| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 178/2018/0040/Э |
| Дугаар | 381 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 381
Д.Ө-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар магадлалтай, Д.Ө-д холбогдох 201721000180 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Д-ийн Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ө-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д гаргасан гомдолдоо “...Талийгаач нь сүүлийн хоёр жилийн хугацаанд архи, тамхинд гүн орсны улмаас хүүхдүүд болон би маш их дарамтад байсан. Архи уух үедээ агсам согтуу тавьдаг, уг хэрэг болсон өдөр талийгаач согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хоол хийх гэж гурил хэрчиж байхдаа хүү Д.Ө-тай хэрэлдэж, хүүгээ элдэв янзаар доромжилсон. Хүү Д.Ө ээжийгээ айлгахаар хутга авах гэж оролдоход талийгаач өөрөө хөлөө болгоомжгүйгээр зүсүүлсэн. Д.Ө хамт олондоо нэр хүндтэй, гэр бүлээ тэжээдэг ганц боломжтой хүү минь байсан. Хүү маань эхийнхээ амь насыг болгоомжгүй байдлаас болж хохироосон, санаатай алья гэсэн санаа зорилго байгаагүй учир манай гэр бүлийн зүгээс ямар ч гомдол байхгүй. Иймд Д.Ө-ийн зүйл ангийг хөнгөрүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ө гаргасан гомдолдоо “...Миний бие болгоомжгүй байдлаас болж эхийнхээ амь насыг хохироосон, эхийгээ санаатай алья гэсэн санаа зорилго байгаагүй, талийгаач тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас бид хоёр маргалдаж намайг янз бүрийн байдлаар гутаан доромжлохоор нь айлгах санаатай хутга авахад талийгаач өөрөө хөлөө болгоомжгүйгээр зүсүүлсэн гэж үзэх боломжтой байхад миний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл буюу хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар зүйлчилсэн нь буруу байна. Миний бие талийгаачид хүч хэрэглэхээр заналхийлсэн удаа байхгүй ба талийгаач намайг хэл амаар доромжилсон зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй болж хэргийг үйлдсэн байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлээр зүйлчилж, хэргийг хянан шийдвэрлээгүй нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн шүүх Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр гаргасан гомдолдоо “...Д.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр байхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д болон ар гэрийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, Д.Ө болгоомжгүй байдлаар эхийнхээ амь насыг хохироосон гэсэн байр суурьтай байдаг. Амь хохирогч сүүлийн хоёр жил согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихсэж, агсам согтуу тавьж гэр орны амгалан тайван байдал алдагдаж эхэлсэн гэж ар гэрийнхэн нь мэдүүлдэг. Хэрэг болсон тэр өдөр Д.Ө аав, ээжтэйгээ архи ууж, аав нь согтоод гражид унтсан, харин Д.Ө, И.Э, амь хохирогч гурав байшинд үлдсэн байдаг. И.Э том өрөөнд унтаж байсан, харин амь хохирогч И.Э гурил хэрчиж сууж байхдаа Д.Ө-г “архичин, ажилгүй шээс, хөгшин авгай нартай явалддаг” гэж муу үгээр хэлж, Т гэдэг эмэгтэйгээс 50,000 төгрөг авах ёстой, чи унтаж хэвтсэн юм уу гээд хутгаараа зангаад байхаар нь урьд нь өөрийгөө би үхээд өгье гээд хутгаар хатгаж байсан тул яаж ч магадгүй гэж бодоод хутгыг нь булааж авах гээд гарнаас нь барьтал доогуур гэдэс рүү өшиглөөд байсан. Нэг харсан чинь хөлнөөс нь цус гарч байсан гэсэн мэдүүлгээр Д.Ө нь эхийгээ санаатай алья гэсэн санаа зорилго, сэдэлт харагдахгүй байна. Талийгаачийн хөлөнд үүссэн шарх хутга доороосоо эгц дээш зүсэгдсэн байрлалтай байдаг. Энэ нь согтуу хүний идэвхтэй үйлдлээс болж санамсар, болгоомжгүй хутганд зүсэгдсэн гэж үзэж байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Д.Ө нь уг хэргийг санаатай үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн гол гэрч болох И.Э-ын мэдүүлгээр нотлогдсон. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр дунд зэргийн согтолттой гэж гарсан. Шүүгдэгч талийгаачийг айлгах гэж хутга барьсан гэдгээ мэдүүлсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Ө нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Ховд аймгийн Жаргалант сум, Бугат багийн 4-03 тоот хашаанд өөрийн төрсөн эх И.Э-ийн зүүн хөлийн шилбэний булчин тус газар санаатай хутгалсны улмаас цус алдаж нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Д.Ө-ийн үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах” буюу 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог ба энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгож байгаа үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх буюу хуулийг буцаан хэрэглэх зарчим эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.
Энэхүү “хууль буцаан хэрэглэх” зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Д.Ө-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцон, хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар Д.Ө-г гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан байна.
Шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар И.Э нь өөрийн хүү Д.Ө-д хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, гутаан доромжилсон ямарваа нэгэн хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Ө сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автан сэтгэцийн хэвийн байдал алдагдаж гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна гэж үзнэ.
Мөн Д.Ө нь төрсөн эхтэйгээ маргалдах явцдаа түүнийг хутгалсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд хайхрамжгүй, эсхүл хөнгөмсгөөр найдсаны улмаас хутгалсан гэх болгоомжгүй гэмт хэргийн шинжийг баталсан нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх ...эрхгүй” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН