Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00174

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00174

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И  холбогдох,

Ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч И-т холбогдуулан Ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие И  салбарт 39 жил ажиллаж, И  газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/736 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэртээ гарсан. Анх намайг ажилд ороход Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газар байсан ба 1993-2006 оны хооронд Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компани, 2007 оноос Нислэг хөдөлгөөний үндэсний төв болж тус тус өөрчлөн, зохион байгуулагдаж байсан. Энэ хугацаанд Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанийг үүсгэн байгуулж байсан ба бүх ажилчдыг өөр өөрсдийнх нь ажил, үүргийнх нь дагуу тухайн тухайн албан тушаалд нь томилж, ажиллуулж байсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/803 тоот тушаалаар дотоод журамд өөрчлөлт оруулж, Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа байгууллагуудад ажилласан жилээс хамаарч тэтгэвэрт гарахад 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгодог байсныг өөрчилж, Иргэний нисэхийн ерөнхий газрын салбар нэгж гэсэн тодорхойлолт оруулж, Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаас баталсан зохион байгуулалтын бүтцэд хамаарагддаг байгууллага, алба, нэгжийг хэлнэ гэж тайлбарласан. Энэхүү тайлбарыг үндэслэж, 1993-2006 оны хугацааны 14 жил Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанид ажилласныг хасаж, Иргэний нисэхийн ерөнхий газарт 24 жил 7 сар ажилласан гэж тооцон, улмаар 36 сарын тэтгэмжээс хасаж, 25 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон. Байгууллагын дотоод журамд орсон өөрчлөлтийг ажилчдад болон үйлдвэрчний эвлэлд танилцуулаагүй, мэдээллээр хангаагүй, санал аваагүй атлаа өөрчлөлт оруулсан нэрийн дор жирийн ажилтан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосонд гомдолтой байна. 2018 онд орсон өөрчлөлтийг мөрдөх юм бол 2019 оноос хойш тэтгэвэрт гарсан бүх ажилчдад ижил үйлчлэх ёстой байтал 2019-2020 онд тэтгэвэрт гарсан хүмүүсийн Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанид ажилласан жилийг тооцон, 36 сарын тэтгэмжийг бүрэн олгосон байна. Миний бие энэхүү асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасан боловч 2018 оны журмын дагуу уг тэтгэмжийн зөрүүг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүнээс харахад 2021 онд тэтгэвэрт гарсан 5 хүн ялгаварлан гадуурхагдаж, тэтгэмжийн хэмжээгээ хасуулсан байна. Иймд намайг ялгаварлан гадуурхсан болохыг тогтоож, Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанид ажилласан жилийн тооцон, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж болох 22.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/836 дугаар тушаалаар Р.Б  ажилласан хугацаанаас нь тооцож, 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ нь тус газрын Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй. Салбар дундын хэлэлцээрт тэтгэвэрт гарсан ажилтанд 3-36 сарын тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн ажилтанд тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэдэг. Р.Б  гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тухай хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 338.150 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/736 дугаар тушаалын хуулбар, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/0000 дүгээр захирамж зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Р.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр анх шүүхэд хандан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба үүнээс өмнө тэрээр өөрийн өргөдөл, гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар шийдвэрлүүлсэн байна.

Гэвч хэрэгт авагдсан Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/736 дугаар тушаалын хуулбараас харахад тэрээр 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэртээ гарч, ажлаас чөлөөлөгдсөн байх ба 2021 оны 12 дугаар сард 25 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан талаар талууд маргаагүй.

Харин талууд 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бус, 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй эсэх талаар маргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхэд түүний хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгох үед 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхээр байна.

3. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

Гэтэл хэрэгт авагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэл 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гарсан байх ба үүнээс өмнө нэхэмжлэгч дээрх хуульд заасан хугацааны дотор холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасан эсэх, гаргасан бол ямар хариу өгсөн болох талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн Ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох Ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох Ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Б  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Б  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА