Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/00760

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар  102/ШШ2023/00760

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо   тоот “Д О ББСБ” ХХК /РД:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо   тоотод оршин суух С овогт Х Б /РД:  /

142,715,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Т, М.Б, хариуцагч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.У

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д О ББСБ” ХХК нь хариуцагч Х.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.2. 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 44,600,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү гэрээний дагуу 44,600,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн.

 

1.3. Дээрх гэрээний үүрэгт хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 12,350,000 төгрөг төлсөн ба үүнийг хүүгээс хасч тооцсон. Иймд зээлийн үндсэн төлбөр 44,600,000 төгрөг, зээлийн хүүд 81,591,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,524,138 төгрөг нийт 142,715,280 төгрөг төлөх үүрэгтэй гэжээ. 

 

2. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч “Д О ББСБ” ХХК-ийн захирал Б.Поос иргэд хоорондын зээлээр 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан ба тухайн гэрээний дагуу 4 сарын хүүд 6,450,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрэхэд Б.П нь төлөөгүй сарын хүүг нэмээд 44,600,000 төгрөгийн зээлийн гэрээг “Д О ББСБ” ХХК-ийн нэрээр байгуулсан.

 

2.2. Дээрх гэрээний төлбөрт нийт 27,750,000 төгрөг төлсөн бөгөөд зээлийг төлж чадахгүй байдлаа хэлж “Д О ББСБ” ХХК-д шилжүүлсэн 2 автомашин болон орж ирсэн бенз маркийн автомашин өгч, зарж борлуулаад зээлийн мөнгөн дүнгээс хасаад үлдсэн мөнгийг төлөх саналыг хүлээн аваагүй.

 

2.3. Нэхэмжлэгчтэй хэл амаа ололцоогүй тул 2020 оны 5 дугаар сард “Д О ББСБ” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч эрх, ашиг хөндөгдөөгүй байна гээд хүлээн аваагүй.

 

2.4. Иймд “Д О ББСБ” ХХК-ийг шүүх, цагдаад хандахыг хүлээхээс өөр зам үлдээгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Д О ББСБ” ХХК”-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн  гэрчилгээ, түүний хавсралт, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 00002226 дугаартай зээлийн гэрээ, кассын зарлагын ордер, бэлэн мөнгөний орлогын баримт, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /ХХ-ийн 3-7, 10-13, 34 дугаар тал/

 

4. Хариуцагчаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/04914 дугаартай захирамж, Хаан банкны дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-ийн 43-71 дүгээр тал/

 

5. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: “Хаан банк” ХХК болон Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, холбогдох баримтууд  хариуцагчаас Х.Бт зээл олгосон бэлэн мөнгөний зарлагын тайлан, зээлийн төлбөрийн баримтууд

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж, хариуцагчид 44,600,000 төгрөгийг олгосон, хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үлдэгдэл төлбөр 44,600,000 төгрөг, хүү 81,591,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,524,138 төгрөг нийт 142,715,280 төгрөгийн үүргийг шаардаж байна.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч “Д О ББСБ” ХХК-ийн захирал Б.Поос зээл авсан, нэхэмжлэгчээс зээл аваагүй, нэхэмжлэгчид бичиг баримтыг шилжүүлсэн 2 автомашин болон орж ирсэн бенз маркийн автомашиныг өгч, худалдан борлуулж зээлээс хасуулж, үлдсэн мөнгийг төлөх санал тавьсныг хүлээн аваагүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан байна. 

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Зохигчийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр №00002226 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь 44,600,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэх, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь “Д О ББСБ” ХХК-ийн захирал Б.Поос 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж, 4 сарын хүүд 6,450,000 төгрөг төлсөн ба үүнээс хойш хүү төлж чадаагүйн улмаас төлөөгүй хүүг нэмээд 44,600,000 төгрөгийн зээлийн гэрээг “Д О ББСБ” ХХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс мөнгө хүлээж аваагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргасан. 

 

Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон эсэхийг тогтоох нь нэхэмжлэгчийн шаардах эрх ямар харилцаанд үндэслэж буйг тогтооход хамааралтай байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрх нь өөрийн нэрийн өмнөөс байгуулсан гэрээний дагуу үүссэн эсэх, эсвэл Х.Б, Б.П нарын хооронд үүссэн харилцааны дагуу үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай. 

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь шаардах эрхээ бусдад шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрлийг авах шаардлагагүй. Иймд шаардах эрхийг хуулийн дагуу шилжүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэгч нь өмнөх үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь бусад этгээдийн шаардах эрхийг шилжүүлэн авсан бол хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө хүлээн аваагүй нь өмнөх үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй юм. Хэрэгт авагдсан хариуцагч талын гаргаж өгсөн баримт болох дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Автотээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн баримтуудаар шаардах эрхийг шилжүүлэх замаар үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх тайлбар, татгалзлаа хариуцагч нотлож чадаагүй байна. Иймд гуравдагч этгээдийн шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэхгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны /-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хэрэгт авагдсан кассын зарлагын ордер, шимтгэл төлсөн баримт, кассын тайлангийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 44,600,000 төгрөг хүлээн авч, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

 Энэхүү гэрээгээр талууд гэрээний хугацаанд сарын 4 хувийн хүү төлөхөөр тохирсон байх ба тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байна. Энэ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. 

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Үүнийг зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл энэ зүйл, хэсэг нь зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг зохицуулсан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн үүрэгт хамаарахгүй байна. Иймд зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэгт, хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт хамаарна. Энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтХугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заажээ. Иймд үндсэн хүүгийн хэмжээг талууд тохиролцож тогтоодогтой адил хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоож гэрээндээ заах нь хуульд нийцнэ. Энэ талаарх тохиролцоог талууд хийсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд тооцож шаардсан байна. Талуудын байгуулсан гэрээнд зээлдэгчийг зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг хэдий хэмжээгээр тооцож төлөх талаар заагаагүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр хэтэрсэн хугацааны хүүг тооцох үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт нийт 27,750,000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан дансны хуулгаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 12,350,000 төгрөгийг  төлсөн болох нь тогтоогдов.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан. Иймд хариуцагчийн төлсөн 12,350,000 төгрөгийг нэхэмжлэгч үндсэн зээлээс хасч тооцоогүй, үндсэн зээлийн үлдэгдлийг 44,600,000 төгрөг гэж  тодорхойлсон нь буруу байна. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк батална”, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батласан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д /тухайн үед мөрдөгдөж байсан/ хүү бодох суурь хоногийг 365 хоногоор тооцохоор тогтоосон байна. Иймд дээрх журмаар нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногоор тооцвол 12,380,238.58 төгрөг болж байх бөгөөд үндсэн зээлийн төлбөр 32,250,000 төгрөг, талуудын тохиролцсоноор гэрээний хугацааны хүү 5,470,934 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.   

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хуульд заагаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна. Уг хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэжээ. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээ 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ба энэ хугацаанд хамгийн сүүлд хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн төлбөр төлсөн байна. Иймд уг хугацаанаас 3 жилийг тооцвол 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр 142,715,280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х Бт холбогдох 142,715,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Д О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,530 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА