаар маргаагүй. Зээлээ төлж явж байсан ч Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн хэдэн жил санхүүгийн боломж хүндрэлтэй байгаа тул төлөх боломжгүй байна. Үнийн дүн дээр маргахгүй, зөв бодсон гэж үзэж байна. Гэвч одоогийн нөхцөл байдал ажил хүнд байгаа учир зээлээ төлж чадахгүй болсон. Зээлийн гэрээний үүргийг 2019 оны 02 сараас хойш төлөөгүй, гэвч удалгүй Ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн хугацаа сунгагдсан. Төрийн банкнаас зээлээ төлөх чадваргүй болсноос хойш сануулж байсан. Тийм болохоор салбарын захиралтай уулзаж, төлөлт хийх талаараа хүсэлт гаргаж байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч **********, Б.Батзолбоо нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 307,959,845 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,767,864.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. ********** нь хариу тайлбартаа тодорхой эрхэлсэн тогтмол ажилгүй, ирээдүйд олох орлогогүй учраас төлбөрийг төлж барагдуулж чадахгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулж төлбөрийг барагдуулах болон хамтран зээлдэгч Б.Батзолбоод тухайн зээл хамааралгүй, өөрөө зээлийг бүрэн хариуцахаа илэрхийлсэн.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,төлж чадаагүй 923 хоногийн хугацаа хэтрүүлж, ноцтой зөрчил гаргаснаа хэлсэн.

4.б. Нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр тодорхойлсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 4 улирлын Цэцэрлэг гудамж 2 дугаар байр 307 тоот хаягт байрлах 79,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны мэдээллийг шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ... Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 17011. Дөрвөн улирлын цэцэрлэг 307 тоот хаягт байрлах, 79.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууц.../ гэж илт худал мэдээлэл оруулжээ.

Зээл 291,173,074.67 төгрөг, хүү 16,769,771.83 нийт 307,942,846.50 төгрөгийг гаргуулах;

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 4 улирлын Цэцэрлэг гудамж 2 дугаар байр 307 тоот хаягт байрлах 79,9 м.кв талбай бүхий 3 өрөө сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь **********ад холбогдуулан,

1.а. Зээлийн үлдэгдэл 291,173,074,67 төгрөг,

1.б. Хүү 16,769,771.83 төгрөг,

1.в.Нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 307,959,845 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ********** нь Гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан боловч хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалж төлөх боломжгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүн дээр маргаагүй. Цаашид гэрээний дагуу төлөөд явмаар байна гэжээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а Нэхэмжлэгч ******* нь хариуцагч **********, хамтран зээлдэгч Б.Батзолбоо нартай 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр №81/01 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 331,660,000 төгрөгийг жилийн 8 хувь, 240 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №81/01 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-гээр **********ын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 17011, Дөрвөн улирлын цэцэрлэг 307 тоот хаягт байрлах, 79,9 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууц, Ц.Төмөрбатын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байр, 57 тоот хаягт байрлах, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан №81/01 тоот зээлийн гэрээ, №81/01 тоот барьцааны гэрээ, барьцаалбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, *******-д гаргасан зээлийн өргөдөл, хүсэлт, анкет зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ.

2.б. Зохигч зээл, барьцааны гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ********** нь хүлээн авсанд маргаагүй, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг **********ын дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа нь 20 жил буюу 240 сар байх бөгөөд 2034 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.

2.в. Цар тахлын улмаас зохигч 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Талууд гэрээг хугацаанаас өмнө цуцлах эсэхэд маргажээ.

Хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч ********** нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлөх болно гэх тайлбарыг нэхэмжлэгч *******-д хүргүүлсэн байна./хх26/

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.

Зээлдэгч зээлийн эргэн төлөх үүргээ зөрчсөн талаар талууд маргаагүй.

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан гэж үзэж, зээл 291,173,074.67 төгрөг, хүү 16,769,771.83, нийт 307,942,864.5 төгрөгийг хариуцагч **********аас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

3.б. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 17,000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулсан нь зөв байна.

Иймд хариуцагч **********аас зээл 291,173,074.67 төгрөг, хүү 16,769,771.83 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 307,959,845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч ********** нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг **********ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206034739 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг гудамж, 2-р байр, 307 тоот хаягт байршилтай 79,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********аас зээл 291,173,074.67 төгрөг, хүү 16,769,771.83 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 307,959,845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,

2 дахь заалт нэмж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********** нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд **********ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206034739 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг гудамж, 2-р байр, 307 тоот хаягт байршилтай 79,9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. гэж

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *******-ийн 1,767,864.23 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамжид 1,767,864.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,767,865 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД