Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00914

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          05           01                                          210/МА2023/00914

 

 

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/00522 дугаар шийдвэртэй,

Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-д холбогдох,

Гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-ийн, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Д.Б-тай 2005 онд танилцан хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Т, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Б.У, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Э.Г нар төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2005 оноос хойш 16 жил хамт амьдарсан.

1.2. Миний нөхөр Д.Б 2021 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө автомашины ослын улмаас амь насаа алдсан ба ослын шалтгааныг эрх бүхий байгууллагаас шалгахад талийгаач нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан бөгөөд энэхүү гэмт хэрэгт хариуцагч Д.Б гэм буруутай болох нь Хан-Уул дүүргийн ЭХАШШ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

 1.3. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлүүлэхээр хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох гэхэд гэрлэлтийн баталгаа байхгүй, хүүхдүүд маань эцгээрээ овоглодоггүй гэх шалтгаанаар тэтгэлэг тогтоогоогүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/03030 дугаартай шийвэрээр биднийг хамтын амьдралтай байсныг болон хүү  Э.Т, хүү Э.Т, охин Б.У, охин  Э.Гнарын тэжээгч нь талийгаач Д.Ббайсан болохыг тогтоосон.

1.4. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох гэсэн ч талийгаач нь цалин орлогогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар хүүхдүүд маань тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсээгүй тул хуульд зааснаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 4 хүүхэд маань сард нийт 382,000 төгрөг халамжийн тэтгэмжинд авдаг болсон. Үүнээс нэг хүүхдэд ногдож буй халамжийн тэтгэмж нь 95,500 төгрөг болж байх бөгөөд 2022 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 420,000 төгрөг тул нэг хүүхдэд ногдох нөхөн төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тооцвол сард нэг хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэмжийн зөрүүнд 324,500 төгрөг төлөхөөр байна.

1.5. Иргэний хуулийн 508.1, 508.4.1. 508.4.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Д.Бгаас 2006 оны 10 сарын 16-нд төрсөн хүү  Э.Т, 2012 оны 12 сарын 16- нд торсон хүү Э.Т, 2019 оны 12 сарын 12-нд төрсөн охин Б.У, 2021 оны 10 сарын 20-нд төрсөн охин  Э.Гнарт арван найман нас хүртэл нь нийт 180,422,500 төгрөгийг гэм хор учруулсаны төлбөрт нөхөн төлүүлэх, мөн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд болох 2019 оны 12 сарын 12-нд төрсөн охин Э.Уянга, 2021 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн охин  Э.Гнарыг найман нас хүртэл тэднийг асран хүмүүжүүлж байгаа нас барагчийн эхнэр болох миний биед 40,320,000 төгрөгийг гэм хор учруулсаны төлбөрт нөхөн төлүүлэх, нийт 220,742,500 төгрөг гаргуулж өгнө үү.

1.6. Миний нөхөр нас барахаасаа өмнө болон нас барах үедээ хувиараа бизнес эрхэлж, нийгмийн даатгал төлж байгаагүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хүүхэд тус бүрийг хариуцагчаар тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Иймээс гэм хор учруулсны төлбөрийг хариуцагч Д.Б-гаас Д.Бямбажавын хүүхдүүд болох Э.Т, Э.Т, Б.У, Э.Г нарыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1-т заасны дагуу арван зургаан насанд хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман насанд хүртэл хугацаанд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, Иргэний хуулийн 509-р зүйлийн 509.1-т тус тус заасны дагуу хүртэл сар бүр тухайн нэхэмжлэл гаргах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан бөгөөд үүнээс нэг хүүхдэд ногдож буй халамжийн тэтгэмж 95,500 төгрөгийг хасч тооцон, хүүхэд тус бүрт сар тутам 324,500 төгрөгийг гаргуулах.

Мөн хохирогчийг нас барах үед охин Б.У нь 1 нас 9 сартай, охин  Э.Гнь эхийн хэвлийд 8 сартай байсан ба тэднийг найман нас хүртэл нь миний бие асран хүмүүжүүлэх тул надад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4. 509 дүгээр зүйлийн 509.1-т тус тус заасны дагуу Б.У,  Э.Гнарыг найман нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч бид хоёр нэг ангийн хүүхдүүд бөгөөд би 2021 онд болгоомжгүйгээр энэ хэргийг хийсэндээ маш их гэмшиж байна. Б.Э-ийнээс анх уучлалт гуйх гэж очсон ч тэрээр чамайг хармааргүй байна гэж хэлсэн бөгөөд дараа нь дахин очиж уучлалт гуймаар байсан ч чадаагүй.

2.2. Би 2022 оны 7 дугаар сард аваарт орж нурууны хагалгаанд орсон, эрүүл мэндийн хувьд ажил хийх боломжгүй. “Тавантолгой” ХК нь намайг эмнэлэгт байх хугацаанд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж миний хийж байсан ажлын байр байхгүй болгосон. Би өргөдөл өгөөд жирэмсэн хүний түр ажлын байран дээр үлдсэн боловч 3 дугаар сарын 15-ны өдөр нөгөө жирэмсэн чөлөө авсан хүн буцаж ирэх учраас цаашид ажил яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна.

2.3. Би өөрөө амьдрах, хүүхдүүдээ тэжээхэд хүндрэлтэй болж байгаа учраас л сар болгон 324,500 төгрөг, 420,000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь би өөрөө 2 хүүхэдтэй ба миний нөхөр бас авто ослоор өнгөрсөн. Тиймээс би сар болгон 100,000 төгрөгийг л төлөх боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1, 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар хариуцагч Д.Бгаас насанд хүрээгүй хүүхдүүд болох 2006 оны 10 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т, 2012 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн охин Б.У, 2021 оны 10 дугаар сарын 20-нд төрсөн охин Э.Г нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр 200,000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэгч Б.Э-ийннайман нас хүрээгүй хүүхдүүд болох Б.У, Э.Г нарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр 420,000 төгрөгийг хүүхдүүдийг найман нас хүртэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Д.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 168,550 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: 

Шүүхийн шийдвэр нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн гомдол гаргаж байна.

4.1. Би охин Э.У, Э.Г нарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгийн гэм хор учруулсны төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, амь хохирогчтой хамтын амьдралтай байсан, түүний насанд хүрээгүй хүүхдүүдийг асран хүмүүжүүлж байгаа талаар зохигч маргаагүй боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй гэж үзэн охин Б.У,  Э.Гнарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр 420,000 төгрөгийг хүүхдүүдийг найман нас хүртэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Намайг амь хохирогч Д.Бямбажавтай хамтын амьдралтай байсан, хүү  Э.Т, Э.Т, охин Б.У,  Э.Г нарын эцэг буюу тэжээгч нь Д.Б байсан болох нь шийдвэрээр тогтоосон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-ийн намайг талийгаач Д.Бямбажавтай Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн.

4.2. Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй нь хуулийг ноцтой зөрчиж байна. Дээрх байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж нотлох баримтыг болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

5 Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-д зааснаар гэм хор учруулсны төлбөрт  Э.Т, Э.Т, Б.У,  Э.Г нарт сар бүр тус тусд 200,000 төгрөгийг гаргуулан олгож шийдсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Учир нь би авто аваарын хэрэгт санамсаргүй байдлаар холбогдсон ба одоо өөрөө 2 бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Би “Таван толгой түлш” ХХК-ийн санхүүгийн салбарт орлогын няравын ажил хийгээд сард 1,000,000 төгрөгийн цалин авдаг ба үүнээсээ 800,000 төгрөгийг нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрийн дагуу өгөөд өөрөө 2 хүүхдээ тэжээн тэтгэж чадахгүй байдалд хүрээд байна. Шүүхийн шийдвэр шууд биелэгдэх үндэслэл бүхий болох учиртай байтал тус шүүхийн шийдвэр биелэгдэх үндэслэлгүй, би хичнээн ажиллаж хөдөлмөрлөөд сард 1,000,000 төгрөгөөс дээш цалин, орлого олж чадахгүй. Харин би 4 хүүхдэд нь сард тус бүр 100,000 төгрөгийг төлөх боломжтой. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар:

6.1. Би бага насны 4 хүүхэдтэй тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй бөгөөд хүүхэд харах хүнгүй. Хариуцагч Д.Б “Таван толгой түлш” ХХК-ийн санхүүгийн няравын ажил эрхэлдэг, бага цалин авдаг гэж бодохгүй байна. Миний нөхөр хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг байсан тул тэжээгчээ алдсны тэтгэмж бага тогтоогдсон. Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд өөрийн үйлчлүүлэгчтэй санал зөрүүтэй байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч миний гаргасан тайлбар үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан. Хариуцагч Д.Бгаас 420,000 төгрөгийг нэмж гаргуулах нь хариуцагчид их хүндрэлтэй. Д.Бгийн цалин 1,200,000 төгрөг, үүнээс 800,000 төгрөгийг сар бүр нэхэмжлэгчид өгвөл, 400,000 төгрөг үлдэх бөгөөд нэмж 420,000 төгрөг төлвөл Д.Б, түүний 2 хүүхэд, гэр бүлийн аж ахуйн үйл ажиллагаа хэвийн эрхлэх боломжгүй болно гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Э-ийн нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэм хор учруулсын төлбөрт  насанд хүрээгүй  хүү  Э.Т, Э.Т, охин Б.У,  Э.Г нарыг арван найман насанд хүртэлх хугацаанд сар тутам 324,500 төгрөг, найман нас хүрээгүй охин Б.У,  Э.Г нарыг  асран хүмүүжүүлж байгаа тул нэхэмжлэгчид хүүхдүүдийг найман нас хүртэл сар бүр 420,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүүхэд тус бүрт сард 100,0000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 23 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн Давааны замд тоёота аксио маркийн 25-43 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т  “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч Д.Бямбажавыг мөргөж, амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №2021/ШЦТ/651 дугаартай шийтгэх тогтоол, нас барсны гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх16-22, 66/

 

4. Талийгаач Д.Б-тай нэхэмжлэгч Б.Э-ийн нь 2005 оноос 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2006 оны 10 сарын 16-ны өдөр хүү  Э.Т, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Т, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр охин Б.У, 2021 оны 10 дугаар сарын 20-ны охин  Э.Гнар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/03030 дугаартай шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоожээ. /хх 5-6, 15/

 

5. Нэхэмжлэгч “охин Б.У,  Э.Г нарыг асран хүмүүжүүлж байгаа тул сар бүр 420,000 төгрөгийг хүүхдүүдийг найман нас хүртэлх хугацаагаар гаргуулах” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1. Шүүх зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдал, санамсар болгоомжгүй гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзан үзэж хүү  Э.Т, Э.Т, охин Б.У,  Э.Г нарт сар бүр хариуцагчаас 200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин Б.У,  Э.Г нарыг найман нас хүртэл асран хүмүүжүүлж байгаа тул нэхэмжлэгч Б.Э-ийнт хариуцагч Д.Бгаас сар бүр 420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч “шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчийг оролцуулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.1. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрөх эсэхийг тодруулахад зохигчдын хэн аль нь зөвшөөрсөн учраас иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.  

 

7. Хариуцагч “гэм хор учруулсны төлбөрт хүүхдүүд тус бүрт сар болгон 200,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

7.1. Анхан шатны шүүх хариуцагч насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт амьдардаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан гэм хорын нөхөн төлөх хэмжээг багасгаж тогтоосон нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуульд зааснаар гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг багасгасан байхад давж заалдах шатны шүүхээс дахин багасгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2023/00522 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар зохигчид давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАДРАХ

 

                                             ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ