Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/шш2023/00804

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2023/00804

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ө нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Б  компанид холбогдуулан Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.Ө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00  дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00  дугаар тогтоолын дагуу ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд уг шүүхийн шийдвэрийг хариуцагч Б  компани нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр биелүүлж, намайг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Үйлдвэрлэл технологийн албаны Вирусын био-бэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд томилсон ба шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж олгохоор тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 63.048.177 төгрөгийг хүлээн авсан. Харин хариуцагч талаас шүүхийн шийдвэр гарсны дараах буюу 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилд томилох хүртэл хугацааны буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгохоос татгалзаж, эс үйлдэхүй гаргаж байгаа тул дахин шүүхэд хандсан. Энэхүү маргаантай асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хандсан бөгөөд тус хорооны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэлд маргалдагч талууд зөвшилцөж чадаагүй тул уг ажиллагааг дуусгавар болгож, шүүхэд хандахыг зөвлөсөн. Иймд 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны 9 сар 12 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 17.191.867 төгрөгийг хариуцагч Б компаниас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б  компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Ө холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж дууссан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүхийн процесс ажиллагаа үргэлжлэх хугацааны хариуцлагыг компани хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас Б   компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр Ц.Ө  хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэл /шийдвэр/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/000 дугаар захирамжийн хуулбар, тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 183/ГХ2022/0 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/000  дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00 дүгээр магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00  дугаар тогтоолын хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш ажилд томилсон тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийхгүй байх зэргээр миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гарсныг биелүүлсэн, мөн шүүхийн процесс ажиллагаатай холбоотой нөхөн төлбөрийг гаргаж олгох боломжгүй хэмээн тус тус маргасан.

3. Нэхэмжлэгч Ц.Ө нь шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилд томилогдож, уг хугацаанаас хойш 1 сарын дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба уг хорооноос 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэл гарч, маргалдагч талууд тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн болно.

4. Нэхэмжлэгч Ц.Ө  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00  дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00  дугаар тогтоолын дагуу хариуцагч Б компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр тушаалаар Үйлдвэрлэл технологийн албаны Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд томилсон нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нь уг шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх нөхөн олговорт 63.048.177 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүлээн авсан, харин одоо шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон шийдвэр гарах хүртэл буюу 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6. Хэдийгээр хариуцагч нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас үүссэн нөхөн төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй хэмээн маргасан боловч хариуцагчийг шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг биелүүлэх хүртэл хугацааны нөхөн олговроос чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй болно.

Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

7. Нөхөн олговрын хэмжээний тухайд нэхэмжлэгч нь 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 9 сар 12 хоногийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 17.191.867 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Гэвч нэхэмжлэгч нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдөр, мөн хуулийн 4.1.3-т заасан билгийн тооллын хаврын тэрүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр, мөн хуулийн 4.1.5-д заасан Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, мөн хуулийн 4.1.6-д заасан Хүүхдийн баярын өдрүүдийг хасаж тооцоогүй байна.

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан тул нэхэмжлэгчийн 2018 оны 10 дүгээр сард бодогдсон цалин 1.695.705 төгрөг, 2018 оны 11 дүгээр сард бодогдсон цалин 1.400.448 төгрөг, 2018 оны 12 дугаар сард бодогдсон цалин 2.290.082 төгрөг байх ба нийт 5.386.235 төгрөг ба дунджаар нэг сард 1.795.411,6 төгрөг байх ба нэг сарын дундаж ажлын хоног 21,2-оор хувааж, нэг өдрийн цалинг 84.689 төгрөгөөр тооцов.

2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд ажлын 16 өдөр, 2022 оны 2 дугаар сард ажлын 17 өдөр, 2022 оны 3 дугаар сард ажлын 22 өдөр, 2022 оны 4 дүгээр сард ажлын 21 өдөр, 2022 оны 5 дугаар сард ажлын 22 өдөр, 2022 оны 6 дугаар сард ажлын 21 өдөр, 2022 оны 7 дугаар сард ажлын 16 өдөр, 2022 оны 8 дугаар сард ажлын 23 өдөр, 2022 оны 9 дүгээр сард ажлын 22 өдөр, 2022 оны 10 дугаар сард ажлын 13 өдөр, нийт 193 өдрийн цалин буюу 16.344.977 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

9. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Ө 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.

10. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Б  компанид даалгаж шийдвэрлэлээ.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б  компаниас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 16.344.977 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 239.675 төгрөг, нийт 309.875 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Б Компаниас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 16.344.977 /арван зургаан сая гурван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 846.890 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө  ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б  компанид даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б  компаниас 309.875 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА