Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00726

 

 

 

 

 

 

 

 

2023 04 07 210/МА2023/007276

 

 

Б.Т ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00486 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Т ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 39,181,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ш ХХК-тай 2019 оны 06 сарын 14-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж,*** тоотод байрлах 57,96 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 78,246,000 төгрөгөөр, мөн тухайн байрны зоорийн давхрын С-2 дугаартай 12 м.кв талбай бүхий авто зогсоолыг 8,000,000 төгрөгөөр тус тус захиалсан. 2019 оны 06 сарын 14-ний өдөр орон сууцны төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 23,473,800 төгрөг, 2019 оны 07 сарын 26-ны өдөр авто зогсоолын төлбөр 8,000,000 төгрөг, нийт 31,473,800 төгрөгийг төлсөн. Орон сууцны үнийн 70 хувийг ашиглалтад орсон хугацаанаас хойш 5 жилийн хугацаанд хуваан төлөх нөхцөлтэй байсан. Тухайн орон сууцыг 2019 оны 04-р улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохирсон боловч өдийг хүртэл баригдаж дуусаагүй. Иймд урьдчилан төлсөн төлбөр 31,473,800 төгрөг, гэрээнд заасан алданги 7,707,625 төгрөг, нийт 39,181,425 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Т тэй 2019 оны 06 сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хямрал үүссэн, хил гааль хаагдаж, барилгын материалын эргэлт буурсан тул барилгын ажил хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон. Б.Т 2021 оны 05 сарын 15-ны өдөр гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдэж, урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулахаар хүсэлтээ гаргаж байсан. Үүний дагуу манай компани Б.Т ийн төлсөн 31,473,800 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй. Харин цар тахлын улмаас давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул алданги төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 31,473,800 төгрөг, алданги 3,156,822 төгрөг, нийт 34,630,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,550,803 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353,858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-аас 331,103 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Гэрээний 3.2-т Байр ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0,05 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж тусгасан. Үүний дагуу гэрээний үнийн дүнгийн 20 хувиас алданги тооцож авахаар нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар мөнгөний ханшийн уналт, валютын өсөлт, бараа бүтээгдэхүүн, байрны үнийн өсөлт, төгрөгийн худалдан авах чадварын уналт, байр ашиглалтад ороогүй хугацааны алдагдсан боломж, араас нь утсаар ярих, ажлын байранд нь хайж очих зардлууд, одоо бид өндөр үнээр байр авахад их мөнгө зарцуулах гээд маш их хохирол гарч байгаа боловч энэ бүхнээс нэг ч зүйл нэхэмжлэлд тусгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан, орон сууц захиалгаар барих гэрээ, авто зогсоолын захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 31,473,800 төгрөг, гэрээнд заасан алданги 7,707,625 төгрөг, нийт 39,181,425 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1/

Хариуцагч нь дээрх шаардлагаас гэрээний дагуу шилжүүлэн авсан 31,473,800 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч, харин алданги 7,707,625 төгрөгийг ...Ковид-19 цар тахлын улмаас барилгын ажил удааширсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна. /хх 29/

 

3. Талууд 2019 оны 06 сарын 14-ний өдөр *** тоот 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ, 2019 оны 07 сарын 26-ны өдөр *** тоот Авто зогсоолын захиалгын гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр Ш ХХК нь *** ы нутаг дэвсгэрт баригдаж буй С хотхоны В байрны 5 тоот 57,96 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 12 м.кв талбай бүхий авто зогсоолыг 2019 оны 04-р улиралд багтаан ашиглалтад оруулж Б.Т ийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Б.Т нь орон сууцны үнэ 78,246,000 төгрөг, авто зогсоолын үнэ 8,000,000 төгрөг, нийт 86,246,000 төгрөгийг Ш ХХК-д гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 3-9, 11-13/

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

3.2. Гэрээний дагуу Б.Т нь 2019 оны 06 сарын 14-ний өдөр 23,473,800 төгрөг, 2019 оны 07 сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 31,473,800 төгрөгийг Ш ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт-аар тус тус нотлогдож байна. /хх 10, 14/

3.3. Ажил гүйцэтгэгч Ш ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууц, авто зогсоолыг ашиглалтад оруулж, захиалагч Б.Т ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, үүнтэй холбоотойгоор талууд гэрээг цуцалсан байна.

4. Зохигчид дээрх үйл баримтын тухайд маргаагүй, харин хариуцагч гэрээнд заасан алдангийг төлөх үүрэгтэй эсэх, үүрэгтэй бол ямар хэмжээгээр төлөх нь маргааны зүйл болжээ.

4.1. Талууд 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ-ний 3.2, мөн Авто зогсоолын захиалгын гэрээ-ний 3.8-д ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууц, авто зогсоолыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх хугацаа 45 хоногоор хэтэрсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувиас хоног тутам 0,05 хувийн алданги тооцох нөхцөлийг тус тус тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нь тус тохиролцоог үндэслэн хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх алдангийн талаарх талуудын тохиролцоог хуульд нийцсэн гэж үзсэн атлаа гэрээний үнийн дүнгийн 20 хувь-иас бус захиалагчийн төлсөн урьдчилгаа төлбөрийн 20 хувь-иас алданги тооцсон нь буруу болжээ. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 60 айлын орон сууц захиалгаар барих гэрээ-ний дагуу алданги шаардсан байх тул 78,246,000 төгрөг х 20% = 15,649,200 төгрөг х 0,05% = 7,824.6 х 985 хоног /2020.01.01-2022.09.30/ = 7,707,231 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Хэргийн баримтаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан алданги багасгах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00486 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...31.473.800 төгрөг, алданги 3.156.822 төгрөг, нийт 34.630.622 төгрөгийг... гэснийг ...39,181,425... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...331,103... гэснийг ...353,858... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 87,763 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР