Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралданаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, ................... оршин суух, Боржигон овогт З.С  /РД:...................../ 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, .................... оршин суух, Тайжууд овогт Г.Ө  /РД:......................../

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, хариуцагч Г.Ө , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.С  шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би Г.Ө тэй 2006 онд танилцаж 2007 онд хүү С.Б  төрсөн. 2008 оноос үл ойлголцол бий болж, Г.Ө  намайг хэд хэдэн удаа зодож хөнгөн гэмтэл учруулсан. Намайг байнга хардаж сэрдэж ажил төрөл хийлгэдэггүй байсан. Жуулчдад жолооч хийж явахаар орчуулагч хүүхнүүдтэй нь хардаж, мөн сургуульд ажиллаж байхад багш нартай нь хардаж, чулуугаар цонхыг нь хагалж, зарим нэг багшийг нь зодсон удаа ч байгаа. Манай бурхан болсон аавыг заамдаж, гал голомтыг нь өшиглөж байсан. Хамгийн сүүлд гэхэд манай хөгшин настай ээжийг машинтай явж байхад өмнө нь хааж зогсоод салаавч гаргаж хэл амаар доромжилсон. Ийм хүнтэй аюулгүй байдлаа бодсон ч эвлэрэх ямар ч боломжгүй тул гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан шалтгаан нь энэ гэрлэлт цааш үргэлжлэх тусам хамт амьдарч байгаа хүүхдийн эрх ашиг, эрүүл мэнд, мөн өөрсдийнх нь аюулгүй байдалд хохирол үүсэхүйц нөхцөл байдал удаан үргэлжлэх учраас гэрлэлтийг цуцлуулах шаардлагатай гэж үзэж байна. Үл ойлголцлоос болж хэд хэдэн удаа бие биенээ зодож гэмтээсэн тухай холбогдох материалуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Мөн хардалтаас болж нэг эмэгтэйд хүнд гэмтэл учруулж эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон байгаа. Бие биедээ ярилцах боломж олгохгүйгээр шууд цагдаагийн газарт хандаж зодсон нүдсэн болж хэдийгээр гэрчгүй ч гэсэн түүнийгээ хүлээн зөвшөөрч их хэмжээний торгууль төлсөн, олон хоног өдрөөр баривчлагдаж байсан гэх мэт өс хонзон хураах нөхцөл байдлуудыг үүсгэж байна. Энэ нь гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль зэрэг хууль тогтоомжууд ноцтой зөрчигдөж байгаа нөхцөл байдал үүссэн байгаа учраас гэрлэлт цааш үргэлжлэх нь аюултай гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлийг зөв тодорхойлж өглөө. Бидний зүгээс нэгэнт үүсээд байгаа энэ аюултай нөхцөл байдлын тухай хоёр ч материалыг өгсөн. Тухайлбал З.С  нь Г.Ө г зодсон гэдэг үндэслэлээр саяхан 14 хоног баривчлагдаж, 258 000 төгрөгөөр торгуулаад гарсан. Г.Ө г зодсон учраас шүүхээс албан ёсны тогтоол нь гарч, зөрчлийн хуулиар шийтгэгдсэн. Мөн үүнээс гадна Г.Ө  нь Э.Н  гэдэг эмэгтэйг З.С тэй хардсаны улмаас зодсон. Тэр нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдсан тухай холбогдох материалууд тодорхой хэмжээгээр хэрэгт авагдсан. Настай хүмүүст ямар нэгэн байдлаар хор хохирол учруулаад байгаа талаар бид тодорхой хэмжээнд удаа дараа хэлж байсан. Одоогоор хавтаст хэрэгт авагдсан байгаа баримтын хүрээнд ярихад энэ гэрлэлт нь аюултай нөхцөл байдлыг дагуулж байна гэдэг дээр 2 талын өмгөөлөгчид байр суурь нэг байгаа нь харагдаж байна. Бид ямар ч байсан өөрсдөөс шалтгаалах баримт бичгүүдээ гаргаж өгсөн. Энэ хэрэгтэй холбоотой шүүх хуралдаан үргэлжлэх 2 жил орчим хугацаанд шүүх байгууллагад хүртэл тодорхой ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд анхаарах ёстой гэдэг нь маш зөв. Гэхдээ хүүхдийн эрх ашгийг хамгаалахын тулд мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу “хүүхэд аюулгүй эрүүл орчинд өсөх ёстой” гэж зааснаар аюулгүй байдал хангагдахгүй байгаа нь гэрлэлт цааш үргэлжлээд явахад аюултай нөхцөл байдал бий болж байгаагаар илэрхийлэгдэж байна. Хүү С.С.Б ын хувьд айдас хүйдэстэй амьдрал цаашид хэрэггүй. Хэдийгээр эцэг нь амьд сэрүүн хажууд нь байгаа боловч байнгын дэргэд байх нь дарамттай, айлгаж сүрдүүлж байх хэрэггүй юм. Цаашид гэр бүлээр хамт амьдраад байх бололцоогүй болж үл ойлголцлыг үүсгэж байна. Энэ нь хэд хэдэн удаагийн гэмтэл Г.Ө д учруулах үндэслэл болжээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан фото зургийн хувьд 2016 оны зураг 2017, 2018 он буюу нэхэмжлэл гаргах хүртлээ хөх няц болсон яваад байхгүй. Тийм болохоор тэр зураг сүүлд авагдсан зураг юм байх гэж би хувьдаа бодож байна. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хүчинтэй хугацаа дуусгавар болсон асуудал дээр нэг их ач холбогдол өгөх хэрэггүй. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсанаар хөдөлшгүй нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэж, хадгалагддаг гэв.

Хариуцагч Г.Ө  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхрийн эрх чөлөөнд халдаж байсан, З.С гийн аав ээжийг дарамталсан зүйл огт байхгүй. Харин З.С  нь удаа дараа янз бүрийн эмэгтэйчүүдтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож намайг болон үр хүүхдээ гутаан доромжилж, дарамталж бие эрүүл мэндийн болон сэтгэл санааны маш их хохирол учруулж байна. З.С  нь гэр бүл үр хүүхдээ хоёр жил гаруй хугацаанд орхиод Д.Ү   гэх эмэгтэйтэй хамт Турк улсад амьдарч байгаад ирсэн. Мөн одоо Өмнөговь аймгийн 25-р цэцэрлэгийн туслах багш Э.Н  гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоогоод 3 жил гаруй хугацаа өнгөрч байгаагаа тус эмэгтэй шүүх, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. 2006 онд гэр бүл болсноос хойш гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ огт биелүүлдэггүй. Үүний нэг жишээ нь шүүхэд гаргасан өргөдөл дээрээ хүү С.С.Б  нь 2008.11.10-нд төрснийг 2007 он гэж буруу бичсэн. Нэхэмжлэлд дандаа худал зүйл бичсэн, гүтгэсэн байна гэдгийг би түрүүчийн шүүх хуралдаан дээр хэлж байсан. Ээжийг нь доромжилсон гэдэг нь худал зүйл. Би гудамжинд машинтай зөндөө таардаг. Миний хүү эмээгээ хараад л зөрөөд  өнгөрдөг. Надад хүнийг элдвээр доромжлох хүмүүжил байхгүй. Ер нь хүн гүтгэнэ гэдэг бол хуулиар хориглосон зүйл. Хэрэв энэ гүтгэсэн чигээрээ хэрэг шийдэгдэх юм бол тухайн нотлох баримтуудыг гаргаж тавина гэдгээ анхааруулж хэлье. Ер нь өс хонзонтой болж байна гэж өмгөөлөгч нь хэлж байна. Энэ олон гүтгэлгүүд өс хонзонг бий болгох гэж л гүтгэж байна гэж би бодож байна. Өөрсдөө тэрийгээ хүлээн зөвшөөрч өс хонзонтой болж байна гэж тайлбарлаж байх шиг байна. Сургуулийн зарим багш нарыг зодсон гээд нэмж гүтгэж байна. Харин ч би сургуулийнх нь нэрээр тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байсан. Сургуульд ажиллах үедээ асдаггүй нэг автобус барьж байсан. Өглөө асахгүй болохоор нь би хувийн жижиг машинаар хүүхдүүдийг нь нааш цааш нь зөөж, орой авдаг байсан. Өөрийнх нь ажлыг өмнөөс нь хийдэг, сургуулийн ажилчдад тус дэм болдог байсан. Гэтэл одоо эсрэгээр нь ярьж байна. Мөн аавыг нь зодсон гэдэг бол анхнаасаа худлаа зүйл. Амьд байсан бол өөрийг нь авчирч гэрчээр оролцуулах боломжтой байсан. Эсвэл тэр хүнээр өөрийнх нь гараар бичүүлээд аваад ирж ч болох байсан. Хүүхэд бол хүний амьдралын утга учир гэж би боддог. Би 2 хүүхдээ тэгж л бодож хүмүүжүүлж, бүхнээ зориулж явдаг. З.С гийн хувьд хүүхдээ үл тоосон байдалтай байдаг. Миний хамгийн гол учир шалтгаан бол хүүхдээ өнчрөөхгүй, элэг бүтэн өгсөхийн тулд эвлэрээд хамт амьдрах боломжтой. Тусдаа амьдраад 1 жил гаруй болж байгаа. Энэ хугацаанд хүүхдийн сэтгэл санаа маш хүнд байсан. Цаашдаа албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд маш хүнд цохилт болж, өөртөө итгэх итгэлгүй, сурах хүсэл сонирхолгүй болох зэрэг маш их сөрөг нөлөөтэй гэж бодож байна. Гутлаа арчаад ирнэ гээд гарсан хүн өнөөдөр яагаад ингээд яваад байгааг би өнөөдрийг хүртэл ерөөсөө ойлгохгүй байгаа. Өөрөө ч энэ учраа тайлбарлаагүй. Тийм учраас хүүхэд нь аав, ээж муудалцаагүй гэдгийг мэдэж байгаа. Цаашид амьдрах ямар ч боломжгүй гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан фото зургийн тухай хэлэхэд тухайн үед З.С г хүнд зодуулсны маргааш нь авсан зураг. Тэр зодсон хүнийг нь авчирч хамтад нь уулзуулаад, хэрвээ энэ хүнд ямар нэгэн гэмтэл учраад чи хариуцлагыг нь хүлээхгүй бол өнөөдрийн ийм байдалтай байгаагаар нь цагдаад мэдэгдэнэ, хэрвээ ямар нэгэн гэмтэл учирсан байвал би хариуцна гэвэл, та 2 одоо нэг нэгнийгээ уучлаад өнгөрч байгаа бол би цагдаад мэдэгдэхгүй гэсэн байдлаар тухайн хүнээр нь тодорхойлолт хийлгээд, З.С  өөрөө зодуулсан гэдгээ нотолж гарын үсгээ зураад, тэнд байсан ганц эрүүл хүн О  гэдэг хүнээр хүртэл гарын үсэг зуруулаад авсан байгаа. Мөн хүүхдийн аюулгүй байдал зөрчигдөж байна гээд яриад байна. Миний хүү айдас хүйдэстэй байсан бол аав ээжтэйгээ хоёулантай нь хамт амьдарна гэж мэдүүлээд, аавыгаа санаад, бэтгэрээд байхгүй. Айдас хүйдэстэй байсан бол санаж бэтгэрэх биш ашгүй дээ, аавтай хамт амьдрахгүй нь гэдэг байдлаар миний хүү хандах байсан. Аюултай нөхцөл байдал, айдас хүйдэс огт байхгүй гэдгийг ээжийнх нь хувьд, өдий хүртэл хамт амьдарч байгаагийн хувьд мэднэ. Миний хүү юу ярьж, яаж санаж байгааг аав нь мэдэхгүй. Өвөө, эмээгийнхээ гэр лүү аав байгаа болов уу гэсэн харцаар хардаг. Эргээд нийлээд хамт амьдрах боломжтой учраас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2 үндсэн шаардлагыг бичсэн. Нэг дэх шаардлага нь хариуцагч нэхэмжлэгчийг зоддог учраас гэрлэлтээ цуцлуулмаар байна, хоёр дахь шаардлага нь гэр бүлийн гишүүд болон садан төрлийн хүмүүст аюултай нөхцөл байдал үүссэн учраас гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж бичсэн байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, цаашдаа эвлэрээд амьдрах боломжтой. Үр хүүхдээ өнчрүүлмээргүй байна гэсэн тайлбарыг хэлсэн. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс тайлбарыг нь дэмжиж оролцож байна. ИХШХШТХ-ийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн хүрээнд З.С гийн хувьд нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Гэрлэлт цуцлуулах 2 үндсэн шалтгаан нөхцөлөө бүрэн дүүрэн нотолж чадаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй. Хариуцагчид З.С  зодуулсан гэж байгаа бол тэр тухай нотлох баримт хэргийн хүрээнд авагдах ёстой. Мөн хэд хэдэн удаагийн хөнгөн гэмтэл учруулсан гэсэн байсан. Хөнгөн гэмтэл гэдгийг шүүхийн шинжилгээний шинжээч эмч, эрх бүхий байгууллагын албан тушаалтны дүгнэлтээр тогтоогдож, Г.Ө д эрүүгийн хэрэг юм уу зөрчлийн хэрэг үүсгэгдсэн тухай баримт хэргийн хүрээнд байхгүйг дурдаж байна. Гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий садан төрлийн хүмүүсийн амь насанд Г.Ө  нь ямар аюултай нөхцөл байдлыг бий болгосон юм бэ гэдэг талаар нотлох баримт мөн байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн” гэсэн зарчим байдаг. Энэ зарчимд тулгуурласан мөн хуулийн 4.4 дэх хэсэгт “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”,4.5”-д “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэсэн зарчим байна. Хариуцагч энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өнчрүүлэхгүй гэж байгаа нь хүүхдийн эрх ашгийг хамгаалаад Гэр бүлийн тухай хуулийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх гэж буй хэрэг. Тодорхой хэмжээгээр муудах сайндах зүйл гэр бүлийн дунд байдаг. Хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах ёстой гэсэн зарчмын хүрээнд хариуцагчийн хувьд гэрлэлтээ цуцлуулахгүй гэдгээ ярьж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 116 тоот шийтгэврээр З.С  нь зөрчлийн арга хэмжээ авагдсан байдаг. Тухайн шийтгэврийн үндсэн гол нөхцөл нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гар руу нь 2 удаа цохисон нэг удаагийн үйлдэл байдаг. Хариуцагч цаашдаа энэ хүнд зодуулахгүйгээр амьдрах боломжтой, хүүхдээ хамгаалъя гээд байгаа нь өөрт нь аюул заналхийлэл учрахгүй гэдгээ мэдэж байгаа учраас энэ тайлбараа хэлж байгаа байх. Хүүхдийн саналыг авсан тэмдэглэлд “ээж аавтайгаа  хоёулантай нь хамт амьдармаар байна” гэсэн байдаг. Хүүхэд үнэхээр ямар нэгэн айдас хүйдэстэй, аав ээж нь таарч тохирохгүй байсан бол хэлэх эрх зүйн чадвар чадамжийг багахан хэмжээнд олоод авчихсан байгаа. Хэргийг шийдвэрлэхэд хүү С.С.Б ын энэ мэдүүлгийг илүү анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хавтаст хэргийн хэддүгээр хуудсанд байгаа ямар бичгийн баримтыг судлаад байгаа нь ойлгомжгүй байдлаар ярилаа. Энэ хэргийн хүрээнд гэрлэлтийн гэрчилгээ нь авагдаагүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 072/000496 гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа байдаг. Лавлагаа хүчинтэй байх хугацааг тусгайлан албан бичгийн доор үйлдсэн байгаа. Лавлагааны хүчинтэй хугацаа нь 45 хоног гээд тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөр хүчинтэй хугацаа нь дууссан. Тиймээс энэ гэрлэлтийн лавлагааг үнэлэх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 134/000001 дугаартай улсын бүртгэгч Баясгалангийн гаргаж өгсөн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа байдаг. Уг лавлагаа мөн 45 хоногийн хугацаанд хүчинтэй гэдгийг бүртгэлийн байгууллага тодорхой заагаад өгсөн байгаа. Тэгэхээр 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тухайн лавлагааны хүчинтэй хугацаа дууссан байна. Ингээд үзэхээр ИХШХШТХ-ийн бичмэл нотлох баримт, тэр дундаа бичмэл нотлох баримтыг үнэлэх гэсэн хуулийн зүйл заалт руу орох ёстой. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нотлох баримт байхгүй учраас эрх зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс няцааж хэлж байна. Мөн насанд хүрээгүй хүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт зааснаар тухайн хүүхдийн өөрийнх нь зөвшөөрснөөр гэрчийн мэдүүлэг авч болно. Энэ тохиолдолд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Тухайн хүүхэд гэрч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэх зарчмын дор өөрөөр хэлбэл хэдийгээр хууль сануулдаггүй ч гэсэн гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа. Хүүхэд “би аав ээжтэйгээ хамт амьдармаар байна” гэж мэдүүлж байгаа нь тодорхойлсон хэмжээнд амь насанд нь аюултай нөхцөл байдал үүссэн, цаашид хүмүүжихэд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн байдал хэргийн хүрээнд тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талд амь насанд нь аюултай нөхцөл, гэр бүлийн тухай хуульд заасан нөхцөл байдал бий болгоогүй байна. Энэ талаараа хэргийн хүрээнд нотлох баримтаар нотолж чадахгүй байна. ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналыг шүүхэд тавьж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.С  нь хариуцагч Г.Ө д холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүсчээ.

Хариуцагч Г.Ө  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

З.С , Г.Ө  нар нь 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 134/000001 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна./хх-ийн 110 хуудас/

            Нэхэмжлэгч З.С  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Г.Ө  намайг хэд хэдэн удаа зодож хөнгөн гэмтэл учруулсан.. Жуулчны компанид ажиллаж удаан хугацаагаар явахад байнгын хардаж хэрүүл маргаан үүсгэдэг. Өндөр настай аав ээжийг минь дарамталж амь насанд нь аюул учруулж болзошгүй” гэсэн үндэслэлийг дурдаж гэрлэлтээ цуцлуулна гэсэн байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохгүй байна. 

      Улмаар нэхэмжлэгч З.С  нь хариуцагчийг байнга хардаж сэрдэж ажил төрөл хийлгэдэггүй байсан баазад жолооч хийж явахад орчуулагч хүүхнүүдтэй нь хардаж, мөн сургуульд ажиллаж байхад багш нартай нь нь хардаж, чулуугаар цонхыг нь хагалж, зарим нэг багшийг нь зодсон удаа ч байгаа. Манай бурхан болсон аавыг доромжилж байсан. Хамгийн сүүлд гэхэд манай хөгшин настай ээжийг машинтай явж байхад өмнө нь хааж зогсоод салаавч гаргаж хэл амаар доромжилсон. Ийм хүнтэй аюулгүй байдлаа бодсон ч эвлэрэх ямар ч боломжгүй гэсэн тайлбарыг гаргадаг ба эдгээр нь мөн баримтаар нотлогдохгүй байна.

          Харин нэхэмжлэгч З.С  2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Г.Ө г зодсон зөрчил гаргасан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн шийтгэврээр тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч нь гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон, цаашид гэр бүлийн маргаантай байдал нь хүүхдийн хүмүүжилд хохирол учруулж болзошгүй юм. Гэсэн хэдий ч хариуцагч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжтой гэсэн тайлбарыг удаа дараа гаргадаг болон гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн С.С.Б ын санал зэргийг харгалзан шүүхээс шаардлагатай гэж үзэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж, гэрлэгчид эвлэрээгүй болох нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 19 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

 

         Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн С.С.Б  нь одоо эх Г.Ө гийн асрамжид байгааг болон хариуцагч өөрийн асрамжид байлгана гэснийг нэхэмжлэгч маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт З.С , Тайжууд овогт Г.Ө  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн хүү С.С.Б ыг эх Г.Ө гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ө гээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.С д  олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.УРАНЧИМЭГ