Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/шш2023/00326

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/00326

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: б.а  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Б холбогдох,

Гэм хорын хохирол 8.085.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.А  нь хариуцагч Р.Б  холбогдуулан Гэм хорын хохиролд 8.085.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Шилтгээн хотхоны 21 дүгээр байрны 20 тоотод оршин суудаг бөгөөд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай дээд айлаас ус алдаж, манай том өрөө, 2 унтлагын өрөө, гал тогооны өрөө, коридорын өрөөний тааз, эмульс их хэмжээгээр урсаж, шаралсан, том өрөө, унтлагын өрөөний ханын обой хууларсан, гал тогоо болон коридорын паркетан шал хөвсийж, товгор болсон. Мөн гол нь цахилгаан бараа буюу цахилгаан бөмбөр, юнивишингийн төхөөрөмж, телевизор, гал тогооны абажур тус тус усанд автаж, дахин ашиглах боломжгүй болсон. Тухайн өдөр дээд айлын хүмүүс ус алдсанаа мэдсээр байж, сууц өмчлөгчдийн холбоо, харуул хамгаалалтын ажилчдад мэдэгдээгүйгээс манайд учирсан хохирол нэмэгдэх үндэс болсон байсан. Манайх тухайн өдөр эзэнгүй байсан ба хэрэв сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй бидний утас руу ярьсан бол эртхэн ирээд асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл ингээгүйгээс ус их хэмжээгээр орж ирээд манай цахилгаан хэрэгслүүдийг гэмтээсэн. Тэгээд тухайн айлд учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хэлсэн боловч хэл амаар доромжилсон. Иймд гэм хорын хохиролд нийт 8.085.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнд паркетан шалны үнэлгээ 70 м.кв х 50.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг, эмульс замасканы мөнгө 160.000 төгрөг, цахилгаан бөмбөрний үнэ 2.730.000 төгрөг, юнивишн төхөөрөмжийн үнэ 270.000 төгрөг, гал тогооны абажур 300.000 төгрөг, ажлын хөлс 1.000.000 төгрөг, үнэлгээний хөлс 125.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирлын үнэлгээгээр гарсан 2.425.000 төгрөг, абажурны мөнгө 300.000 төгрөг, үнэлгээний хөлс 125.000 төгрөг, эмульс замаскны төлбөр 160.000 төгрөг, зэрэг нийт 3.250.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин бусад зардлыг баримт шаардлага хангахгүй байгаа бөгөөд нотлогдохгүй хэмээн үзэж, зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 144.310 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 дугаар байр, 20 тоотод байрлах, 70,43 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Жи Эй Би Өү Ти ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот дуудлагаар үзлэг хийсэн тухай тодорхойлолт, Гэрэгэ эстимэйт ХХК-д үнэлгээний хөлс 125.000 төгрөг төлсөн баримт, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар, Миско констракшн ХХК-ийн нэхэмжлэх, Эгшиглэн магнай ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэх, тус компанийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн зарлагын баримт, мөн компанийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх, үнэлгээний хөлс 125.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан эх хувиар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагч Р.Б  М.Ж  олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагааг ирүүлсэн.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Нэхэмжлэгч Б.А  нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, 21/2 дугаар байр, 00 тоотод байрлах, 70,43 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тухайн байрны 00 тоотод байрлах орон сууцны цэвэр усны уян холбоосноос ус алдаж, 00 тоотод байрлах орон сууцанд ус алдагдсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт болон Гэргэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэхүү үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорын хохирлыг хариуцагч Р.Б  хариуцах үүрэгтэй.

3. Нэхэмжлэгч Б.А  нь Паркетан шалны үнэлгээ 70 м.кв х 50.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг, эмульс замасканы мөнгө 160.000 төгрөг, цахилгаан бөмбөрний үнэ 2.730.000 төгрөг, юнивишн төхөөрөмжийн үнэ 270.000 төгрөг, гал тогооны абажур 300.000 төгрөг, ажлын хөлс 1.000.000 төгрөг, үнэлгээний хөлс 125.000 төгрөг, нийт 8.085.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3.250.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөх боломжтой, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.

4. Хэрэгт авагдсан авагдсан Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээнд дурдсанаар паркетан шалны нэгж үнэ 30.000 төгрөг байх ба Б.А  өмчлөлийн орон сууцны нийт талбай 70,00 м.кв /ванны өрөөний хэсгийг хасаад/-д үржүүлэхэд 2.100.000 төгрөг, мөн эмульс 65.000 төгрөг, замаск 15.000 төгрөг, бусад жижиг материал 20.000 төгрөг, хана тааз цэвэрлэх, тааз замаскдаж, эмульсдэх, паркет хуулах, паркет шахах зардал зэрэг ажлын хөлсний зардал 975.000 төгрөг, мөн Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний хөлс 125.000 төгрөг, гал тогооны абажурны үнэ 300.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөгийг нотлогдож байна гэж үзэж, хариуцагчаас энэхүү зардлыг гаргуулж, харин үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч нь цахилгаан бөмбөрний үнэ 2.730.000 төгрөгийг гаргуулна хэмээн үүнтэй холбоотой зарлагын баримт болон Эгшиглэн магнай ХХК-ийн нэхэмжлэх зэргийг ирүүлсэн боловч тухайн цахилгаан бөмбөрийг Микро интернэйшнл ХХК 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, хэрэгт Микро интернэйшнл ХХК-иас Б.А  тухайн цахилгаан бөмбөрний үнэ 2.730.000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг олгоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Б.А  нэхэмжилсэн энэхүү зардлагыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин Микро интернэйшнл ХХК нь өөрт учирсан хохирол буюу цахилгаан бөмбөрийн үнийг гэм буруутай этгээдээс нэхэмжилэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

6. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан юнивишн төхөөрөмжийн үнэ 270.000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл 25.000 төгрөг гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

7. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Р.Б  гэм хорын хохирол 3.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.485.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б 72.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А  олгоно.

9. Иргэдийн төлөөлөгчөөр Э.Э  томилогдсон, түүнд шүүх зохих журмын дагуу шүүх хуралдааны товыг 2 удаа мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийг оролцуулах шаардлагагүй гэсэн санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Р.Б гэм хорын хохирол 3.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.485.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б  72.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Д.ЭНХЦЭЦ