Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01127

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01127

 

М.М гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00710 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.М

Хариуцагч: ********

Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амгаланзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2020/15751 дүгээр захирамжаар М.М гоос 68,418,480 төгрөг гаргуулан Ц.А д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /*/, Цагдаагийн гудамж, *** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 49.5 м.кв талбайтай орон сууцыг 127,795,234 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй.

1.2 Төлбөр төлөгч М.М гоос үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал авахгүйгээр үнэлгээ хийлгэсэн. Мөн тухайн дүгнэлтийг ажлын гурван өдрийн дотор танилцуулах тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Хотын А зэрэглэлийн бүсэд орших үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 15751 дүгээр захирамжаар төлбөр төлөгч М.М гоос 69,418,480 төгрөг гаргуулан төлбөр авагч Ц.А д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичигт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

2.2 Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул М.М гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /*/, Цагдаагийн гудамж, *** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 49.5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, хураан аваад хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 127,795,134 төгрөгөөр үнэлсэн.

2.3 Төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч ********т холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.М гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2022/18431 дүгээр Хүсэлт хянан шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хөрөнгө үнэлгээний шинжээч зах зээлийн үнэлгээний хандлагыг ашигласан, давуу болон сул талыг тайландаа дурдсан гэж үндэслэсэн боловч тус үндэслэлүүд нь миний хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлэх үндэслэл болохгүй. Барилгын, материалын үнийн өсөлттэй, холбоотойгоор байрны үнэ өссөн байгааг тооцоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

 

5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

1. Нэхэмжлэгч М.М нь хариуцагч ********т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 127,795,234 төгрөгөөр үнэлсэн шинжээч А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2020/15751 дугаар захирамжаар төлбөр төлөгч М.М гоос 69,418,480 төгрөг гаргуулан төлбөр авагч Ц.А д олгохоор шийдвэрлэсэн нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ГХ2017/01146 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон байна. /хх 21, 22-23/

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

3.1 Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21290106 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 28/, нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэгдсэн, *** дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /*/, Цагдаагийн гудамж, *** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 49.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21290106/138 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 32-33/, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2190106/138-61 дугаар тогтоолоор хураан авсан /хх 37-38/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ.

3.2 Төлбөр авагч Ц.А аас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9/253 дугаар тогтоолоор эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр А ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж г томилсон нь /хх 43-44/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилж болох тул нэхэмжлэгчийн ...надаас эд хөрөнгийн үнийн талаар санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй.

3.3 Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-422/4678 дугаар дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 127,795,234 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 50/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4-138/18574 дугаар мэдэгдлийг мөн өдрөө төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /хх 4-5, 7/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. Хариуцагч нь үнэлгээчний тайланг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн байх тул нэхэмжлэгчийн ...дүгнэлтийг ажлын 3 өдрийн дотор танилцуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй.

4. Шинжээч А ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн ...миний хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН