Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/00491

 

 

2023 оны 02 сарын 07 өдөр               Дугаар 183/ШШ2023/00491                         Улаанбаатар хот

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 11 тоотод оршин суух, А овогт Б.Х /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, өөрийн байранд байрлах, И ТӨААТҮГ /РД:*******/-т холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад хангалтын нөхөн олговор болох 35 429 319 төгрөг гаргуулах, мөн хугацааны буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор болох хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад хангалтын нөхөн олговор болох нийт 111 062 311 төгрөгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, С.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч И ТӨААТҮГ-т  холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад хангалтын нөхөн олговор болох 35 429 319 төгрөг гаргуулах, мөн хугацааны буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор болох хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад хангалтын нөхөн олговор болох нийт 111 062 311 төгрөгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаартай шүүхийн шүүгчийн шийдвэрээр намайг эгүүлэн ажилд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 13 145 010 төгрөгийг Иргэний нисэхийн еренхий газраас гаргуулахаар болсон. Үүнийг баталгаажуулж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 105 дугаар магадлал гарсан ба Монгол улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 001/Ш32020/00184 дүгээр захирамж гарснаар шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан юм. 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Санхүү хөрөнгө оруулалтын газрын менежерээр томилогдсон. Иймээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад хангалтын нөхөн олговрын мөнгийг гаргуулах бүрэн үндэслэлтэй тул дараах нөхөн олговруудыг ИНЕГ-аас нэхэмжилж байна. Үүнд:

ИНЕГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын комиссын дугаар 12 шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны ажилласан гэж тооцож цалин хөлсний нөхөн олговорт 75 502 992 төгрөгийг ИНЕГ-аас гаргуулан авсан. ХУД-ийн ИХАШШүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаартай шийдвэрт миний 1 өдрийн дундаж цалин хөлсийг 160 305 гэж тогтоосон ингээд 22 өдөр 3 526 726 бөгөөд ИНЕГ нь тооцож олгохдоо нэг сарын дундаж цалин хөлсийг 3 231 200 төгрөгөөр тооцож олгосон. ИНЕГ-ын даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн батлах тухай А/34 дүгээр тушаалаар нийт ажиллагсдын үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болж, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх болсон. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын А/34 дүгэээр тушаалыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсын 101 474 153 төгрөг гэж тооцож гаргасан. Үүний цалингын зөрүү болох 25 971 961 төгрөг гаргуулж өгнө үү.

2019 оны ээлжийн амралттай байх хугацаандаа 7 дугаар сард 9 өдөр, 8 дугаар сард 3 өдөр нийт 12 өдөр ажилласан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 3 284 382 төгрөгийг ИНЕГ-аас гаргуулах. Ээлжийн амралттай байх хугацаанд удирдлагын шаардлагаар ажиллаж байсан. 2019 он, 2020 он, 2021 оны гар утасны ярианы хөнгөлөлт 725 000 төгрөг, автомашины шатахууны хөнгөлөлт 4 200 000 төгрөг нийт 4 925 000 төгрөгийг ИНЕГ-аас гаргуулах.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /ХУД-ийн ИХАШШ 2019-12-02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаартай шүүхийн шүүгчийн шийдвэрээр намайг эгүүлэн ажилд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 13 145 010 төгрөгийг ИНЕГ-аас гаргуулахаар болсон. Тус нөхөн олговрыг олгохдоо татвар суутган тооцсон. Суутган тооцсон 1 248 776 төгрөгийг ИНЕГ-аас төгрөгийг гаргуулах. Ингээд нийт 35 569 319 төгрөгийг гаргуулах, мөн 2019 оны 12 дугаар сарын 02-оос ажилд орсон хугацааны 111 062 311 төгрөгийн хэмжээнд эрүүл мэнд, нийгмийн даатгал нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад хангалтын нөхөн олговор болох 35 429 319 төгрөг гаргуулах, мөн хугацааны цалин хөлсний олговор болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан бусад хангалтын нөхөн олговор болох нийт 111 062 311 төгрөгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэхээр тооцооллыг тодруулсан болно. Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан нь үнэн, байгууллагаас 83 892 213 төгрөгийг өгсөн гэдгийг зөвшөөрөхгүй, 75 502 992 төгрөгийг өгсөн бөгөөд уг мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй гэж шүүхэд хандсан биш, харин үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол шаардаж байна, гэм хор биш. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 9.4.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан юм гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 1-р улиралд Иргэний нисэхийн ерөнхий газарт гомдол гаргасан. Тухайн гомдлыг хэлэлцээд Хөдөлмөрийн маргаан таслах комиссоос 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А12 дугаартай тэмдэглэл гарч Хөдөлмөрийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаартай шүүхийн шүүгчийн шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А192 дугаартай тушаал батлагдсан, ингээд дундаж цалин хөлс тодорхойлож журамд зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон олгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлбөл зохих нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээг тооцон суутгаж, энэ талаар гомдол гаргагч Б.Х-ын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ИНЕГ-т даалгаж, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А495 дугаар тушаалаар Иргэний нисэхийн урамшуулал 1 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар 12 хоног ажилласанг өмнөх шүүхийн шийдвэрээр олгогдсон тул хэлэлцэхгүй орхиж, мөн 2019 оны хоолны мөнгө цалингын бүрэлдэхүүнд ордоггүй байсан. 100 өдрийн 1 000 000 гаруй төгрөгийг гаргуулах шаардлага нь хоолны мөнгө цалин хөлсны бүрэлдэхүүнд ордог байсан гэдгийг гомдол гаргагч өөрөө хүлээн зөвшөөрсөн тул хэлэлцэхгүй орхиж, харин татварт суутган тооцсон 1 248 776 төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаартай шүүхийн шүүгчийн шийдвэрт хамт буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдэгдсэн тул татварт суутгасан мөнгийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэх 4 дүгээр сарын 01-ний өдөр гарсан тэмдэглэлийг ИНЕГ-т хүргүүлсэн. Уг тэмдэглэлийг Иргэний нисэхийн санхүү хөрөнгө оруулалтын газар хүлээж аваад 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр 83 892 213 төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн байна. 2019 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл үндсэн цалин, үр дүнг урамшуулалыг тодорхойлоод урамшуулал 1 000 000 төгрөг зэргийг олгож, хоолны мөнгийг орхин олгожээ. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.15 дахь хэсэгт зааснаар татварын ерөнхий газрын даргы 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А261 дүгээр тушаалын 2.5 дахь заалтыг үндэслээд тухайн олгож байгаа 83 892 213 төгрөгөөс хүн амын орлогын албан татварыг суутган авч зохих татварын байгууллагын төрийн санд шилжүүлж шийдвэрлэжээ. Энэ олгож байгаа мөнгөнд яагаад хоолны мөнгө ороогүй вэ гэвэл Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А192 дугаар тушаал зэрэгт унаа, түлш, байр, хоол зэрэг нь ажилтны цалин хөлсөд орохгүй гэсэн байгаа. Ажил үүргээ гүйцэтгэхэд өгдөг зүйлийг бодит үр дагавар байхгүй байх тул тухайн мөнгө олгогдоогүй. Ажилтан маань санхүү хөрөнгө оруулалтын газрын менежер гэх албан тушаал эрхэлж байсан боловч тухайн зэргийн нэмэгдэл нь Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч байх учраас энэ нь менежер гэх албан тушаалд нөхөн олгогдох боломжгүй тул цалингын зөрүүг хасаж тооцсон. Бичилт хийлгэх асуудлын хувьд дээрх тайлбаруудаас үндэслээд мөнгөн дүн хасагдсан үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хууль шинээр гарсантай холбогдуулан. Аль болох эвийн журмаар зохицуулж байсан. Байгууллагаас комиссоор шийдвэрлэхийг хичээсэн. Өнөөдрийн байдлаар 83 892 213 төгрөг төлсөн бөгөөд үлдэх хэсгийг төлөх үндэслэл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, уг асуудлаар нэхэмжлэгч нь гомдол гаргаад хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх буюу байгууллагын Хөдөлмөрийн маргаан таслан комиссоор шийдвэрлээд мөнгийг нь бид олгосон байгаа гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/11423 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/495 дугаар Урамшуулал олгох тухай тушаал, Урамшуулал олгох журам, иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/14256 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ГХ2020/01053 дугаар Гүйцэтгэх хуудас, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/5828 дугаар Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар Б.Х-ыг ажилд томилох тухай тушаал, 01/130 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22/01/62 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, ээлжийн амралт олгох тухай хуудас, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1071 тоот Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №12 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, Б.Х-аас Б.Г-т олгосон итгэмжлэл, 2022 оны цалингийн тооцоолол, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Дансаарх ваучер, нэхэмжлэлийн шаардлага, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын хүснэгт, 2019 оны ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан цалин нөхөх олговор, Б.Х-ын 5058100161 тоот дансны хуулга, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/35 дугаар Хоолны мөнгийг нэмэгдүүлэх тухай тушаал, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/145 дугаар Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/139 дүгээр Технологийн зориулалтаар ашиглах Автомашины гүйлтийн лимтын хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал, Технологи, аж ахуйн хамгаалалт, нийтийн үйлчилгээний зориулалтын автомашин тоо, гүйлтийн лимитийн дээд хязгаар, 2019 оны 4 дүгээр сарын шатахууны цахим карт цэнэглэх жагсаалт, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/163 дугаар Гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт шинэчлэн батлах тухай тушаал, Б.Х-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ /англи хэл дээрх/, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад 2020-2021 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ /хэргийн 6-34, 48-50, 56-62, 71, 93-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Иргэний нисэхийн ерөнхий газрын 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/410 дугаар Хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/35 дугаар Хоолны мөнгийг нэмэгдүүлэх тухай тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/34 дүгээр Хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн батлах тухай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ, Ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэлүүд, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/145 дугаар Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай тушаал, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний сүлжээ, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журам 11 дэх хэвлэл, 12 дахь хэвлэл /хэргийн 115-126-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний нисэхийн ерөнхий газраас 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/58 тоот Б.Х-ыг ажилд авах тухай тушаал, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/528 дугаар Мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал,   5700758778 тоот дансны хуулга, Иргэний нисэхийн салбарт 2019-2021 онд хэрэгжих хамтын хэлэлцээр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Иргэний нисэхийн салбарт 2019-2021 онд хэрэгжих хамтын хэлэлцээр, №02/50 тоот Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 72-87-р хуудас/ гэсэн баримтыг бүрдүүлсэн байна.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч Б.Х нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт ИНЕГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 12 дугаар шийдвэрийн дагуу 75 502 992 төгрөгийг гаргуулан авсан боловч үндсэн цалин нэмэгдсэн тул 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 101 474 153 төгрөгийг олгох байсан, тиймээс дутуу тооцсон 25 971 161 төгрөгийг гаргуулах /101 474 153-75 502 992=25 971 161/,

-2019 оны 7 сард ажилласан 9 өдрийн цалин хөлс 1 716 105 төгрөг, 2019 оны 8 сард ажилласан 3 өдрийн цалин хөлс 473 483 төгрөг,  нийт 2 189 588 төгрөг, илүү цаг болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1,5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин олгоно гэж зааснаар 2 189 588 х1,5=3 284 382 төгрөг гаргуулах,

-2019, 2020, 2021 оны гар утасны ярианы хөнгөлөлт 725 000 төгрөг, автомашины шатахууны хөнгөлөлт 4 200 000 төгрөг, нийт 4 925 000 төгрөг гаргуулах,

-татварт суутган тооцсон 1 248 776 төгрөгийг гаргуулах,

-ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөх олговор болон хөдөлмөрийн гэрээнд заасан бусад хангалтын нөхөн олговор болох нийт 111 062 311 төгрөгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгэн, хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлаар хэлэлцэж, нэхэмжлэгчид 83 892 213 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №183/ШШ2019/02585 дугаар шийдвэрээр Б.Х-ын нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13 145 010 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б.Х-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13 145 010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн №105 дугаартай магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Уг шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад хариуцагч тал буюу ажил олгогч Иргэний нисэхийн ерөнхий газар нь нэхэмжлэгч буюу ажилтан Б.Х-ыг өмнө эрхэлж байсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн ажилд нь эгүүлэн томилсон хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2020/14256 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж”, 183/ГХ2020/01053 дугаартай гүйцэтгэх хуудас, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №12 дугаартай хурлын тэмдэглэлээр “...2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр 05-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны 22 өдрийн нөхөн олговорт 3 526 726 төгрөгийг гаргуулах, 2019 оны ээлжийн амралттай байх хугацаандаа 7 сард 9 өдөр, 8 сард 3 өдөр бүгд 12 өдөр ажилласан хугацааны цалинг нөхөн олгуулах, 2019 оны урамшуулалт цалингийн нөхөн олговорт 3 526 726 төгрөгийг гаргуулах, 2020 оны урамшуулалт цалингийн нөхөн олговорт 1 000 000 төгрөгийг гаргуулах, 2019, 2020, 2021 оны гар утасны ярианы хөнгөлөлт 725 000 төгрөг, автомашины шатахууны хөнгөлөлт 4 200 000 төгрөг, нийт 4 925 000 төгрөгийг гаргуулах, 2019 оны хоолны мөнгө 1 040 000 төгрөгийг гаргуулах, Хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн баталсан тул 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний нөхөн олговорт 94 923 743 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгохдоо татварт суутган тооцсон 1 248 776 төгрөгийг гаргуулах зэрэг нийт 113 475 353 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийлгүүлэх гэсэн гомдолтой хөдөлмөрийн маргааныг нэхэмжлэгч Б.Х-ын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна.

Уг Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлд “...Комиссын шийдвэр: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2.2, 154.3, 154.4, 156 дугаар зүйлийн 156.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийн 1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 13, 15, 18, 19 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хоёр тал санал тохиролцсны дагуу ажилтан Б.Х-ын гомдлыг:

1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилтан Б.Х-ын урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаар шийдвэрт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж, гомдол гаргагч Б.Х-д олгуулж,

2.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн батлах тухай” А/34 дугаартай тушаалыг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/92 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцон Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж, гомдол гаргагч Б.Х-долгуулах,

3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн буюу гомдол гаргагч Б.Х-ын төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, энэ талаар гомдол гаргагч Б.Х-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаж,

4.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1071 дугаартай тушаалаар 2019 оны урамшуулалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн нэг сарын үндсэн цалинтай /тухайн үеийн / тэнцэх хэмжээгээр тооцон, гомдол гаргагч Б.Х-долгуулж,

5.Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/495 дугаар тушаалаар 2020 оны урамшуулалд 1 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу гомдол гаргагч Б.Х-д 1 000 000 төгрөг олгуулж,

6.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтад заасны дагуу 2019 оны 7, 8 сард ээлжийн амралттай байх хугацаандаа 12 өдөр ажилласан хугацааны цалин хөлсийг тооцож, олгуулахыг хүссэн гомдлын шаардлага нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хамаарах асуудал байх тул хангахгүй орхиж,

7.2019, 2020, 2021 оны гар утасны ярианы хөнгөлөлт 725 000 төгрөг, автомашины шатахууны хөнгөлөлт 4 200 000 төгрөг, нийт 4 925 000 төгрөг гаргуулах гэсэн нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарахгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэм хор учруулахтай холбогдох иргэний эрх зүйн харилцаа байх тул хэлэлцэхгүй орхиж,

8.2019 оны хоолны мөнгө /цалингийн бүрэлдэхүүнд ордоггүй байсан / 104 өдрийн 1 040 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлага нь маргааныг хэлэлцэх явцад хоолны хөнгөлөлт цалин хөлсний бүрэлдэхүүнд ордог байсан гэдгийг гомдол гаргагч хүлээн зөвшөөрсөн тул хэлэлцэхгүй орхиж,

9.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаар шүүхийн шийдвэрээр намайг эгүүлэн ажилд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор олгохдоо татварт суутган тооцсон 1 248 776 төгрөгийг гаргуулах гэсэн шаардлага нь үндэслэлгүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэрлэгдсэн байх тул хэлэлцэхгүй орхив” гэжээ.

 

5.Талууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс хохирол учирсан талаар маргаж байна, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилогдсон, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан талаар маргаагүй байна.

 

6.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан талаар маргаагүй бөгөөд мөн хуулийн 154.3-д зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч талуудыг оролцуулан хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №12 дугаартай тэмдэглэлийг гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно” гэж зааснаар хоёр тал санал тохиролцсоны дагуу гомдлыг хэлэлцээд тэмдэглэл гаргаж, хариуцагчаас нэхэмжлэгчид 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “...хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022.04.01-ний өдрийн Дугаар 12 Б.Х-дажилгүй байсан хугацааны цалин хөлс” 75 502 992 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 9.4.4-д заасан учруулсан хохирлыг арилгуулахаар шаардаж байна гэсэн.

Гэвч нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ хамгаалахаар буюу хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох цалин хөлс бусад асуудлын талаар Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж маргааныг шийдвэрлүүлсэн байх бөгөөд дахин шүүхэд хандаж хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана” гэж заасан бөгөөд хэрэв нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг эс зөвшөөрвөл гурван талт хороо эсхүл шүүхэд хандахаар байна.
 

Иймд Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэгдсэнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь маргаантай асуудлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлсэн энэ талаар тэмдэглэл гаргасан байх тул нэхэмжлэгч Б.Х-ын хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 725 326 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар нэхэмжлэгч Х-ын хариуцагч ИНЕГазарт холбогдуулан гаргасан нийт 35 429 319 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 111 062 311 төгрөгнөөс тооцон төлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар зааснаар нэхэмжлэгч Б.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 725 326 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Б.Х-д буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ХУЛАН