Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/MA2017/0182

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр         Дугаар 221/МА2017/0182       Улаанбаатар хот

С.Цацралтуяагийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Цацралтуяа, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний  өдрийн 1066 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэсэрмаагийн гомдлоор С.Цацралтуяагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний  өдрийн 1066 дугаар шийдвэрээр:  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206013638, Ү-2206014189 дугаар бүхий, 000103633, 000106184 тоот гэрчилгээтэй  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот орон сууц болон 44АБВГ байрны зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Холзварт Ундрахын өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэсэрмаа давж заалдах гомдолдоо: “Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ундрах Холзвартын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох "Мфикскапитал" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блю-Скай хотхоны 44Б байрны 07 тоот орон сууц болон уг байрны 146 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Ундрах Холзвартыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, автозогсоолыг иргэн Ундрах Холзвартын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 1066 тоот шийдвэрийг хариуцагч болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс, үнэн зөв үнэлж дүгнэлт өгөөгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байна.

1.Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ундрах Холзвартын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан "Мфикскапитал" ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013638, Ү-2206014189 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох. "Мфикскапитал" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блю-Скай хотхоны 44Б байрны 07 тоот орон сууц болон уг байрны 146 тоот автозогсоолын өмчлөгчөөр иргэн Ундрах Холзвартыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, автозогсоолыг иргэн Ундрах Холзвартын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Гэтэл шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож” гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.2, 14.1.1, 14.2, 24.4, 24.8 дах заалтуудыг тус тус үндэслэл болгож хариуцагч байгууллагыг буруутгаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Гэтэл Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.2-т “энэ хуулийн 14.1-т зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан. Харин 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасан бөгөөд 14.1.1-ээс 14.1.9 хүртэл нийт 9 үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж болохоор заасан байхад шүүх зөвхөн 14.1.1 дэх заалтыг үндэслэл болгож дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс хуулийн 14.1.4 “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол” 14.1.5 “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол”, 14.1.6 “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 14.1.9 “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэсэн үндэслэлүүдээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй, дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

З. Шүүхийн шийдвэрт “Хэдийгээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4, 20.3, 20.5 дах заалтуудыг үндэслэл болгон иргэн Холзварт Ундрахын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагчийг хууль зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхээс хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг дээр дурдсан хуулийн үндэслэлээр иргэн Холзварт Ундрахын мэдүүлгийг хүлээн авч, өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус биш бөгөөд хуулийн үндэслэлтэй болсон гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж буй нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ундрах Холзварт нь “Мфикскапитал” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №160 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, улмаар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн №102/ШШ2015/02919 тоот захирамжаар өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Ийнхүү өмчлөгчөөр тогтоогдсон шүүгчийн захирамжийг үндэслэн Ундрах Холзварт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана" гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "Блю Скай" хотхоны 44Б дүгээр байрны 7 тоот орон сууц болон 44АБВГ дүгээр байрны 146 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан болно.

Нэхэмжлэгч Ундрах Холзвартыг мэдүүлэг гаргах үед тухайн орон сууц болон автозогсоолын бүртгэлд “Капитрон банк”-ны барьцааны эрх бүртгэлтэй байсан бөгөөд энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасны дагуу “Капитрон банк”-наас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй юм.

“Капитрон банк” дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчийг өөрчилж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл өгөөгүй байсан тул Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргах, энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргах гэсэн хуулийн шаардлагуудыг зөрчиж байгаа юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1066 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч “...2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Мфикскапитал” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, “Блю скай” хотхоны 44 байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхрын 146 тоот автозогсоолын хамт захиалан, төлбөрийг бүрэн төлсөн байсан. ...Уг гэрээний дагуу “Мфикскапитал” ХХК-тай үүргээ биелүүлэхгүй, орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр шилжүүлэхгүй байсан тул Иргэний шүүхэд хандсан, “Мфикскапитал” ХХК-тай нь нэхэмжлэлийн шаардлагыг буюу уг орон сууц болон автозогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч  шүүгчийн захирамж гарсан. ... Уг захирамжийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд “...дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь “Мфикскапитал” ХХК нэр дээр бүртгэлтэй, мөн “Капитрон банк” ХХК-ийн барьцаанд байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй...” гэсэн хариу өгсөн. .... 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Капитрон банк” ХХК болон “Мфикскапитал” ХХК нарын байгуулсан “Зээлийн гэрээ” нь надад огт хамааралгүй. ... Иймд “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013638, Ү-2206014189 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103633, 000106184 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ундрах Холзвартыг бүртгэж, гэрчилгээ олгохыг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  Авто зогсоолыг иргэн Ундрах Холзвартын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Харин хариуцагч “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т , ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-т “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” тус тус заасны дагуу уг үл хөдлөх эд хөрөнгө нь “Мфикскапитал” ХХК нэр дээр бүртгэлтэй, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК-ийн барьцаанд байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргасан байна.

Анхан шатны шүүх “...хариуцагчийг хууль зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна...” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/02919 дүгээр захирамж[1]-аар иргэн Холзвартын Ундрахын “Мфикс капитал” ХХК-д холбогдуулан гаргасан “орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталснаар Х.Ундрах нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44Б байрны зоорийн давхарт 146 тоот авто зогсоол тус бүрийн хууль ёсны өмчлөгч болсон байна. 

Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч Х.Ундрах нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст “44Б байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44Б байрны зоорийн давхарт 146 тоот авто зогсоолын өмчлөх эрх”-ийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хандахад уг үл хөдлөх эд хөрөнгийг “Капитрон банк” ХХК барьцаалсан, зээлийн гэрээ бүртгэлтэй тул тус орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр Х.Ундрахыг бүртгэх боломжгүй гэх хариу[2]  өгчээ.

Анх гуравдагч этгээд болох “Мфикскапитал” ХХК нь “Блю Скай” хотхоны барилгын ажлын санхүүжилтэд зориулж өөрийн өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд байрлах, 50 хувийн гүйцэтгэлтэй 5 блок 120 айлын орон сууцны барилга, 29.000 м.кв газар, дэд бүтцийн хамт, 7.000 м.кв 205 автомашины гараж, иргэн Б.Батхүүгийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхон, 17 тоот 3 өрөө орон сууц,  гаражийн хамт, “Мфикскапитал” ХХК-ийн  зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон тус компанийн бараа материалын үлдэгдэл нийт 2,968,985,000.00 төгрөгний өртөг бүхий хөрөнгийг барьцаалан “Мфикскапитал” ХХК-ийн захирал Б.Батхүү нь “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  №Т07/141 дугаар барьцааны гэрээ  байгуулсан байна.

Улмаар “Мфикскапитал” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болгож барьцаанд тавьсан эд хөрөнгөө мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”[3]-ний дагуу “Капитрон банк” ХХК-д барьцаалсныг бүртгүүлэхээр хандсаны дагуу Улсын бүртгэлийн газар Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44Б байр, 7 тоот хаягт байршилтай 90%-ийн гүйцэтгэлтэй 4 өрөө орон сууцыг “Капитрон банк” ХХК барьцаалсныг бүртгэсэн байна.

Гэтэл дээрх барьцааны гэрээгээр барьцаалагдаж, бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот 4 өрөө орон сууц, зоорийн давхрын авто зогсоол зэргийг нийт 192.972 ам.доллароор бариулахаар “Мфикскапитал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батхүүтэй “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”[4]-г 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Holzwarth овогтой Joachim Erich нь байгуулж, 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...Миний нөхөр Holzwarth овогтой Joachim Erich-ийн 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц худалдан авах гэрээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэх хүсэлт[5]-ийн дагуу нэхэмжлэгч Холзварт Ундрахын нэр дээр тус орон сууц худалдан авах гэрээг шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Ундрахын маргаж буй, 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр худалдаж авсан гэх орон сууц болон автозогсоол нь 2007, 2008, 2009, 2010 онуудад “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлд 55 хувийн болон 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж, улмаар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Капитрон банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга барьцаа болон бүртгэгдсэн, банкны барьцаанд байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/02919 дүгээр захирамж[6]-аар иргэн Х.Ундрахыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44Б байрны зоорийн давхарт 146 тоот авто зогсоол тус бүрийн хууль ёсны өмчлөгч гэдгийг баталсны дараа буюу 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөл дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулахыг хүсч мэдүүлэг өгчээ.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасны дагуу иргэний шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/02919 дүгээр  хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу дээрх орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Х.Ундрахыг тогтоосон тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008713 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн бүртгэх нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Гэвч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 6/2897 албан бичгээр “...өргөдөлд дурдсан ... эд хөрөнгө ... “Капитрон банк” ХХК-ийн барьцаанд байна. ...Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. ... Иймд... “Капитрон банк” ХХК-д хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлгээ дахин гаргана уу...” гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу хариуцагч нь дээрх орон сууц, автозогсоолын өмчлөгчийг иргэн Х.Ундрахын нэр дээр шилжүүлэхийн тулд маргаан бүхий орон сууц, автозогсоолыг барьцаанд авсан этгээд буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж  болох “Капитрон банк” ХХК-ийн зөвшөөрлийг авсан байхыг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэсэрмаагийн “...“Капитрон банк” ХХК-аас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй юм...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө”, 5.5-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:”, 5.5.4-т “барьцааны”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэж тус тус зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаа хийхийг” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны, 44Б байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44Б байрны зоорийн давхарт 146 тоот автозогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан иргэн Х.Ундрахын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган, нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1066 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ундрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн ““Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013638, Ү-2206014189 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000103633, 000106184 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44Б байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхрын 146 тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн Ундрах Холзвартыг бүртгэж, гэрчилгээ олгохыг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  авто зогсоолыг иргэн Ундрах Холзвартын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэсэрмаагийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

             ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ