Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2023/00172

 

 

 

 

                                                       

   2023          03           28                                       153/ШШ2023/00172                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Москвагийн гудамж, ******* ******* ******* төв 203 тоотод байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг ******* тоотод байрлах, “*******” ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 153/2023/00006/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахимаар/,

Хариуцагчийн төлөөлөгч /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2021 оны 08 сарын 30-ны өдөр “*******” ХХК-тай бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “*******” ХХК нь Говь алтай аймгийн Жаргалант сум, Алтай сум, Цогт Баянтоорой, Цогт сум, Төгрөг сумуудад Кос Оникс цэвэрлэх байгууламж болон ******* септик системийн суурилуулах ажил гүйцэтгүүлсэн.

Гэрээний дагуу системийг хүлээлгэн өгснөөс хойш “*******” ХХК нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлөөгүй бөгөөд 67,810,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д "захиалагч нь нийлүүлэх тоног төхөөрөмж болон суурилуулах ажлын үнийг гэрээгээр тогтоосон хугацаанд нийлүүлэгчид шилжүүлээгүй хоног тутамд 0,3% -тай тэнцэх алдангийг төлнө гэж" гэж зааснаар төлбөр төлөх гэрээний хугацаа нийт 397 хоног хэтэрсэн, алданги 80,761,710 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 33,905,000 төгрөгийн алданги тооцсон. Иймд, 2021 оны 08 сарын 30-ны өдрийн Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ тоот гэрээний төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч “*******” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус компани нь “*******” ХХК-тай 2021 оны 08 сарын 30-ны өдөр АТ/НЖ-01 тоот дугаартай Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдан авах, угсарч суурилуулах гэрээ байгуулсан. Тус ажил Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Шинээр баригдаж байгаа дотуур байр, Төгрөг сумын шинээр баригдаж буй дотуур байранд хийгдсэн. Бид ажлыг хүлээн авч, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр улсын комисс ажиллуулахаар урьдчилсан шатны техникийн комисс ажиллуулсан боловч тус 2 дотуур байрны гадна талд хийгдсэн Бохирын септик системийн ажил барилгын норм дүрэм зөрчсөн, хөлдөлтийн түвшинд хийгдээгүй, мөн суулт үүссэн, дээд тагны хүзүүвч хазайж ханарсан байдалтай гүйцэтгэгдсэн байгаа тул хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан нь бидний ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Манай компани нь гэрээний дагуу үндсэн төлбөрөө хүлээн зөвшөөрч байна. Мөн дээрх тоног төхөөрөмжийн угсарч суурилуулалттай холбоотой тус ажлын гүйцэтгэл санхүүжилт батлагдаж орж ирээгүй байгаа тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-тай 2021 онд ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх, суурилуулах гэрээ байгуулсан. Гэрээний үлдэгдэл төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 667,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “*******” ХХК-тай гэрээ байгуулсан. Улсын комисстой гэрээ байгуулаагүй, улсын комисс хүлээж авах эсэх нь “*******” ХХК-ийн асуудал гэж бодож байна. Улсын комисс хүлээж авсны дараа мөнгөө авна гэсэн асуудал байхгүй. Алдангийг биелүүлээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор гэрээндээ заасан. Үндсэн төлбөрийн үлдэгдлээ өгөхгүй байгаа учраас манай компани шүүхэд хандсан. Манай компаниас төлбөрөө төлөхийг “*******” ХХК-иас удаа дараа шаардахад улсын комисс гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахаас татгалзсан талаар мэдэгдэж байгаагүй гэв.

5. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гэрээний дагуу үндсэн төлбөр 67,810,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги төлж чадахгүй. Удахгүй 4 сар гараад Боловсролын яам, Барилга хөгжлийн төвөөс хяналтын баг гарч ажиллахаар болсон. Тэр үеэр нь ******* ХХК-иас менежерийг нь авч явж гүйцэтгэсэн ажлыг үзүүлье гэж бодож байна гэв.

                 6. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэх, 2021.08.30 өдрийн АТ/НЖ-01 дугаартай гэрээ, гэрээний хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, дууссан ажлын актын хуулбар, *******д олгосон итгэмжлэл, төлбөрийн баримт, *******д олгосон итгэмжлэл, дууссан ажлын акт, ажлын гүйцэтгэлийн тайланг гаргаж өгсөн. 

                 7. Хариуцагчаас: Хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар өгсөн.

                       

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 08 сарын 30-ны өдөр дугаартай Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу “*******” ХХК нь цэвэрлэх байгууламж болон ******* септик системийг суурилуулах ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг “*******” ХХК-нд хүлээлгэн өгсөн.

2.2. “*******” ХХК нь төлбөрөө бүрэн төлөөгүй байх тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч “*******” ХХК дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

3.1. “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл 67,810,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги төлөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг улсын комисс урьдчилсан байдлаар хүлээж авахаас татгалзсан. Мөн дээрх ажлын санхүүжилт удааширч хугацаандаа орж ирээгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 08 сарын 30-ны өдөр                          № АТ/НЖ-01 дугаартай Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ байгуулагдсан байна. Гэрээгээр “*******” ХХК нь Говь алтай аймгийн Жаргалант сум, Алтай сум, Цогт Баянтоорой, Цогт сум, Төгрөг сумуудад Кос Оникс цэвэрлэх байгууламж болон ******* септик системийн суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. “*******” ХХК нь Говь-Алтай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн дотуур байрны бохирын септик, Цэцэрлэгийн барилгын бохирын септик системийг тус тус суурилуулж хүлээлгэн өгсөн байна. Тус ажлыг гүйцэтгэхдээ “*******” ХХК нь септик системийг суурилуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлэх, захиалагч нь ажлыг гүйцэтгэхдээ шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах үүргийг хүлээжээ.

4.2. Хариуцагч “*******” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө төлж байсан ба үлдэгдэл 67,810,000 төгрөгийг төлөөгүй байна. Нэхэмжлэгчээс нийлүүлсэн тоног төхөөрөмжийг чанар, үндсэн төлбөрийн үлдэгдэл 67,810,000 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн, энэ талаар маргахгүй байна. Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу “*******” ХХК-ийн суурилуулсан септик системийг хүлээлгэн өгөхөөр урьдчилсан шатны техникийн комисс ажиллуулахад хүлээн авахаас татгалзсан гэдэгт  маргаж байна. Мөн санхүүжилт хугацаандаа орж ирээгүй, удааширсан нь алданги төлөхөөс татгалзах үндэслэл болсныг тайлбарлав.

5. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 08 сарын 30-ны өдрийн № АТ/НЖ-01 дугаартай Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ /цаашид гэрээ гэх/-ний дагуу “*******” ХХК нь өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээснээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Говь-Алтай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн дотуур байрны бохирын септик систем, Цэцэрлэгийн барилгын бохирын септик системийг суурилуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулж, хийсэн ажлын үр дүнг 2021 оны 10 сарын 05-ны өдөр ******* ХХК-нд тус тус хүлээлгэн өгснөөр гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

5.1. Хариуцагч “*******” ХХК нь “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь барилгын норм, дүрмийг зөрчснөөр урьдчилсан шатны техникийн комисс хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн дээрхи тоног төхөөрөмжийг угсарч суурилуулахтай холбоотой ажлын гүйцэтгэлийн санхүүжилт батлагдаж орж ирээгүй байгаа тул алданги төлөх боломжгүй гэж мэтгэлцэв.

5.2. ******* ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 67,810,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Харин алданги төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлд нь дүгнэлт хийхэд,

5.2.1. Гэрээний 5.1-д Захиалагч нь нийлүүлэх тоног төхөөрөмж болон суурилуулах ажлын үнийг гэрээгээр тогтоосон хугацаанд нийлүүлэгчид шилжүүлээгүй бол шилжүүлээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлөх хариуцлага хүлээнэ гэж тохиролцжээ. “*******” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2021 оны 10 сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. Түүнээс хойш нэхэмжлэгчээс удаа дараа үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж хариуцагч “*******” ХХК-тай холбогдож байжээ.

5.2.2. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын нотлох баримт гаргаж өгөх хүсэлтийг хангаж, 2023 оны 03 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Шүүх хуралдаан хойшлогдсон хугацаанд хариуцагч “*******” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг урьдчилсан шатны техникийн комисс хүлээн авахаас татгалзсан талаар нотлох баримт байхгүй бөгөөд техникийн урьдчилсан комисс ажиллахдаа ямар нэгэн баримт үйлдээгүй, амаар шаардлага тавьсан, энэ талаар гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэдгийг хариуцагчаас тайлбарласан. Мөн ажлыг хүлээн авснаас хойш ******* ХХК-иас ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаж байгаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдов.

5.2.3. “*******” ХХК нь бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээг “*******” ХХК-тай байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болдог. Хариуцагч “*******” ХХК-ийн тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулахтай холбоотой ажлын гүйцэтгэлийн санхүүжилт батлагдаж орж ирээгүй байгаа гэх татгалзал нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж, ажлаа хүлээлгэн өгсөн нэхэмжлэгч “*******” ХХК-нд хамааралгүй юм. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд захиалагч “*******” ХХК-иас ажлын хөлсөө шаардсан нь хуульд нийцнэ.

5.3. Захиалагчаас Говь-Алтай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн дотуур байрны 20 тонн септик системийг хүлээлгэж өгөхдөө Түргэн шуурхай инженер баг хамт олонтой, Цэцэрлэгийн гадна 10 м.кв бохирын септикийг хүлээлгэж өгөхдөө Түргэн, шуурхай найдвартай инженер ажилтантай. Бохирын танк хэврэг байна. Танканд өргөх дэгээ байхгүй гэдгийг тэмдэглэж байжээ. Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн        350.1.6.-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хүлээдэг. Дээрх захиалагчийн тэмдэглэлээс үзэхэд Цэцэрлэгийн гадна 10 м.кв бохирын септик системийг хүлээлгэж өгөхдөө доголдолтой ажлын үр дүн хүлээлгэн өгснийг захиалагч мэдсэн байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-д ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр гомдлын шаардлага гаргах эрхээ алдахыг заажээ. 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл тус компанийн гүйцэтгэсэн ажлын талаар захиалагчийн хувьд “*******” ХХК нь  гомдлын шаардлага гаргаагүй байна.

5.4. Нэхэмжлэгчээс гэрээний 5.1-д зааснаар 2021 оны 10 сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 12 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 67,810,000 төгрөгт ногдох алданги 33,905,000 төгрөгөөр тооцож нэхэмжилжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгах эрхийг шүүхэд олгосон. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг техникийн хяналтын комисс хүлээн авахаас татгалзсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар нотлох баримт байхгүй болохыг тайлбарласан, ажлын доголдолтой холбоотой захиалагч “*******” ХХК нь гомдлын шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй. Мөн  санхүүжилт орж ирэхгүй удааширсан шалтгаан нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоогүй байна. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.4-т зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар 67,810,000 төгрөгийг хоногийн 0,3 хувиар тооцож, 33,905,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5.6. Хариуцагч “*******” ХХК нь гүйцэтгэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан, ажлын доголдолын талаар гомдлын шаардлага гаргаагүй, тэдний хийсэн ажлыг хүлээн авахаас татгалзсан талаар эрх бүхий байгууллагаас ямар нэгэн эрхийн акт гараагүй бөгөөд санхүүжилт орж ирэхгүй удааширсан нь хөлсөө төлөхөөс татгалзах, гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “*******” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 67,810,000 төгрөгт алданги 33,905,000 төгрөгийг нэмэхэд 101,715,000 төгрөг бөгөөд нэхэмжлэгч 101,710,000 төгрөг гаргуулахыг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас Бохир ус цэвэрлэх тоног төхөөрөмж худалдах болон суурилуулах гэрээ-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 67,810,000 төгрөг, алданги 33,905,000 төгрөг, нийт 101,710,000 (Нэг зуун нэг сая долоон зуун арван мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 666,525 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН