Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/00522

 

 

2023 оны 02 сарын 09 өдөр        Дугаар 183/ШШ2023/00522                        Улаанбаатар хот

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Г.Солонго, шүүгч Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 1 тоотод оршин суух, С овогт Б.Э /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг,  11 тоотод оршин суух, Б овогт Д.Б /РД: *********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагч Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Үүрийнцолмон нар оролцов. Иргэдийн төлөөлөгч Д.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.   

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хор учруулсны төлбөрт насанд хүрээгүй хүүхдүүд болох Э.Т, Э.Т, Б.У, Э.Г нарыг арван найман насанд хүртлэх хугацаанд сар тутам 324 500 төгрөгийг, насанд хүрээгүй хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж байгаа нэхэмжлэгчид Ө.У, Э.Г нарыг найман нас хүртэл сар бүр 420 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Д.Б-тай 2005 онд танилцан хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Т, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Б.У, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Г нар төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2005 оноос хойш 16 жил хамт амьдарсан. Миний нөхөр Д.Б 2021 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө автомашины ослын улмаас амь насаа алдсан ба ослын шалтгааныг эрх бүхий байгууллагаас шалгахад талийгаач нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан бөгөөд энэхүү гэмт хэрэгт хариуцагч Д.Б гэм буруутай болох нь Хан-Уул дүүргийн ЭХАШШ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлүүлэхээр хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй, хүүхдүүд маань эцгээрээ овоглодоггүй гэх шалтгаанаар тэтгэлэг тогтоогоогүй харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурьдсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/03030 дугаартай шийвэрээр биднийг хамтын амьдралтай байсныг болон хүү Э.Т, хүү Э.Т, охин Б.У, охин Э.Г нарын тэжээгч нь талийгаач Д.Б байсан болохыг тогтоосон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2-т заасны дагуу хариуцагчаас гэм хорын хохирлыг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний нөхөр нас барахаасаа өмнө болон нас барах үедээ хувиараа бизнес эрхэлж, нийгмийн даатгал төлж байгаагүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хүүхэд тус бүрийг хариуцагчаар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна.

Иймээс гэм хор учруулсны төлбөрийг хариуцагч Д.Б-гаас Д.Б-ын хүүхдүүд болох 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Б.У, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.Г нарт арван зургаан нас хүртэл хугацаанд, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл хугацаанд сар бүр тухайн нэхэмжлэл гаргах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг байсан бөгөөд үүнээс нийгмийн халамжийн сангаас авдаг халамжийн тэтгэмж 95 000 төгрөгийг хасч тооцоод хүүхэд тус бүрт сар тутам 324 500 төгрөгийг гаргуулах.

Мөн хохирогчийг нас барах үед охин Б.У нь 1 нас 9 сартай, охин Э.Г нь эхийн хэвлийд 8 сартай байсан ба тэднийг найман нас хүртэл миний бие асран хүмүүжүүлэх тул Э.Э надад Б.У, Э.Г нарыг найман нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.  

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Надад үнэхээр хүнд байна. Хариуцагч бид хоёр 10 дугаар сургуульд нэг ангид байсан. Адилхан эх хүн учир эрүүгийн хэргийн үеэр өрөвдөж давж заалдах гомдол гаргаагүй. Өнөөдөр миний нөхрийн амь насыг 220 000 000 төгрөгөөр үнэлж байгаа нь харамсалтай байна. Учир нь бид дөрвөн хүүхэдтэй, өнөөдөр миний нөхөр байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Нөхөр маань нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан бөгөөд олсон мөнгөө хадгаламжид хийдэг байсан боловч одоо хадгаламжийн мөнгөө бүгдийг нь авсан, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд зарцуулсан. Миний бие насанд хүрээгүй хүүхдүүдтэй учир ажил хийх ч боломжгүй, тиймээс гэм хор учруулсны төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна. Эмнэлэгт хэвтэж байхад надад үнэхээр хэцүү байсан, сэтгэл санааны хувьд ч хэцүү байна гэв. 

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Бгийн нөхөр нь 2021 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө автомашины ослын улмаас амь насаа алдсан ба ослын шалтгааныг эрх бүхий байгууллагаас шалгахад талийгаач нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан бөгөөд энэхүү гэмт хэрэгт хариуцагч Д.Б гэм буруутай болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ингээд тухайн үед хариуцагчаас оршуулгын зардлыг гаргуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурьдсан. Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/03030 дугаартай шийдвэрээр хамтын амьдралтай байсныг болон хүү Э.Т, хүү Э.Т, охин Б.У, охин Э.Г нарын эцэг нь буюу тэжээгч нь талийгаач Д.Б байсан болохыг тогтоосон. Ингээд хүү Э.Т, хүү Э.Т, охин Б.У, охин Э.Г нар Иргэний хуулийн 508.1, 508.4.1-т зааснаар гэм хор шаардах буюу гэм хор учруулсны нөхөн төлбөрийг шаардах эрх үүсэж байгаа юм.

Хуульд зааснаар бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэм хор учруулсны төлбөрийг олгоно гэж зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 000 төгрөг, нийгмийн халамжийн сангаас тогтоогдсон тэтгэмж 1 хүүхдэд 95 500 төгрөгөөр тогтоогдсон тул зөрүү нь 324 500 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгийг сар бүр хүүхэд тус бүрт гаргуулах, мөн охин Б.У, охин Э.Г нарыг нэхэмжлэгч нь асран халамжилж байгаа тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгөөр тооцон сар бүр уг мөнгийг хүүхдүүдийг найман нас хүртэл гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь өөрөө төлбөрийн чадваргүй, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлдэг гэж байгаа боловч энэ нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тиймээс нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

 

2.Хариуцагч Д.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Болормаа нь 2021 онд болгоомжгүйгээр энэ хэргийг хийсэндээ маш их гэмшиж байна. Нэхэмжлэгч бид хоёр нэг ангийн хүүхдүүд боловч энэ үед ийм байдалд орсондоо харамсаж байна. Би энэ хэрэгтээ одоо хүртэл гэмшиж, хэцүү байдаг. Б.Эээс анх уучлал гуйх гэж очсон ч тэрээр би чамайг хармааргүй байна гэсэн. Миний хувьд одоо ч гэсэн шокноосоо гарч чадахгүй байгаа. Би дахин очиж уучлалт гуймаар байсан боловч чадаагүй. Мөн би саяхан буюу 2022 оны 7 дугаар сард аваарт орж нурууны хагалгаанд орсон, эрүүл мэндийн хувьд ажил хийхэд боломжгүй байсан. Таван толгой компани нь намайг эмнэлэгт байх хугацаанд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж миний хийж байсан ажлын байр байхгүй болгосон. Гэвч би өргөдөл өгөөд жирэмсэн хүний түр ажлын байран дээр үлдсэн боловч 3 дугаар сарын 15-нд нөгөө жирэмсэн чөлөө авсан хүн буцаж ирэх учраас цаашид ажил яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. Тиймээс би өөрөө амьдрах, хүүхдүүдээ тэжээхэд ч хүндрэлтэй болж байгаа учраас л сар болгон 324 500 төгрөг, 420 000 төгрөгийг төлөх боломжгүй байгаа юм. Түүнээс төлөхгүй гэж хэлэхгүй, хэрэв боломжтой байсан бол өгчихмөөр байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би өөрөө 2 хүүхэдтэй, миний нөхөр бас авто ослоор өнгөрсөн, би өөрийн боломжоороо сар болгон 100 000 төгрөгийг л төлөх боломжтой гэж хэлмээр байна гэв.

 2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад зарим нэгэн асуудлууд байна. Гэм хор учруулсны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь буруу байна гэж үзэж байна. Учир нь тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээ болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөр, өөр байдаг. Төлөх мөнгөний тооцоолол нь зөрүүтэй байх бөгөөд 4 хүүхэд болон ээжид нь сар бүр мөнгө төлөхөөр тодорхойлсон байна. Сар бүр төлөх мөнгөний хэмжээний хувьд хоёр хүүхдийн том найман нас хүртэл гэхээр 1 718 000 төгрөг, дараа дараагаар буюу хүүхэд том болох хүртэл төлөгдөж хасагдаад 320 000 төгрөг болоод дуусах юм байна. Энэ нь буруу байна. Учир нь Б-гийн олж байгаа орлогыг үл харгалзан ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хуулиар хүлээсэн үүрэгтэй тохиолдолд мөнгө гаргуулахад 50 хувиас хэтрүүлдэггүй. Болормаагийн цалингийн тодорхойлолтоор 900 000 төгрөгийн цалинтай байх бөгөөд үүний 50 хувь нь 450 000 болж байна. Ингээд нэхэмжлэлийн үнийн дүнг 450 000 төгрөгийг төлж явлаа гэхэд үүнийг хэдэн жил төлөх нь тодорхойгүй байна. Мөн Болормаа нь өөрийн гэр бүлийн аж ахуйн мөнгийг бүгдийг нь аваад ч нэхэмжлэлийн шаардлага үнийн дүнг төлөх боломжгүй. Талийгаач өмнө нь ажил хийж байсан гэж байгаа ч түүний сар болгон тухайн мөнгийг хүүхдүүддээ гаргаж өгч байсан уу гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь хүүхэд бүрт мөн нэхэмжлэгч өөртөө сар бүр нэхэмжилж байгаа үнийн дүнг харах юм бол талийгаач нь сар бүр 3 500 000 төгрөгөөс 4 500 000 төгрөгийн орлоготой байсан болж таарч байгаа юм, үүнийгээ мөн адил нотлох хэрэгтэй гэж үзэж байна. Бид гэм буруугийн талаар маргаагүй, харин хохирол гэж нэхэмжилж байгаа бол бодитой, баримттай байх ёстой л гэж байгаа юм.

Иргэний хуулийн 228 дугаар зүйл, 508 дугаар зүйлд гэм хор арилгах заалтууд тусгагдсан бөгөөд харин тус хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгах заалт тусгагдсан. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд бодитой байхгүй бол энэ нь хэт хатуу байна, учир нь энэ хэрэг бол санаатай хийсэн хүн амьны хэрэг биш, осол болсон тул үүнийг харгалзаж үзэх хэрэгтэй. Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ нь хариуцагчийг төлөхөд боломжтой, түүний цалингийн хэмжээнд таарсан байх ёстой гэж үзэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Э.Т, Б.У, Г.Г, Э.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Б.Эийн 50******10 тоот дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/03030 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/651 дүгээр шийтгэх тогтоол, Б.Эийн төлбөрийн баримт, БИО СӨХ-ны тодорхойлолт, Начин заан ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт, №0000263345 тоот нас барсны гэрчилгээ, Д.Бын паспортын хуулбар, Э.Ггийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Хас банкны хадгаламжийн дэвтэр /хэргийн 4-22, 81-82-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар /хэргийн 30-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Таван толгой түлш ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/1489 дүгээр “Ажилд түр томилох тухай” тушаал, 2019 оны цалингийн карт, 2020 оны цалингийн карт, 2021 оны цалингийн карт, 2022 оны цалингийн карт /хэргийн 36-41-р хуудас/ гэх баримтуудыг бүрдүүлжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлээс гэм хор учруулсны төлбөрийг хүү Э.Т, Э.Т, охин Б.У, охин Э.Г нарт арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 200 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, нэхэмжлэгч охин Б.У, охин Э.Г нарыг найман нас хүртэл сар бүр хөдөлмөрийн доод хөлсний хэмжээ болох 420 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч Д.Бгийн буруутай үйлдлийн улмаас хүүхдүүдийн эцэг нас барсан тул түүний асрамжид байсан насанд хүрээгүй хүүхдүүд болох Э.Т, Э.Т, Б.У, Э.Г нарт арван зургаан нас хүртэл, суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 324 500 төгрөгийн гэм хор учруулсны төлбөрийг гаргуулах,

-мөн нэхэмжлэгч Б.Э нь найман нас хүрээгүй хүүхдүүд болох Б.У, Э.Г нарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр 420 000 төгрөгийн хүүхдүүдийг найман нас хүртэл гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч Д.Б нь гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд төлөхөд татгалзахгүй боловч төлбөрийн чадваргүй, өөрөө хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг тул сар бүр 100 000 төгрөгийг л төлөх боломжтой гэсэн.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Хариуцагч Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 23 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны замд Т маркийн 2*****3УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Д.Быг мөргөж, амь насыг нь хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №2021/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоол, нас барсны гэрчилгээ, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

 

6.Талуудын маргааны зүйл нь гэм хор учруулсны төлбөрийг төлөх эсэх талаар байна, осол болсон үйл баримтын талаар маргаагүй байна.

7.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-д зааснаар хохирогч нас барсан тул гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь амь хохирогч Д.Бтай хамтын амьдралтай байсан, хүү Э.Т, хүү Э.Т, охин Б.У, охин Э.Г нарын эцэг буюу тэжээгч нь Д.Б байсан болох нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №183/ШШ2021/03030 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 508.2-д “гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн охин Э.Уянга, 2006 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т нар нь амь хохирогч Д.Бын асрамжид байсан, 2021 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн охин Э.Г нь хохирогчийг нас барсны дараа төрсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.  

 Мөн хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “Эрх үүсээгүй тодорхойлолт”-д “...Д.Бт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэжээгчээ алдсан тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй” гэсэн байх бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэрт нийт 382 000 төгрөг /382 000:4=95 500/ авдаг болох нь нэхэмжлэгч Б.Эийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д “төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна”, 508.4-д “гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө, 508.4.1бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл” гэж заажээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь гэм хор учруулсны нөхөн төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр тогтоосон, хариуцагч нь төлбөрийн чадваргүй, насанд хүрээгүй хүүхдүүдийг өөрөө тэжээн тэтгэдэг, биеийн эрүүл мэндийн байдлын улмаас ажил эрхлэх боломжгүй тул нэхэмжлэлээр шаардсан хэмжээгээр төлөх боломжгүй, нөхөн төлөх төлбөрийн хэмжээ нь түүний цалин хөлсний 50 хувиас хэтрэхгүй байх ёстой, мөн хохирогч буюу амь хохирогч нь өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан, осол болсон нь санаатай гэмт хэрэг биш учраас хохирлыг нөхөн төлөх хэмжээг бууруулах боломжтой гэж мэтгэлцсэн.

Хариуцагч нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн боловч хэрэгт авагдсан Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №Б/1489 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаалаар Д.Бг “нярав”-аар 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн туршилтын 3 сарын хугацаагаар түр томилсугай гэсэн байх бөгөөд 2019, 2020, 2021 оны цалингийн картаар ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагч Д.Бгаас гэм хор учруулсны төлбөр буюу амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 2006 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т, 2012 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн охин Э.У, 2021 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн охин Э.Г нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 200 000 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасан төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн халамжийн тэтгэвэрийг хасч /420 000-95 500=324 500/ насанд хүрээгүй хүүхэд тус бүрт 324 500 төгрөгөөр тодорхойлсон боловч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-д “санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж зааснаар хариуцагч нь мөн насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх тайлбар, түүний өмгөөлөгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх тайлбарыг харгалзан гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д “гэм хор учруулсны төлбөрийг ...нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн 2019 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн, 4 настай охин Э.У, 2021 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн, 2 настай охин Э.Г нарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 000 төгрөгийн гэм хор учруулсны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, амь хохирогчтой хамтын амьдралтай байсан, түүний насанд хүрээгүй хүүхдүүдийг асран хүмүүжүүлж байгаа талаар зохигч маргаагүй боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн найман нас хүрээгүй хүүхдүүд болох Б.У, Э.Г нарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр 420 000 төгрөгийг хүүхдүүдийг найман нас хүртэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

8.Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Э, Т.О нар нь хүрэлцэн ирэх боломжгүй, Б.О нь орон нутагт байгаа гэж тайлбарласан бөгөөд Д.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д  “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 58 дугаар зүйлийн 58.3-д “нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө” гэж заасан, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч Д.Б-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан тул улсын тэмдэгтийн хураамжид 168 550 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар хариуцагч Д.Б-гаас насанд хүрээгүй хүүхдүүд болох 2006 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т, 2012 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн охин Э.У, 2021 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн охин Э.Г нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 200 000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэгч Б.Э-ийн найман нас хүрээгүй хүүхдүүд болох Б.У, Э.Г нарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр 420 000 төгрөгийг хүүхдүүдийг найман нас хүртэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Д.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 168 550 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                               

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ХУЛАН

 

                                           ШҮҮГЧИД                                              Г.СОЛОНГО

 

                                                                                                        Да.ЭНХЦЭЦЭГ