Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00837

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/00326 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.А-гийн хариуцагч Р.Б-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 8,085,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Шилтгээн хотхоны 21 дүгээр байрны 20 тоотод оршин суудаг бөгөөд тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дээд айлаас ус алдаж, манай том өрөө, 2 унтлагын өрөө, гал тогооны өрөө, коридорын өрөөний тааз, эмульс шаралж, том өрөө, унтлагын өрөөний ханын обой хууларсан, гал тогоо болон коридорын паркетан шал хөвсийж, товгор болсон. Мөн цахилгаан бараа буюу цахилгаан бөмбөр, юнивишингийн төхөөрөмж, телевизор, гал тогооны абажур тус тус усанд автаж, дахин ашиглах боломжгүй болсон. Тухайн өдөр дээд айлын хүмүүс ус алдсанаа мэдсээр байж, сууц өмчлөгчдийн холбоо, харуул хамгаалалтын ажилчдад мэдэгдээгүйгээс хохирол нэмэгдэх үндэс болсон. Манайх тухайн өдөр эзэнгүй байсан ба хэрэв сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй бидний утас руу ярьсан бол асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэм хорын хохиролд нийт 8,085,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнд паркетан шалны үнэлгээ 70 м.кв х 50.000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг, эмульс замасканы мөнгө 160,000 төгрөг, цахилгаан бөмбөрний үнэ 2,730,000 төгрөг, юнивишн төхөөрөмжийн үнэ 270,000 төгрөг, гал тогооны абажур 300,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, үнэлгээний хөлс 125,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирлын үнэлгээгээр гарсан 2,425,000 төгрөг, абажурны мөнгө 300,000 төгрөг, үнэлгээний хөлс 125,000 төгрөг, эмульс замаскны төлбөр 160,000 төгрөг, зэрэг нийт 3,250,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин бусад зардлыг баримт шаардлага хангахгүй байгаа бөгөөд нотлогдохгүй хэмээн үзэж, зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Р.Б-гаас гэм хорын хохирол 3,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,485,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-гаас 72,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн нийт үнэлгээгээр 45 м.кв талбай паркетыг солихоор үнэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч хохирлыг хэмжээг 70 м.кв гэж үнэлсэн нь үндэслэлгүй. Хохирлын үнэлгээгээр нийт талбайн хохирол 45 м.кв бөгөөд үлдэх 25 м.кв талбайд хохирол учирсан болохыг нотлоогүй бөгөөд шүүхээс учраагүй хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс паркетны нийт үнэлгээг 1,350,000 төгрөг гэж үзэж байгаа бөгөөд дээрх үнэлгээг Гэрэгэстимэйт ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр нотлогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нийт хохирлын үнийн дүн болох 3,600,000 төгрөгөөс илүү м.кв бодсон паркетны үнэ болох 750,000 төгрөгийг хасч үндэслэлтэй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Р.Б-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 8,085,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.а.2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Р.Б-гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсангийн гудамж, 21/2-р байр, 23 тоот орон сууцны цэвэр усны уян холбоос цоорсны улмаас доод давхрын айл болох нэхэмжлэгч Б.А-гийн өмчлөлийн орон сууцанд ус алдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.б.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Р.Б- нь өөрийн өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалаагүйгээс бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

3.в.Нэхэмжлэгч Б.А- нь паркетан шалны үнэ 3,500,000 төгрөг, эмульс, замаскны үнэ 160,000 төгрөг, цахилгаан бөмбөрний үнэ 2,730,000 төгрөг, юнивишн төхөөрөмжийн үнэ 270,000 төгрөг, абажур 300,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, үнэлгээний хөлс 125,000 төгрөг, нийт 8,085,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

3.г.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан НӨАТ-ын баримт, Гэрэгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан зэргийг үндэслэн, паркетан шалны үнэ 2,100,000 төгрөг, эмульс 65,000 төгрөг, замаск 15,000 төгрөг, бусад жижиг материал 20,000 төгрөг, ажлын хөлс 975,000 төгрөг, үнэлгээний хөлс 125,000 төгрөг, абажурны үнэ 300,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөгийг хариуцагч Р.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс 4,485,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаар 45 м.кв талбай бүхий паркетийг солихоор тогтоосон байхад анхан шатны шүүх 70 м.кв-аар тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

4.а.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд паркет 45 м.кв, нэгж үнэ 30,000 төгрөг, нийт дүн 1,350,000 төгрөг гэсэн хэдий ч нэхэмжлэгч Б.А-гийн өмчлөлийн орон сууц нь нийт 70,43 м.кв талбайтай болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 4-р тал/.

4.б.Мөн паркетан шалыг бүхэлд нь солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг, бичлэг түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүх дээрх үнэлгээний тайлан дахь нэгж үнэ 30,000 төгрөгийг нийт 70 м.кв-аар бодож, паркетан шалны хохирлыг 2,100,000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

4.в.Анхан шатны шүүх зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/00326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ