Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/00068

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/00068

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: м.ю нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК,

Хариуцагч: Д.Б нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 19.930.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М  хариуцагч Д.Ба  иргэдийн төлөөлөгч А.Н  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Ю нь хариуцагч И  ХХК болон иргэн Д.Б  нарт холбогдуулан Гэм хорын хохиролд 19.930.031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М.Ю  нь Г  ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс Ерөнхий инженерээр ажиллах болсон бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомтын чиглэлийн хатуу хучилттай авто замын 14 дэх километрт зам дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад 0000 УНӨ улсын дугаартай, Хьюндай Майти маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Б болгоомжгүй, буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж, мөргүүлсэн. Ослын улмаас М.Ю  эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд энэхүү гэмт хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд М.Ю  гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ хүнд гэмтэл авсныг, И  ХХК-ийг иргэний нэхэмжлэгч болон хариуцагчаар, иргэн Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож, 120 дугаар шийтгэх тогтоол гарсан болно. М.Юмчинчирчмаа осолд орсноос хойш эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хүртэл хугацааны эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээ авсны зардлаа нэхэмжлэн авсан. Уг шүүхийн шийтгэх тогтоолд талууд гомдол гаргаагүй бөгөөд хүчин төгөлдөр болсон. Тухайн үед М.Ю  учирсан гэм хорын хохирол 5.280.160 төгрөгийг Д.Б төлсөн ба шүүх хурлаар дахин 1.321.000 төгрөгийн эмчилгээний зардал нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Эдгээр төлбөрийг иргэн Д.Б  нөхөн төлсөн. Харин 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш М.Ю нь тархины ясны лямбда заадсанаас баруун чамархай яс, дагз яс, суурь ясуудыг хамарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн цус хуралт, няцрал, зүүн шуу ясны далд хугарал гэх мэт олон тооны ясны хугарал, гэмтлээ үргэлжлүүлэн эмчлүүлж, олон сарын турш ажил, хөдөлмөрийн чадвараа алдаж, орлогогүй болж, байнгын эмчилгээтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээсэн тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хийлгэсэн эмчилгээний зардал 1.882.990 төгрөг, 2. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, дансны хуулга зэрэг баримтаас осол гарахаас өмнөх сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар тооцон, 1 сарын цалинг 2.841.568 төгрөг гарсан тул ажилгүй байсан нийт 6 сарын цалинд 17.049.408 төгрөг, ингээд нийт 18.932.398 төгрөгийг хариуцагч И   ХХК болон иргэн Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ... Нэхэмжлэгч М.Ю  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 6 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд дахин компьютер томограффийн аргаар оношлуулж, нөхөн сэргээх эмчилгээ бичүүлж, эмийн эмчилгээ хийлгэсэн байна. Иймд тухайн эмчилгээний зардал 997.633 төгрөгийн нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Нийт манай нэхэмжлэлийн шаардлага 19.930.031 төгрөг болсон ба үүнийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү гэмт хэргийн улмаас миний бие 1 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял авч, автомашин жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, хохирогчид 8.000.000 орчим төгрөг төлсөн. Энэ мөнгийг төлөхдөө би мөн л бусдаас зээл авч, өгсөн ба энэхүү зээлээ өдий хүртэл бүрэн төлж дуусгаж чадаагүй байгаа. Дээрээс нь одоо ажилгүй болсон, 2022 оны 3 дугаар сард баруун хөлний бүдүүн шөрмөсөө тасалж хагалгаанд орсон, одоо таяг тулж явдаг болсон. Тухайн үед би хувийн биш, албан ажлын шугамаар автомашин жолоодон явж байсан бөгөөд тухайн осол болоход хохирогчийн бас гэм буруутай үйлдэл байсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн газраас 0000 УНӨ улсын дугаартай автомашины тормос ажиллахгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохыг тогтоосон. Тухайн үед би өөрийнхөө хэмжээнд гэм буруугаа ухамсарлаж, хохирогчид өөрийн боломжоор мөнгөө төлж, хохирлыг барагдуулсан. Харин одоо миний ажиллаж байсан И  ХХК нь энэхүү хэрэгт ямар ч хариуцлага хүлээхгүй, мөн надад ямар нэгэн туслалцаа үзүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгчийг тус компанид хандана уу гэж хүсэж байна гэжээ.

 

3. Хариуцагч И ХХК-иас хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4. Иргэдийн төлөөлөгч А.Н  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч М.Ю  нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор 18 сая төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байсан ба үүнийг нэхэмжлэгч тал нотлоогүй байна. Иймд хариуцагч талаас эмчилгээний зардлыг хариуцах нь зүйтэй хэмээн дүгнэж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, М.Ю  Э.М олгосон итгэмжлэл, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр олгосон Эмнэлгийн хуудас, Г  зам ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/74 дүгээр тушаалын хуулбар, талуудын хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож оруулсан нэмэлт өөрчлөлтүүд гэх 2 хуудас баримт, нэхэмжлэгч М.Ю  нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт, Г  ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1-101/2022 дугаар албан бичиг, мөн компанийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1-102/2022 дугаар албан бичиг, мөн компанийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1-103/2022 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн Хас банк ХХК дахь дансны хуулга 10 хуудас, эмчилгээний зардлыг нотлох 40 хуудас бүхий баримт, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн эмчилгээний зардалтай холбоотой 22 хуудас бүхий баримт, М.Ю  амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэргийг ирүүлсэн.

 

6. Хариуцагч И  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас иргэн Б.Ө  олгосон итгэмжлэл, Б.Ө  иргэний үнэмлэхний хуулбарыг ирүүлсэн.

 

7. Хариуцагч Д.Б  иргэний үнэмлэхний хуулбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолын хуулбарыг ирүүлсэн.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоол, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн дүгнэлт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд иргэн Д.Б нь И  ХХК-ийн эзэмшлийн 19-30-УНӨ улсын дугаартай, Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр жолоодон явж байхдаа 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Гашуун сухайт хилийн боомтын чиглэлийн хатуу хучилттай авто замын 14 дэх километрт Г  зам ХХК-ийн хяналтын инженер ажилтай М.Ю зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад нь мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдож, мөн тухайн үедээ хариуцагч Д.Б  нь нэхэмжлэгч М.Ю гэм хорын хохиролд 6.601.160 төгрөгийг төлсөн болох нь нотлогдлоо.

3. Нэхэмжлэгч М.Ю нь шүүхийн шийтгэх тогтоол гарсан хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өөрийн эмчилгээний зардалд төлсөн төлбөр болох 2.880.623 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 17.049.408 төгрөг, нийт 19.930.031 төгрөгийг хоёр хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.1. Нэхэмжлэгчийн эхний шаардлага болох эмчилгээний зардалд төлсөн төлбөр болох 2.880.623 төгрөгийг гаргуулах тухай шаардлагын хувьд

Хэргийн 36-75, 96-113 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд эмчилгээ болон оношлогооны зардалд нийт 2.880.623,5 төгрөгийн зардал гарсан, тухайн зардал нь шүүхийн шийтгэх тогтоол гарсан хугацаанаас хойш хугацаанд хамаарч байх тул уг төлбөрийг хариуцвал зохих этгээдээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

3.2. Нэхэмжлэгчийн гаргасан хоёр дахь шаардлага буюу 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг осол гарахаас өмнөх сүүлийн 1 жилийн цалингийн дунджаар тооцон, 1 сарын цалинг 2.841.568 төгрөг гарсан тул ажилгүй байсан нийт 6 сарын цалинд 17.049.408 төгрөгийг гаргуулах тухай хэмээн тодорхойлсон.

Гэтэл хэргийн 22 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 26-35 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн Хас банк ХХК дахь дансны хуулгаас харахад 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус тус хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг өөрийн ажиллаж байсан Г  ХХК болон нийгмийн даатгалын сангаас авсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно гэж, 2 дугаар хэсэгт Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно гэж, З дахь хэсэгт Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно гэж, 4 дэх хэсэгт Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд З сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч М.Ю  нь ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсанаас хойших хугацааны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас авах эрх үүсч, уг эрхээ эдэлсэн болох нь түүний дансны хуулгаас тогтоогдсон бөгөөд тухайн авсан тэтгэмжийн хэмжээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 17.049.408 төгрөгөөс давсан үнийн дүнтэй байна. /Яг хэдэн төгрөг авсныг хувь хүний нууцтай холбоотой гэж үзэж, шийдвэрт дурдаагүй болно/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг ... хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

Тодруулбал, хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдгийг тодорхойлоход хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас хохирогч ажлаас чөлөөлөгдсөн, бага цалинтай ажилд шилжсэн, группэд орсон зэргээс болж одоогийн авч байгаа цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг ойлгоно.

Тэгэхээр нэхэмжлэгчийн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд авах ёстой байсан цалин, хөлсний олговор 17.049.408 төгрөгийн шаардлага нь дээрх хуульд заасан дутуу авсан цалин хөлс-д хамаарахгүй байгаагаас гадна нэхэмжлэгч нь одоо ажил хөдөлмөр эрхэлж, өмнөх авч байсан цалингаас буурсан хэмжээгээр цалин авах болсон, эсхүл тэтгэмжийн хэмжээ нь өмнө нь авч байсан цалингийн хэмжээнээс буурсан эсэх зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Иймээс Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч М.Ю  гэм хорын хохиролд 17.049.408 төгрөгийг хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх үндэслэлгүй хэмээн үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгов.

4. Гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээдийн хувьд

Нэхэмжлэгч нь хариуцагчаар И  ХХК болон иргэн Д.Б  нарыг тодорхойлсон бөгөөд хариуцагч нараас гэм хорын хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Б  жолоодон явсан 19-30 УНӨ улсын дугаартай, Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгсэл нь И  ХХК-ийн эзэмшлийнх мөн болох нь тогтоогдсон, шүүх хуралдааны үеэр талууд энэ талаар маргаагүй.

Мөн хариуцагч Д.Б нь осол гаргах үедээ компанийн эрх бүхий албан тушаалтны даалгасан ажилд явж байсан, мөн тухайн компанитай хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж байсан болохоо мэдүүлсэн байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан ба нэхэмжлэгч М.Ю учирсан гэм хорын хохирлыг хариуцагч И  ХХК хариуцан арилгах нь уг хуульд нийцнэ гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И  ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Э 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэн Б.Ө  зөвхөн нэхэмжлэлийн хувийг гардан авах эрхийг олгож, итгэмжлэл ирүүлсэн бөгөөд шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн боловч хуульд заасан 14 хоногийн хугацаандаа тухайн компаниас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл эс хүлээн зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, өөр хэн нэгэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгоогүй болно.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө  хүрэлцэн ирсэн боловч түүнд шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг компаниас олгоогүй тул түүнийг шүүх хуралдааны ажиглагчийн байр сууринаас оролцож, ямар шүүхийн шийдвэр гарахыг сонсох эрхийг олгосон болохыг дурдах нь зүйтэй.

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.Н  нь дүгнэлт гаргахдаа хариуцагч талаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулж, харин дутуу авсан цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа дурдсан болно.

6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч И ХХК-иас гэм хорын хохирол 2.880.623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ю  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу гэм хорын хохиролд 17.049.408 төгрөг, мөн хариуцагч Д.Б  холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ю  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И   ХХК-иас 2.880.623 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61.040 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч И  ХХК-иас гэм хорын хохирол 2.880.623 /хоёр сая найман зуун наян мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ю  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу гэм хорын хохиролд 17.049.408 төгрөг, мөн хариуцагч Д.Б  холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Ю  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И    ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 61.040 /жаран нэгэн мянга дөч/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Б.ГОНЧИГСУМЛАА

 

Г.СОЛОНГО