Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/04268

 

 

 

        Нэхэмжлэгч Д.Д

       Хариуцагч П.Б-д холбогдох

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 24.750.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М

          Хариуцагч П.Б

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

       

1.Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч П.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 24.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гуйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан.

          Ингээд П.Б-ын “Хаан” банкны дугаартай данс руу 14.600.000 төгрөгийг шилжүүлж, 5.400.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

          Бэлэн мөнгө хүлээж авснаа гэрээний доод талд тэмдэглэсэн байдаг.

          Энэ хугацаанд хариуцагч үндсэн зээл 20.000.000 төгрөг түүний хүү 2.000.000 төгрөгийг төлөөгүй.

         Үүний дараагаар П.Б гэрээг сунгах хүсэлт гаргасныг Д.Д зөвшөөрч, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 90 хоногийн хугацаатай гэрээг сунгаж, хүү, алдангийг хэвээр тооцохоор тохиролцсон.

         Иймд үндсэн зээл 20.000.000 төгрөг, 90 хоногийн зээлийн хүү 9.000.000 төгрөг, 20 хоногийн хүү 2.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөг болсон.

          Үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хүү, алдангийг хэвээр тохирч сунгасан.

          Алдангийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 365 хоногоор тооцоход 56.110.000 төгрөг болсон.

           Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт  “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны төлөх алданги 15.500.000 төгрөг бөгөөд хариуцагчийн төлөх өр 46.500.000 төгрөг болсон байна.

          Зээл төлөгч 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 20.349.800 төгрөгийг төлсөн.

          Иймээс нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний дагуу 24.750.000 төгрөгийг нэхэмжилж байна.

          П.Б нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл 2.400.000 төгрөг төлсөн гэж байгаа учраас зөвшөөрч 24.750.000 төгрөгнөөс 22,350.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээг дахин 90 хоногийн хугацаатай сунгасан.

Ингээд 90 хоногийн хугацаанд хариуцагч ямар ч мөнгө төлөөгүй.

Иймд 2021 оны 03 дугаар сараас аргагүйн эрхэнд шүүхэд хандсан.

Хариуцагчийг зээлд нийт 22.000.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн.

Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 282-285 дугаар зүйлийг удирдлага болгоно гэхэд хариуцагч зөвшөөрч байгуулсан.

Ингээд 90 хоногийн хүү 9.000.000 төгрөг, өмнөх зээлийн хүү 2.000.000 төгрөг нийт хүү 11.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг нийт 22.250.000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

           3.Хариуцагч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

           Би нэхэмжилж байгаа үнийн дүнгийг ойлгосонгүй.

           Шүүх хуралдаан товлогдох хугацаанд нийт 19.400.000 гаруй төгрөг төлсөн. Үүнээс хойш 2.400.000 төгрөгийг нэмж төлсөн.

           Миний бие нийтдээ би 21.800.000 гаруй төгрөг төлсөн байна.

           Нэхэмжлэгчийн 15.000.000 төгрөгт эвлэрэх санал гаргаж байгааг ойлгохгүй байна.

           Надаас нийт 46.500.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд алданги яаж нэмэгдсэнийг ойлгохгүй байна.

           Анх гэрээ байгуулахдаа алданги төлнө гэж бичээгүй байж дараа нь бичсэнийг ойлгохгүй байна.

           Хэрвээ төлбөл мөнгө төлөхөөр бол 5.000.000 төгрөг төлөх хүсэлтэй байна.

Гэрээнд хүүг 10 хувь гэж тусгасан боловч 10 хувь жилээр юмуу, сараар юмуу гэдэг нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгчийн 10 хувийн хүүтэй гэж тайлбарлаж байгааг нэг жилийн 10 хувь болгох боломжтой гэж үзэж байгаа тул багасгаж зээлийн хүүг жилийн 10 хувиар тооцуулах хүсэлтэй байна.

Мөн Б.Д-ийн дансны хуулгаас харах юм бол энэ хүн мөнгө хүүлэгч гэдэг нь харагдаж байна, гэжээ.

 

4.Хэрэгт цугларсан нотлох баримт:

          

           Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр С.М-д олгосон “Итгэмжлэл”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Зээлийн гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх Хаан банкны  дугаартай дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/0 дугаартай Шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  дугаартай Албан бичиг

 

          5.Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа

 

            6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  дугаартай Албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Зээлийн гэрээ”

 

7.Хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  дугаартай Албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх Хаан банкны  дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга

        ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас үндсэн зээл, хүү, алдангийг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй” гэж тайлбарлав. 

    

         3.Хариуцагч П.Б нэхэмжлэлийн татгалзлаа “Зээлийн хүүг 10 хувь гээд өдөр, хоног, сарын алинаар нь тооцсон тодорхогүй тул багасгаж өгнө үү. Миний тооцсоноор зээл төлөгдөөд дууссан. Алданги тооцно гэж бид ярилцаагүй учраас нэхэмжлэх эрхгүй” гэж тодорхойлж байна.

       

        4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

         5.Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч П.Б-тай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 20.000.000 төгрөгийг, 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээ, дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

         6.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

    

          7.Тэрээр хариуцагч дээрх гэрээг сунгах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 90 хоногийн хугацаагаар, гэрээнд заасан бусад нөхцөл хэвийн үргэлжилэхээр сунгасанд хэн аль нь маргахгүй байна.

       

         8.Харин хариуцагч П.Б шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зээлийн хүү сарын 10 хувийн өндөр байгааг зөвшөөрөхгүй учраас багасгах, зээлийг төлж дууссан гэж мэтгэлцсэн бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэж няцаах нотлох баримтыг өөрөө цуглуулж бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, нотлож чадаагүй мөн зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтой байна гэж үзэх үндэслэл бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хүүгийн хэмжээг багасгах заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.

 

         9.Иймээс зохигчид гэрээндээ зээлийн хүүг 10 хувь байхаар тохиролцсон боловч өдөр, сар, жилийн алинаар нь тооцох эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлж болохоор заасны дагуу гэрээний хүүгийн зохицуулалтыг сараар тооцсон хүү гэж үзээд тооцох нь зүйтэй.

     

         10.Хэргийн баримт, талуудын тайлбараар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр мөн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан гэрээ байгуулах шаардлагыг хангаж, зээлийг эргэн төлж байсан талаар маргаагүй учраас хариуцагч зээлээ төлөх үүрэгтэй.

 

         11.Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасны дагуу нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй.

 

         12.Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хариуцагч зээл төлөлтөд нэмж 2.400.000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзахгүй гэдгээ илэрхийлж байгаа тул зээлийн тооцоололыг бодоход:

     

                   -20.000.000 төгрөгийн сарын хүү 10 хувь

                   -20.000.000 төгрөг х 10 хувь = 2.000.000 төгрөг / нэг сарын хүү/

                   - 4 сар х 2.000.000 төгрөг /нэг сарын хүү/= 8.000.000 төгрөг /хүү/

                   -20.000.000 төгрөг /үндсэн зээл/ + 8.000.000 төгрөг / хүү/ = 28.000.000 төгрөг  төлөхөөр байна.

          Үүнээс хариуцагчийг зээлд 22.000.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч зөвшөөрч татгалзахгүй байна.

                  -22.000.000 төгрөг /төлсөн зээл/-8.000.000 төгрөг /хүү/ =14.000.000 төгрөг

                  -20.000.000 төгрөг /үндсэн зээл/ - 14.000.000 төгрөг =6.000.000 төгрөгийг  төлөхөөр үлдсэн байна.

                  -6.000.000 төгрөг+3.000.000 төгрөг /алданги/ =9.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдсэн 24.750.000 төгрөг-9.000.000 төгрөг =15.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 9.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

        

       1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Б-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 9.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 15.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281.700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА