Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00710

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00710

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: м.м нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ншшгг холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М  нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2020/0000 дүгээр захирамжаар М.М  68.418.480 төгрөгийг гаргуулж Ц.А  олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Цагдаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 49,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 127.795.234 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч М.М  үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал авахгүйгээр үнэлгээ хийлгэсэн, мөн тухайн дүгнэлтийг ажлын гурван өдрийн дотор танилцуулах тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хотын А зэрэглэлийн бүсэд оршин үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн байх тул тус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А  шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 15751 дүгээр захирамжаар төлбөр төлөгч М.М  69.418.480 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Ц.А  олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул М.М өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Цагдаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 49,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан аваад хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 127.795.134 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Монгол шуудан ХХК-ийн магадлагаа, М.М  Ц.Б  олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-138/18574 дүгээр мэдэгдэл, А  ХХК-ийн үнэлгээний тайлангийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.М , М.А  нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 21290106 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2020/0000 дүгээр захирамжаар төлбөр төлөгч М.М  69.418.480 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Ц.А  олгохоор шийдвэрлэсэн нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ГХ2017/01146 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр үүсч, уг ажиллагааны явцад 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21290106/138 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгч М.М  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/, Цагдаагийн гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байрлах, 49,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 21290106/138-01 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураажээ.

3. Ингээд төлбөр төлөгч М.М  үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, харин төлбөр авагч Ц.А  үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргасан байх ба энэхүү үйл баримтыг талууд эд хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүйд тооцох бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг зөрчөөгүй байна.

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай 9/253 дугаар тогтоолоор А ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж  шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүрэг танилцуулж, шинжээчээр оролцохоос татгалзах үндэслэл бий эсэхийг тодруулсан байна.

4. А  ХХК-ийн шинжээчийн дүгнэлт 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гарч, төлбөр төлөгчийн гэрийн хаягаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа хавсарган ирүүлсэн М  ХК-ийн тэмдэг бүхий дугтуй, магадлагаанаас харахад бичиг хүргэгч нь М.М  гэрийн хаягаар 2022 оны 10 дугаар сарын 06, 07, 10, 11-ний өдрүүдэд удаа дараа очиход хүнгүй байсан тул 12-ны өдөр буцаасан тэмдэглэгээ хийгджээ.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэснийг зөрчөөгүй байх ба нэхэмжлэгчийн Шинжээчийн дүгнэлтийг ажлын 3 өдрийн дотор төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэх гомдол үгүйсгэгдэж байна.

5. Шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, зах зээлийн үнэлгээний хандлагыг ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, орчны байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргажээ.

6. Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан хэмээн тайлбарлаж байгаа боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

7. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.М  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.М  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

9. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2022/18431 дүгээр Хүсэлт хянан шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.М  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.М  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2022/00 дүгээр Хүсэлт хянан шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА