Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/шш2023/00170

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2023/00170

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х ХХК,

Хариуцагч: Х ХХК-д тус тус холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 628.286.981,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Х ХХК болон Х   ХХК-д тус тус холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 628.286.981,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Х  ХХК-тай Цемент худалдах, худалдан авах тухай 02 тоот гэрээг байгуулан ОРС 42,5 маркийн 5.156,25 тонн задгай цемент нийлүүлж, хариуцагч нь худалдан авсан цементийн үнэ 973.242.187 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч өөрийн үүргээ шударгаар гүйцэтгэсэн, хариуцагч нь 659.565.000 төгрөгийг бэлэн болон бартерийн хэлбэрээр төлсөн. 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд үлдэгдэл төлбөр 319.168.388 төгрөг болсон ба уг төлбөрийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөхгүй байх тул шүүхэд хандаж, хариуцагч компаниудаас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардлага гаргаж байна. Алдангийн хувьд Х   ХХК-тай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээндээ тусгасан бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй болохыг заасан. ... Иймээс үндсэн төлбөр 319.168.388 төгрөг, алданги 309.118.593,5 төгрөг, нийт 628.286.981,5 төгрөгийг Х ХХК болон Х ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Х ХХК болон Х  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, төлбөрөө тухай бүр төлж байсан. 2021-2022 оны байдлаар 659.565.000 төгрөгийг төлсөн байгаа. Гэтэл төлбөрөө огт төлөөгүй мэтээр нэхэмжлэлд дурдаж, үндсэн төлбөр 319.168.388 төгрөг, алданги 309.118.593,5 төгрөг, нийт 628.286.981,5 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн хэмжээ 309.118.593,5 төгрөг болоход манай компанийн буруутай үйл ажиллагаа байгаагүй бөгөөд гуравдагч нөхцөл буюу гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй цар тахлын шууд нөлөөлөл байсан. Энэ талаар талууд гэрээний 11.4-т заасан бөгөөд уг заалтын дагуу алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй хэмээн үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 319.168.388 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин алданги 309.118.593,5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Г.М олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 3.299.385 төгрөг төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбар, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн болон 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хуулбарууд, Х  ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21/104 дүгээр албан бичгийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2021/00000 дүгээр захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны жагсаалт, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2022/000 дугаар захирамжийн хуулбар, П ХХК-ийн дансны хуулга, төлбөрийн баримтууд, Н.О  дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарууд, тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хуулбарууд, Г.М  өмгөөлөгч Г.Ж байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус ирүүлсэн.

 

4. Х ХХК болон Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниудаас Г.Г  олгосон итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны жагсаалт, Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/04 дүгээр албан бичиг, М ХХК-ийн Барилгын материал борлуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, М  ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг, Хөтөлийн Ц ХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/419 дүгээр албан бичиг, нийгмийн даатгалын болон татварын тайлангийн хуулбарууд, ажилчдын тодорхойлолт, хөдлөх хөрөнгийн гэрэл зураг, Х  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч Х ХХК болон Х  ХХК-д тус тус холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 628.286.981,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П ХХК болон хариуцагч Х  ХХК-ийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 02 тоот Цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс ОРС 42,5 маркийн задгай цементийг нэгж үнэ 178.750 төгрөгөөр, савтай цементийг нэгж үнэ 198.990 төгрөгөөр тус тус тооцон худалдан авахаар тохиролцсон, мөн П  ХХК болон Х  ХХК-ийн хооронд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулагдаж, гэрээнд дурдсанаар өмнөх худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг 618.237.187,5 төгрөг болохыг тогтоож, уг төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Х  ХХК-иас П ХХК-д төлөх, хэрэв дээрх хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутам тооцохоор тус тус тохиролцжээ.

Түүнчлэн талууд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлэхдээ төлбөрийн үлдэгдэл 319.168.388 төгрөг болохыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П  ХХК болон Х  ХХК, Х  констракшн ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, мөн талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээгээр алданги төлөхөөр гэрээнд заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч компаниудаас дээрх төлбөрүүдийг шаардах эрхтэй байна.

3. Хариуцагч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрт нэхэмжилсэн 319.168.388 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин цар тахлын улмаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал тохиолдсон бөгөөд гэрээний 11.4-т зааснаар алдангид нэхэмжилсэн 309.118.593 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж  алдангийн тооцсон аргачлалаа тайлбарлахдаа 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх тооцооны үлдэгдэл 618.237.187 төгрөг байсан ба үүний 0,5 хувь нь 3.091.185,9 төгрөг бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 82 хоногт тооцоход 253.477.246,6 төгрөг болно. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нараас 20.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийн хэмжээ 598.237.188 төгрөг болсон бөгөөд хариуцагч нар 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгийг төлсөн. Тэгэхээр 598.237.188 төгрөгийн 0,5 хувь нь 2.991.185,9 төгрөг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 77 хоногт тооцоход 230.321.317,38 төгрөг болсон. Ингээд нийт алдангийн хэмжээ 483.798.563,9 төгрөг болдог.

Гэхдээ Иргэний хууль болон нэмэлт гэрээний 2 дахь заалтад зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй хэмээн харилцан тохиролцсоны дагуу хариуцагч нараас 309.118.593,5 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэх бөгөөд үүнийг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Нөгөө талаар, хариуцагч компаниудын төлөөлөгч нь гэрээний 11.4-т заасныг үндэслэн өөрийн татгалзлаа тайлбарлаж, хэрэгт Цементийн бизнес эрхлэгчдийн холбоо ТББ-ын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 06/04 дүгээр албан бичиг, Монголын Алт ХХК-ийн Барилгын материал борлуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан бичиг, Монцемент билдинг материалс ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг, Хөтөлийн Цемент шохой ХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 01/419 дүгээр албан бичиг зэргийг ирүүлсэн.

Гэхдээ тухайн бичгүүдийн огноо нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнээс өмнөх огноотой буюу гэрээ байгуулагдахаас өмнөх үйл баримтыг нотолсон байх ба энэ нь гэрээний харилцаанд хамааралгүй.

Харин М  ХХК-ийн 2022 оны албан бичигт 2022 оны 3 дугаар сараас хойш цементийн үнэ өссөн болохыг л гэрчилсэн баримт байх ба талуудын гэрээний үүргээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд дуусгавар болохоор тохиролцсон үйл баримттай холбоогүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх албан бичгүүд нь хариуцагчийн дурдаад байгаа гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал гэдэгт хамаарах, тухайн нөхцөл байдлыг нотлох баримт болж чадахгүй байгаа бөгөөд хариуцагч нараас өөр нотлох баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн нэхэмжлэгч нь Х  ХХК нь худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, Хөтөл тэлмэн ХХК нь тухайн гэрээний үүргийг биелүүлэхээ мэдэгдэж, нэмэлт гэрээг байгуулсан тул тус компаниудаас төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулна хэмээн тайлбарласан, энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээнүүдээр тогтоогдсон тул шүүх 2 компаниас төлбөрийг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Хөтөл тэлмэн ХХК болон Х  ХХК-иас тус тус худалдах-худалдан авах гэрээний үүрэг 319.168.388 төгрөг, алданги 309.188.593,5 төгрөг, нийт 628.286.981,5 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч П  ХХК-д олгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.299.385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК болон Х  ХХК-иас 3.299.385 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч П  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Х  ХХК болон Х ХХК-иас тус тус худалдах-худалдан авах гэрээний үүрэг 319.168.388 төгрөг, алданги 309.188.593,5 төгрөг, нийт 628.286.981,5 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.299.385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК болон Х  констракшн ХХК-иас 3.299.385 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА