Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00596

 

 

 

 

 

2023 03 20 210/МА2023/00596

 

 

А.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00068 дугаар шийдвэртэй

А.А гийн нэхэмжлэлтэй, Б ХХК, Б.Б нарт холбогдох

Гэм хорын хохиролд 19,903,031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А.А нь Гашуун сухайт авто зам ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллах үедээ 2021 оны 07 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомтын чиглэлийн хатуу хучилттай авто замын 14 дэх километрт зам дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад 00-00 УУУ улсын дугаартай, Хьюндай Майти маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Б ы болгоомжгүй, буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж, мөргүүлсэн.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2021 оны 10 сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолоор уг хэргийг хянан шийдвэрлэж, А.А д учирсан гэм хорын хохирол 5,280,160 төгрөгийг Б.Б төлсөн ба шийтгэх тогтоолоор дахин 1,321,000 төгрөгийн эмчилгээний зардал нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төлбөрийг Б.Б нөхөн төлсөн. Уг шүүхийн шийтгэх тогтоолд талууд гомдол гаргаагүй бөгөөд хүчин төгөлдөр болсон.

1.2. Шүүхийн шийтгэх тогтоолоор цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээсэн ба А.А нь тархины ясны лямбда заадсанаас баруун чамархай яс, дагз яс, суурь ясуудыг хамарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн цус хуралт, няцрал, зүүн шуу ясны далд хугарал гэх мэт олон тооны ясны хугарал, гэмтлээ үргэлжлүүлэн эмчлүүлж, олон сарын турш ажил, хөдөлмөрийн чадвараа алдаж, орлогогүй болж, байнгын эмчилгээтэй байна.

2021 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш хийлгэсэн эмчилгээний зардал 1,882,990 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 06 сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд дахин компьютер томографийн зураг авахуулж, нөхөн сэргээх эмчилгээ бичүүлж, эмийн эмчилгээ хийлгэсэн зардал 997,633 төгрөг, 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан тул 1 сарын дундаж цалин 2,841,568 төгрөгийг ажилгүй байсан 6 сарын цалинд 17,049,408 төгрөг нийт 19,930,031 төгрөгийг хариуцагч Б ХХК болон иргэн Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б ы татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Энэхүү гэмт хэргийн улмаас миний бие 1 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял авч, автомашин жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, хохирогчид 8,000,000 орчим төгрөг төлсөн.

Тухайн үед би албан ажлын шугамаар автомашин жолоодон явж байсан бөгөөд тухайн осол болоход хохирогчийн бас гэм буруутай үйлдэл байсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн газраас 00-00 УУУ улсын дугаартай автомашины тормос ажиллахгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохыг тогтоосон.

Би гэм буруугаа ухамсарлаж, хохирогчид өөрийн боломжоор мөнгөө төлж, хохирлыг барагдуулсан. Миний ажиллаж байсан Б ХХК энэхүү хэрэгт хариуцлага хүлээгээгүй, надад ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй гэжээ.

 

3. Хариуцагч Б ХХК-ийн анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч А.А гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор үндэслэлгүй гэж үзэж байгаа. Учир нь нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байсан. Харин хариуцагч талаас эмчилгээний зардлыг хариуцах нь зүйтэй хэмээн дүгнэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас гэм хорын хохирол 2,880,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу гэм хорын хохиролд 17,049,408 төгрөг, мөн хариуцагч Б.Б д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 61,040 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. А.А нь ослоос хойш 6 сарын турш ажилгүй гэртээ хэвтрийн дэглэм сахиж, эмчилгээтэй хийлгэж цалин орлогогүй байсан. Хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын төлбөрт цалин орлогогүй байсан цаг хугацааны орлогыг буруутай этгээдүүдээс гаргуулах эрхтэй.

А.А гийн ажлын газраас түүний ажилгүй байх хугацаанд эмчилгээ, амьжиргааны зардлыг өгсөн байдлыг гэм буруутай этгээдийн өмнөөс төлөх үүрэгтэй мэтээр тайлбарлаж, хариуцагч нарыг төлбөр төлөхөөс чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд А.А д ослын улмаас хэвтэн эмлчүүлж, цалин орлогогүй байсан сарын хугацааны цалин хөлс 17,049,408 төгрөгийг хариуцагч "Их зам бүтээн байгуулалт" ХХК, Д. Баярсайхан нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б ХХК-ийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б ХХК, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 2,880,623 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17,049,408 төгрөг нийт 9,930,031 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б ХХК анхан шатны шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

3. Б.Б нь Б ХХК-ийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай, Хьюндай Маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 2021 оны 07 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэцэий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Гашуун сухайт хилийн боомтын чиглэлийн хатуу хучилттай авто замын 14 дэх километрт Гашуун сухайт авто зам ХХК-ийн хяналтын инженер ажилтай А.А г зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад мөргөсний улмаас түүний биед гэмтэл учруулсан болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

3.1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/120 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. /хх13-17/

 

3.2. Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодож байсан хариуцагч Б.Б д, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг эзэмшигч Б ХХК-д үүснэ.

 

Хариуцагч Б.Б ы жолоодож явсан 00-00 УУУ улсын дугаартай, Хьюндай маяти маркийн тээврийн хэрэгсэл нь хариуцагч Б ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд осол болох үед Б.Б тус компанид хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б ы хууль бус, болгоомжгүй, гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.А гийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой болохыг тогтоосон шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 6634 дугаар дүгнэлтэд А.А гийн биед гавал ясны лямбда заадаснаас баруун чамархай яс, дагз яс, суурь ясуудыг хамарсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн шуу ясны далд хугарал, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тодорхойлжээ. /хх11-12/

 

4.1Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч А.А д эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,280,160 төгрөг төлж, 1,321,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.

 

4.2. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч Б.Б д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

 

4.3. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн эзэмшигч, хариуцагч Б ХХК-аас учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч А.А нь шийтгэх тогтоол гарснаас хойш тухайн зам тээврийн ослын улмаас 2,880,623 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн талаар баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасны дагуу үнэлж, хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд уг зардлыг хариуцагч Б ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч А.А д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн.

 

5. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 07 сарын 29-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар А.А нь зам засварын ажлын хяналтаар зам дээр явж байхдаа буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхаа осолд өртсөн болохыг тогтоожээ. /хх9-10/

 

5.1. Нэхэмжлэгч А.А нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17,049,408 төгрөгийг хариуцагч нарын хэн буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

5.2. Хэргийн 22 дахь талд авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас зохих төлбөрийг авсан байна.

 

Мөн хэргийн 26-35 дахь талд авагдсан Хас банк ХХК дахь А.А гийн эзэмшлийн дансны хуулгаар нэхэмжлэгчид Гашуун сухайт авто зам ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжилж байгаа дүнгээс илүү хэмжээнд нэхэмжлэгчийн цалин хөлс олгогдсон тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагч нарыг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гэм хорын хохиролд төлөх үндэслэлгүй гэх агуулгаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ