Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01051

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 22 210/МА2023/01051

 

 

 

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00804 дугаар шийдвэртэй,

Ц.Ө-ын нэхэмжлэлтэй, Б ТӨХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00818 дугаар тогтоолын дагуу ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд уг шүүхийн шийдвэрийг хариуцагч Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр биелүүлж, намайг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Үйлдвэрлэл технологийн албаны вирусын био-бэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд томилсон. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу гаргаж олгохоор тогтоосон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 63,048,177 төгрөгийг хүлээн авсан.

1.2. Хариуцагч талаас шүүхийн шийдвэр гарсны дараах буюу 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс ажилд томилох хүртэл хугацааны буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгохоос татгалзаж, эс үйлдэхүй гаргаж байгаа тул дахин шүүхэд хандсан. Мргаантай асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хандсан бөгөөд тус хорооны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тэмдэглэлд маргалдагч талууд зөвшилцөж чадаагүй тул уг ажиллагааг дуусгавар болгож, шүүхэд хандахыг зөвлөсөн.

1.3. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны 9 сар 12 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 17,191,867 төгрөгийг хариуцагч Б ТӨХХК-аас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ц.Ө-той холбоотой хөдөлмөрийн эрхийн маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж дууссан тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүхийн процесс ажиллагаа үргэлжлэх хугацааны хариуцлагыг компани хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 16,344,977 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 846,890 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө-ын ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Биокомбинат ТӨХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ө улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б ТӨХХК-аас 309,875 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У нь Д.Г-д итгэмжлэл олгосон байна. Д.Г-д итгэмжлэл олгосноос 2 сарын дараа гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөн нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр гүйцэтгэх захирал М.Э албан ёсоор томилогдсон гэдгийг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-д энэ талаар албан ёсоор мэдэгдэн ирж уулзаарай гэхэд тэр шинэ удирдлагатай ирж уулзаагүй, ажлаа тайлагнаагүй, аль шүүхэд ямар хэрэг маргаан байгаа талаар ч мэдээлэл өгөөгүй. Бид өөрсдөө гадагш явуулсан албан бичгээ шүүж үзээд Д.Гомбод 4 асуудалтай холбоотой итгэмжлэл олгосон болохыг олж мэдсэн. Улмаар Д.Гомбод 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1/072 санал хүргүүлэх тухай 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/096 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлсэн. Энэ хэрэг дээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 3-4 удаа дуудаад байхад ирээгүй талаарх баримт ч хавтаст хэрэгт байгааг сая шийдвэр гардан авахдаа мэдлээ. Манай байгууллага хайнга, хариуцлагагүй хуульчаас болж маргаантай асуудалд компанийн зүгээс баримт, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоо алдсан болох нь хавтаст хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Д.Гомбын бичиж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ямар ч баримт нотолгоо, хууль зүйн үндэслэл, нотлох баримтгүй ганц хуудас тайлбараас өөр зүйл байхгүй байгаагаар нотлогдож байна. Энэ нь манай компанийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөнийг баталж байна. Компанийн хуулийн зөвлөхөөс удаа, дараа ярьж, шаардаж холбогдож байхад Ц.Өлзийтогтоход холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр болсон талаар ч хэлээгүй, компанид мэдэгдээгүй. Одоо бид энэ хуульчтай холбоотой гомдлоо зохих байгууллагад гаргаж байгаа болно.

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ч манай компанид хурал товлон зарласан талаар албан ёсоор мэдэгдээгүй. Хэрэв бусад шүүх шиг мэдэгдэх хуудас явуулаад мэдэгдсэн бол бид тухайн үед итгэлгүй хуульчийг сольж өөр төлөөлөгч томилон шүүх хуралдаанд оролцуулах бүрэн боломжтой байсан. Хэдийгээр өмнө нь асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн боловч ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлтэй энэ хэргийг шийдвэрлэхэд хөдөлбөргүй баримт гэж байх ёсгүйг шүүх анхаарч үзээгүй байна.

4.3. Нэхэмжлэгчийн өмнө хийж байсан ажил, албан тушаалын цалин хөлс нь сүүлд томилогдсон ажлын цалин хөлснөөс зөрүүтэй, ажилд нь буцаан томилсон шийдвэр, магадлал, тогтоол баталгаажсан байхад шүүхээс хариуцагчаас үл хамаарах дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчид 16,344,977 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхээс нэхэмжлэгч өөрөө ажилдаа орохоор ирсэн эсэх, хүсэлт гаргасан эсэх, ажил, албан тушаалын цалингийн зэрэглэл, зөрүү гэдгийг тодруулан шийдвэрлэх ёстой байсан ч дан ганц ХНХСайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/92 дугаар тушаалыг үндэслэн дундаж цалин хөлсийг тооцсон гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, учир дутагдалтай болжээ. Шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн хуулиар олгогдсон эрх бүрэн хангагдаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар:

5.1. Тухайн ажилд өмнөх захирал нь намайг томилсон боловч өөрөө 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өмнөх захирал н.Ууганбаяр гэрээ байгуулсан. Миний бие анхан шатны шүүх хуралдааны явцад өмнөх захирал нь өөрчлөгдсөн байгаа учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлж чадах юм уу гэж хэлсэн.

Гэтэл анхан шатны шүүх нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх болсон. Миний зүгээс анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэний дараа орох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Б ТӨХХК-д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэрээр Ц.Ө-ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр албан тушаалд ажиллуулахыг Б ТӨХХК-д үүрэг болгож, хариуцагч Б ТӨХХК-аас 63,048,177 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ц.Ө-ыг Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1-р цехийн эрхлэгчийн ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Б ТӨХХК-д даалгаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 001/ХТ2022/00818 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00729 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх8-35/

 

3.а. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Ц.Ө-ыг Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/440 дүгээр тушаалаар Үйлдвэрлэл технологийн албаны Вирус биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон болох нь талуудын тайлбар, ажилд томилсон тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргахгүй байна. /хх4/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн цалин гаргуулах хугацааг 193 өдөр гэж тодорхойлсон, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ТӨХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв боловч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасан аргачлалаар нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг 84,689 төгрөгөөр тооцож олгосон нь буруу болжээ.

4.а. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00082 дугаар шийдвэрийг үндэслэн Ц.Ө-хын нэг өдрийн дундаж цалинг 83,507 төгрөгөөр тооцож олгохоор байжээ.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Ө-хын нэг өдрийн дундаж цалинг 83,507 төгрөгөөр тооцож, нийт 193 өдрийн цалин буюу 16,116,851 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,075,016 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч ...Д.Гомбод итгэмжлэл олгосон боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаа тайлагнаагүй, аль шүүхэд ямар хэрэг маргаан байгаа талаар ч мэдээлэл өгөөгүй. Манай компани хариуцлагагүй хуульчаас болж маргаантай асуудалд баримт, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоо алдсан, шүүхийн шийдвэр гарсан талаар мэдээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.а. Хариуцагч Б ТӨХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.Гомбод 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Гомбо нь хариуцагчийг төлөөлөн оролцож байсан. Нөгөөтэйгүүр хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах хүсэлт гаргаагүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

5.б. Ажил олгогчийн ажилтныг ажлаас халсан тушаал хууль бус байсны улмаас түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн авах хүртэлх хугацаанд эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00804 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...16,344,977 гэснийг ...16,116,851 гэж, ...846,890 гэснийг ...1,075,016 гэж,

3 дахь заалтын ...309,875 гэснийг ...238,534 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч Б ТӨХХК-аас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ