Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/00486

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2023/00486

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ш ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39.181.425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т , хариуцагчийн төлөөлөгч Л.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Б.Т  нь хариуцагч  Ш ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 39.181.425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие Ш ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Sunny side хотхоны 0 блок байрны 0 тоотод байрлах, 57,96 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 78.246.000 төгрөгөөр, мөн тухайн байрны зоорийн давхрын 0 дугаартай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг 8.000.000 төгрөгөөр тус тус захиалсан. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 23.473.800 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр автомашины зогсоолын төлбөр 8.000.000 төгрөг, нийт 31.473.800 төгрөгийг төлсөн. Орон сууцны үнийн 70 хувийг ашиглалтад орсон хугацаанаас хойш 5 жилийн хугацаанд хуваан төлөх нөхцөлтэй байсан бөгөөд тухайн орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэж гэрээнд заасан. Гэтэл өдий хүртэл тухайн орон сууц баригдаж дуусаагүй, мөн бидэнд төлбөрийн хэмжээ нэмэгдэнэ хэмээн үндэслэлгүйгээр, гэрээнд заагаагүй нөхцөл тулгаж байгаа тул уг гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэж, урьдчилан төлсөн төлбөрөө болон гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулаагүй, үүргээ зөрчсөн тул алданги 7.707.625 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Одоо хэдий ашиглалтад орж байгаа гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй гэжээ.

2. Хариуцагч Ш  ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т  2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хямрал үүссэн, нөгөө талаар хил гааль хаагдаж, барилгын материалын эргэлт буурсан тул манай барилгын ажил нэг хэсэг хугацаанд зогсонги байдалтай байсан. Саяхнаас үйл ажиллагаа сэргэж, одоо байруудаа эхнээс нь ашиглалтад өгөөд явж байна. Б.Т 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн бөгөөд урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулахаар хүсэлтээ гаргаж байсан. Үүний дагуу манай компани Б.Т  төлсөн 31.473.800 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй. Харин цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул алдангийг төлөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасаж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 353.858 төгрөг төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19/30 дугаар 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19/45 дугаар Автозогсоолын захиалгын гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт ирсэн.

4. Хариуцагчаас Б.Т  2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ш  ХХК-д гаргасан өргөдлийн хуулбарыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Б.Т нь Ш  ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 19/30 дугаар 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ, мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 19/45 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээ-г тус тус байгуулан тус компанийн барьж буй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Sunny side хотхоны 0 блок байрны 0 тоотод байрлах, 57,96 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 78.246.000 төгрөгөөр, мөн тухайн байрны зоорийн давхрын С-2 дугаартай, 12 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг 8.000.000 төгрөгөөр тус тус захиалж, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 23.473.800 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр автомашины зогсоолын төлбөр 8.000.000 төгрөг тус тус төлсөн байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн боловч нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцлаж байгаагаа мэдэгдсэн, хариуцагч үүнийг хүлээн авчээ.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас урьдчилгаанд төлсөн 31.473.800 төгрөг болон алданги 7.707.625 төгрөг, нийт 39.181.425 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч нь үндсэн төлбөрийг буцаан төлөхөд татгалзахгүй, харин цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хямралд орсон тул алданги төлөх боломжгүй хэмээн маргав.

4. Талууд 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ-ний 3.1-д орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2019 оны 4 дүгээр улирал хэмээн тогтоосон байх боловч тухайн орон сууц уг хугацаанд ашиглалтад ороогүй болох нь тогтоогдсон.

Мөн гэрээний 3.2-д Байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,05 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж, түүнчлэн уг заалтыг авто зогсоолын захиалгын гэрээний 3.8-д тусгажээ.

Тодруулбал нэхэмжлэгчийн төлсөн төлбөр 31.473.800 төгрөг бөгөөд үүний 20 хувь нь 6.294.760 төгрөг, 6.294.760 төгрөгийн 0,05 хувь нь 3.147,38 төгрөг байна. Үүнийг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 1003 хоногт тооцоход 3.156.822,1 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

5. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 31.473.800 төгрөг, алданги 3.156.822 төгрөг, нийт 34.630.622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.550.803 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш  ХХК-иас 34.630.622 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 331.103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш  ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 31.473.800 төгрөг, алданги 3.156.822 төгрөг, нийт 34.630.622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.550.803 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш  ХХК-иас 331.103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА