Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00961

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00961

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00491 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ТӨААТҮГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан хангалтын нөхөн олговорт нийт 35,569,319 төгрөг гаргуулах, 110,062,311 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 105 дугаар магадлалаар А-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 13,145,010 төгрөгийг Б ТӨААТҮГ-аас гаргуулахаар болсон. Ажил олгогч нь А-ыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Санхүү хөрөнгө оруулалтын газрын менежерээр томилсон.

Б ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар шийдвэрийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлсний нөхөн олговорт 75,502,992 төгрөгийг тооцон олгосон. Шүүхээс 1 өдрийн дундаж цалин хөлсийг 160,305 төгрөгөөр тогтоосон ба 22 өдрийн цалин 3,526,726 төгрөг болно. Гэтэл ажил олгогчоос нэг сарын дундаж цалин хөлсийг 3,231,200 төгрөгөөр тооцож олгосон.

Б ТӨААТҮГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн хөлсний сүлжээг шинэчлэн батлах тухай А/34 дүгээр тушаалаар нийт ажиллагсдын үндсэн цалинг нэмэгдүүлсэн. Энэ тушаалыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцвол 101,474,153 төгрөг болж байна. Иймд цалингийн зөрүү 25,971,961 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. А- нь ээлжийн амралттай байх хугацаанд удирдлагын шаардлагаар ажиллаж байсан. Тодруулбал, 2019 оны ээлжийн амралттай байх хугацаандаа 7 дугаар сард 9 өдөр, 8 дугаар сард 3 өдөр нийт 12 өдөр ажилласан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 3,284,382 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.3. Мөн 2019 он, 2020 он, 2021 оны гар утасны ярианы хөнгөлөлт 725,000 төгрөг, автомашины шатахууны хөнгөлөлт 4,200,000 төгрөг нийт 4,925,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.4. А-ыг шүүхийн шийдвэрээр эгүүлэн ажилд тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 13,145,010 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар болсон. Тус нөхөн олговрыг олгохдоо татвар суутган тооцсон. Суутган тооцсон 1,248,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Нийт 35,569,319 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2019 оны 12 дугаар сарын 02-оос ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацааны 111,062,311 төгрөгийн цалин хөлсний хэмжээнд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 1 дүгээр улиралд Б ТӨААТҮГ-т гомдол гаргасан. Тухайн гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хэлэлцээд гарсан тэмдэглэлийг Б ТӨААТҮГ-т хүргүүлсэн.

Уг тэмдэглэлээр А-ад 83,892,213 төгрөг олгохоор шийдвэрлэснийг хүн амын орлогын албан татварыг суутган олгосон.

Иймд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрээр 83,892,213 төгрөг төлсөн бөгөөд үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар нэхэмжлэгч А-ын хариуцагч Б ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нийт 35,429,319 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 111,062,311 төгрөгөөс тооцон төлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 725,326 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч А-ад буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийнхээ хууль зүйн агуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-д заасныг үндэслэн тайлбарлаж, нотлох баримтуудыг бүрдүүлж, шүүх хуралдааны үеэр уг нөхцөл байдлуудаа тайлбарлан маргасан ба хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор маргаанаа хэлэлцүүлж, тэмдэглэлд дурдуулсан талаар огт маргаагүй юм.

Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт өмнө гарсан шүүхийн шийдвэрийн агуулгыг дурдаж, түүнчлэн маргаан таслах комиссоор ороогүй гэж, намайг маргасан мэт ойлгогдохоор дүгнэж, ингэхдээ шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт яг ямар хууль зүйн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа тодорхой дурдаагүй байна.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 589 тоот албан бичгээр дээрх хороо байгуулагдаагүй тул миний гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж, хуулийн дагуу дараагийн шатны байгууллагад хандахыг зөвлөсөн тул шүүхэд хандсан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хууль зөрчсөн байдал, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор өөрт учирсан бодит хохирол, нөхөн төлбөрийг нэхсэн бөгөөд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор надад учирсан хохирлыг бүрэн барагдуулаагүй гэж үзэн шүүхэд хандсан болохыг анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Урьд энэ асуудал Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор шийдвэрлэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү.

Харин Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийн дагуу нийгмийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийгдэхгүй байсан. Гэхдээ энэ асуудлаар зохих байгууллагад хандаад явж байгаа.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан хангалтын нөхөн олговорт нийт 35,569,319 төгрөг гаргуулах, 110,062,311 төгрөгт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02585 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 105 дугаар магадлалаар А-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 13,145,010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн /хх 12-16/,

3.2. Б ТӨААТҮГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар А-ыг өмнө эрхэлж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын газрын менежерийн ажилд томилсон /хх 20/,

3.3. Б ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр А-ын гомдолд дурдсан дараах асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд:

3.3.1. 2019.12.02-2022.01.06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 2019, 2020 оны урамшуулал олгож, төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгах, нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн,

3.3.2. 2019 оны 07-08 дугаар сард ээлжийн амралттай байх хугацаанд 12 өдөр ажилласны цалин хөлс, 2019-2021 оны гар утас, автомашины шатахууны хөнгөлөлт, 2019 оны хоолны мөнгө, шүүхийн шийдвэрийн дагуу олгосон олговроос суутгасан татвар зэргийг гаргуулах гомдлыг хангахаас татгалзсан /хх 29-34/.

3.4. Ажил олгогчоос Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг биелүүлж А-ад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 83,892,213 төгрөгөөс зохих суутгалыг тооцож 75,502,992 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн /хх 49-50/,

3.5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 589 тоот албан бичгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул хуулийн дагуу дараагийн шатны маргаан шийдвэрлэх байгууллагад хандахыг мэдэгдсэн /хх 7/.

 

4. Б ТӨААТҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.3, 154.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралттай байх хугацаанд 07-08 дугаар сард ажилласан 12 өдрийн цалин хөлс, 2019-2021 оны гар утас, автомашины шатахууны хөнгөлөлт, шүүхийн шийдвэрийн дагуу олгосон олговроос суутгасан татвар гаргуулах, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийх нэхэмжлэлийн шаардлагыг агуулгын хувьд бүхэлд нь дээрх 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Хөдөлмөрийн эрхийн таслах комиссоор шийдвэрлэсэн хөдөлмөрийн эрхийн маргаанд зөрүүтэй шаардлага байхгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулан дүгнэх боломжтой байна.

 

5.1. Хөдөлмөрийн эрхийн таслах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлд маргалдагч талууд болох ажил олгогч, ажилтан гарын үсэг зураагүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6, 154.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон шүүхэд хандах эрхтэй.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар тухайн хөдөлмөрийн эрхийн маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана гэж заасан.

Хариуцагч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 75,502,992 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн тул энэ өдрөөс эхлэн нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн болохыг мэдсэн байна.

Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хандаж 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариу албан тоот авсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар гомдол, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй эсхүл уг хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг баримтаар нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдоно. Иймд нэхэмжлэгч дээрх хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

5.4. Иймд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах хугацааг нэхэмжлэгч нь 4 сар 12 хоногоор хэтрүүлж хандсан байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо энэхүү маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтлаагүйг залруулж, өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00491 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 154.4 гэснийг 154.8 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725,326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ