Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 9

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 143/ШШ2019/00102 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.С гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ө д холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Г.Ө гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Амгаланбаатар, хариуцагч Г.Ө , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн даргаар Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч З.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Би Г.Ө тэй 2006 онд танилцаж 2007 онд хүү С.Б  төрсөн. 2008 оноос үл ойлголцол бий болж, Г.Ө  намайг хэд хэдэн удаа зодож хөнгөн гэмтэл учруулсан. Намайг байнга хардаж сэрдэж ажил төрөл хийлгэдэггүй байсан. Жуулчдад жолооч хийж явахаар орчуулагч хүүхнүүдтэй нь хардаж, мөн сургуульд ажиллаж байхад багш нартай нь хардаж, чулуугаар цонхыг нь хагалж, зарим нэг багшийг нь зодсон удаа ч байгаа. Манай бурхан болсон аавыг заамдаж, гал голомтыг нь өшиглөж байсан. Хамгийн сүүлд гэхэд манай хөгшин настай ээжийг машинтай явж байхад өмнө нь хааж зогсоод салаавч гаргаж хэл амаар доромжилсон. Ийм хүнтэй аюулгүй байдлаа бодсон ч эвлэрэх ямар ч боломжгүй тул гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан шалтгаан нь энэ гэрлэлт цааш үргэлжлэх тусам хүүхдийн эрх ашиг, эрүүл мэнд, мөн өөрсдийнх нь аюулгүй байдалд хохирол үүсэхүйц нөхцөл байдал удаан үргэлжлэх учраас гэрлэлтийг цуцлуулах шаардлагатай гэж үзэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд анхаарах ёстой гэдэг нь маш зөв. Гэхдээ хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу “хүүхэд аюулгүй эрүүл орчинд өсөх ёстой” гэж зааснаар аюулгүй байдал хангагдахгүй байгаа нь гэрлэлт цааш үргэлжлээд явахад аюултай нөхцөл байдал бий болж байгаагаар илэрхийлэгдэж байна. Хүү С.С.Б ын хувьд айдас хүйдэстэй амьдрал цаашид хэрэггүй. Хэдийгээр эцэг нь амьд сэрүүн хажууд нь байгаа боловч байнгын дэргэд байх нь дарамттай, айлгаж сүрдүүлж байх хэрэггүй юм. Цаашид гэр бүлээр хамт амьдраад байх бололцоогүй болж үл ойлголцлыг үүсгэж байна. Энэ нь хэд хэдэн удаагийн гэмтэл Г.Ө д учруулах үндэслэл болжээ.

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хүчинтэй хугацаа дуусгавар болсон асуудал дээр нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсанаар хөдөлшгүй нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж, хадгалагддаг гэв.

Хариуцагч  Г.Ө  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхрийн эрх чөлөөнд халдаж байсан. З.С гийн аав ээжийг дарамталсан зүйл огт байхгүй. Харин З.С  нь удаа дараа янз бүрийн эмэгтэйчүүдтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож намайг болон үр хүүхдээ гутаан доромжилж, дарамталж бие эрүүл мэндийн болон сэтгэл санааны маш их хохирол учруулж байсан. Нэхэмжлэлд дандаа худал зүйл бичсэн, гүтгэсэн байна гэдгийг би түрүүчийн шүүх хуралдаан дээр хэлж байсан. Ээжийг нь доромжилсон гэдэг нь худал зүйл. Би гудамжинд машинтай зөндөө таардаг. Миний хүү эмээгээ хараад л зөрөөд  өнгөрдөг. Надад хүнийг элдвээр доромжлох хүмүүжил байхгүй. Ер нь хүн гүтгэнэ гэдэг бол хуулиар хориглосон зүйл. Хэрэв энэ гүтгэсэн чигээрээ хэрэг шийдэгдэх юм бол тухайн нотлох баримтуудыг гаргаж тавина гэдгээ анхааруулж хэлье.                                                              Миний хамгийн гол учир шалтгаан бол хүүхдээ өнчрөөхгүй, элэг бүтэн өгсөхийн тулд эвлэрээд хамт амьдрах боломжтой. Тусдаа амьдраад 1 жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд хүүхдийн сэтгэл санаа маш хүнд байсан. Цаашдаа албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд маш хүнд цохилт болж, өөртөө итгэх итгэлгүй, сурах хүсэл сонирхолгүй болох зэрэг маш их сөрөг нөлөөтэй гэж бодож байна.

Миний хүү айдас хүйдэстэй байсан бол аав ээжтэйгээ хоёулантай нь хамт амьдарна гэж мэдүүлээд, аавыгаа санаад, бэтгэрээд байхгүй. Айдас хүйдэстэй байсан бол санаж бэтгэрэх биш ашгүй дээ, аавтай хамт амьдрахгүй нь гэдэг байдлаар миний хүү хандах байсан. Аюултай нөхцөл байдал, айдас хүйдэс огт байхгүй гэдгийг ээжийнх нь хувьд, өдий хүртэл хамт амьдарч байгаагийн хувьд мэднэ. Миний хүү юу ярьж, яаж санаж байгааг аав нь мэдэхгүй. Өвөө, эмээгийнхээ гэр лүү аав байгаа болов уу гэсэн харцаар хардаг. Эргээд нийлээд хамт амьдрах боломжтой учраас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч  Ц.Баярмаа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, цаашдаа эвлэрээд амьдрах боломжтой. Үр хүүхдээ өнчрүүлмээргүй байна гэсэн тайлбарыг хэлсэн. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа.

Гэрлэлт цуцлуулах 2 үндсэн шалтгаан нөхцөлөө бүрэн дүүрэн нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй. Хариуцагчид З.С  зодуулсан гэж байгаа бол тэр тухай нотлох баримт хэргийн хүрээнд авагдах ёстой. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн” гэсэн зарчим байдаг. Энэ зарчимд тулгуурласан мөн хуулийн 4.4-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 4.5-д “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэсэн зарчим байна. Хариуцагч энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй гэж байгаа нь хүүхдийн эрх ашгийг хамгаалаад Гэр бүлийн тухай хуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх гэж буй хэрэг. Тодорхой хэмжээгээр муудах сайндах зүйл гэр бүлийн дунд байдаг. Хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах ёстой гэсэн зарчмын хүрээнд хариуцагчийн хувьд гэрлэлтээ цуцлуулахгүй гэдгээ ярьж байгаа.

Хүүхдийн саналыг авсан тэмдэглэлд “ээж аавтайгаа  хоёулантай нь хамт амьдармаар байна” гэж мэдүүлсэн байгаа нь тодорхойлсон хэмжээнд амь насанд нь аюултай нөхцөл байдал үүссэн, цаашид хүмүүжихэд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн байдал хэргийн хүрээнд тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талд амь насанд нь аюултай нөхцөл, гэр бүлийн тухай хуульд заасан нөхцөл байдал бий болгоогүй байна. Энэ талаараа хэргийн хүрээнд нотлох баримтаар нотолж чадахгүй байна. ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналыг шүүхэд тавьж байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 143/ШШ2019/00102 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар З.С , Г.Ө  нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн хүү С.С.Б ыг эх Г.Ө гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ө гээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.С д  олгож шийдвэрлэжээ.                                                         

Хариуцагч Г.Ө  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүх хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар бидний гэрлэлтийг цуцалж, хүү С.С.Б ыг хариуцагч миний асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг нотолсон эсэх баримт хэрэгт хэрхэн авагдаж, ямар ямар баримтаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа нотолж байгааг анхааран үзээгүй, мөн гэрлэлт цуцлах шалтгаан нөхцөлд бодитой дүгнэлтийг хийж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдаад байгаа үйл баримт хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй байхад гэрлэлтийг цуцалсан нь үндэслэлгүй болсон.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:...нэхэмжлэгч, хариуцагч нар хэдийд хаана ямар байгууллагад батлуулсан, гэрлэлтийн гэрчилгээний он, сар, дугаар нь тодорхойгүй, хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн лавлагаа нь хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх гэрлэлтийг хийсвэр байдлаар дүгнэн цуцалсан нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл шүүх зохигч гэрлэлтээ хэзээ хаана бүртгүүлсэн тухай баримтгүйгээр хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.

Хэрэгт нэхэмжлэгч талаас гэрлэлтийн лавлагааг гарган өгсөн байдаг боловч уг гэрлэлтийн лавлагааны хуулийн хүчинтэй хугацаа дууссан, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байсан болно. Лавлагааны баруун доод өнцөгт хүчинтэй хугацаа гэдэгт 45 хоног гэж тодруулан бичсэн байдаг. Иймээс эрх бүхий байгууллагын албан тушаалтны лавлагааны хугацаа дууссан гэж үзнэ. Лавлагааны хүчинтэй хугацаа дуусаж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн нь харагдах юм. Шүүх энэхүү нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, яагаад нотлох баримтаар үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйг нотолно.

Шүүх нэхэмжлэлийг хангахдаа нэхэмжлэгч нь гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон, цаашид гэр бүлийн маргаантай байдал нь хүүхдийн хүмүүжилд хохирол учруулж болзошгүй юм....., гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж гэрлэгчид эвлэрээгүй гэх дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэргийн хүрээнд зохигч биднийг эвлэрүүлэн зуучлагч дуудсан боловч 2 талыг эвлэрүүлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй нь шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлээс тодорхой харагдана. Яг ямар ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл зохигч нарыг дуудаад ямар ямар ажиллагааг хийсэн нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ

Нэхэмжлэгч З.С  давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шийдвэр нь хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагч Г.Ө  нь байнга хардаж эцэг, эх, найз нөхдөд дарамт учруулж хэрүүл зодоон хийдэг. Энэ шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн  арга хэмжээ авхуулж байсан. Цагдаагийн газар удаа дараа миний зүгээс болон ар гэрээс дуудлага өгч очсон байдаг. Үүнээс өөр ямар нотолгоо баримт шаардаж байгааг миний бие ойлгохгүй байгаа тул давж заалдах шатны шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байна. 

Нэхэмжлэгч З.С  нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардлагынхаа үндэслэлийг эхнэр Г.Ө  хардаж хэрүүл маргаан үүсгэж зоддог, аав ээжийг минь дарамталдаг, ажил хөдөлмөр эрхэлж олсон орлогоо өөрийн гар дээрээ бүрэн авч үзээгүй, бүх орлогыг Г.Ө  авдаг гэж тайлбарлажээ.

Хариуцагч Г.Ө  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх тэдний гэрлэлтийг цуцалсныг хариуцагч Г.Ө  эс зөвшөөрч хэрэгт гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч  эвлүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж гэрлэгчид эвлэрээгүй гэх дүгнэлтийг эс зөвшөөрсөн,  гэр бүл цуцлах үндэслэлд бодитой дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

З.С , Г.Ө  нар нь 2006 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэрлэлтийн бүртгэлийн 3 дугаарт  бүртгүүлж, тэдний дундаас 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү С.С.Б  төржээ. /хэргийн 110, 113 дугаар хуудас/

Шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 143/ШЗ2019/000049 захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэсэнтэй нийцсэн байна.

Түүнчлэн зохигчид шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар эвлэрүүлэн зуучлагчид хандаагүй, З.С гийн нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш өөрсдөө эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхээр тохиролцсон, шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн зэрэг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй боловч шүүхээс зохигчдыг эвлэрүүлэх нь зүйтэй гэж үзсэн нь хариуцагч Г.Ө гийн гаргасан гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн удаа дараагийн тайлбар, мөн талууд хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч хүү С.С.Б ын аав, ээжтэйгээ хамт амьдарна гэсэн санал зэрэгтэй нийцсэн байна.

Харин эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдахад З.С  нь Г.Ө г “миний суух гэж байгаа найз охинтой зодолдож, зодож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Мөнгө цаас авсан. Тийм учраас эвлэрч чадахгүй” гэж тайлбарласнаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж шүүх 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. /хэргийн 132, 140-143 дугаар хуудас/

Эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх ажиллагааг үр дүнтэй явуулах талаар арга хэмжээ аваагүй тухай хариуцагч Г.Ө  тайлбарладаг боловч эвлэрүүлэн зуучлал нь  Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-т зааснаар талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих тул уг ажиллагааг дуусгавар болгосныг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч З.С г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Г.Ө г зодож биед нь гэмтэл учруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 15 цаг албадан сургалтанд хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЗ/116 дугаар шийтгэвэр хэрэгт авагдсан байна. /хэргийн 145-146 дугаар хуудас/

Нэгэнт эвлэрүүлэн зуучлалын явцад талууд эвлэрээгүй, нэхэмжлэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт заасан гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргасан гэсэнтэй тус тус нийцсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас “Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож” болох ба лавлагаа мэдээлэл нь уг хуулийн мөн зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан “Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэсэнтэй нэгэн адил хүчинтэй байхаар зохицуулжээ.

Уг хуулийн мөн зүйлийн 12.12 дахь хэсэгт “Төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмыг холбогдох Засгийн

газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална” гэсний дагуу  “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний тухай” 259 дүгээр тогтоолыг Монгол Улсын Засгийн газар нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбогдох төрийн үйлчилгээ”-ний жагсаалтыг баталжээ. Жагсаалтын 15-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрлэсний бүртгэлийн лавлагааг олгох тухай заасан бол Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.4-т “иргэний улсын бүртгэлийн лавлагаа” гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг ойлгоно гэжээ.

З.С  нь өөрт хамаарах мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээс авах шаардлага хангасан эрх бүхий этгээд мөн бөгөөд уг мэдээллийг  иргэний хэрэг, маргааныг шийдвэрлүүлэхэд нотлох баримт болгон шүүхэд өгсөн байна.

Хэрэгт З.С  мэдээллээ эрх зүйн ямар нэгэн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох өөр зорилгоор ашигласан байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архиваас төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр авч мөн өдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тэднийг гэрлэлтээ хуульд зааснаар бүртгүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Г.Ө гийн тайлбарын агуулгаас шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрлэсний гэрчилгээ үрэгдсэн байжээ.  Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1-т зааснаар иргэн баримт бичгээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд өөрөө биечлэн өргөдөл гаргаж дахин авах боломжтой боловч зохигчид энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй болно.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болох, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг  үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй гэх хариуцагч Г.Ө гийн тайлбар хуульд нийцэхгүй.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх талаар маргаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хариуцагч тал няцаалт өгч үгүйсгэж мэтгэлцээгүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүлийн харилцаан дахь маргаантай байдал нь хүүхдийн хүмүүжилд хохирол учруулж болзошгүй гэсэн шүүхийн дүгнэлт нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхийг хангах шаардлагад нийцсэн байна.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эхийн хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус зааснаар гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр нь хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхэд саад болохгүй болно.

Зохигчид эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаагүй ба хүүхдийн асрамжийн талаарх шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хэрэгжүүлэх үүргийг танилцуулж, тайлбарласан байх ба шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт  заасан хэмжээгээр мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 143/ШШ2019/00102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Тайж  овгийн Гомбодашийн Өлзийсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ө гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                               Х.ГЭРЭЛМАА

                                                                       Т.БЯМБАЖАВ