Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00719

 

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00719

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа, даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00174 дугаар шийдвэртэй,

 

А-ын нэхэмжлэлтэй

Б-т холбогдох,

 

Ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь Иргэний нисэхийн салбарт 39 жил ажиллаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/736 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэртээ гарсан.

1.2. Анх түүнийг ажилд ороход Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газар байсан ба 1993-2006 оны хооронд Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компани, 2007 оноос Нислэг хөдөлгөөний үндэсний төв болж тус тус өөрчлөн, зохион байгуулагдаж байсан. Энэ хугацаанд Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанийг үүсгэн байгуулж байсан ба бүх ажилчдыг өөр өөрсдийнх нь ажил, үүргийнх нь дагуу тухайн тухайн албан тушаалд нь томилж, ажиллуулж байсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/803 тоот тушаалаар дотоод журамд өөрчлөлт оруулж, Б-, түүний харьяа байгууллагуудад ажилласан жилээс хамаарч тэтгэвэрт гарахад 36 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгодог байсныг өөрчилж, Иргэний нисэхийн ерөнхий газрын салбар нэгж гэсэн тодорхойлолт оруулж, Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаас баталсан зохион байгуулалтын бүтцэд хамаарагддаг байгууллага, алба, нэгжийг хэлнэ гэж тайлбарласан.

1.3. Энэхүү тайлбарыг үндэслэж, 1993-2006 оны хугацааны 14 жил Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанид ажилласныг хасаж, Б-т 24 жил 7 сар ажилласан гэж тооцон, улмаар 36 сарын тэтгэмжээс хасаж, 25 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгосон.

1.4. Байгууллагын дотоод журамд орсон өөрчлөлтийг ажилчдад болон үйлдвэрчний эвлэлд танилцуулаагүй, мэдээллээр хангаагүй, санал аваагүй атлаа өөрчлөлт оруулсан нэрийн дор жирийн ажилтан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосонд гомдолтой байна. 2018 онд орсон өөрчлөлтийг мөрдөх юм бол 2019 оноос хойш тэтгэвэрт гарсан бүх ажилчдад ижил үйлчлэх ёстой байтал 2019-2020 онд тэтгэвэрт гарсан хүмүүсийн Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанид ажилласан жилийг тооцон, 36 сарын тэтгэмжийг бүрэн олгосон байна. Миний бие энэхүү асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасан боловч 2018 оны журмын дагуу уг тэтгэмжийн зөрүүг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Үүнээс харахад 2021 онд тэтгэвэрт гарсан 5 хүн ялгаварлан гадуурхагдаж, тэтгэмжийн хэмжээгээ хасуулсан байна. Иймд намайг ялгаварлан гадуурхсан болохыг тогтоож, Монголын иргэний агаарын тээвэр төрийн өмчит хувьцаат компанид ажилласан жилийг тооцон, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж болох 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/836 дугаар тушаалаар А-од ажилласан хугацаанаас нь тооцож, 25 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ нь тус газрын Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй. Салбар дундын хэлэлцээрт тэтгэвэрт гарсан ажилтанд 3-36 сарын тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн ажилтанд тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэдэг. А-ын гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тухай хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-т холбогдох Ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн талаар лавлахад “Б- тайлбар өгнө, тайлбар өгөхөөр нь таныг дуудна” гэж хэлдэг байсан. Гэтэл иргэний хэрэг үүссэнээс хойш 6 сарын хугацаанд хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй байхад шүүхийн шийдвэрт намайг холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргасан эсэх, гаргасан бол ямар хариу өгсөн талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байна гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Б- хариу тайлбараа өгөөд дараа нь би гомдлоо өгнө гэж хүлээж, очиж асуухад дуудна, танилцуулна, мэдэгдэнэ гэж хэлж явуулаад байсан байж ийм шийдвэр гаргаж миний эрхийг зөрчиж байгаа тул би дахин шийдүүлмээр байна.

4.2. Мөн өмгөөлөгчөөс асуухад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан ажиллагаа буюу миний ямар, эрх, үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой вэ гэдгийг надад тайлбарлаж өгч, гарын үсэг зуруулсан байх ёстой гэж байсан ба намайг очиход хэзээ ч тийм гарын үсэг зуруулж, тайлбар хэлээгүй болно.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй. Хууль мэдэхгүй байх нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрт гомдлыг хангаагүй талаар тодорхой тусгасан.

Хууль зүйн туслалцааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд авч болно. Хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч дангаараа гаргах батлах эрх хэмжээтэй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дотоод журмыг батлахдаа ажилчдаас тусгайлан санал авна гэсэн заалт байдаггүй.

Нэхэмжлэгч тэтгэмжийн зөрүүний талаар ярьдаг. Ажил олгогчийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан баримтын хүрээнд шийдсэн. Хөдөлмөр эрхлэх комиссын хуралд нэхэмжлэгч өөрөө оролцож тайлбараа гаргаж, энэ талаар хангалттай хэлэлцсэн учраас хариу тайлбар гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох, 36 сарын тэтгэмжийн зөрүү 11 сарын тэтгэмж 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Учир нь анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгчид эрх, үүргийг тайлбарлан өгөөгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, түүний хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн байна.

 

4. Хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гардуулснаас хойш 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, тус шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбарыг шүүх нэхэмжлэгчид танилцуулаагүй, талуудын тэгш байдлын зарчмыг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүйгээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдаж буруу хэрэглэжээ.

 

5. Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, талуудын маргаж байгаа тэтгэмж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, гомдлоор шийдвэрлэж байгаа хэргийн хувьд шүүх талуудыг чиглүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй, нотлох баримт шүүхээр бүрдүүлэх хэргийн оролцогчийн боломж, эрхийг эдлүүлээгүй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/00174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЗОЛЗАЯА

                                           

         ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА