Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00785

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00785

 

 

“А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/00760 дугаар шийдвэртэй,

 

“А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х.Б-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 142,715,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, хариуцагч Х.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А- ББСБ” ХХК нь Х.Б-тэй 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 44,600,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн.  

1.2. Дээрх гэрээний үүрэгт зээлдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 12,300,000 төгрөг төлсөн.

Иймд зээлийн үндсэн төлбөр 44,600,000 төгрөг, зээлийн хүү 81,591,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,524,138 төгрөгийн нийт 142,715,280 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү. 

 

2. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгч “А- ББСБ” ХХК-ийн захирал Б.П-оос иргэд хоорондын зээлээр 40,000,0000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Гэрээний дагуу хүүд 6,450,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрэхэд Б.П- нь төлөөгүй сарын хүүг нэмээд 44,600,000 төгрөгийг зээлийн гэрээг “А- ББСБ”  ХХК-ийн нэрээр байгуулсан.

2.2. Дээрх гэрээний төлбөрт нийт 27,750,000 төгрөгийг төлсөн. Зээлийг төлж чадахгүй байдлаа хэлж “А- ББСБ” ХХК-д шилжүүлсэн болон орж ирсэн бенз маркийн автомашин өгч, зарж борлуулаад зээлийн мөнгөн дүнгээс хасаад үлдсэн мөнгийг төлөх саналыг хүлээн аваагүй.

2.3. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг баримтлан Х.Б-т холбогдох 142,715,280 төгрөг гаргуулах тухай “А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэхдээ хариуцагч талаас 39,150,000 төгрөгийг төлөх шүүхэд хандсан хүсэл зориг, хариуцагч зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлбөр төлж дуусгах хугацааг дахин тохиролцох нөхцөл бадлаас шалтгаалан нэхэмжлэгч нэхэжмлэлийг гаргах эрхээ хойшуулж байсан нөхцөл байдлыг анхаараагүй, уг баримтууд болон хариуцагчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Дээрх баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч үүргийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай, хэрэгт ач холбогдол бүхий бичмэл нотлох баримт гэж үзнэ.

Иймд зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хуульд зааснаар тасалдсан гэж үзэх бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн төлбөр шаардах эрхтэй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.2. Анхан шатны шүүх шийдвэрээ гардуулсан атлаа шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.5 дахь хэсэгт заасан оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргасан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. 

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Х.Б- нь н.П-оос мөнгө зээлж зээлийн харилцаанд орсон ба “А- ББСБ” ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй.

5.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авахад шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой хүсэлт гаргаагүй байсан бөгөөд шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй. Хэрэг давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны тэмдэглэлийн хамт ирсэн.

Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “А- ББСБ” ХХК нь хариуцагч Х.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142,715,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. “А- ББСБ” ХХК болон Х.Б- нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Х.Б- нь 44,600,000 төгрөгийг сарын хүү 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирсон тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4. Хариуцагч Х.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 12,350,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тогтоосон үйл баримтын талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлсөн хугацаанаас хойш гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцож 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр уг хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцжээ.

Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар болох үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхан шатны шүүх тайлбарлаж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

6.1. Х.Б- нь өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШЗ2020/04914 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг зээлдүүлэгч болох “А- ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хугацааг тасалдсан гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл, “А- ББСБ” ХХК-ийн гэрээний үүрэг шаардах эрхийн хугацааг тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан байх үндэслэл нь “А- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлд хамаарахаас зээлдэгч Х.Б-ийн гаргасан нэхэмжлэлд хамаарахгүй болно.

 

6.2. Хэргийн 29 дэх талд авагдсан хариуцагч Х.Б-ийн тайлбар нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлд огт хамааралгүй байна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА